Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 6162

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Эрдэнэ толгой 1 гудамж, 3 тоотод оршин суух Боржигон овогт Цэрэндоржийн Баттулга /Регистрийн дугаар ЦЖ66100318/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Эрдэнэ толгой 35 гудамж, 1б тоотод оршин суух Олохноод Дорж овогт Даваагийн Батхуяг /Регистрийн дугаар АП76030175/-т холбогдох,

 

УБГ 27-72 улсын дугаартай Бенц-400, УБЦ 01-17 улсын дугаартай Тоёота Ипсум, УБЦ 06-51 улсын дугаартай Мазда Демио маркийн авто машинуудыг дуудлага худалдаанаас худалдан авахад Ц.Баттулга нь хөрөнгө оруулалт хийсэн болохыг тогтоолгох, Д.Батхуягаас УБГ 27-72 улсын дугаартай Бенц-400, УБЦ 01-17 улсын дугаартай Тоёота Ипсум, УБЦ 06-51 улсын дугаартай Мазда Демио, УБЦ 05-01 улсын дугаартай Ланд Круйзер маркийн авто машинуудыг дуудлага худалдаанаас худалдан авахад Ц.Баттулгаас оруулсан 7,550,000 төгрөгийг  гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнгөнцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Одонжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа  нар оролцов.

 

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Баттулга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Ц.Баттулга 2014 оны 6 сарын 6-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газраас зохион байгуулсан нээлттэй дуудлага худалдаанд хариуцагч Д.Батхуягтай хамтран оролцсон. Ийнхүү дээрх нийслэлийн иргэдийн танхимд болсон дуудлага худалдаанаас бид хоёр нийт 4,627,200 төгрөгөөр улсын дугаар УБГ 27-72 Бенц 400, УБЦ 01-17 Тоёота Ипсум, УБЦ 06-51 Мазда Демио маркийн нийт 3 машиныг худалдан авсан. Автомашинуудыг худалдаж авахад нэхэмжлэгч миний бие 2,627,200 төгрөг, хариуцагч Д.Батхуяг 2,000,000 төгрөгийг тус тус гаргасан ба уг машинуудыг хамтран засварлаж худалдан борлуулж ашиг шимийг хуваахаар аман хэлцэл байгуулсан. Мөн 2014 оны 06 сарын 20 ны өдөр Монголын улаан загалмайн нийгэмлэгээс зохион байгуулсан дуудлага худалдаанд миний бие оролцож 4,150,000 төгрөгөөр Ланд круйзер 78 маркийн 05-01 УБЦ улсын дугаартай автомашиныг худалдан авсан. Гэтэл Ц.Баттулга намайг гэртээ байхгүй үед гэрт ирж Ланд Круйзер 78 маркийн 05-01 УБЦ улсын дугаартай автомашиныг маань ачиж явсан нь миний хууль ёсны өмчид халдсан хууль бус үйлдэл болсон. Иймд Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар Д.Батхуягийн өмчлөлд байгаа УБГ 27-72 Бенц 400, УБЦ 01-17 Тоёота Ипсум, УБЦ 06-51 Мазда Демио маркийн автомашинуудыг дундаа хамтран өмчлүүлэх шийдвэр гаргах, мөн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар бусдын өмчийг хууль бусаар авсан Д.Батхуягаас Ланд Круйзер 78 05-01 УБЦ улсын дугаартай автомашиныг албадан гаргуулж нэхэмжлэгч надад олгож өгнө үү. Би тахир дутуугийн 50 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай бөгөөд нэг сард 172,200 төгрөг авч, энэ мөнгөөр эхнэр хоёр хүүхдээ тэжээдэг. Би дээрх автомашинуудыг худалдан авах дуудлага худалдаанд оролцохдоо өөрийн ах дүү нараас тухайн мөнгийг зээлж оролцдог ба уг мөнгөө тухайн худалдаж авсан автомашинуудаа бусдад зарж борлуулсны дараа ах дүү нартаа мөнгийг нь өгдөг юм. Тиймээс энэ хэрэг маргааныг шийдвэрлүүлэхэд улсын тэмдэгтийн хураамжинд мөнгө төлөх чадвар чадал надад байхгүй байна. Харин шүүхийн шийдвэр гарсны дараа тухайн шүүхийн шийдвэрээр авах мөнгөнөөсөө улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлье гэсэн сэтгэл надад байна. Тиймээс миний энэ амьдралын аргагүй байдлыг харгалзан үзэж улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж өгнө үү. Би тахир дутуугийн тэтгэвэр авдаг дэвтэрийн хуулбарыг болон өөрийн оршин суудаг Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтыг нотлох баримт болгон өгч байна” гэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Баттулга нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Тус шүүхэд иргэн Ц.Баттулгын нэхэмжлэлтэй Д.Батхуягт холбогдох УБГ 27-72 улсын дугаартай Бенц 400, УБЦ 01-17 улсын дугаартай Тоёота Ипсум, УБЦ 06-51 улсын дугаартай Мазда Демио маркийн автомашинуудыг хамтран өмчлүүлэх, УБЦ 05-01 улсын дугаартай Ланп Круйзер маркийн автомашиныг албадан гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл хянагдаж байгаа билээ. Нэхэмжлэгч Ц.Баттулга миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасны дагуу дараах байдлаар шаардлагаа өөрчилж байна. Нэхэмжлэгч Ц.Баттулга миний бие Д.Батхуягтай хамтран 2009 оноос эхлэн дуудлага худалдаанаас машин худалдан авч борлуулан ашгийг нь хувааж авч хамтран ажилладаг байсан. Бидний дуудлага худалдаанаас худалдан авсан машинууд голдуу засвартай машинууд байдаг байсан бөгөөд засварын ажлыг Ц.Баттулга миний бие хийж гүйцэтгэдэг байсан болно. Улмаар миний бие Д.Батхуягтай дахин хамтран 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газраас зохион байгуулсан нээлттэй дуудлага худалдаанд Д.Батхуягтай хамтран оролцож дуудлага худалдаанаас бид 4,627,200 төгрөгөөр УБГ 27-72 улсын дугаартай Бенц 400, УБЦ 01-17 улсын дугаартай Тоёота Ипсум, УБЦ 06-51 улсын дугаартай Мазда Демио маркийн нийт 3 машиныг худалдан авсан. Эдгээр машинуудыг худалдан авахад Д.Батхуяг нь 2,000,000 төгргийг гаргаж, миний бие үлдэгдэл 2,627,200 төгрөг, машины сэлбэгийн 165,000 төгрөг, нийт 2,932,200 төгргийг гаргаж бид хамтран худалдан авсан болно. Мөн 2014 оны 06 дугаар сарын 20-нд Монголын улаан загалмайн нийгэмлэгийн дуудлага худалдаанаас Ланд Круйзер 78 маркийн машиныг 4,200,000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд бүх төлбөрийг Ц.Баттулга миний бие гаргасан болно. Учир нь уг машиныг миний бие өөрөө унах зорилгоор авах хүсэлтэй байгаагаа Д.Батхуягт хэлж, Д.Батхуяг нь дуудлага худалдаанд үнэ хаялцаж миний бие ард нь сууж байсан юм.  Гэтэл Д.Батхуяг нь Бенц 400, Мазда Демио машинуудыг зарах болоогүй, Тоёота Ипсум машиныг өөрөө унана, эсвэл хамаатандаа зарна гэх зэргээр олон шалтаг хэлэн машинуудыг өөр газар аваачиж тавьсан. Ланд Круйзер 78 машиныг худалдан авсаны маргааш “Манай нутгийн ах авсан төлбөр дээр нь 1 сая төгрөг нэмж өгөөд авъя гэж байна, Ландаа зарчих” гэхээр нь өөрөө засаж унах гэж байгаагаа хэлтэл уурлаад гараад явсан. Маргааш нь намайг эзгүй байх хойгуур машиныг ачаад явсан байсан. Түүнээс хойш гэртээ байхгүй, уулзах гэхээр зугтаад утсаа авахгүй дээрх машинуудыг дуудлага худалдаанаас худалдан авахад оруулсан миний мөнгийг өгөхгүй өнөөдрийг хүрч иргэн надад хохирол учруулж байна. Ц.Баттулга миний бие Ланд Круйзер 78 маркийн машиныг дуудлага худалдаанаас авахад гаргасан 4,200,000 төгрөгийг өөрийн танил Д.Батамсүрэнгээс 2015.06.24-ний өдөр  сарын 5 хувийн хүүтэй зээлж авсан бөгөөд өнөөдрийг хүртэл төлж чадалгүй  хүүг нь төлсөөр байгаа. 2015.06.24-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нийт 15 сарын хүүнд 3,150,000 төлсөн. Д.Батхуяг нь хамтран худалдан авсан машинууд болоод миний мөнгөөр авсан Ланд Круйзер 78 маркийн машинуудыг хууран мэхлэн авч иргэн намайг илтэд хохироож байгаа болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна. Үүнд: 1. УБГ 27-72 улсын дугаартай Бенц 400, УБЦ 01-17 улсын дугаартай Тоёота Ипсум, УБЦ 06-51 улсын дугаартай Мазда Демио маркийн автомашинуудыг Ц.Баттулга, Д.Батхуяг нарын дундын өмчлөл болохыг тогтоолгох, 2. Д.Батхуягаас УБЦ 05-01 улсын дугаартай Ланд Круйзер 78 маркийн машиныг дуудлага худалдаанаас худалдан авахад Ц.Баттулгаас гаргасан 4,200,000 төгрөг болон зээлийн хүүнд төлсөн 3,150,000 төгрөг буюу нийт 7.350.00 төгрөгийг гаргуулах гэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Баттулга нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Тус шүүхэд иргэн Ц.Баттулгын нэхэмжлэлтэй Д.Батхуягт холбогдох УБГ 27-72 улсын дугаартай Бенц 400, УБЦ 01-17 улсын дугаартай Тоёота Ипсум, УБЦ 06-51 улсын дугаартай Мазда Демио маркийн автомашинуудыг хамтран өмчлүүлэх, Д.Батхуягаас УБЦ 05-01 улсын дугаартай Ланд Круйзер 78 маркийн машиныг дуудлага худалдаанаас худалдан авахад Ц.Баттулгаас гаргасан 4,200,000 төгрөг болон зээлийн хүүнд төлсөн 3,150,000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл хянагдаж байгаа билээ. Нэхэмжлэгч Ц.Баттулга миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасны дагуу дараах байдлаар шаардлагаа өөрчилж байна. Миний бие Ц.Баттулга нь  Д.Батхуягтай хамтран 2009 оноос эхлэн дуудлага худалдаанаас машин худалдан авч борлуулан ашгийг нь хувааж авч хамтран ажилладаг байсан. Бидний дуудлага худалдаанаас худалдан авсан машинууд голдуу засвартай машинууд байдаг байсан бөгөөд засварын ажлыг Ц.Баттулга миний бие хийж гүйцэтгэдэг байсан болно. Улмаар миний бие Д.Батхуягтай дахин хамтран 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газраас зохион байгуулсан нээлттэй дуудлага худалдаанд Д.Батхуягтай хамтран оролцож дуудлага худалдаанаас бид 4,627,200 төгрөгөөр УБГ 27-72 улсын дугаартай Бенц 400, УБЦ 01-17 улсын дугаартай Тоёота Ипсум, УБЦ 06-51 улсын дугаартай Мазда Демио маркийн нийт 3 машиныг худалдан авсан. Эдгээр машинуудыг худалдан авахад Д.Батхуяг нь 2,000,000 төгрөгийг гаргаж, миний бие үлдэгдэл 2,627,200 төгрөг, машины сэлбэгийн 165,000 төгрөг, нийт 2,932,200 төгрөгийг гаргасан болно. Өөрөөр хэлбэл нийслэлийн өмчийн харилцааны газраас зохион байгуулсан нээлттэй дуудлага худалдаанаас УБГ 27-72 улсын дугаартай Бенц 400, УБЦ 01-17 улсын дугаартай Тоёота Ипсум, УБЦ 06-51 улсын дугаартай Мазда Демио маркийн нийт 3 машиныг худалдан авсан 4,627,200 төгрөгөөс 57 хувь буюу 2,627,200 төгрөгийг Ц.Баттулга миний бие гаргасан болно. Мөн 2014 оны 06 дугаар сарын 20-нд Монголын улаан загалмайн нийгэмлэгийн дуудлага худалдаанаас Ланд круйзер 78 маркийн машиныг 4,200,000 төгрөгөөр худалдан авсан. Уг машиныг миний бие өөрөө унах зорилгоор үнэ хаялцаж авсан бөгөөд Д.Батхуяг нь үнэ хаялцаж, би ард нь сууж байсан бөгөөд бүх төлбөрийг 100 хувь Ц.Баттулга миний бие гаргасан. Гэтэл Д.Батхуяг нь Бенц 400, Мазда Демио машинуудыг зарах болоогүй, Тоёота Ипсум машиныг өөрөө унана, эсвэл хамаатандаа зарна гэх зэргээр олон шалтаг хэлэн машинуудыг өөр газар аваачиж тавьсан. Ланд круйзер 78 машиныг худалдан авсаны маргааш “Манай нутгийн ах авсан төлбөр дээр нь 1 сая төгрөг нэмж өгөөд авъя гэж байна, Ландаа зарчих” гэхээр нь өөрөө засаж унах гэж байгаагаа хэлтэл уурлаад гараад явсан. Маргааш нь намайг эзгүй байх хойгуур машиныг ачаад явсан байсан. Түүнээс хойш гэртээ байхгүй, уулзах гэхээр зугтаад утсаа авахгүй, дээрх машинуудыг дуудлага худалдаанаас худалдан авахад оруулсан миний мөнгийг өгөхгүй өнөөдрийг хүрч иргэн надад хохирол учруулж байна. Одоо эцэст нь огт танихгүй, өөрөө бүх мөнгийг гарган дээрх автомашинуудыг дуудлага худалдаанаас авсан гэж иргэн намайг луйварчин мэтээр тайлбар хийж байгаад нь гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлага: 1. УБГ 27-72 улсын дугаартай Бенц-400, УБЦ 01-17 улсын дугаартай Тоёота Ипсум, УБЦ 06-51 улсын дугаартай Мазда Демио маркийн авто машинуудыг дуудлага худалдаанаас худалдан авахад Ц.Баттулга нь хөрөнгө оруулалт хийсэн болохыг тогтоолгох, 2. Д.Батхуягаас УБГ 27-72 улсын дугаартай Бенц-400, УБЦ 01-17 улсын дугаартай Тоёота Ипсум, УБЦ 06-51 улсын дугаартай Мазда Демио, УБЦ 05-01 улсын дугаартай Ланд Круйзер маркийн авто машинуудыг дуудлага худалдаанаас худалдан авахад Ц.Баттулгаас оруулсан 7,550,000 төгрөгийг  гаргуулах” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.Баттулга, Д.Батхуяг нар нь хамтраад дуудлага худалдаанаас автомашин аваад ашгийг нь хуваадаг байсан. 2009 оноос хойш хамт ажиллахгүй байж байгаад 2014 оны 05 дугаар сард хариуцагч нь нэхэмжлэгчид ахин дуудлага худалдаанд оролцоод автомашин авч засаж сайжруулаад худалдан борлуулаад, ашигаа хувааж авах санал тавьсаны улмаас 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газраас зохион байгуулсан нээлттэй дуудлага худалдаанд оролцож 4,627,000 төгрөгөөр УБГ 27-72 улсын дугаартай Бенз 400 маркийн автомашин, УБЦ 01-17 улсын дугаартай Тоёота Ипсум маркийн автомашин, УБЦ 06-51 улсын дугаартай Мазда Демио маркийн автомашинуудыг дуудлага худалдаанаас худалдаж авсан байдаг. 4,627,000 төгрөгөөс 2,000,000 төгрөгийг хариуцагч гаргаад үлдсэн мөнгийг нэхэмжлэгч гаргасан байдаг. 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн дуудлага худалдаанаас Ланд 200 маркийн автомашиныг 4,200,000 төгрөгөөр авсан байдаг. 4,200,000 төгрөгийг нэхэмжлэгч өөрөө 100 хувь гаргасан байдаг. Д.Батхуяг нь автомашинуудыг зарах болоогүй, хамаатны хүндээ зарах гэж байгаа гэх зэрэг шалтгаан тоочоод автомашинуудыг зараагүй байдаг. Эхэндээ холбогдоод явж байсан боловч сүүлдээ холбогдохгүй алга болсон байдаг. Ерөнхийдөө 4,627,000 төгрөгийн 57 хувийг нэхэмжлэгч гаргасан байдаг. Ланд маркийн автомашины төлбөр болох 4,200,000 төгрөгийг 100 хувь оруулсан байдаг тул гаргаж өгөөч гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа бодохдоо сүүлд авто худалдааны газраас лавлагаагаар тодорхойлсон. Мазда Демио маркийн автомашиныг худалдаж авахдаа 1,100,000 төгрөгөөр авсан байдаг. Уг 3 автомашиныг худалдаж авахад мөнгөний 57 хувийг оруулсан гэдэг утгаараа худалдан борлуулсан ашгийн 57 хувийг эзэмших эрхтэй гэдэг агуулгаар гаргасан. Бенз маркийн автомашин 1,497,500 төгрөг, Тоёота Ипсум 513,000 төгрөг, Мазда Демио 1,339,500 төгрөг, Ланд 4,200,000 төгрөг нийтдээ 7,550,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

 

Хариуцагч Д.Батхуяг шүүхэд гаргасан тайлбартаа: “Иргэн Д.Батхуяг би 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Ц.Баттулгын гаргасан нэхэмжлэлтэй танилцаад уг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь бодит байдлыг илтэд мушгин гуйвуулж, зохиомол байдлыг бий болгон, гүтгэж бичсэн  байгааг хэлмээр байна. Нэхэмжлэл гаргасных нь дараа би яагаад ийнхүү гүтгэх болсныг тодруулахаар уулзах гэтэл надаас зугтааж, уулзахгүй байгаа нь нэг учиртай гэж би бодож байна. Д.Батхуяг миний  бие төрийн өмчит байгууллагуудаас зохион байгуулдаг актлагдсан авто машинуудыг худалдаалах дуудлага худалдаанд зарын дагуу оролцож, актлагдсан авто машинуудыг худалдан авч, засварлан борлуулах ажлыг хийж ирсэн. Харин Ц.Баттулга ийм ажил хийж байсан эсэхийг мэдэхгүй. Нэхэмжлэлд дурдсан машинуудыг би өөрөө худалдаж авсан. Энэ нь холбогдох нотлох баримтуудаар тогтоогдно. Тухайлбал: Нийслэлийн өмчийн харилцааны газар болсон дуудлага худалдаанд оролцож УБГ 27-72 улсын дугаартай Бенц-400, УБЦ 01-17 улсын дугаартай Тоёота Ипсум, УБЦ 06-51 улсын дугаартай Мазда Демио маркийн 3 авто машиныг худалдан авсан. Мөн 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 15 цагт Монголын Улаан Загалмай нийгэмлэгээс зохион байгуулсан дуудлага худалдаанд оролцож Ланд Круйзер 78 маркийн, 05-01 УБЦ улсын дугаартай, засвартай авто машиныг борлуулах худалдаанд нийт  7 хүн оролцсоноос Д.Батхуяг миний бие нь 4.200.000 төгрөгөөр энэхүү авто машиныг хууль журмын дагуу худалдан авсан болно.. Гэтэл иргэн Д.Батхуяг миний хууль ёсны өмчид Ц.Баттулга нь хууль бусаар халдахыг санаархаж, үндэслэлгүй нэхэмжлэл гарган шаардаж байгаа нь Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар хууль бус үйлдэл гэж үзэж байна. Иймд Ц.Баттулгын гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Д.Батхуяг нь нэхэмжлэгчийн 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүхэд гаргасан тайлбартаа: “Иргэн Д.Батхуяг миний бие нь 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газраас зохион байгуулсан дуудлага худалдаанд оролцож хууль журмын дагуу УБЦ 06-51 улсын дугаартай Мазда Демио, УБГ 27-72 улсын дугаартай Бенц-400, УБЦ 01-17 улсын дугаартай Тоёота Ипсум автомашинуудыг ялагчаар тодрон, өөрийн хөрөнгөөр бие даан худалдаж авсан болно. Мөн 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 15 цагт Монголын Улаан Загалмай нийгэмлэгээс зохион байгуулсан нээлттэй дуудлага худалдаанд оролцож 05-01 УБЦ улсын дугаартай Ланд Круйзер 78 маркийн засвартай авто машиныг борлуулах худалдаанд нийт  долоон хүн оролцсоноос Д.Батхуяг миний бие нь 4.200.000 төгрөгөөр энэхүү авто машиныг хууль журмын дагуу худалдан авсан болно. Иймд Д.Батхуяг миний бие нь Иргэний хуулийн 178 дугаар зүйлийн 178.2 хэсэгт заасны дагуу дээрх автомашинуудын хууль ёсны өмчлөгч мөн болно. Иргэн Д.Батхуяг миний бие нь тус автомашинуудыг зохих журмын дагуу худалдан аваад засварлаж худалдан борлуулаад үр шимийг хүртэх зорилгоор нээлттэй дуудлага худалдаанд орж худалдан авсан. Гэтэл иргэн Д.Батхуяг миний хууль ёсны өмчид Ц.Баттулга нь хууль бусаар халдахыг санаархаж, зүй бус шаардлагуудыг нэхэмжлэл гарган удаа дараа шаардаж, удаан хугацааны туршид дээрх автомашинуудын хууль ёсны өмчлөгч миний эд хөрөнгө болон тэдгээрээс үр шим хүртэж амьдрал ахуйгаа авч явахад минь саад тотгор учруулан иргэн намайг цаг хугацаа, сэтгэл санаа, үр шим, ашиг орлого олж гэр бүлээ тэжээх гэсэн хичээл зүтгэлээр эрхэлж байсан бизнесийг минь тасалдуулж, өөрийнхөө зохиосон ор үндэслэлгүй худал нэхэмжлэл болон худал гэрчүүдээр иргэн намайг илтэд гүтгэн шүүх байгууллагыг хууран мэхлэхийг оролдож байгаа нь Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар хууль бус үйлдэл гэж үзэж байна. Иймд энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт заасны дагуу эдгээр автомашинуудын хууль ёсны шударга эзэмшигч иргэн Д.Батхуяг миний өмчийг хамгаалж тус нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнгөнцэцэг нь нэхэмжлэгчийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүхэд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Ц.Баттулга нь нэхэмжлэлийн шаардлагаа гурав дахь удаагаа өөрчилжээ. Нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжийг шүүхийн шийдвэр гарсны дараа нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн байдлыг далимдуулан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг байн байн өөрчилж ямар ч нотлох баримтгүйгээр нэмэгдүүлэн гаргаж байна. Ц.Баттулга нь дуудлага хцдалдаанд өрсөлдөгчөөр орсон боломжийг овжин ашиглаж өөрийгөө хөрөнгө оруулагч мэтээр илт гуйвуулсан мэдэгдлийг өнөөдрийг хүртэл гаргасаар ирсэн бөгөөд Нийслэлийн өмчийн харилцааны газрын дуудлага худалдаанд хөрөнгө оруулагч хэлбэрээр оролцсон гэж тогтоолгохыг хүсээд нийт 4 автомашин худалдан авахад зориулсан эгх 7,550,000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Ц.Баттулга нь дуудлага худалдаанд оролцсон, мөнгө төлбөр гаргасан гэх боловч нотлох баримтаа шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа огт гаргаагүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан заалтыг зөрчсөн. Түүнчлэн энэхүү өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэлийн үндэслэлтэйгээ уялдахгүй, тодорхой биш бөгөөд түүнийг нотлох баримтын жагсаалтыг хавсралтаар хүргүүлээгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байх боловч ямар үндэслэлээр 7,550,000 төгрөг болгон нэмэгдүүлээд байгаа нь ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнгөнцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Одонжав шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Миний нөхөр Д.Батхуяг нь 2014 оны 06 дугаар сарын 13, 23-ны өдрүүдэд болсон дуудлага худалдаанд оролцоод ялагч болж авсан 4 автомшины талаар нэхэмжлэл гаргасан байна. Нийслэлийн өмчийн харилцааны газраас зохион байгуулсан дуудлага худалдаанд 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр орж, Ц.Баттулга мөн нэг оролцогчоор орсон. Манай нөхөр орж ялагч болж авахын тулд оролцсон. Ялагчаар миний нөхөр тодроод авсан байдаг. Улаан загалмайн нийгэмлэг дээр Ланд маркийн автомашиныг миний нөхөр ялагч болоод хуулийн дагуу авсан 4 автомашин байгаа. Уг автомашинуудыг авч байгаа процессд хамтарч гэж юм яриад байгаа боловч өөрөө өрсөлдөгчөөр ороод авч чадаагүй дээрээ яагаад байгааг ойлгохгүй байна. Үнэндээ хамтарсан гэх нотлох баримт байхгүй. Нэхэмжлэгчийн гаргасан мөнгийг нотлох баримт байхгүй байна. Хамтрагчаар орох байсан бол яагаад тусдаа дэнчингээ төлөөд орсон юм бэ?, хамтрагчид байсан юм бол нэгнийгээ оруулах шаардлагатай байсан байх. Дэнчингээ төлөөд орсон. Дуудлага худалдаанд ялсан ялагч нь дэнчин дээрээ үлдэгдэл мөнгөө нэмж төлөөд автомашинаа авдаг. Дуудлага худалдааны  дараа 2014 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн шүүхээс нэхэмжлэл ирсэн. Миний нөхөр цалингийн нэмэлт орлого болгох гэж энэ бизнесийг хийдэг. Ц.Баттулга өрсөлдөгчөөр орчихоод өөрөө ялагч болж чадаагүй байж 2014 оноос хойш өнөөдрийг хүртэл гомдол гаргаад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулаад автомашинуудыг битүүмжлүүлчихсэн. Ланд, Демио маркийн автомашинуудыг зарчихсан байгаа. Ипсум, Бенз маркийн хоёр автомашинуудыг шүүхийн шийдвэрээр битүүмжилсэн. Ажил албаа алдаад явж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч чадахгүй. Хамтарсан зүйл байхгүй. Ландын тухай маш их хөөцөлдөж явж байж, маш их будилаантай зүйлийг гаргасан байна. Бид нар эд материал, ашиг орлогын хохиролыг амсахаас гадна луйварчин дээрэмчин мэт харагдуулж байна. Ц.Баттулга нь манай хамар хашаанд амьдардаг. Тааралдахаараа мэнд устай явдаг байсан. Бид нарт мөнгө хэрэгтэй байхад эхнэрийнхээ данснаас 1,350,000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр зээлчихээд, түүнийгээ автомашинд хөрөнгө оруулсан гэж нэхэмжилж байх шиг байна. 4,300,000 төгрөгийг гэрт нь бэлнээр оруулж өгснийг ярих боломжгүй байна. 1,350,000 төгрөгийг зээлснээс болж энэ хүний өгөөшинд орчихоод байх шиг байна. Солонгосоос охиноос мөнгө ирэхээр өгчихнө гэхлээр өгсөн байдаг. Нотлох баримтгүй тул энэ мөнгөө ч нэхэмжлэх боломжгүй байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Баттулга нь хариуцагч Д.Батхуягт холбогдуулан, дуудлага худалдаагаар худалдан авсан УБГ 27-72 улсын дугаартай Бенц-400, УБЦ 01-17 улсын дугаартай Тоёота Ипсум, УБЦ 06-51 улсын дугаартай Мазда Демио маркийн авто машинуудыг хамтран өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, УБЦ 05-01 улсын дугаартай Ланд Круйзер 78 маркийн авто машиныг албадан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

 Нэхэмжлэгч Ц.Баттулга нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилсөн. Үүнд:

- 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагадаа: УБГ 27-72 улсын дугаартай Бенц 400, УБЦ 01-17 улсын дугаартай Тоёота Ипсум, УБЦ 06-51 улсын дугаартай Мазда Демио маркийн автомашинуудыг Ц.Баттулга, Д.Батхуяг нарын дундын өмчлөл болохыг тогтоолгох, Д.Батхуягаас УБЦ 05-01 улсын дугаартай Ланд Круйзер 78 маркийн машиныг дуудлага худалдаанаас худалдан авахад Ц.Баттулгаас гаргасан 4,200,000 төгрөг болон зээлийн хүүнд төлсөн 3,150,000 төгрөг буюу нийт 7.350.00 төгрөгийг гаргуулах;

- 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагадаа: УБГ 27-72 улсын дугаартай Бенц-400, УБЦ 01-17 улсын дугаартай Тоёота Ипсум, УБЦ 06-51 улсын дугаартай Мазда Демио маркийн авто машинуудыг дуудлага худалдаанаас худалдан авахад Ц.Баттулга нь хөрөнгө оруулалт хийсэн болохыг тогтоолгох,  Д.Батхуягаас УБГ 27-72 улсын дугаартай Бенц-400, УБЦ 01-17 улсын дугаартай Тоёота Ипсум, УБЦ 06-51 улсын дугаартай Мазда Демио, УБЦ 05-01 улсын дугаартай Ланд Круйзер маркийн автомашинуудыг дуудлага худалдаанаас худалдан авахад Ц.Баттулгаас оруулсан 7,550,000 төгрөгийг  гаргуулах.

 

Хариуцагч нь Д.Батхуяг нь дуудлага худалдаанд өөрөө тусдаа оролцож тухайн автомашинуудыг худалдаж авсан хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох  нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Ц.Баттулга нь  “...Д.Батхуягтай хамтран 2009 оноос эхлэн дуудлага худалдаанаас машин худалдан авч, засварын ажлыг хийж гүйцэтгэдэг байсан, автомашиныг борлуулсан ашгийг нь хувааж авч хамтран ажилладаг байсан. 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газраас зохион байгуулсан нээлттэй дуудлага худалдаанд Д.Батхуягтай хамтран оролцож дуудлага худалдаанаас 4,627,200 төгрөгөөр УБГ 27-72 улсын дугаартай Бенц 400, УБЦ 01-17 улсын дугаартай Тоёота Ипсум, УБЦ 06-51 улсын дугаартай Мазда Демио маркийн нийт 3 машиныг худалдан авсан. Эдгээр машинуудыг худалдан авахад Д.Батхуяг нь 2,000,000 төгрөгийг гаргаж, Ц.Баттулга үлдэгдэл 2,627,200 төгрөг, машины сэлбэгийн 165,000 төгрөг, нийт 2,932,200 төгрөгийг гаргасан болно. Мөн 2014 оны 06 дугаар сарын 20-нд Монголын улаан загалмайн нийгэмлэгийн дуудлага худалдаанаас Ланд круйзер 78 маркийн машиныг 4,200,000 төгрөгөөр худалдан авсан..” гэх тайлбарыг гаргасан.

 

Нийслэлийн өмчийн харилцааны газраас 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулсан автомашины нээлттэй дуудлага худалдаанд Ц.Баттулга, Д.Батхуяг нар оролцож байсан нь “Автомашины дуудлагын худалдааны явцын тэмдэглэл”-ээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 6, 9, 12 дахь тал/ Мөн Монголын Улаан загалмай нийгэмлэгээс 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулсан автомашины нээлттэй дуудлага худалдаанд Ц.Баттулга, Д.Батхуяг нар оролцож байсан нь “МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын газрын автомашины нээлттэй дуудлага худалдааны тэмдэглэл”-ээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 51-55 дахь тал/

 

Хариуцагч Д.Батхуяг нь “...Автомашины дуудлага худалдаанд өрсөлдөгчөөр оролцсон... Хамтрагчаар орох байсан бол яагаад тусдаа дэнчингээ төлөөд орсон юм бэ, хамтрагчид байсан юм бол нэгнийгээ оруулах шаардлагатай байсан байх. Дэнчингээ тус тусдаа төлөөд орсон нь хамтарч ороогүйг нотолно” гэх тайлбарыг өгч маргасан.

 

Ц.Баттулга, Д.Батхуяг нар нь дээр дурдсан автомашины нээлттэй дуудлага худалдаанд орохдоо тус тусдаа тасалбар болон дэнчингийн төлбөрийг төлж байсан нь хавтаст хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 8, 11, 14, 33, 39, 40, 46 дахь тал/ Автомашины дуудлага худалдаанд орохдоо дэнчингийн мөнгийг тус тусдаа төлж байсан нь зохигчдыг дуудлага худалдаанд хамтран оролцоогүй гэж үзэх үндэслэл болохгүй юм.

 

Нийслэлийн өмчийн харилцааны газраас 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулсан автомашины нээлттэй дуудлага худалдаанаас Мерседес бенз 400 маркийн УБГ 27-72 улсын дугаартай автомашиныг дэнчингийн 758,160 төгрөг дээр 1,869,040 төгрөгийг нэмж, нийт 2,627,200 төгрөгөөр, Тоёота Ипсум маркийн УБЦ 01-17 улсын дугаартай ватомашиныг дэнчингийн 240,000 төгрөг дээр 670,000 төгрөгийг нэмж, нийт 900,000 төгрөгөөр, Мазда Демио маркийн УБЦ 06-51 улсын дугаартай автомашиныг дэнчингийн 300,000 төгрөг дээр 800,000 төгрөгийг нэмж, нийт 1,100,000 төгрөгөөр худалдаж авч төлбөрийг 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хийсэн байна. /хавтаст хэргийн 34, 41, 47 дахь тал/ Мөн Монголын Улаан загалмай нийгэмлэгээс 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулсан автомашины нээлттэй дуудлага худалдаанаас Ланд Круйзер маркийн УБЦ 05-01 улсын дугаартай автомашиныг дэнчингийн 50,000 төгрөг дээр 4,150,000 төгрөгийг нэмж, нийт 4,200,000 төгрөгөөр худалдан авч, төлбөрийг 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хийсэн байна. /хавтаст хэргийн 15 дахь тал/

 

Нэхэмжлэгч Ц.Баттулга нь Нийслэлийн өмчийн харилцааны газар болон Монголын Улаан загалмай нийгэмлэгээс зохион байгуулсан дуудлага худалдаанаас худалдаж авсан автомашинуудын төлбөрийг хийхдээ ах, эгчээсээ мөнгө зээлж эхнэр Н.Энхсайханы данс руу шилжүүлж авч, уг мөнгийг Хаан банкны данснаас бэлнээр авч, хариуцагч Д.Батхуягийн хамт явж төлбөр тооцоог хийсэн гэх тайлбарыг өгсөн. Хавтаст хэрэгт Н.Энхсайханы Хаан банкны 5076038532 дугаартай дансны “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга” авагдсан бөгөөд 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 1,850,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдэж, мөн өдөр 500,000 төгрөг, 900,000 төгрөг, 450,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн байна. Мөн 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 2,000,000 төгрөг, 2,500,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдэж, мөн өдөр 4,500,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн байна. /хавтаст хэргийн 17 дахь тал/ Уг дансны орлого, зарлагын гүйлгээнээс харахад дуудлага худалдаанаас худалдан авсан автомашинуудын төлбөрийн дүнтэй тохирч байх бөгөөд нэхэмжлэгчийн эхнэрийн данснаас авсан мөнгөөр төлбөрийг хийсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хариуцагч  Д.Батхуяг нь дээр дурдсан мөнгийг эхнэрийнх нь бизнест мөнгө шаардлагатай болоод нэхэмжлэгчээс зээлж аваад, буцааж өгөхдөө бэлнээр гэрт оруулж өгсөн гэх тайлбарыг өгсөн боловч өөрийн тайлбартай холбогдох баримтыг ирүүлээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт  зааснаар нотлох баримтаар нотлоогүй болно.

 

Хэрэгт авагдсан гэрч Д.Намхайдоржийн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн эхнэр Н.Энхсайханы эзэмшлийн ХААН банкны 5076038532 тоот дансны 2014 оны 06 дугаар сарын 13, 23, 24-ний өдрийн орлого, зарлагын гүйлгээний талаарх дансны дэлгэрэнгүй хуулга,  Монголын Улаан загалмай нийгэмлэгийн 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2/109 тоот албан бичиг, гэрч Б.Мөнхтөрийн мэдүүлэг зэргээр Ц.Баттулга, Д.Батхуяг нар нь УБГ 27-72 улсын дугаартай Бенц-400, УБЦ 01-17 улсын дугаартай Тоёота Ипсум, УБЦ 06-51 улсын дугаартай Мазда Демио, УБЦ 05-01 улсын дугаартай Ланд круйзер 78 маркийн автомашинуудыг хуучин автомашины дуудлага худалдаанаас Ц.Баттулга, Д.Батхуяг нар хамтарч худалдан авч, засварлан борлуулдаг байсан үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Ц.Баттулга нь Нийслэлийн өмчийн харилцааны газраас 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулсан автомашины нээлттэй дуудлага худалдаанаас УБГ 27-72 улсын дугаартай Бенц-400, УБЦ 01-17 улсын дугаартай Тоёота Ипсум, УБЦ 06-51 улсын дугаартай Мазда Демио маркийн автомашинуудыг худалдан авахад 2,700,000 төгрөг, Монголын Улаан загалмай нийгэмлэгээс 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулсан автомашины нээлттэй дуудлага худалдаанаас УБЦ 05-01 улсын дугаартай Ланд круйзер 78 маркийн автомашиныг худалдан авахад 4,150,000 төгрөг, нийт 6,850,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байх тул уг мөнгийг хариуцагч Д.Батхуягаас гаргуулж, нэхэмжлэгч Ц.Баттулгад олгуулах нь зүйтэй байна.

 

 Нэхэмжлэгч нь автомашиныг худалдаж авахад мөнгөний 57 хувийг оруулсан гэдэг утгаараа худалдан борлуулсан ашгийн 57 хувийг эзэмших эрхтэй гэж автомашин худалдан борлуулсан ашгаас ногдох хувийг гаргуулна гэж нэхэмжилсэн боловч тухайн автомашинуудыг худалдан борлуулж ашиг олсон гэдэг нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Ц.Баттулгын нэхэмжлэлийн шаардлагаас 6,850,000 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагын 700,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч Ц.Баттулгыг УБГ 27-72 улсын дугаартай Мерседес Бенц-400, УБЯ 01-17 улсын дугаартай Тоёота Ипсум, УБЦ 06-51 улсын дугаартай Мазда Демио маркийн маркийн автомашинуудыг дуудлага худалдаанаас худалдан авахад хөрөнгө оруулалт хийсэн болохыг тогтоож, УБГ 27-72 улсын дугаартай Мерседес Бенц-400, УБЯ 01-17 улсын дугаартай Тоёота Ипсум, УБЦ 06-51 улсын дугаартай Мазда Демио,  УБЦ 05-01 улсын дугаартай Ланд Круйзер-78 маркийн маркийн автомашинуудыг худалдан авахад нэхэмжлэгч Ц.Баттулгаас оруулсан 6,850,000 /зургаан сая найман зуун тавин мянган/ төгрөгийг хариуцагч Д.Батхуягаас гаргуулан нэхэмжлэгч Ц.Баттулгад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 700,000 /долоон зуун мянган/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Баттулгаас 135,750 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж, хариуцагч Д.Батхуягаас 124,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Баттулгад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Д.ЦЭРЭНДОЛГОР