Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 47

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Б.Дэлгэрдалай,

өсвөр насны шүүгдэгч Б.Д, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Ууганцэцэг, өмгөөлөгч Ю.Тогмид,

нарийн бичгийн дарга Б.Номинзул нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Зайсан овогт Баасандоржийн Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911028511235 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Өсвөр насны шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2002 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Мөрөн суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Нийслэлийн ерөнхий боловсролын 57 дугаар сургуулийн 10 дугаар ангид суралцдаг. Ам бүл-5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 11-158 тоотод түр оршин суух бүртгэлийн хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Зайсан овогт Баасандоржийн Б.Д /РД: СО02301410/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Өсвөр насны шүүгдэгч Б.Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Д нь 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 57 дугаар сургуулийн 204 тоот ангид 6 дугаар ангийн сурагч хохирогч Б.Маргад-Эрдэнийн толгойн тус газар нь номоор 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

насанд хүрээгүй хохирогч Ө.Маргад-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: " Би 2019 оны 10 дугаар сарын 25-нд 16 цагийн үед 57 дугаар сургуулийн 2 давхрын 204 тоот ангийн хаалганы хажууд зогсоод 3-р салааны 1 дүгээр ширээний хүүхдээс шугам авах гээд зогсож байтал гаднаас 10-р ангийн ах орж ирээд миний хүзүү рүү цохиод "пизда минь суу" гэхээр нь би хүзүүгээ дараад 1-р салааны хамгийн хойд талын ширээнд суугаад хүзүү өвдөөд байхаар нь би уйлаад сууж байтал тэр ах дахиж ирээд "чи 6-р анги юм байж ямар арчаагүй юм бэ" гээд 2,5 см зузаантай номоор цохисон би уйлаал сууж байтал тэр ах "30 минутын дотор бодлого бодохгүй бол дэвтрийг чинь урна шүү" гээд хүүхдүүдийг тэгээд байхаар нь би дэвтрээ өгчихөөд ангиас гараад оо-д /нойлд/ сууж байгаад ээж рүүгээ залгаад дуудсан... эхлээд гараараа миний ар хүзүү рүү нэг удаа цохисон, дараа нь ширээн дээр сууж байхад номоор 2-3 удаа толгой руу цохисон . Надад гомдол байхгүй. Яагаад гэвэл тэр 10-р ангийн ах, эгчтэйгээ ирээд намайг эмнэлгээр авч яваад үзүүлээд шаардлагатай эм тариаг авч өгч эмчилгээний зардал болох 200.000 төгрөг төлсөн одоо би гомдолгүй. Тэр ах надаас албан ёсоор уучлалт гуйсан" гэх мэдүүлэг /хх-ийн 13х/,

насанд хүрээгүй гэрч О.Доржсамбуугийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: " манай хичээл 13:15 цагт тараад математикийн багш дээр очиж дүнгээ гаргуулчихаад 16 цагийн үед Б.Дтай хамт спорт зааланд байж байтал Б.Д алга болчихсон байхаар нь 205 тоот ангийн хаалганы хажууд байх цонхоор хартал Б.Д самбарын урд зогсож байхаар нь би ороод багшийн сандал дээр нь суугаад Б.Дас "чи хичээл орж байгаа юм уу" гэтэл тиймээ би багшийн оронд орж байна гэсэн. Тэгтэл 1-р салааны хамгийн хойно ширээн дээр нэг хүүхэд толгойгоо дараад сууж байхаар нь би "тэр хүүхэд яасын" гэтэл Б.Д "хичээлээ хийхгүй болхоор нь цохисон чинь уйлчихсан" гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр хүүхэд дээр очоод "одоо босоорой ахын дүү" гэтэл тэр хүүхэд босоод Б.Д руу дэвтрээ шидээд "одоо энэ дэвтрээ ур" гээд уурлаад байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 18х/,

насанд хүрээгүй гэрч Т.Оюуны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: " 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 16 цагт манай ангид математикийн хичээл орох ёстой байсан боловч багш маань семинарт явчихсан байсан болохоор бид нар ангидаа хичээлээ хийгээд сууж байтал 16 цаг 35 минутад манай ангийн Маргад-Эрдэнэ 3-р салааны 1-р ширээний хажууд хаалганы хажууд зогсчихсон байж байтал гаднаас 10-р ангийн ах орж ирээд Маргад-Эрдэнийн ар хүзүү рүү нь гараараа цохисон тэгсэн Маргад-Эрдэнэ уйлаад 1-р салааны хамгийн хойд талын ширээнд суугаад уйлаад байсан тэр 10-р ангийн ах самбарын урд багшийн ширээний хажуд зогсчихоод бид нарыг хараагаад байсан. Маргад-Эрдэнэ уйлаад л байсан чинь дахиж очоод нуруу руу нь цохисон. Тэгээд 16 цаг 40 минутад хонх дуугарсан чинь тэр ах гараад явчихсан...Тэр 10-р ангийн ах гараараа хүзүү рүү нь нэг удаа цохисон дараа нь уйлаад сууж байхад нь гараараа нэг удаа нуруу руу нь цохисон" гэх мэдүүлэг /хх-ийн 19х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 12973 дугаартай дүгнэлт "1. Б.Маргад-Эрдэнийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна" гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд өсвөр насны шүүгдэгч Б.Доржлхагвыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Насанд хүрээгүй хохирогч Ө.Маргад-Эрдэнэ болон түүний хууль ёсны төлөөлөгч нар нь мөрдөн шалгах ажиллагааын үед өсвөр насны шүүгдэгч Б.Дд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн мэдүүлгүүдийг өгсөн байх тул Б.Доржлхагвыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Өсвөр насны шүүгдэгч Б.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч буй байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан, хувийн байдал, ар гэрийнх нь байдал зэргийг харгалзан цаашид засарч хүмүүжих боломжтой гэж үзэн түүнд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг авч шүүх шийдвэрлэв.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

              1. Зайсан овогт Баасандоржийн Доржлхагвыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан өсвөр насны шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний эгч Б.Ууганцэцэгт, хяналт тавихыг хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тус тус даалгасугай. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Б.Дд оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ