Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 184/ШШ2016/01010

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 9 сарын 27 өдөр                 Дугаар184/ШШ2016/01010               Улаанбаатар хот

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Б.Цолмонбаатар даргалж, шүүгч Ч.Нямсүрэн, Б.Хишигбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *****-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *****,

 

Хариуцагч: Улаанбаатар хот,*****нарт  холбогдох,

 

“Гэм хорын хохиролд 8,763,505 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, өмгөөлөгч *******, хариуцагч *******, иргэдийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрдэнэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “******* миний бие 2015 оны 3 дугаар сарын 19-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрт буюу 92-ийн гүүр гэх газарт Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлд өөрийн өмчлөлийн 69-86 УНТ улсын дугаартай Хьюндай Портер маркийн автомашиныг жолоодон “Юнивишн” ХХК-ийн ачааг тээвэрлэж явж байсан. Гэтэл Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явж байсан 77-43 УНР улсын дугаартай Ниссан Тида маркийн автомашиныг жолоодон явсан ******* нь замын  хөдөлгөөний дүрмийн 8 дугаарзүйлийн 8.2-т “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэд түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөнөөс миний биед хүндэвтэр гэмтэл, унаж явсан машинд хохирол учруулаад зогсохгүй эд материалын маш их хохирол учруулсан.

Дээрх зам тээврийн ослын хэрэгт Төв аймгийн цагдаагийн газарт 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “Эрүүгийн хэрэг үүсгэх тухай” тогтоол үйлдэж хэргийг шалгасан ингээд мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаж хэргийн прокурорт шилжүүлсэн ба прокуророос төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлсэн. Улмаар шүүх *******д холбогдох эрүүгийн хэргийг 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцээд 176 тоот шийтгэх тогтоол гаргасан.

Уг шийтгэх тогтоолоор *******г тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн гэм буруутайд тооцсон. Харин хохирогч надад учирсан гэм хорын хохирлыг баримтаа бүрдүүлээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар  нэхэмжлэх эрхтэй гэж шийтгэх тогтоолд зааж өгсөн. Үүний дагуу ******* болон тээврийн хэрэгслийн жинхэнэ эзэмшигч ******* нараас тээврийн хэрэгсэлд учирсан автомашины үнэлгээгээр тогтоогдсон явах эд ангийн хохирол 1,618,000 төгрөг, оношилгооны зардал 47,000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн төлбөр 100,000 төгрөг, машин ачуулсаны төлбөр 100,000 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсаны улмаас олох байсан орлого 2015 оны 4 дүгээр сараас 6 дугаар сар дуустал хугацанд 2,684,000 төгрөг, 2016 оны 7 дугаар сараас 11 дүгээр сар дуустал хугацааны олох байсан орлогоос тэтгэмж 192,000 төгрөгийг хасаж зөрүү 3,514,505 төгрөг, эрүүгийн хэрэг шалгаглдаж байх хугацааны өмгөөллийн хөлс 700,000 төгрөг, нийт 8,763,505 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Эрүүгийн хэрэг шалгагдаж байх явцад автомашинд учирсан хохирлын үнэлгээг тогтоохдоо зөвхөн гадна кузов болон салоны эд ангийн эвдэрлийг үнэлсэн бөгөөд явах эд ангиас зөвхөн рулын аппаратыг үнэлж 2,021,000 төгрөгийн үнэлгээ гаргасныг хариуцагч нар надад төлж барагдуулсан. Эмчилгээний зардал төлбөр төлсөнийг би хүлээн зөвшөөрч байна.

Одоо шүүхэд зөвхөн автомашины явах эд ангийн хохироляя, үзлэг оношилгоотой холбоотой хохирол болон хөдөлмөрийн чадвар алдсаны улмаас дутуу авсан цалин хөлсөө л нэхэмжилж байна. Хариуцагч нар автомашиныг өөрсдийн мөнгөөр осол болсон газраас авчирч зөөвөрлөсөн боловч Улаанбаатар хотод авчраад нэг хашаанд буулгасан. Автомашиныхаа явах эд ангийн үзлэг болон хохирлын үнэлгээг тогтоолгохдоо автомашинаар ачуулж явсан.

Осол 2015 оны 3 дугаар сарын 19-ны өдөр болсон бөгөөд миний бие нь хөдөлмөрийн чадвараа 50 хувиар алдаж, 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 12 сарын хугацаатай хөдөлмөрийн чадвар алдалтаа тогтоолгож, улмаар 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс дахин 12 сараар сунгуулсан.

Иймд миний нэхэмжлэлийг хангаж хариуцагч зам тээврийн осол гаргасан буруутай этгээд болох ******* болон авто машины эзэмшигч ******* нараас надад учирсан хохирол 8,763,505 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*******гийн жолоодож явсан автомашин нь 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдөр иргэн *******гийн жолоодож явсан авто машинтай мөргөлдөж гэм хор учруулсан. Эрүүгийн журмаар шалгагдаад энэ хэрэг хаагдсан.

Нэхэмжлэгч талын зүгээс аль болох боломжит бүхий л нөхцлийг хариуцагч нарт тавьж байсан. Хариуцагч нарт машиныг засаад өг, эмчилгээг хийгээд өг гэж удаа дараа хэлж байсан. Мөн эрүүгийн хэрэг дээр авто машины явах эд ангийн үнэлгээ хийлгүүлэх хүсэлт гаргах гэж байтал хариуцагч нь “....хүсэлтээ гаргаж хэрэггүй, машиныг янзлаад өгье...” гэж хэлсэн.

Мөн машины шинэ кабин авч өгье гэж хэлж байсан. Гэтэл түүнээс хойш өнөөдрийг хүртэл машины засварын мөнгийг төлөөгүй. Хохирол төлбөрт 2,021,000 төгрөгийг ******* төлсөн. Хагалгааны зардалд 1,100,000 төгрөгийг ******* төлсөн. Эрүүгийн хэрэг хөөн  хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг хаагдсан. Эрүүгийн хэрэг дээр өгсөн хохиролтой холбоотой мөнгөнд бид маргаагүй. Өнөөдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж байгаа тухайн үед эрүүгийн хэргээс учирсан хохирлоо бид нэхэмжилж байна. Бид тухайн үед авто машины явах эд ангийг үнэлүүлэх гээд хүсэлт гаргах гээд байж байтал ******* хүсэлтээ битгий гаргаач гэж гуйсан. Нэхэмжлэгч өнөөдөр хохироогүй ажлаа хийж байсан бол өнөөдөр ийм зүйл болохгүй юм.  Гэтэл хариуцагч нарын буруутай үйлдлээс ажлаа хийж чадахгүй өнөөдрийг хүрч байна. Явахгүй байгаа машины гаднах үзэмжийг засаад яах юм бэ, явах эд ангийг засахгүй бол тэр машин биш.

Хөдөлмөрийн чадвараа алдсан нь эрүүгийн хэрэг дээр шийдэгдээгүй юм. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нар нь цаашид хохирол төлөхгүй гээд байгааг ойлгохгүй байна. Мөн өмгөөллийн хөлсний талаар нэхэмжлэгч хохироогүй байсан бол өмгөөлөгч авах ямар ч шаардлага байхгүй байсан. Нэхэмжлэгч нь эрх зүйн туслалцаа авах шаардлага гараад өмгөөлөгч авсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр барьж явсан машины жинхэнэ эзэмшигч нь ******* юм. Осол болсоны дараа *******г цуг явж байсан хүнтэйгээ замын унаагаар явуулсан. Эвдэрсэн 2 машинуудыг хотоос ачилтын машинаар авчруулсан. ******* бид хоёр *******гийн эмчилгээний зардалд 2,360,000 төгрөгийг төлсөн. Хэргийн материалд баримт байгаа.

Автомшины хохиролд үнэлгээний дүн болох 2,021,000 төгрөгийг төлсөн. Мөн үнэлгээ гаргахад 60,000 төгрөгийг төлсөн. Дархан хотоос авто машиныг ачилтын машинаар авчраад гарашд хийсэн. Тэр ачилтын зардлыг би гаргасан. Анх авто машиныг Вендо ХХК-д үнэлгээ хийлгэсэн. Мөн гурвалжингийн гүүрнээс айлын хашаанд автомашиныг аваачиж тавьсан ачилтын зардлыг төлсөн. Тухайн үед би ажилтай байсан учир машины кабиныг шинээр аваад сольж өгье гэж хэлж байсан. Мөн нэхэмжлэгчийн гэрт нь очиж уулзахад 10,000,000 төгрөг өг гэж хэлж байсан. Мөн өөр портер машин авч өгье гэж хэлж байсан. Гэтэл нэхэмжлэгч заавал монголд явж байгаагүй шинэ машин авч өг гэж хэлсэн. Явах эд ангийн хохирол 1,618,000 төгрөгийг төлнө. Авто машинтай холбоотой ачилт болон үнэлгээний хохирлыг ч гэсэн төлнө.  Бид буруутайгаа мэдэж тухайн үед бүх төлбөр мөнгийг хийсэн гэж бодож байсан. Би нэхэмжлэгчийн олох ёстой байсан орлогыг төлөх чадваргүй байна. Би одоогоор ажилгүй байгаа учир нэхэмжлэлд заасан хөдөлмөрийн чадвар алдсаны улмаас нэхэмжилж байгаа төлбөрийг төлөх боломжгүй байна. Хариуцагч *******ыг энэ хэргийг хариуцагчаас чөлөөлж өгөхийг хсүэж байна” гэв.

 

Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Тухайн хэрэг гарсан үед машины тээвэрлэж явсан ачаа тээврийг хотоос машин авчируулж шилжүүлэн хүргэж өгсөн. Мөн эмчилгээний зардал 2,360,000 төгрөг, автомашины хохирол төлбөрт 2,021,000 төгрөгийг *******гийн хамт төлөлцсөн. Машины хохирлын мөнгийг бүрэн төлж барагдуулсан. Миний нөхөр 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр өвчний улмаас нас барсан ба эмчилгээний төлбөр гэж хүнээс их хэмжээний мөнгө зээлээд одоо болтол төлж дуусаагүй байна. Иймд би дахин төлбөр төлөх боломжгүй байна” гэв. 

 

            Хариуцагчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хэрэг Төв аймгийн шүүхээр шийдэгдсэн. Тухайн гэмт хэрэгт ******* шүүгдэгчээр, ******* иргэний хариуцагчаар татагдан оролцож байсан. Тухайн үед осол гаргасан авто машин *******ын өмчлөлийн тээврийн хэрэгсэл юм. Шүүхийн шийтгэх тогтоолд хохирол төлбөр 5,440,200 төгрөгийг төлсөн гэдэг нь тусгагдсан байгаа. Нэхэмжлэгчид төлсөн хохирол төлбөрийг хариуцагч нар хамтраад төлсөн. *******ыг хариуцагчаас чөлөөлөх бүрэн боломжтой. Үүнийг ******* хүлээн зөвшөөрч байгаа. Учруулсан гэм хорын хохирлыг  ******* төлнө гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа.

 

 Өмгөөлөгчийн зардал болох 700,000 төгрөг нь иргэний хэрэгт хамаарахгүй юм. Гэмт хэрэг үйлдсэн субьект нь ******* юм. Б.Тунглагтуулыг хариуцагчаас чөлөөлж өгнө үү.  “Вендо” ХХК-ийн гаргасан дүгнэлтийн дагуу хохиролд 2,021,000 төгрөгийг хариуцагч нар төлсөн. Анх дотор болон гадна үнэлгээг хамтад нь хийлгэсэн бол шүүхийн шийдвэрээр шийдэгдэх байсан. Эрүүгийн хэрэг шийдэгдсэний дараа иргэний журмаар үнэлгээ гаргасан. Эрүүгийн хэрэг шалгагдаж байхад нэг мөр үнэлгээ гаргуулж шийдэх ёстой байсан. Одоогийн нэхэмжилж байгаа үнийн дүн болон эрүүгийн журмаар хохиролд төлөгдсөн мөнгө нь монголд яваагүй 2 портер машины үнэтэй тэнцэж байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. *******ыг хариуцагчаас чөлөөлж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр  шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

   Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан “Зам тээврийн ослын улмаас учирсан автомашины явах эд ангийн хохирол 1,618,000 төгрөг, оношилгооны зардал 47,000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн төлбөр 100,000 төгрөг, машин ачуулсаны төлбөр 100,000 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсаны улмаас 2015 оны 4 дүгээр сараас 6 дугаар сар дуустал хугацанд дутуу авсан цалин 2,684,000 төгрөг, 2016 оны 7 дугаар сараас 11 дүгээр сар дуустал хугацааны дутуу авсан цалингаас сар бүрийн тэтгэмж 195,000 төгрөгийг хасаж зөрүү 3,514,505 төгрөг, эрүүгийн хэрэг шалгаглдаж байх хугацааны өмгөөллийн хөлс 700,000 төгрөг, нийт 8,763,505 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргажээ.

 

  Хариуцагч ******* нь 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Борнуур сум, Өгөөмөр багийн 92-ын гүүр гэх газар хариуцагч *******ын эзэмшлийн Ниссан тида маркын 7743 УНР улсын дугаартай автомашиныг жолоодож явах үедээ  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар зүйлийн 2.2-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас нэхэмжлэгч *******гийн унаж явсан түүний эзэмшлийн Хьюндай Портер маркын 6986 УНТ улсын дугаартай автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан бөгөөд уг зам тээврийн ослын улмаас автомашинд хохирол учирснаас гадна нэхэмжлэгч *******гийн биед зүүн шаант, тахилзуур ясны далд хугарал, баруун шагайн зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтэл учирсан болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 176 дугаар шийтгэх тогтоолоор тогтоогдож байна.

 

 Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 176 дугаар шийтгэх тогтоолоор *******г тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас бусдын биемахбодиод хүндэвтэр зэргийн гэмтэл, эд хөрөнгөд бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн бөгөөд эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан хохиролд 4,476,000 төгрөгийг төлсөн болохыг дурьдаж, эрүүл мэндийн хохиролд 493,240 төгрөг, унааны зардалд 51,000 төгрөг, нийт 544,440 төгрөг гаргуулахаар шийдвэрлэжээ. Мөн шийтгэх тогтоолоор ******* нь эрүүл мэндэд учирсан хохирол болон ажилгүй байсан хугацааны хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэсэн байна.

 

Эрүүгийн хэрэг шалгагдах явцад шинжээчээр томилогдсон “Вендо” ХХК нь *******гийн эзэмшлийн Хьюндай Портер маркын 6986 УНТ улсын дугаартай автомашины явах эд ангиас бусад эд ангийн техникийн эвдрэл гэмтлийн үнэлгээг тогтоосон бөгөөд *******гийн хүсэлтийн дагуу “Мастер үнэлгээ” ХХК нь түүний автомашинд учирсан явах эд ангийн эвдрэлийн үнэлгээг 1,618,000 төгрөг гэж үнэлсэн ба иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс “Мастер үнэлгээ” ХХК, “Вендо” ХХК-иудын үнэлсэн эд ангиуд нь давхардалтай эсэхийг тогтоолгохоор “Итгэлт эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээчийн дүгнэлтээр дээрх компаниудын үнэлсэн техникийн эд ангиуд нь давхардалгүй гэж дүгнэсэн болох нь тус тус хэрэгт авагдсан  “Мастер үнэлгээ” ХХК, “Вендо” ХХК, “Итгэлт эстимэйт” ХХК-иудын үнэлгээний тайлангуудаар нотлогдож байна.

 

            Хариуцагч ******* нь автомашины явах эд ангийн хохирол 1,618,000 төгрөг, оношилгооны зардал 47,000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн төлбөр 100,000 төгрөг, машин ачуулсаны төлбөр 100,000 төгрөг, нийт 1,865,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн эдгээр шаардлагын талаар маргаагүй бөгөөд хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ “... эрүүгийн хэрэг шалгагдаж байх явцад эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан хохирлыг *******гийн хамт төлж барагдуулсан. Манай нөхөр нас бараад одоо төлбөр хохирол төлөх чадвар байхгүй. ******* намайг хариуцагчаас чөлөөлөгдөхийг зөвшөөрч байгаа ...” гэж тайлбарлажээ.

 

            Дээр дурьдсан зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч *******гийн зүүн шаант, тахилзуур ясны далд хугарал, баруун шагайн зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтэл учирч улмаар уг гэмтлийн улмаас шилбэний ясны бороо удааширч, хуурамч үе үүсэж, яс онгойж дутсаны улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж, 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн нэг жилийн хугацаагаар хөдөлмөрийн чадвараа 50 хувиар алдсан болохоо эмнэлгийн байгууллагаар тогтоолгож, энэхүү хугацааг 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл дахин нэг жилийн хугацаагаар сунгасан болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актууд зэргээр тогтоогдож байна.

 

            Нэхэмжлэгч ******* нь “Юнивишн” ХХК-тай байгуулсан “Ачаа тээвэрлүүлэх гэрээ”-ний дагуу ажил хөдөлмөр эрхэлж, тогтмол бус үйл ажиллагааны орлогоос татвар төлж байсан бөгөөд түүний дундаж орлогыг 2014 оны 12 дугаар сар, 2015 оны 01, 02, 3 дугаар сараас тооцож, нэг сарын дундаж хөдөлмөр эрхэлсний орлого нь 893,333 төгрөг болох нь хэрэгт авагдсан *******гийн тогтмол бус орлоготой иргэний татвар төлөгчийн дэвтэр, “Юнивишн” ХХК-тай 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан “Ачаа тээвэрлүүлэх гэрээ” болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

 

            Мөн нэхэмжлэгч ******* нь 2015 оны 7 дугаар сараас эхлэн сар бүр 195,000 төгрөгийн хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэвэр авдаг болох нь хэрэгт авагдсан *******гийн А0026208 дугаартай тэтгэврийн дэвтрээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд  хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 499 дүгээр зүйлийн 499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй”, 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан тул хариуцагч *******, ******* нар нь нэхэмжлэгч *******д учруулсан гэм хорын хохирлыг арилгах үүрэгтэй байна.

 

Иймд хариуцагч *******, ******* нараас Хьюндай Портер маркын 6986 УНТ улсын дугаартай автомашины явах эд ангийн хохирол 1,618,000 төгрөг, оношилгооны зардал 47,000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн төлбөр 100,000 төгрөг, машин ачуулсаны төлбөр 100,000 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсаны улмаас 2015 оны 4 дүгээр сараас 6 дугаар сар дуустал хугацанд дутуу авсан цалин түүнтэй адилтгах орлого 2,679,999 төгрөг, 2016 оны 7 дугаар сараас 11 дүгээр сар дуустал хугацааны дутуу авсан цалин түүнтэй адилтгах орлогоос тухайн саруудын тэтгэмж 195,000 төгрөгийг хасаж зөрүү 3,491,665 төгрөг, нийт 8,036,664 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нараас өмгөөллийн хөлс 700,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нараас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

             1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч *******, ******* нараас гэм хорын хохирол төлбөрт 8,036,664 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох 726,841 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 143,536 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                    Б.ЦОЛМОНБААТАР

 

ШҮҮГЧИД                                                                        Б.ХИШИГБААТАР

 

       Ч.НЯМСҮРЭН