| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2020/0019/Э |
| Дугаар | 24 |
| Огноо | 2020-01-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Бадрал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 24
Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч Э.Бадрал,
шүүгдэгч Т.Т,
нарийн бичгийн даргаар Б.Буянхишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Т.Тд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911030141272 тоот хэргийг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, экскаваторын операторчин мэргэжилтэй, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Дамбадаржаа 53 дугаар гудамж 53 тоотод оршин суух хаягтай, урьд 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 cap хорих ял шийтгүүлж уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Сонгоол овогт Төмөрийн Т.Т /РД: УХ90020271/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: яллагдагч Т.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Т нь гэр бүлийн хамаарал бүхий Н.Одончимэгийг 2019 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж толгойруу нь гараараа цохих, үснээс нь барьж байгаад гараараа цохисны улмаас эрүүл мэндэд "тархи доргилт, хүзүүнд цус хуралт, зулгаралт, дагз, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал" бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
хохирогч Н.Одончимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэгээд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо СУИС-ын ар талын байрны зогсоолд машинаа оруулж зогсоогоод машин дотроо надруу элдэвээр харааж байснаа машиндаа байсан 2 том пиво гаргаж ирээд уусан. Намайг уу гэхээр нь уухгүй гэтэл бүүр уурлаж найзуудтайгаа уудаг надтай болохоор уудаггүй юм уу гэж нүүрлүү цохиж эхэлсэн. Би нүүрээ дараад хамгаалахад миний үсийг гараараа ороочихоод тавихгүй нөгөө гараараа толгойруу цохиод хэсэг гайгүй болсоноо дахиад хүзүү боож толгойруу хэд хэдэн удаа цохисон. Өөр хөл гарлуу ерөөсөө цохиогүй. Тэгээд 2 том 2.5 литрийн пиво ганцаараа уучихсан. Би чи намайг зодохгүй зүгээр ярь гэхэд энийг зодсон гэх үү, жинхнээсээ яаж зодохыг чамд харуулах уу, эсхүл зүгээр чамайг алаад хаячихъя тэр нь дээр юм байна гээд байсан. би айсан ба Т.Т шээхээр машинаасаа буухаар нь би бууж зугтаагаад такси бариад гэрлүүгээ харьсан...гэх мэдүүлэг, /хх-ийн 08, 10х/
гэрч Д.Наранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 14х/
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13886 дугаартай “Н.Одончимэгийн биед тархи доргилт, хүзүүнд цус хуралт, зулгаралт, дагз, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчилэлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 18х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Т.Тг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч Н.Одончимэг нь энэ гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролд нэхэмжлэх зүйлгүй болохоо мөрдөн шалгах ажиллагааын үед өгсөн мэдүүлгээрээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Т.Тг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Т.Тд ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохиролын шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан 800 нэгжээр торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Сонгоол овогт Төмөрийн Т.Тг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Т.Тг 800 нэгж буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Т.Тд торгуулийн ялыг төлөх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ