Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 31

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Д.Агар,

насанд хүрээгүй хохирогч Б.Тэргэл, түүний хууль ёсны төлөөлөгч Э.Баяржаргал,

шүүгдэгч Г.Ц, түүний өмгөөлөгч Д.Мягмарцэрэн,  

нарийн бичгийн дарга Б.Номинзул нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Нүрэм овогт Гончигсүрэнгийн Г.Цд холбогдох эрүүгийн 1903011580521 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1975 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, гагнуурчин, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 16-р хороо Согоотын 90-1314Е тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Нүрэм овогт Гончигсүрэнгийн Г.Ц /РД: ХД75110110/

 

Холбогдсон хэргийн талаар /холбогдсон хэргийн талаар/: яллагдагч Г.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Ц нь 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 14 цаг 10 минутын орчим Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дэнжийн 1000”-ийн эргэх уулзварын замд “Тоёота Приус-10” маркийн 85-07 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.7-д заасан "Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө" гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч хохирогч 12 настай, эрэгтэй Б.Тэргэлийг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлгүүд,

насанд хүрээгүй хохирогч Б.Тэргэлийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 14 цагийн орчимд Сүхбаатар дуүргийн 9 дүгээр хороо Нуурын 07-26 тоот хаягтай гэрээсээ би төрсөн ах Б.Хоснямын хамт усны тэрэг аваад усны худаг орж ус авах гээд явсан юм. Тэгээд би ахтайгаа хамт гэрийнхээ усыг авчихаад. буцаад гэрлүүгээ харих замдаа би ганцаараа түрүүлж гүйгээд зам хөндлөн гарч дэлгүүр орох зорилгоор 39 дүгээр сургуулийн урд талаас хойшоогоо гарах гээд ертөнцийн зүгээр урдаасаа хойшоогоо чиглэлтэй гэрлэн дохиотой явган хүний гарцаар ногоон өнгийн гэрлээр зам хөндлөн гарч явахдаа баруунаасаа зүүн чиглэлтэй ногоон цайвар энгийн Тоёота Пирус 10 маркийн улсын дугаар болон серийг нь анзаараагүй машинд мөргүүлж зам дээр унасан юм. Тэгээд би зам дээрээс босох гэтэл босож чадахгүй байсан. Тэгтэл тэр машины жолооч нь машинаасаа бууж ирээд намайг өргөөд машиндаа оруулж суулгасан. Гэтэл хэсэг хугацааны дараа нагац ах Э.Баярбаатар нь ганцаараа ирж намайг аваад шууд гэмтлийн эмнэлэг рүү явсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 31-32х/,

гэрч А.Даваадулам мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 14 цаг 35 минутын орчимд би том оврын цэнхэр өнгийн Өвөр Согоот гэх чиглэлийн автобусанд суугаад гэрлүүгээ харих гээд Чингэлтэй дүүргийн нутаг Дэнжийн 1000 эргэх 3-н замын уулзварт ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлтэй, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд хамгийн эхэнд зогсож байсан. Энэ үед уулзварын улаан гэрэл асчихсан машинууд бүгд зогсож байсан. Тэгтэл уулзварын нэмэгдэл зүүн гар тийшээгээ эргэх гэрэл астал гэрлэн дохиотой явган хүний гарцаар урдаасаа хойшоогоо чиглэлтэй нэг эрэгтэй хүүхэд ганцаараа гүйж гараад зорчих хэсгийн 3 дугаар эгнээгээр баруунаасаа зүүн чиглэлтэй явсан цэнхэр өнгийн Тоёота Приус 10 маркийн 85-07 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун гар талын хажуу талд мөргөгдөөд л зам дээр унах шиг болсон. Тэгэхээр нь би автобусны жолоочид нь хүүе ээ би бууя гэж хэлээд автобуснаас бууж очоод тэр хүүхдийн биеийн байдлыг нь асуухад зүүн хөл өвдөөд байна гээд уйлаад байсан. Ингээд би өөрийнхөө 88371317 гэсэн дугаараас 102, 103-т дуудлага өгөөд байж байтал машинд мөргүүлсэн хүүхэд дээр нэг эрэгтэй хүүхэд ганцаараа ирсэн. Үүний дараахан машинд мөргүүлсэн хүүхдийн нэг ах нь ганцаараа ирж, тэр хүүхдийг аваад такси бариад гэмтлийн эмнэлэг рүү явсан юм. Миний хувьд автобусанд зорчиж явахдаа хамгийн урд талд нь зогсоод явж байсан ба ослыг ойролцоогоор 2-3 метрийн зайнд л харсан. Осол болох үед замын хөдөлгөөн нь сийрэг талдаа л байсан. Гэхдээ ямар нэгэн түгжрэлгүй. Осол болох үед тэр хүүхэд нь гэрлэн дохиотой явган хүний гарцаар зам хөндлөн гарахдаа ганцаараа л гүйж гарч явсан. Нээх удаачгүй машинд мөргүүлсэн хүүхдийн араас бага нэг ойролцоо насны эрэгтэй хүүхэд ирсэн юм. Осол болох үед нэг болон хоёрдугаар эгнээний баруунаасаа зүүн чиглэлтэй явах машинууд уулзварын улаан гэрэл ассан байсан учраас аль аль нь зогссон байсан. Машинд мөргүүлсэн хүүхэд нь уулзварын яг ямар гэрлээр гарсаныг нь бол анзаараагүй. Ослын машинд ослын улмаас баруун гар талын толь нь хугарсан байсан ..." гэх мэдүүлэг /хх-ийн 35х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №12209 дугаартай "...1 .Б.Тэргэлийн биед зүүн шаант ясны доод булуунд зөрөөтэй далд хугарал, хугарал засах мэс заслын дараах байдал /2019,10,07/ гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3-1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. ..." гэх дүгнэлт. /хх-ийн 39х/,

2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Мөрдөгчийн магадлагаа. ..." 1. Тоёота Приус 10 маркийн 85-07 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Гончигсүрэн овогтой Г.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.7-д заасан "Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө" гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 2. Явган зорчигч Баяржаргал овогтой Тэргэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. 3. Зам тээврийн осол нь замын байгууламж замьн тэмдэг, тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна. ..." гэх магадлагаа /хх-ийн 87-88х/,

Мөрдөгчөөөс 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-9х/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 03-09х/

Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 21-22х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Г.Цг тээврийн хэрэгсэл жолоодон, замын хөдөлгөөнд оролцон явахдаа болгоомжгүйгээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 12 настай насанд хүрээгүй хохирогч Б.Тэргэлийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэтэй гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас Насанд хүрээгүй хохирогчид учирсан хохирол, эмчилгээний зардалд түүний хууль ёсны төлөөлөгч болох эх Э.Баяржаргалын  шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан нэхэмжлэлийн үнийн дүнгээс хавтас хэрэгт бичигийн баримтаар авагдсан нийт 1.751.900 төгрөгийг шүүгдэгч Г.Цгээс гаргуулж, түүнд олгуулах нь зүйтэй гэж шүүх үзэв. Харин бусад хавтас хэрэгт бичигийн баримтаар авагдаагүй зардал, цаашид гарах эмчилгээний зардал зэргийг Э.Баяржаргал нь холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Цд ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, бусдад учруулсан хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг нь харгалзан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогчид хохиролыг богино хугацаанд нөхөн төлүүлэх зорилгоор Г.Цд шүүхээс оногдуулсан үндсэн ял дээр нэмж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Нүрэм овогт Гончигсүрэнгийн Г.Цг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Цд 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Г.Цд шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурваас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, хэрэв биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Г.Цд нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Г.Цгээс нийт 1.751.900 /нэг сая долоон зуун тавин нэг мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Баяржаргал /РД:ОЮ83110201/-д олгосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтыг тус тус журамлан Г.Цг 2 /хоёр/ сарын хугацаанд хохиролоо бүрэн барагдуулах буюу гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэсүгэй.

 

7. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Баяржаргал нь энэ гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирол, цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ