Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 37

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Г.Ууганбаатар,

хохирогч Д.Цэрэндолгор, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин,

шүүгдэгч А.М, түүний өмгөөлөгч Н.Жавзандолгор,

нарийн бичгийн дарга Б.Номинзул нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Андрейн А.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911023251106 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, "Тэнгэр бурханы хишиг" ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Энхжин хотхон 32Б-51 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Андрейн А.М /РД: СЭ91020518/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч А.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Шүүгдэгч А.М нь Э.Батчулуунд итгэмжлэл олгох замаар өөрийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуаран /13302/ энхтайваны өргөн чөлөө гудамж 1 байр D блок 28 тоот хаягт байрлах 64 м.кв 2 өрөө орон сууцыг "Тэнгэр бурханы хишиг" ХХК-ийн нэрээр 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хохирогч Д.Цэрэндолгортой орон сууцны санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан тодорхой хугацаатай, хүүтэй, барьцаатайгаар өмчлөх эрхийг шилжүүлэхээр харилцан тохиролцож Д.Цэрэндолгороос 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр урьдчилгаа 25.000.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Найман шарга” барилгын 3 давхарт шилжүүлэн авсан, мөн санхүүгийн түрээсийн төлбөр төлөх хуваарийн дагуу 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд 23.766.000 төгрөгийг, нийт 48.766.000 төгрөгийг шилжүүлэн авсан боловч уг 2 өрөө байрыг 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Ч.Батсайхантай орон сууц, худалдах худалдан авах гэрээ байгуулан худалдаж, өмчлөх эрхийг Ч.Батсайханд шилжүүлэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Д.Цэрэндолгорт нийт 48.766.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Д.Цэрэндолгорын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 20-ны үед манай хүү Чинбат нь 8 шарга төв дээр Тэнгэр бурханы хишиг гэсэн компани байдаг юм байна энэ компани нь үл хөдлөх хөрөнгө, байр орон сууц хувь лизингээр худалдан борлуулдаг юм байна. Офицеруудын ордонд зарах байр байгаа гэж байна гэж хэлэхээр нь би хүүтэйгээ хамт явж компани дээр очиж уулзаж 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Офицерт байрлах 2 өрөө байрыг очиж үзэж үнэ, сарын төлөлт хугацаагаа ярьж тохирч худалдаж авахаар болж урьдчилгаа 25.000.000 төгрөг өгч гэрээ байгуулаад 08 дугаар сарын 06-ны өдөр байрандаа нүүж орсон. Түүнээс хойш жилийн хугацаанд төлбөр мөнгөө төлж барагдуулаад явж байсан чинь 2019 оны 8 дугаар сарын 21-ний орой гаднаас үл таних хүн хаалга тогшиж өөрийгөө Батсайхан гэж танилцуулж манай амьдарч байгаа байрны гэрчилгээг Батсайхан гэдэг нэр дээр гаргасан гэж үзүүлээд бид нар энэ байрыг худалдаад авчихсан хууль ёсны эзэмшигч нь би байгаа юм та нар одоо энэ байрнаас нүүж гарцгаа гэхээр нь бид нар төлбөрөө цаг хугацаанд нь төлж барагдуулж байгаа гэж хэлсэн тэр хамаагүй танайхыг төлбөр мөнгөө цаг хугацаандаа төлдөггүй гэж байна гэж хэлж байсан. Би маш их гомдолтой. А.М худал хэлж байрыг бусдад зарсан тул мөнгөө буцааж авмаар байна." гэх мэдүүлэг /хх-ийн 33х/,

хохирогч Д.Цэрэндолгорын гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "Би нэг сарын 1.980.000 төгрөгөөр төлж байгаа одоо нийтдээ 23.760.000 төгрөг төлж барагдуулсан. Төлж барагдуулах 70.500.000 төгрөг үлдсэн байгаа." гэх мэдүүлэг /хх-ийн 35х/

гэрч Б.Бат-Өршөөлтийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "Би А.М гэх хүнийг танина, 2019 оны 02 дугаар сараас хойш таних болсон А.М надтай танилцахдаа өөрөө хувьдаа компанитай, компани нь тогтвортой ажиллаж байгаа ч гэсэн одоогоор санхүүгийн тал дээр зогсонги байдалд орсон одоо манай компанид мөнгө чухал байна гэж хэлээд дээрх Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Офицеруудын ордны зүүн талд байрлах байрыг боломжийн үнээр худалдаж авах санал тавьж үүний дагуу 2019 оны 3 дугаар сарын эхээр дээрх хаяг дээр буюу Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө 1д блокийн-28 тоотод А.М өөрийн компаний ажилтан 2 хүн мөн Батсайхан, бид нар очиж үзэж байсан. "...маргааш нь буюу 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр А.М Батсайхан нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ хийгдэж мөнгө төгрөгөө өгөлцөж авалцаад байрны гэрчилгээг Чулуунбаатарын Батсайханы нэр дээр шилжүүлэн авсан. А.Мгаас "дээрх байрыг хэзээ чөлөөлж өгөх вэ" гэж асуухад уг байрыг одоо амьдарч байгаа хүмүүс зээлийн гэрээ хийж авсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа иймд гэрээ зөрчсөн гэж үзэж та бүгдэд зарж байгаа юм, мөнгөний тал дээр маргаантай байгаа тул жаахан хүлээгээч гэж хэлж байсан. 2019 оны 05-09 дүгээр сарын хооронд Батсайхан бид хоёр худалдаж авсан байрандаа очиход хүмүүс байсан ба сүүлд 2019 оны 9 дүгээр сарын 10-ны үеэр очиход хүмүүс амьдарч байсан ба бидний эзэмшлийн байр учраас дээрх иргэдийг гарахыг шаардаж гаргасан. Уг шаардлагыг бидний зүгээс А.Мд удаа дараа тавьж байсан боловч удаан хугацаа өнгөрсөн. Одоо дээрх байр нь Батсайханы өмчлөлд байгаа." гэх мэдүүлэг /хх-ийн 37-38х/,

гэрч Д.Алтанцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "2019 оны 3 дугаар сарын эхээр би дээрх байранд 1 хүүхдийн хамт байж байсан чинь ээж Цэрэндолгор миний утас руу залгаад наад байран дээр чинь даатгал хийлгэх гэсэн юм гээд эзэмшигч нь залгаад байна хүмүүс очно үзүүлээрэй гэж хэлсэн. Удалгүй гаднаас 2 эрэгтэй 1 эмэгтэй хүн орж ирээд даатгал хийх гэж байгаа юм гэж танилцуулж орж ирээд мөн хүнд үзүүлэх гэсэн юм гэж хэлээд нэг махлагдуу эрэгтэй хүн орж ирээд үзэж тойрч харж байгаад зураг дарчихаад гарсан. Бат-Өршөөлт, Батсайхан гэх хүмүүс ирээд бид нар наад байрыг чинь худалдаж авсан гэрчилгээ нь энэ байна гэж тус байрны гэрчилгээг харуулан бид нарыг гарахыг шаардаж байсан ирэх үедээ 2 хүнтэй хамт ирээд энэ хүмүүст одоо зарах гэж байгаа гэж хэлсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 41х/,

гэрч Ч.Батсайханы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "А.М 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Офицерийн ордны дэргэд байрлах Икс апартмент орон сууны Д-28 тоотод байрлах 2 өрөө байрыг миний нэр дээр худалдах, худалдан авах гэрээгээр нэр дээр чинь шилжүүлж өгөөд 50.000.000 төгрөг авах гэсэн юм аа гэсэн. Ингээд шууд тэр өдрөө буюу 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрөө Бат-Өршөөл, А.М болон Батчимэг мөн хажууд нь байсан шар царайтай залуутай хамт дээрх хаягт очиж уулзаж байрыг миний нэр дээр шилжүүлэхээр болсон. ...байр миний нэр дээр шилжсэн эсэхийг ТҮЦ машинаас лавлагаа авч үзэхэд уг байр миний нэр дээр шилжиж улсын бүртгэл дээр бүртгэгдсэн байхаар нь би эхлээд 15 сая төгрөгийг интернет банкаар, дараа нь Драгоны хажууд байрлах Хаан банкны АТМ-ыг ашиглаж 2 хувааж нийт 50.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Надаас 50 сая төгрөгийг авахдаа 1 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй авсан. Дараа нь А.Мгаас мөнгөө нэхэхээр наад байраа зарж борлуулаад мөнгөө гаргаж авч болно. Байрыг зарж, борлуулах, цааш нь барьцаанд тавих эрхийг олгосон А.Мгийн өөрийн бичиж өгсөн, иргэний үнэмлэхээ ард талын хуудсанд хуулбарласан бичиг нь надад байгаа" гэх мэдүүлэг /хх-ийн 39х/,

Хас банкны орлогын баримт /хх-ийн 56-62х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч А.Мг шунахай сэдлтээр амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогч Д.Цэрэндолгорт бодит байдлыг нуух замаар  төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Цэрэндолгорт учирсан хохиролоос А.М нь хохиролын зарим хэсгийг төлж барагдуулан одоо 45.066.000 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь шүүхийн хэлэлцүүгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлгүүдээр тогоогдож байх тул Г.А.Мгаас нийт 45.066.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Цэрэндолгорт олгуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч А.Мд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад учруулсан хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хувийн байдлыг нь харгалзан хорих ял оногдуулахгйүгээр тэнсэж шүүх шийдвэрлэв.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогчид хохиролыг богино хугацаанд нөхөн төлүүлэх зорилгоор А.Мд шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн тул гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг 6 сарын хугацаанд нөхөн төлөх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

              1. Шүүгдэгч Боржигон овогт Андрейн А.Мг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

             

              2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан А.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасныг тус тус журамлан А.Мд 45.066.000 төгрөгийг 6 /зургаа/ сарын хугацаанд хохирогчид бүрэн төлж барагдуулах буюу гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсүгэй.

 

              3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан А.Мгаас нийт 44.066.000 /дөчин дөрвөн сая жаран зургаан мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Цэрэндолгор /РД:ТИ62122560/-д олгосугай.

 

              4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

             

              5. Шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

             

              6. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.Мд урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ