| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2020/0045/Э |
| Дугаар | 59 |
| Огноо | 2020-01-16 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 59
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч Н.Булганчимэг,
шүүгдэгч Х.Т,
нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Агнай овогт Хүрлээгийн Х.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911004791288 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1977 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Дундговь аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Нийслэлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 506-39 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Агнай овогт Хүрлээгийн Х.Т /РД: ЗЮ77062915/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Х.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.Т нь 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Цогбадрахад "Хөгжлийн банкнаас зээл гаргахад туслана, Монгол Ардын намын бага хурлын гишүүдийг хоолонд оруулах хэрэгтэй байна" гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, 5077104404 дугаарын дансаар 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт үйлдэл хийсэн болох нь
шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
шүүгдэгч Х.Тын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: "... Цогбадрах нь "Сити Агро" ХХК-ны нэр дээр хүлэмжийн аж ахуйн төсөл бичээд үүнийгээ Налайх дүүрэгт хэрэгжүүлэхэд Хөгжпийн банкнаас зээл гаргуулах шаардлагатай байгаа талаараа надад ярьсан. Ингээд би Цогбадрахын тухайн хүлэмжийн төсөлтэй танилцахад маш сайн хийгдсэн төсөл байсан. Би Цогбадрахад Хөгжпийн банкнаас чиний хүсэж байгаа зээлийг гаргуулан авахыг хөөцөлдөж өгч болох талаар хэлсэн. Ингээд би надад мөнгөний хэрэгцээ байна. Цаашдаа бид хамтарч ажиллана гэж хэлээд Б.Цогбадрахаас 10.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5077104404 дугаарын дансаар 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр авсан. Ингээд нийтдээ би Цогбадрахаас авсан 10.000.000 төгрөгөөс 9.020.000 төгрөгийг өөрийнхөө банкны зээл рүү хийсэн. Би Батбаяр гэх хүнийг танихгүй ба зүс мэднэ. Би ер нь 2013 оноос хойш ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 36-37х/,
хохирогч Б.Цогбадрахын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие Геофинан төв ХХК-нд захирлын ажилтай бөгөөд 2017 оны зун Дэлгэрсайхан гэх хүнээр дамжуулан Хүрлээ гэж хүнтэй танилцсан. Тухайн үед Хүрлээ өөрийгөө ажилгүй Эрчим хүчний яаманд ажилд орох гэж байгаа гэж ярьж байсан. Манай компанитай харилцаатай ажилладаг Хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Сити агро компани байдаг. Тухайн үед Сити агро компани нэр дээр Хөгжпийн банкнаас төслийн зээл авахаар төслөө бичээд материалаа бүрдүүлж байсан. Учир нь Сити агро компаний зээлсэн мөнгөнөөс тодорхой хувийг нь манай компани үйл ажиллагаандаа ашиглах гэж байсан. Яг энэ үед Хүрлээ зээл хөөцөлдөх гэж байгааг мэдээд Хөгжпийн банкны захирал Батбаяр гэж хүнийг танина би яриад өгч болно гэж хэлсэн. Тэгэхээр нь тухайн үед туслах боломжтой бол туслаад өгөөрэй гэж би хэлж байсан. 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ажил дээр ирээд 10.000.000 төгрөг байвал зээлээч монгол ардын намын бага хурал болж байгаа, хурлын төлөөлөгчдийн хоолны мөнгө болох 10.000.000 төгрөг хэрэгтэй байна. Орой 18 цагаас өмнө би авч явах ёстой. Гялс зохицуулаад өгөх арга байна уу гэж гуйсан. Хамгийн гол нь Хөгжлийн банкны Батбаяр бид хоёр дааж байгаа юм гэхээр нь би хүнээс 10.000.000 төгрөг аваад ...5077104404 дугаарын данс руу "Цогоогоос түр зээл" гэсэн утгатайгаар шилжүүлсэн. ...Би өмнөх мэдүүлэгтээ нэрийг нь андуурч Хүрлээ гэсэн байсан. Хүрлээ биш Хүрлээгийн Х.Т гэх залуу байсан..." мэдүүлэг /хх-ийн 20-21х/,
гэрч Б.Батбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Амьдралдаа Хүрлээ овогтой Х.Т гэх хүнтэй уулзаж байгаагүй, танихгүй юм байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 30х/,
Б.Цогбадрахын Хаан банкны 5034480082 дугаартай дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Х.Тыг шунахай сэдэлтээр амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч Б.Цогбадрахаас 10.000.000 төгрөг залилан авсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч Б.Цогбадрахаас залилан авсан 10.000.000 төгрөгийг тус хэргийг шүүхэд хянан шийдвэрлэгдэж байх явцад Х.Т нь бүрэн төлж барагдуулсан болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Х.Тд ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад учруулсан хохиролоо нөхөн төлсөн, хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шүүх шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Агнай овогт Хүрлээгийн Х.Тыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Х.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар Х.Тыг оршин суугаа газар, ажил өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
4. Шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
5. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Х.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ