Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 48

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

өсвөр насны шүүгдэгч Х.А, түүний хууль ёсны төлөөлөгч Г.Отгонцэцэг,

өсвөр насны шүүгдэгч А.А, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Нарантуяа,

өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгч Ю.Томид

нарийн бичгийн даргаар Б.Номинзул нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шалбаг овогт Хадбаатарын Х.А, Шалбаг овогт Алтангэрэлийн А.А нарт холбогдох эрүүгийн 1911013500765 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2003 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Дархан-Уул аймаг төрсөн, 15 настай, эрэгтэй, бага боловсролтой, Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургуулийн 8 дугаар ангийн сурагч, Ам бүл 5, аав, ээж дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитын 10-194 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Шалбаг овогт Хадбаатарын Х.А /РД: ТЕ03310538/

 

Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 16 настай, эрэгтэй, бага боловсролтой, Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургуулийн 9 дүгээр ангийн сурагч, Ам бүл 6, аав, ээж эгч, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 4-24 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Шалбаг овогт Алтангэрэлийн А.А /РД: МФ02301411/

                                                                                                                                 

Холбогдсон хэргийн талаар: Өсвөр насны шүүгдэгч Х.А, А.А нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Өсвөр насны шүүгдэгч Х.А нь Г.Ган-Эрдэнэтэй бүлэглэн 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитын 11-253 тоотод оршин суух П.Буянчимэгийн байшингийн цонхоор нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлж, 2.878.900 төгрөгний хохирол учруулсан,

2. Өсвөр насын шүүгдэгч А.А нь Г.Ган-Эрдэнэтэй бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитын 11-253 тоотод оршин суух П.Буянчимэгийн байшингийн цонхоор нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлж, 313.500 төгрөгний хохирол учруулсан тус тус гэмт үйлдэл хийсэн болох нь

Шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг

өсвөр насны шүүгдэгч Х.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: "...тэгээд гэрт байж байсан чинь Ган-Эрдэнэ манайд ирсэн, тэгээд Ган-Эрдэнэ намайг гарч тоглох уу хоёулаа Золзаяаг аваад гадаа жоохон тоглоё гэсэн, тэгээд би Ган-Эрдэнэтэй хамт Золзаяагийн гэр лүү ЧД-19 хороо. Дээд салхитын 11-253 тоот руу явсан тэгээд Золзаяагиин хашааны гадаа очоод Золзаяаг дуудсан боловч гарч ирэхгүй байсан тэгсэн чинь Ган-Эрдэнэ хоёулаа оръё гээд хашааны хаалга нь цоожтой байсанг Ган-Эрдэнэ хаалга дээд талд байсан төмрийг татсан чинь хашааны хаалга нь онгойсон, тэгээд бид хоёр хашаа руу нь ороход хашаан дотор 2 давхар улаан өнгөтэй тоосгоор барьсан байшин байсан, мөн уяатай 2 нохой байсан, байшинд нь хүн байхгүй байсан, тэгсэн чинь Ган-Эрдэнэ нь надад би өмнө нь А.Атай хамт энэ айл руу орж байсан, тэгэж орохдоо 2 давхрын балконы гүйдэг цонхыг нь модоор хөшиж орж байсан, тэгээд А.А бид хоёр 1 хөөрөг, S3 маркийн гар утас 1 ширхэг авч байсан гэж хэлсэн, тэгээд бид хоёр балконоор нь орохоор болж би Ган-Эрдэнийг доороос нь өргөсөн чинь Ган-Эрдэнэ хүн хараад байна гээд буцаад бууж, үүдний амбаарын зүүн талд байсан вакум цонхыг бид хоёр татсан чинь цонх нь араамаар салаад газар унаж шил нь хагарсан, тэгээд бид хоёр хүн амьтан сонсчихсон байж магадгүй гэж бодоод байшингийн хойно хэсэг зогссон, тэгээд зогсож байхад Ган-Эрдэнэ бид хоёр энэ айлыг ухаж байхад хүн ирэх юм бол байшингийн хойд талд байгаа 2 давхрын цонхоор үсрээд арынх нь айлын хашаан дотор байсан контейнер дээр үсрээд бууна гэж хэлж байсан, тэгээд бид хоёр 2 минут хэртэй хүн ажиглаж зогсож байгаад хагалсан цонхоороо тэр айлын байшингийн үүдний амбаар луу орсон, тэгсэн чинь Ган-Эрдэнэ энэ айлын дотор талын хаалга нь цоожгүй онгорхой байдаг юм гэж хэлээд бүргэд хаалганы бариулыг дараад байшин руу нь орсон, тэгээд Ган-Эрдэнэ 1 давхарт буйдан дээр байсан саарал өнгийн арьсан цүнхнээс хар гэртэй гар утас авсан, яг ямар маркийн утас гэдгийг нь мэдэхгүй байна, мөн 2 давхарт Ган-Эрдэнэ гараад энэ миний повер банк байгаа юм гээд цонхны тавцан дээр байсан повер банкыг авсан тэгээд буцаад 1 давхарт буугаад мөлхөө тавилгын зүүн талын шургуулганаас бор өнгийн модон хайрцаг гаргаж ирээд нэг хөөрөгний дайлан гаргаж ирээд энэ дотор байсан хөөргийг А.А бид хоёр өмнө нь орж байхдаа авсан. Тэр хөөрөг нь аавынх нь хөөрөг, алга болсонг нь цагаан cap болохоор л мэдэх байхдаа гэж хэлсэн, тэгээд мөлхөө тавилганы дээр байсан зурагнуудын ард талаас цэнхэр өнгөтэй жижигхэн хайрцаг гаргаж ирээд энэ дотор ээжийнх нь бүх үнэт эдлэл нь байгаа чи ч гэсэн ав би ч гэсэн авъя гэж хэлсэн, би тэр дотроос 3 хос монетон ээмэг, 1 хос монетон ээмэг, 2 монетон кулан, мөнгөн бөгж 2 ширхэг, монетон гинж 1 ширхэг, тус тус авсан. Намайг тэр гоёлын хайрцаг дотроос үнэт эдлэлийг авч баихад Ган-Эрдэнэ тэр айлын хөргөгчийг онгойлгож үзээд бууз гаргаж ирээд жигнэж иднэ гээд газ хайсан боловч газ олдоогүй тэгээд больсон, мөн зурагтны мөлхөө тавилганы шуургуулган дотор байсан 6 хайрцаг тамхины 1 хайрцаг тамхийг нь би авсан, 5 хайрцагийг нь Ган-Эрдэнэ авсан, миний харснаар Ган-Эрдэнэ тэр айлаас эдгээр зүйлүүдийг авч байсан өөр юу авсанг нь мэдэхгүй байна, тэгээд би Ган-Эрдэнэд хоёулаа одоо энэ айлаас гаръя гэж хэлээд бид хоёр тэр айлаас цонхоор нь эргээд гарсан, тэгээд бид хоёр салхитын автобусны буудал дээр зогсож байгаад би өөрийнхөө ээж Отгонцэцэгтэй таарсан, тэгээд би тэр айлаас авсан ээмэг бөгжөө уутанд хийчихсэн байсанг ээждээ автобусны арын суудал дээрээс олсон гэж хэлээд ээждээ өгсөн, тухайн үед ээж ажилтай гээд 7-н буудал явж байсан, тэгээд би Ган-Эрдэнээс автобусны буудал дээрээс салаад шууд гэр лүүгээ харьсан, тэгээд гэртээ байж байсан чинь 23 цагийн үед цагдаагаас хүмүүс ирээд намайг цагдаа дээр авчирсан. Би тэр айлаас авсан эд зүйлсээ бүгдийг нь тэр өдрөө ээждээ худлаа хэлээд өгчихсөн байсан бүгд ууттайгаа ээжид байгаа..." гэх мэдүүлэг /хх-ийн 27-28х/,

Өсвөр насны яллагдагч А.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: "...2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 13 цагийн үед Ган-Эрдэнэ манай гэрт хүрч ирээд шийдэн дээр сагс тоглоё гэсэн тэгээд бид хоёр явах гэсэн чинь Ган-Эрдэнэ Золзаяагийн гэрт очъё, тэднийх өнөөдөр хөдөөнөөс ирнэ гэж байсан гэсэн, тэгэхээр нь Ган-Эрдэнэ бид хоер Золзаяагийн гэрт очоод хашааных нь хаалгыг жижиг хаалганых нь хажууд байдаг уяаг татаж онгойлгоод хашаа руу нь орсон, тэгсэн чинь байшингийнх нь амбаарын хаалга нь хаалттай байхаар нь би Ган-Эрдэнэд за за хаалга нь хаалттай хүн ирээгүй байна явъя гэсэн чинь Ган-Эрдэнэ чи байж бай л даа ядаж найзыгаа хоёр давхрынх нь балконы цонх руу нь өргөөд өгөөч гэсэн, тэгэхээр нь би чи яах гэж байгаа юм гэсэн чинь би орчихоод гараад ирье гэсэн, Ган-Эрдэнийг доороос нь өргөсөн чинь Ган-Эрдэнэ хоёр давхрын балконы гүйдэг цонхыг онгойлгоод дотогшоо орсон тэгээд Ган-Эрдэнэ намайг гал тогооных нь өрөөний цонхоор намайг дуудаад ороод ир гэсэн, тэгэхээр нь би ...гал тогооных нь өрөөний цонхоор ороод хергөгчний хажууд нь зогсож байсан чинь Ган-Эрдэнэ намайг нааш ир гээд том өрөөнд нь дуудсан тэгээд би том өрөө рүү яваад орсон чинь Ган-Эрдэнэ зурагтны мөлхөө тавилганы хоёр тал руу нээгддэг хаалгыг онгойлгоод дотроос дөрвөлжин бор өнгөтэй хайрцаг гаргаж ирээд ухаж байгаад Золзаяагийн аавынх нь барьдаг хөөрөг, мөн хажуу талд нь байсан жижиг хөөргийг Золзаяагийн барьдаг хөөрөг гэж хэлсэн, тэгэхээр нь би Ган-Эрдэнийг чи яах гэж байгаа юм гэсэн чинь Ган-Эрдэнэ авчихъя гэж хэлсэн, тэгэхээр нь би яах гээд байгаа юм наадахаа эргүүлээд хий гэж хэлсэн, тэгээд Ган-Эрдэнэ 2 давхар луу нь гарч тэнд байсан гар утсыг авсан яг ямар маркийн гар утас байсанг нь мэдэхгүй байна, тухайн үед Ган-Эрдэнэ аавынх нь барьдаг утас гэж хэлж байсан, ...би Ган-Эрдэнийн араас нь хөөгөөд 117-р сургуулийн автобусны буудал дээр ирсэн чинь Ган-Эрдэнэ Дөлгөөн гэдэг хүүхэдтэй уулзаад зогсож байсан, тэгээд энэ манай ахын хөөрөг байгаа юмаа зараад өг гээд шахаад байсан, би хажууд нь зогсож байсан, тэгээд Дөлгөөн тэр хөөргийг аваад Ган-Эрдэнэ бид хоёрын хамт 7-н буудал ороод алт мөнгөний дархан орсон чинь авахгүй гэсэн, тэгээд автобусны буудал дээр зогсож байсан чинь Даваа ах таарсан бөгөөд Ган-Эрдэнийн халаасанд байсан хөөргийг хараад Ган-Эрдэнээс юун хөөрөг авч яваа юм бэ гэсэн чинь Ган-Эрдэнэ манай ахын хөөрөг байгаа юмаа танд бол 10.000 төгрөгөөр өгчихнө гэсэн чинь Даваа ах тэгвэл би авъя гээд 10.000 төгрөгөөр авсан, тэгээд бид 210.000 төгрөгииг нь үрээд дууссан, тэр айлын 2 давхраас авсан утсаар фейсбүүк дээр тавиад зарна гэж байсан, тэгээд бид хоёр салаад гэр гэр лүүгээ явсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 29х/,

хохирогч П.Буянчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитын 11-253 тоотод нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг бөгөөд манай том хүү цэрэгт явчихсан байгаа. 2019 оны 5 дугаар сарын 05-ны нөхөр хүүхдүүд бүгд ажилтай гэрээс гараад явчихсан байсан бөгөөд би гэртээ ганцаараа байж байгаад 14 цагийн үед гэрээсээ гараад Сонсголонд байх нөхрийнхөө ажил дээр хоол аваачиж өгөх гээд явсан, тэгээд орой 19 цагийн үед хоёр хүүхдээ модны хоёрын ойролцоогоос авах гээд очоод байж байсан чинь 20:05 цагийн орчим манай хажуу айлын эмэгтэй над руу залгаад танай хашааны хаалга онгорхой, амбаарын цонх чинь унаад хагарчихсан байна гэхээр нь би шууд гэр лүүгээ очсон чинь хашааны хаалга онгорхой, байшингийн урд амбаарын хажуу талын цонх нь унаад хагарчихсан байсан тул цагдаад дуудлага өгсөн. Манай гэрээс миний гоёлын хайрцаг дотор байсан 750 сорьцтой хос ээмэг 6.9 гр, кулон 5.6 гр, 750 сорьцтой жижиг ээмэг 1 хос 4.5 гр, 585 сорьцтой гинж кулонтой 4 гр, сорьцгүй цутгамал эр бөгж 4.3 гр, 14 к навчин 1 хос ээмэг 2.8 гр, хятад парламент тамхи 6 ширхэг, мөнгөн хүүхдийн хонхтой бугуйвч 45.000, мөнгөн ээмэг гинж 150.000, мөнгөн эмэгтэй бугуйвч 90 000, ... Самсунг маркийн камер 350.000 төгрөг, ...Галакси нөүт-5 гар утаснууд алдагдсан байна. Энэ алдагдсан эд зүйлсээр заримыг нь буцааж олсон бөгөөд олдоогүй эд зүйлсээ тухайн үед авч байсан болон одооны үнэлгээгээр нь үнэлж байна. Миний мэдэхээр манай хүүтэй найзалж байгаа нь Ган-Эрдэнэ, нөгөө Х.А, А.А нарыг сайн мэдэхгүй байна, ганц нэг удаа л орж ирж байсан байх, Ган-Эрдэнэ бол манайд 2 удаа хонож байсан, гайгүй л хүүхэд шиг санагдаж байсан ш дээ..." гэх мэдүүлэг /хх-ийн 20-21х/,

гэрч Г.Отгонцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Тэгээд би 18 цаг өнгөрч байхад Алтангэрэл ахын гэрээс гараад өөрийн гэртээ ирсэн чинь Х.А гэртээ байхгүй байсан... Би гэрээсээ эргээд 19 цагийн үед гараад 7 буудал орж идэж уух юм авах гээд автобусны буудал дээр явж байтал Х.А таарсан ба би юу хийж байгаа юм гэсэн чинь гэр лүүгээ харих гээд явж байна гэсэн. Тэр үед Х.А, А.Аын найз Ганаа гэх хүүхэдтэй цуг явж байсан ба тэр нь бас гэр лүүгээ явах гээд автобус хүлээж байсан. Тэгсэн чинь Х.А надад гялгар ууттай эмэгтэй хүний бөгж, кулон, ээмэг зэрэг эд зүйлс өгсөн. Би юу юм бэ гэсэн чинь Ганаа автобусны суудлын араас олсон бид хоёр хуваагаад авчихлаа та энийг авчих гэсэн. Би арай хулгайн юм биш биз дээ гэсэн чинь үгүй гээд байсан ба манай хүүхэд надад худлаа хэлж байгаагүй болохоор би итгээд тэрийг нь авч яваад 7 буудалд байх алт мөнгөний дархан дээр очоод үзүүлсэн чинь надад 70.000 төгрөгеөр өгчих гэхээр нь би өгсөн. Тэр хүн надад алт ч гэж хэлээгүй, монет ч гэж хэлээгүй. Х.А надад 1 ширхэг хос ээмэг, 1 ширхэг гинж, 1 ширхэг кулон, хоёр ширхэг төмрөн бөгж, 1 ширхэг унжсан төмрөн хос ээмэг зэргийг өгсөн. Би тэд нарыг нь 7 буудал дээр байдаг алт мөнгөний дарханд очоод 70.000 төгрөгөөр өгсөн. Алт мөнгөний дархан гэсэн олон хаяг байсан болохоор яг тэр гээд хэлж чадахгүй байна, очоод заавал чадна. Надад Ганаа автобусанд сууж байгаад автобусны арын суудлаас олсон гэж хэлсэн. Би тэгэхээр нь хулгайн юм биш биз гэж асуусан боловч олсон л гээд байхаар нь хүүдээ итгэсэн юм. Надад ямар нэгэн хөөрөг өгөөгүй. Ганаа нь харин жижиг тортой юм бариад явж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 23-25х/,

гэрч Г.Ган-Эрдэний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Би өмнө өгсөн мэдүүлэгтээ зарим зүйл худал мэдүүлсэн, одоо өгөх мэдүүлэгтээ үнэн зөвөөр мэдүүлэх болно. ...дараа нь 5 дугаар сарын 05-ны өдөр Х.А бид хоёр бас л Золоог дуудах гээд гэрт нь очсон, тэгсэн чинь тэдний гэрт хүн байгаагүй ээ, тэгсэн чинь Х.А Золоогийн байшингийн коридорын хаалган талдаа байдаг цонхыг гадагшаа татсан чинь нөгөө цонх нь газар унаад хагарчихсан, тэгээд тэр цонхоор нь бид хоёр байшин руу орсон, би урьд А.Атай цуг энэ айл руу орж хөөрөг авсан талаараа Х.Ад хэлсэн, тэгээд Х.А тэр айлд ороод буйдан дээр байсан цүнхийг ухаж байгаад ар талын таг нь цагаан өнгөтэй утас аваад асааж үзэх гэсэн чинь асахгүй байсан, тэгээд тэр утсыг эвдэрчихсэн юм байна гэж байсан, мөн зурагтны сервантын тавиурыг ухаж байгаад ээмэг бөгж хийсэн савыг гаргаж ирээд дотор нь байсан ээмэг бөгжийг уутанд хийгээд авсан, мөн сервантын тавиур дээр байсан тамхийг авсан, би камерыг нь бор хайрцагнаас авсан, Х.А 2 давхраас нь утсанд холбож байгаад зураг авдаг гарыг авч надад өгсөн, тэгээд бид хоёр тэр айлаас орсон газраараа эргэж гараад автобусны буудал орж би автобусанд суух гээд байж байсан чинь Х.Агийн ээжтэй буудал дээр таарсан, тэгсэн чинь Х.А ээждээ, ээж энийг хараа Ганаа бид 2 шадивлан орох гэж явж байгаад автобуснаас олсон гэж хэлээд ээждээ харуулж байсан. ...цагаан тагтай утсыг нь Хар хорин дээр танихгүй хүнд 5000 төгрөгөөр зарсан камерыг сургууль дээр авч очоод алга болгочихсон, утсанд холбож байгаад зураг авдаг гар нь одоо надад байгаа..." гэх мэдүүлэг,

гэрч Г.Уранчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би А.Аыг зүс танина манай гэрийн ойролцоо гэр нь байдаг, манай тэр хавийн хүүхэд, Г.Ган-Эрдэнийн аав Гансүх нь манай аавын найз бөгөөд аавын найзын хүүхэд гэдгээр нь мэднэ. Cap өдрийг нь сайн санахгүй байна 3 байна уу 4 сарын үед Салхитын автобусны буудал дээр 13-14 цагийн орчимд байх надтай Ган-Эрдэнэ, А.А 2 тааралдаад Ган-Эрдэнэ надад энэ утас, хөөрөг 2-ыг зараад өгөөч гээд, Самсунг Эс-3 маркийн хар хөх өнгөтэй утас, мөн хүрэн өнгөтэй хөөрөг бариад явж байсан, тэгэхээр нь би зарж өгч чадахгүй ээ чи хаанаас авсан утас, хөөрөг юм бэ, энд тэндээс хулгай хийчихсэн юм биш биз гэж асуусан чинь Ган-Эрдэнэ үгүй ахаа, утас нь минийх байгаа юмаа, хөөргийг нь олсон юм, бид хоёрт мөнгө хэрэгтэй байна гэж хэлсэн, тэгээд Ган-Эрдэнэ, А.А хоёр хоёулаа надаас зараад өгчихөөч гэж гуйсан. Тэгэхээр нь би фэйсбүүкийн Tap утасны хар зах" гэсэн сайт руу орж гар утасных нь зургийг тавиад оройхон тийшээгээ нэг залуу авъя гэж ярьсан тэгээд Ган-Эрдэнэ бид хоёр тэр хүнтэй Хүнсний 4-ийн автобусны буудал дээр уулзаад 15.000 төгрөгөөр зарсан мөнгийг нь Ган-Эрдэнэ өөрөө авсан, утас зарах үед бол А.А хамт яваагүй, байгаагүй. Хөөргийг нь 7-н буудал дээр таньдаг хүндээ зарсан гэсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 48-49х/,

гэрч Х.Даваасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би энэ оны 4 сарын үед байхаа нүүрс түлээ зогсчихсон нэг дэл сул байдаг үе л байсан байх, би 7-н буудал дээр явж байхад Алтангэрэлийн хүү А.А таараад ах би гурван найзтайгаа PC тоглох гэсэн юм, та авчихаач би эргүүлээд авна гэж хэлсэн тэгэхээр нь би А.Ааас юун хөөрөг юм бэ, хэнийх юм, хулгай хийсэн юм биш биз гэсэн чинь үгүй ах, манай найзын аавынх нь хөөрөг, буцаагаад таниас авна гэж хэлээд надаас 10.000 төгрөг аваад уг хөөргийг өгчихөөд явсан, тэгээд би гэрт авчраад тавьчихсан байсан маргааш нь надаас А.А аваагүй, тэгээд ч би мартчихсан байна. Манайд хөөрөг нь байсан, надаас нэг ч удаа хөөргөө авъя гэж яриагүй, саяхан Алтангэрэлийн эхнэр нь залгаад манай хүүхэд чамд хөөрөг зарсан байна тэрийг авах гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд би ирээд л авна биз дээ хөөрөг чинь манай гэрт байгаа гэж хэлсэн. Хулгай хийгээд надад өгсөн гэж бодоогүй. А.Аыг Алтангэрэлийн хүү гэдгээр нь мэднэ, тэр өдөх надтай 7-н буудал дээр таараад хөөрөг зарахдаа ганцаараа л явж байх шиг байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 46-47х/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-11х/, эд зүйлийн үнэлгээний тайлан /хх-ийн 82-84х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд өсвөр насны шүүгдэгч Х.А, А.А нарыг шунахай сэдэлтээр амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч П.Буянчимэгт учруулсан хохиролоос А.А нь өөрт оногдох хохиролоо биет байдлаар нь бүрэн төлж барагдуулсан болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв. Харин өсвөр насны шүүгдэгч Х.А түүнтэй хамтран гэмт хэрэг үйлдсэн Г.Ган-Эрдэнэ нарын хохирогч П.Буянчимэгт учруулсан хохиролоос үлдэх хохиролыг Х.А, Г.Ган-Эрдэнэ арын эцэг, эх болох иргэний хариуцагч Г.Отгонцэцэг, Л.Гансүх нараас оногдох хувиар нь гаргуулахаар шүүх шийдвэрлэв.

 

Өсвөр насны шүүгдэгч Х.А, А.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч буй байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн хохиролын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, ар гэрийнх нь байдал зэргийг харгалзан цаашид засарч хүмүүжих боломжтой гэж үзэн тэдгээрт шүүхээс хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж, албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзэв.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1.Өсвөр насны шүүгдэгч Шалбаг овогт Хадбаатарын Х.А, Шалбаг овогт Алтангэрэлийн А.А нарыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Х.А, А.А нарт тус бүр 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Х.А, А.А нарт шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан тус бүр 2 /хоёр/ жил хорих ялыг хоёр дахин багасгаж, биечлэн эдлэх хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож, сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялыг эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Х.А, А.А нарт шүүхээс хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Х.А, А.А нарыг оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

 

5. Өсвөр насны шүүгдэгч Х.А, А.А нарт нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан иргэний хариуцагч Г.Отгонцэцэгээс нийт 249.950 /хоёр зуун дөчин есөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг, иргэний хариуцагч Л.Гансүхээс нийт 657.050 /зургаан зуун тавин долоон мянга тавь/ төгрөгийг тус тус гаргуулж хохирогч П.Буянчимэг /РД: ТЗ78021063/-д олгосугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, өсвөр насны шүүгдэгч Х.А, А.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ