Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 167

 

 

 

 

 

 

 

 

2020        03          03                                   2020/ШЦТ/167

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго, 

улсын яллагч А.Нямсүрэн,

  шүүгдэгч Б.М /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дарьтан овогт Борын Б.М-д холбогдох эрүүгийн 2011 00195 0136 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, “Энержи ресурс” ХХК-д Хүнд машин механизмын оператор ажилтай, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 0119 дүгээр Цэргийн ангийн 1-14 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Дарьтан овогт Борын Б.М, регистрийн дугаар                       .

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Б.М нь 2020 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Лето" гэх кафены гадна П.Номингэрэлийг өмөөрч Б.Болорчимэгийн хамран тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,

Хохирогч Д.Болорчимэг нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...сүүлийн тооцоогоо хийгээд гадаа гарахад Мөнхчимэг, түүний дүү, Номио, Хүслээ нар гадаа тамхи татах нь тамхи татаад зогсож байсан, гэтэл юунаас маргаан болсонг санахгүй байна, нэг мэдэхэд миний хамраас цус гараад тогтохгүй байсан, тэгсэн хажуунаас Номио, Мөнхчимэгийн дүү гэх Б.М гэх залуу руу чи хамар луу нь цохьчихлоо гээд орилоод байсан, би ямар ч байсан хамраа дараад сууж байхад цагдаа нар ирээд Б.Мыг аваад явсан юм шиг байна лээ, би тэндээсээ гэмтлийн эмнэлэг рүү Номиотой цуг очиж үзүүлээд хамрандаа 2 оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

Гэрч Ж.Мөнхчимэг нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...тэгээд би сүүлд өөрийнхөө ууж идсэн юмныхаа тооцоог хийчихээд гарсан чинь гадаа Б.М уурлачихсан, та нарыг алнаа гээд орилоод тойроод гүйгээд байхаар нь хөөе юу болоод байгаа юм бэ гээд куртикнийх нь хойноос нь бариад автал Б.М нилээн согтчихсон, та нарьг ална гээд над руу уурлаад байсан гэтэл хажуунаас Болорчимэг гэх эмэгтэйн найз Номио гэх эмэгтэй танай дүү чинь манай найзыг цохьчихлоо, хамар амыг нь хар гэхээр нь харсан чинь Болорчимэгийн хамраас нилээн цус гараад хамраа дарчихсан уйлаад байсан. Болорчимэгийг харахад хамрын үзүүр доод хэсгээр шалбарсан, сэтэрсэн харагдсан, тэр хэсгээс нь цус гараад тогтохгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

Гэрч П.Номингэрэл нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Мөнхчимэгийн дүү гэх залуу хойноос намайг муу лесбичүүд гээд өшиглөсөн. Чинь би урагшаа унасан, хажуунаас Болорчимэг намайг өмөөрөөд чи яагаад эмэгтэй хүн өшиглөж байгаа юмгэтэл Мөнхчимэгийн дүү нь Болорчимэг рүү уурлаад ална тална, муусайн бэлгийн цөөнх гээд орилж чарлаад байсан. Тэгсэн гэнэт Болорчимэгийн хамарнаас цус гараад доошоо тонгойгоод суучихсан байхад Мөнхчимэг хойноос гарч ирсэн. Тэгэхээр нь би түүнд чи наад хачин дүүгээ аваад зайлаач, эмэгтэй хүний хамрыг яаж байгаа юм бэ гээд уурласан чинь Мөнхчимэг юу болоод байгаа юм бэ гээд дүүгээ загнаад хэрэлдээд байсан, нөгөө дүү нь гэх залуу нь бид нарыг дахиж цохих гэж дайраад байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Ганзориг, Хүслээ гэх хүнийг танихгүй, тэнд тийм хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ө.Сарангэрэлийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1413 дугаартай шинжээчийн: “...Д.Болорчимэгийн биед хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт, шарх, цус хуралт...гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зрэгэ тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 17-18 дугаар хуудас/

Шүүгдэгч Б.М нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...тухайн үед нилээн согтсон байсан, болсон үйл явдлыг санахгүй байна. Хуурай эгчээсээ болсон асуудлыг дараа нь сонсоход Мөнхчимэг, Болорчимэг, Номио нар агсам тавьж байгаад Болорчимэг гэх эмэгтэй хамар луу цохичихсон юм байна лээ. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 28- 29 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 49/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 31/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 32/, ажлын газрын тодорхойлолт /хх 33/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 38 дугаар тогтоол /хх 60/, шүүгдэгч Б.Мын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 56/, хохирогч Д.Болорчимэгийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 55/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.М нь 2020 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Лето" гэх кафены гадна П.Номингэрэлийг өмөөрч Б.Болорчимэгийн хамран тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/, хохирогч Д.Болорчимэгийн “...сүүлийн тооцоогоо хийгээд гадаа гарахад Мөнхчимэг, түүний дүү, Номио, Хүслээ нар гадаа тамхи татах нь тамхи татаад зогсож байсан, гэтэл юунаас маргаан болсонг санахгүй байна, нэг мэдэхэд миний хамраас цус гараад тогтохгүй байсан, тэгсэн хажуунаас Номио, Мөнхчимэгийн дүү гэх Б.М гэх залуу руу чи хамар луу нь цохьчихлоо гээд орилоод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/, гэрч Ж.Мөнхчимэгийн “...тэгээд би сүүлд өөрийнхөө ууж идсэн юмныхаа тооцоог хийчихээд гарсан чинь гадаа Б.М уурлачихсан, та нарыг алнаа гээд орилоод тойроод гүйгээд байхаар нь хөөе юу болоод байгаа юм бэ гээд куртикнийх нь хойноос нь бариад автал Б.М нилээн согтчихсон, та нарьг ална гээд над руу уурлаад байсан. ...харсан чинь Болорчимэгийн хамраас нилээн цус гараад хамраа дарчихсан уйлаад байсан. Болорчимэгийг харахад хамрын үзүүр доод хэсгээр шалбарсан, сэтэрсэн харагдсан, тэр хэсгээс нь цус гараад тогтохгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, гэрч П.Номингэрэлийн “...Мөнхчимэгийн дүү гэх залуу хойноос намайг муу лесбичүүд гээд өшиглөсөн. Чинь би урагшаа унасан, хажуунаас Болорчимэг намайг өмөөрөөд чи яагаад эмэгтэй хүн өшиглөж байгаа юм гэтэл Мөнхчимэгийн дүү нь Болорчимэг рүү уурлаад ална тална, муусайн бэлгийн цөөнх гээд орилж чарлаад байсан. Тэгсэн гэнэт Болорчимэгийн хамарнаас цус гараад доошоо тонгойгоод суучихсан байхад Мөнхчимэг хойноос гарч ирсэн. Тэгэхээр нь би түүнд чи наад хачин дүүгээ аваад зайлаач, эмэгтэй хүний хамрыг яаж байгаа юм бэ гээд уурласан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ө.Сарангэрэлийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1413 дугаартай шинжээчийн: “...Д.Болорчимэгийн биед хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт, шарх, цус хуралт...гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зрэгэ тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 17-18 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Мын “...тухайн үед нилээн согтсон байсан, болсон үйл явдлыг санахгүй байна. Хуурай эгчээсээ болсон асуудлыг дараа нь сонсоход Мөнхчимэг, Болорчимэг, Номио нар агсам тавьж байгаад Болорчимэг гэх эмэгтэй хамар луу цохичихсон юм байна лээ. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ

Хохирогч Д.Болорчимэг нь “...Би Б.Мтой сайн дураад эвлэрч эмчилгээний зардал болох 1.500.000 төгрөгийг бэлэн авсан. Хохирлын ямар нэгэн маргаан байхгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Б.М нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иймд шүүх шүүгдэгч Б.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгийн торгох ял шийтгэв. Ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзав.

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дарьтан овгийн Б.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч Б.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.РЕНЧЕНХОРОЛ