Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 767

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалнямын  тус шүүхийн шүүх хуралдааны “1” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Ц” ХХК.

Хариуцагч: Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лаборатори. 

Нэхэмжлэлийн шаардлага: “Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 0022571 дүгээр дүгнэлтийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Ашигт малтмал газрын тосны газрын Уул уурхайн шинжилгээ, туршилтын лабораторийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 198 тоот сорилтын дүнг үндэслэн дүгнэлт гаргахыг Гаалийн төв лабораторид даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Д.А , хариуцагч С.Ц , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Болд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц” ХХК нь Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт “Б*******” уул нүүрсний уурхай эзэмшдэг бөгөөд №***************  дугаартай “Гадаад худалдааны гэрээ”-ээр 48.235 тонн боловсруулаагүй нүүрсийг 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 04 дүгээр сарын 10-ны хооронд БНХАУ руу экспортлон борлуулсан.   

“Ш*******” дэх гаалийн улсын байцаагч 2017 оны 03 дугаар сарын 14-ны өдөр Гаалийн төв лабораторийн 2017 оны 03 дугаар сарын 07/332 дугаартай албан тоотын дагуу энэ гэрээгээр борлуулах нүүрсний дээжийг түүвэрлэн авч, ******* болон ******* гэсэн битүүмжлэлийн дугаартай гаалийн лацаар битүүмжилж, улмаар Геологийн төв лаборатори болон Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн шинжилгээний төв лабораторийн шинжилгээнд оруулсан байдаг. Шинжилгээний дүнгээр уг нүүрсний дээжийн дэгдэмхий бодисын гарц нь 28.1-28.4% гэж гарсан. Гэтэл Гаалийн төв лаборатори нь энэхүү шинжилгээний дүнг үндэслэн ******* тоот дүгнэлт гаргахдаа уг дээжид хамаарах “коксжих нүүрс” гэж тодорхойлон “2701.12.11” ангилалд хамааруулсан нь үндэслэлгүй юм. Учир нь Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн 2.2-ын 9 дэх заалтад нүүрсний дэгдэмхий бодисын гарцыг коксжих болон сул коксжих нүүрсний ангиллыг тодорхойлогч үзүүлэлт болгосон. Улмаар дэгдэмхий бодисын гарц нь V>28 гэсэн үзүүлэлттэй болсон тул сул коксжих нүүрс, харин V<28 гэсэн үзүүлэлттэй нөхцөлд коксжих нүүрсний ангилалд хамруулахаар Засгийн газраас тогтоосон №***************  тоот гэрээний нүүрсний дээжийг Гаалийн төв лабораторийн захиалгаар хийж, шинжилгээ дэгдэмхий бодисын гарц V=28 гэсэн үзүүлэлтээс их байгаа тул Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн 2.2-ын 9 дэх заалтаар “сул коксжих” нүүрсний ангилалд хамрагдаж байгаа юм.     

Гаалийн төв лаборатори нь ******* гэсэн дүгнэлтийн холбогдох хэсэгтээ “коксжих” нүүрс гэж ангилсан нь Засгийн газрын 2011 оны  193 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн 2.2-ны 9 дэх заалттай зөрчилдөж байгаа тул уг дүгнэлтийн холбогдох хэсэг нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.  

Коксжих болон сул коксжих нүүрсний ангилал, тэдгээрийн шалгуур үзүүлэлтүүдийг Гаалийн төв лаборатори тогтоох эрх хэмжээг тус байгууллагад олгоогүй болно. Нүүрс борлуулах, худалдах зэрэг хэрэглээнд нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангилал бүхий MNS6457:2014 стандартыг заавал дагаж мөрдөх бөгөөд уг стандартын 2 дугаар хүснэгтэд нүүрсийг “коксжих болон сул коксжих” гэж ангилахдаа Засгийн газрын 2011 оны  193 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн 2.2-ын 9 дэх заалттай нэг адил дэгдэмхий бодисын гарцаар тогтоосон. Гаалийн төв лаборатори ******* дүгнэлт гаргахдаа, коксжих болон сул коксжих нүүрсний ангилал тогтоосон техникийн болон эрх зүйн баримт бичгийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолын хавсралтын 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “...бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах үндсэн шаардлага, түүнийг тооцох зарчмыг тодорхойлохдоо Гаалийн төв лабораторийн шинжилгээний дүнг үндэслэнэ”, харин өөр лабораторид хийсэн бол Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 683 дугаар тушаалаар батлагдсан “Магадлан шинжилгээ хийх, дүгнэлт гаргах журам”-ын хавсралтын 5 дугаар зүйлийн 5.9 дэх хэсэгт зааснаар “...шинжилгээ нь бусад итгэмжлэгдсэн лабораториудад хийгдсэн тохиолдолд шинжилгээний дүнг үндэслэн Гаалийн төв лаборатори дүгнэлт гаргана” гэж заасан тул Гаалийн төв лаборатори ******* тоот дүгнэлт гаргахдаа *******8 болон ******* битүүмжлэл бүхий дээжийг шинжилсэн эдгээр хоёр лабораторийн шинжилгээний дүнгээр тогтоогдсон үр дүнгээс хэтэрсэн дүгнэлт гаргасан тул хууль бус эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзэж байна.   

Мөн тооцоо болон огнооны илэрхий алдаатай дүгнэлт үйлдсэн болно. Тодруулбал уг ******* дүгнэлтийн 9 дүгээр багана дахь Дээжийн битүүмжлэл хэсэгт “RS310348” гэж дээжийн дугаарыг тэмдэглэсэн. Гэтэл RS3163111 болон ******* битүүмжлэл бүхий дээжийг шинжлүүлсэн байсан. Нөгөө талаас дүгнэлтэд сорилтын дүнгийн огноог “2017.03.10” гэж тэмдэглэсэн. Харин лабораторийн шинжилгээний дүнгийн хуудсанд RS3163111 болон ******* битүүмжлэл бүхий дээжийг 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр шинжилсэн гэж тэмдэглэсэн болно. Дээрх үндэслэлээр ******* тоот дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй тул хянан шалгуулах, илэрхий алдааг засаж залруулах тухай хүсэлтийг бидний зүгээс 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр тус лабораторийн даргад 01/1407 тоот албан бичгээр хандсан.   

Хариуцагч тал “Уг дүгнэлтийг өөрчлөхгүй, өөр лабораторийн шинжилгээ байгаа бол үзүүл хэрэгтэй. Учир нь бид хөндлөнгийн лабораторид дахин шинжлүүлнэ” гэж амаар хариулсан тул мөн асуудлаар Гаалийн ерөнхий газарт 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 01/1423 тоот албан бичгээр гомдол гаргасан. Энэхүү гомдолд Гаалийн ерөнхий газраас 2017 оны 05 дугаар сарын             29-ний 02-2/2293 тоот албан бичгээр хариу ирүүлэхдээ уг дүгнэлтийг залруулаагүй тул шүүхэд хандсан.   

Лабораторийн шинжилгээ болон гаалийн дүгнэлтийн зорилго, эрх зүйн үр дагавар нь Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолын хавсралтын 1 дүгээр зүйлийн 1.1, 1.3, мөн Гаалийн ерөнхий газрын 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн №А/201 тоот тушаалд зааснаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ), өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийг тооцоход оршино. Гаалийн дүгнэлт болон түүнд заасан нүүрсний ангилал нь гаалийн болон бусад татвар, хураамж, гаалийн хилээр тусгай зөвшөөрөл, лицензтэй нэвтрүүлэх зэрэг давуу эрх, хөнгөлөлт болон тарифын бус хязгаарлалтын ямар нэг нөлөө үзүүлдэггүй. Тиймээс энэхүү дүгнэлтэд заасан нүүрсний ангиллын ялгаанаас үүдэн “Ц” ХХК-д илүү татвар төлөх үүрэг ногдуулах үндэслэл болж буйг уг дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчид сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт болж байна. 

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 40 дүгээр зүйлийн 40.2.3 дахь хэсэгт тус тус зааснаар Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн ******* тоот дүгнэлт нь хуульд үндэслэх, хууль зүйн зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргах шаардлагыг зөрчсөн тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт зааснаар захиргааны хууль бус акт болох юм.

Харин “коксжих” нүүрс гэсэн хуулийн үндэслэлгүй ангилал бүхий ******* тоот дүгнэлтийн дагуу АМНАТ-ын төлбөрт 279.758 ам.долларыг Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.10, Татварын ерөнхий газрын даргын 2010 оны №578 тоот тушаалаар батлагдсан “Татварын өрийн үлдэгдэлд торгууль, алданги тооцох, ногдуулах журам”-ын 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасны дагуу 2017 оны 03 дугаар улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор буюу 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн нэмж төлөх татварын өр үүсэх нөхцөл бүрдсэн.

“Ц” ХХК нь №***************  гэрээгээр борлуулсан нүүрс нь холбогдох лабораторийн шинжилгээний дүнгээр “сул коксжих” чанартай нүүрс бөгөөд бид “сул коксжих” нүүрс борлуулж төлбөр авсан атлаа хууль зүйн үндэслэлгүй “коксжих” нүүрсний 2017 оны 03 болон 04 дүгээр саруудын зах зээлийн үнийн ханшаар тооцон 2017 оны 2 дугаар улирлын АМНАТ-ыг төлөх, төлбөрийн зөрүүний алданги болон торгуулийг төлөх нөхцөл байдалд хүрсэн тул уг ******* тоот дүгнэлт нь алдаатай холбогдох хэсэг нь хууль бус, тооцоо, бичилтийн хувьд илэрхий алдаатай байх тул залруулж, өөрчлөхийг Гаалийн төв лабораторид даалгуулахаар шүүхэд хандсан болно. 

Иймд Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ******* тоот дүгнэлтийн 13 дугаар багана дахь Шинжилгээний үр дүн гэсэн мөрийн “нүүрс, коксжих, боловсруулаагүй нүүрс”  гэсэн хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэв.

Хоёр. Хариуцагч С.Ц  шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “Ц” ХХК нь 2015 оноос хойш Гаалийн төв лабораторид хандаж нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний шинжилгээ хийлгэж байгаа бөгөөд урьд нь хамрагдаж байсан. 

2016 онд нүүрсэнд шинжилгээ хийлгэхэд 28.9 хувьтай гарч байсан. Манай зүгээс “коксжих нүүрс” гэж  дүгнэлт гаргаад, хариуг нь мэдэгдэж байсан.  2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 1517L00039 тоот бүртгэлийн дугаартай “Шивээ хүрэнгийн” Гаалийн газраас шинжилгээнд хамруулахаар ирүүлсэн барааны мэдээлэл байгаа. Энэ мэдээллийг бид ямар нэг байдлаар өөрчлөх эрхгүй. Нэхэмжлэгчийн талаас “Сул коксжих” нүүрсэнд илчлэгийн хэмжээг тавиагүй гэж ярьсан. Коксжилтгүй нүүрс бол хамгийн муу чанартай байдаг. Коксжилтгүй нүүрсэнд илчлэг 4500-аас дээш, чийглэгийн хэмжээ 10-аас бага гэж заасан байхад 30 гэж явуулсан нь хүрэн нүүрсний стандартын хэмжээ юм. Гэтэл нэхэмжлэгчийн ярьж байгаа нь мэдүүлсэн бараатайгаа тохирохгүй байгаа. Бид “Танай явуулсан бараа шаардлага хангахгүй байна” гэж утсаар мэдэгдэж, дахин дээж авах болсон тухай хэлсэн. 

Гаалийн тухай хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт “Шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй, эргэлзээтэй байгаа бол гаалийн байгууллага өөр шинжээч томилж, давтан магадлан шинжилгээ хийлгэнэ” гэж заасан байдаг. Нэмэлт буюу давтан шинжилгээ хийх байгууллагыг Гаалийн байгууллага томилно гэж заасны дагуу Шивээ хүрэнгийн Гаалийн газар руу дахин дээж ирүүлэх шаардлагатай байна гэж хүсэлт явуулсан. 

Гаргасан дүгнэлт өмнө нь нэхэмжлэгчийн гаргаж байсан гомдолтой ямар ч хамаагүй. “Сул коксжих” нүүрсийг “коксжих” гэж гомдол гаргаж байсан тул АМНАТ-ын асуудал яригдаж байгаа гэж тайлбарласан. АМНАТ-ыг дутуу төлснөөс болж улсын төсөв алдагдалд орох хэмжээнд хүрдэг. Давтан шинжилгээний хариунд бид урьд нь нэхэмжлэгчийн гаргасан гомдол, сүүлийн шинжилгээний дүгнэлтийг нягтлан шалгах зорилгоор дээж авч явуулахыг хүссэн. 

Нэхэмжлэгч компанийн нүүрс олборлож байгаа ордыг Ашигт малтмал, газрын тосны газраас коксжих нүүрсний орд гэж ангилсан байдаг. Ашигт малтмал, газрын тосны газар руу 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр №07537 дугаартай албан тоот явуулж “Ц” ХХК-ийн олборлож байгаа нүүрсний ордын төрлийг “коксжих”, “сул коксжих”, “коксжих чанаргүй” гэж нарийвчлан тогтоож өгөхийг хүсэхэд Ашигт малтмал, газрын тосны газраас “коксжих” буюу эрчим хүчний зориулалттай нүүрсний төрөлд багтана гэдэг хариуг ирүүлсэн. 

Тухайн үед бид дахин шинжлэх ямар ч боломжгүй буюу хилээр нүүрс гараад явсан байсан тул Шивээ хүрэнгийн гаалийн газраас 2 дээж авсан. Энэ 2 дээж маань нэг овоолгоны буюу нэг гэрээний нүүрс байсан. 2 өөр бараа, 2 өөр дээж гэж ойлгож болохгүй. Бид “Ц” ХХК-ийн төлөөлөгч экспортын ахлах зохицуулагч н.С*******, ахлах геологич н.О******* нарыг байлцуулан гаалийн улсын байцаагч н.Т******* дээж авч тус тусдаа 2 битүүмжлэлтэй ирүүлсэн. Өөрөөр хэлбэл нэг дээжийг 2 уутанд савласан. 

Гаалийн итгэмжлэгдсэн төв лабораторид “Чанарын гарын авлага” гэж үндсэн бичиг баримт байдаг. Шинжилгээний үр дүнг үнэн зөв тодорхойлох зорилгоор хяналтын дээжийг өөр лабораторид явуулж болдог тул бид дээжийг 2 лаборатори руу явуулсан. Шинжилгээний дүнгээс Геологийн төв лабораторийн дүгнэлт “дэгдэмхий бодисын хэмжээ” 28.01, 28.23 гэж гарсан. “Дэгдэмхий бодисын хэмжээ”-г тодорхойлох стандартын 4 дүгээр үйлийн 4.4 дэх хэсэгт “Шинжилгээний үр дүнг бүхэл оронгийн таслалаас хойш зуутын оронгоор нарийвчлан тооцно”, харин эцсийн дүгнэлтийг гаргахдаа аравтын оронгоор тооцно гэсэн. 

Өөрөөр хэлбэл 28.01, 28.23 гэсэн тоонуудыг аравтын оронд шилжүүлбэл 28 гэж бүхэл тоо болох ёстой. Геологийн төв лабораторийн ашигт малтмалын газрын лабораторид 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн шинжилгээний дүгнэлтийн хариуг ирүүлсэн ба шинжилгээний дүн ойролцоо “дэгдэмхий бодисын хэмжээ” 28.4 гэж гарсан. Дэгдэмхий бодисын хэмжээ тодорхойлох MNS06541979 тоот стандартад нэг лабораторид хоёр өөр дээжээс “дэгдэмхий бодисын хэмжээ”-г тодорхойлохдоо шинжилгээний дүнг хувиар тооцож, доороос илүү байх ёсгүй гэсэн байдаг. Нэг шинжээч 2 дээжид шинжилгээ хийсэн бөгөөд геологийн төв лабораторийн шинжилгээ манайхтай тун ойролцоо гарсан.

 Нэг аналитик сорьцноос авсан 2 туршилтын үр дүн Геологийн төв лабораторийн “дэгдэмхий бодисын хэмжээ” гэж тодорхойлсон шинжилгээний 28.01, 28.23 гэсэн дүгнэлтийн зөрүү 0.5-аас хэтрэхгүй байх ёстой. Гэтэл 2 шинжилгээний зөрүү 0.17 гэж гарсан нь 0.5-аас хэтрэхгүй гэсэн шаардлагыг хангаж байгаа. Хэрвээ шинжилгээг 2 өөр лабораторид хийсэн бол “дэгдэмхий бодисын хэмжээ” 1-ээс хэтрэхгүй байх ёстой. Шинжилгээний 28.01, 28.23, 28.4 гэсэн хариуг хооронд нь харьцуулбал 0.37 буюу түүнээс бага гарсан. Иймд дээрх шинжилгээний хариунууд үнэн зөв гарсан гэж үзэхээр байна.

Гаалийн төв лабораторийн чиг үүрэгт АМНАТ тооцох зохицуулалт байхгүй. Гаалийн тухай хуулийн 252 дугаар зүйлийн 252.1 дэх хэсэгт зааснаар гаалийн хяналт, шалгалтын явцад гаалийн зорилгоор барааны ангиллын кодыг тодорхойлж, магадлан шинжилгээ хийх гэж заасан байдаг.

Засгийн газрын 193, 102, 220 дугаар тогтоолуудад нүүрсэн бүтээгдэхүүний шинж чанар, ангиллыг тодорхойлохдоо Гаалийн төв лабораторийн дүгнэлтийг үндэслэнэ гэж заасан байдаг. Манай байгууллага төрийн хяналтыг хэрэгжүүлдэг байгууллага юм. Гаалийн төв лабораторийн дүгнэлтүүд нь гаалийн бүрдүүлэлт, Татварын ерөнхий газрын тооцоо, АМНАТ-ыг тооцох үндэслэл болдог. Манай байгууллагын чиг үүрэгт АМНАТ-ыг тооцож гаргах тухай заагаагүй. MNS64572014 олон улсын стандартад зааснаар коксжих нүүрсний “дэгдэмхий бодисын хэмжээ” 28 буюу түүнтэй тэнцүү эсвэл бага, сул коксжих нүүрсний “дэгдэмхий бодисын хэмжээ” 28-аас их гэсэн байдаг. 28 гэх тоо “коксжих” гэдэгт орж байгаа болохоос “сул коксжих” гэдэгт орохгүй. Тухайн стандартаас харахад ямар нэг тоо ардаа “0”-тэй, эсвэл аравны юм уу, зуутын нарийвчлалтай байвал таслал тавиад “0” гэж бичдэг. Бүхэл оронгоор тооцох бол ард нь цэг, таслал, “0” бичдэггүй. Үүнтэй адил лабораторийн шинжилгээний дүн нарийвчлалтай гардаг ба стандартад заасныг баримталсан. Энэ талаар Гаалийн тухай хууль, магадлан шинжилгээ хийлгэх журамд тодорхой заасан. 28.01, 28.23 гэсэн тоонуудын дунджийг тооцох ёстой. Гаалийн лабораторийн чанарын гарын авлага дээр “Шинжилгээг тогтмол 2-оос доошгүй зэрэгцээ гүйцэтгэнэ. Шинжилгээний зөрүү стандарт аргачлалын зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа тохиолдолд үндсэн буюу аль ойр байгаа арифметик дунджаар тооцно” гэсэн байдаг. Үүнээс харахад 28.12 гэсэн тоог 28 бүхэл рүү шилжүүлнэ.

Нэхэмжлэгч компани 2017 оны 04 дүгээр сарын 23-ний өдөр Гаалийн төв лабораторид гомдол ирүүлсэн байдаг. Манай байгууллагын зүгээс “Ц” ХХК-тай лабораторийн дүгнэлтийн талаар уулзаж ярилцаж байсан. Гаалийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт “Гаалийн байгууллага бүрэн эрхээ хэрэгжүүлэх болон гаалийн хууль тогтоомжид заасан шаардлагыг хангах хүрээнд барааны дагалдах бичиг баримтыг гаргуулан авна” 60.3 дахь хэсэгт “Мэдүүлэгч гаалийн мэдүүлэгт өгсөн мэдээллийнхээ үнэн зөвийг нотлох зорилгоор дараах бичиг баримтыг гаалийн байгууллагад өгнө” гэж заасны дагуу манай байгууллага “Ц” ХХК-иас “50 тонн нүүрснээс 10 килограмм дээж тухайн барааны чанарыг бүрэн төлөөлж чадахгүй тул өөрсдийнхөө өдөр тутамд шинжилгээ хийлгэдэг компанийнхаа дүгнэлтийг аваад ир, манай байгууллагын дүгнэлт 100 хувь үнэн зөв гээгүй, тийм учраас танай шинжилгээний хариутай хэр зөрж байгаа талаар харьцуулж үзье” гэж хэлж байсан. 

Бид нэг л дээжээс шинжилгээ авсан, харин нэхэмжлэгч компанид өдөр бүр өөр өөр дээжээс шинжилгээ авч байгаа гэсэн тайлбарыг өгсөн. Дараа нь Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны А/287 дугаар тушаалаар батлагдсан “Ашигт малтмал, уул уурхайн бүтээгдэхүүнд тээврийн хяналт тавих технологи ажиллагааны заавар”-ын 11 дүгээр зүйлд “Маргаантай асуудал гарсан тохиолдолд Гаалийн байгууллагыг байлцуулан хөндлөнгийн байгууллагаар дээж авахуулж, итгэмжлэгдсэн гуравдагч лабораторид шинжлүүлж болно” гэж зохицуулсан байдаг. Бид үүний дагуу нэхэмжлэгч компанид урьд гаргасан гомдол болон лабораторийн шинжилгээний дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа бол өмнөх шинжилгээнүүдээ явуулчих гэхэд дахиж ирээгүй. Бид өөрсдийн зүгээс асуудлыг зөв зохистой шийдвэрлэхийн тулд тодорхой арга хэмжээ авч байсан. “Ц” ХХК-ийг Ашигт малтмал, газрын тосны газарт мэдэгдэл хүргүүлэхдээ “коксжих” буюу эрчим хүчний нүүрс, “сул коксжих” нүүрсний алийг нь гаргадаг болох талаар лавлагаа хүсэхэд нэхэмжлэгч компанийн зүгээс коксжих буюу эрчим хүчний нүүрс борлуулдаг гэж хэлсэн. Шинжилгээний дүнгээр “коксжих” нүүрс борлуулдаг болох нь нотлогдсон. “Ц” ХХК нь 2015-2017 оны хооронд манай лабораторид бүтээгдэхүүнээ шинжилгээнд 29 удаа хийлгэж байснаас 16 нь “коксжих” нүүрс, 13 нь “сул коксжих” гэж гарсан. Бид олон удаагийн шинжилгээний хариунд үндэслэж дүгнэлтийн хариуг гаргасан.

RS310348 дугаартай битүүмжлэлтэй дээжийг буруу бичсэн гэж байна. Гаалийн төв лабораторийн дүгнэлтийн 1-9 дүгээр хэсэгт цаанаасаа бичигдэж ирдэг. Тухайн дээжийг авсан гаалийн улсын байцаагч холбогдох мэдээллүүдийг оруулж баталгаажуулан, ахлах байцаагч нь хянаж, зөвшөөрөл өгсний дараа манайх руу явуулдаг. Бид Шивээ хүрэнгийн гаалийн газар руу явуулсан дээж дахин авсан тухай мэдээллийг оруулах гэхээр бидний эрх хэмжээний асуудал биш учир шинжилгээний дүгнэлтийг гаргахдаа хавсралт маягаар өгч явуулсан.

 Мөн сорилтын дүнг №201703 гэж бичсэн учир нь 0318 дугаартай гарсан Геологийн төв лабораторид хийсэн шинжилгээний дүнг хавсаргаж явуулсан. Энэ нь тухайн дээжид 2017 оны 03 дугаар сарын 10, 03 дугаар сарын 16-ны өдөр шинжилгээ хийсэн гэдгийг нотлох баримт юм. Геологийн төв лабораторийн шинжилгээгээр болон манай лабораторийн шинжилгээгээр “Ц” ХХК нь коксжих нүүрс борлуулдаг гэдэг нь нотлогдож байгаа. 

2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байдаг. Бид нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг 10 дугаар сарын 19-ний өдөр авсан. 10 дугаар сарын 20-ны өдөр манай байгууллагын 105 жилийн ой давхацсан тул бид нэхэмжлэлийн шаардлагад ямар нэг тайлбар өгч чадаагүй учраас одоо тайлбарлая.

Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн шинжилгээний дүгнэлт хууль бус биш гэдэг нь 2 итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүнгээр батлагдаж байгаа. Мөн бид стандарттай харьцуулж дүгнэлтээ гаргасан талаар түрүүн тайлбарлаж хэлсэн. Хоёр ч лаборатори шинжилгээ хийсэн байхад яагаад заавал Ашигт малтмалын газрын лабораторийн дүгнэлтийг гаргуулах гэж байгаа нь үндэслэлгүй байна. 

Геологийн төв лабораторийн шинжилгээг аваагүй. Манай байгууллага 2 лабораторийн шинжилгээний дүгнэлтийг харгалзан үзэж үндсэн буюу хяналтын шинжилгээг хамааруулна. АМНАТ-ийг борлуулалтын үнээс тооцож гаргадаг. Сангийн яамнаас нэрлэсэн үнэ зарлаж коксжих нүүрсийг худалдаж авдаг. Энэ маргаан өнөөдөр ганц компанийн асуудал юм шиг боловч цаашдаа олон компани энэ асуудлаар маргаан үүсгэж болзошгүй. Мөн дараагийн асуудал нь татвараас зугтаах гэсэн оролдлого байж магадгүй. АМНАТ нь ашигт малтмал ашигласныхаа төлөө улсад оруулж буй төлбөр юм. Шинжилгээний хариунууд хоорондоо ойр гарсан нь нэг овоолгоны нүүрснээс дээж авсныг нотолж байгаа. 

Аналитик дээж гэдгийг нэхэмжлэгч буруу ойлгоод байх шиг байна. Шинжилгээний дүгнэлтэд ямар нэг маргаан гарсан тохиолдолд алдаатай гарсан дээжийг өөр лабораториор шинжилгээ хийлгэхийг ойлгоно. Иймд Геологийн төв лаборатори болон манай байгууллагын хийсэн шинжилгээний хариу үндэслэлтэй гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь

 

           Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 0022571 дүгээр дүгнэлтийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Ашигт малтмал газрын тосны газрын Уул уурхайн шинжилгээ, туршилтын лабораторийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 198 тоот сорилтын дүнг үндэслэн дүгнэлт гаргахыг Гаалийн төв лабораторид даалгуулах” гэж тодорхойлжээ. 

          Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1.“Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 0022571 дүгээр дүгнэлтийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгч тал Гаалийн төв лаборатори ******* болон ******* битүүмжлэл бүхий дээжийг шинжлэн 0022571 дугаар дүгнэлт гаргахдаа уг нүүрсний дээжийн дэгдэмхий бодисын гарц нь 28.1-28.4%-тай “коксжих нүүрс” гэж тодорхойлсон нь Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолын 2.2-ын 9 дэх заалтаар “сул коксжих” нүүрсний ангилалд хамаарна гэсэн заалтыг зөрчсөн гэж, хариуцагч тал Засгийн газрын 2011 оны 193 тоот тогтоол болон “нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангилал” MNS6457:2014 стандартад коксжих нүүрсний  дэгдэмхий  бодисын хэмжээг 28 /бүхэл тоогоор/-тай тэнцүү буюу бага ( Vdaf <28), сул коксжих нүүрсний  дэгдэмхий бодисын хэмжээг 28-аас их( Vdaf> 28) гэхдээ 28 орохгүй байхаар заасан. Геологийн төв лаборатори болон Ашигт малтмал, газрын тосны газрын уул уурхайн туршилтын лабораторийн шинжилгээний үр дүнгээр  уг дээжийн дэгдэмхий бодисын хэмжээ 28 бүхэл гарч байгаа тул бүх үзүүлэлтээрээ коксжих нүүрсний шаардлага хангаж байгааг үндэслэн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 0022571 тоот дүгнэлтийг гаргасан гэж маргажээ.

2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 1517L00039 бүртгэлийн  дугаартай шинжилгээнд хамруулах барааны мэдээллээр сул коксжих нүүрсний 2701.12.12 ангиллын кодоор мэдүүлсэн “Ц” ХХК-ийн экспортлож буй нүүрснээс дээж авч Геологийн төв лабораториор шинжлүүлсэн үр дүн “Нүүрс нүүрсэн бүтээгдэхүүний ангилал” MNS6457:2014 стандартад заасан холбогдох үзүүлэлттэй харьцуулахад чийглэг, эрдсийн зүйлгүй чийгтэй жинд тооцсон илчлэг, бодит илчлэг зэрэг үзүүлэлтүүд нь стандартад заасан хэмжээнээс хэт зөрүүтэй, эргэлзээтэй гарсан тул Гаалийн тухай хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2-т “Шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй, эргэлзээтэй байгаа бол гаалийн байгууллага өөр шинжээч томилж, давтан магадлан шинжилгээ хийлгэнэ” гэж зааснаар *******8, ******* гэсэн дугаарын битүүмжлэлтэй 2 дээжийг “Ц” ХХК-иас дахин авч, хоёр өөр итгэмжлэгдсэн лабораторид давтан шинжилгээнд хамруулжээ. 

Геологийн төв лабораторийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн  шинжилгээний дүнгээр дэгдэмхий бодисын гарц 28.01-28.23, харин Ашигт малтмал, газрын тосны газрын  Уул уурхайн шинжилгээ, туршилтын лабораторийн  2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 198 дугаар шинжилгээний дүнгээр  дэгдэмхий бодисын гарц 28.4 гэж тус тус шинжилжээ. Энэ хоёр лабораторийн  дэгдэмхий бодисын хэмжээний зөрүү 0.17-0.39 байна. 

Эдгээр шинжилсэн дээжийн үр дүнг үндэслэн Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 0022571 дүгээр дүгнэлтээр “Ц” ХХК-ийн экспортлож байгаа нүүрс нь 2.8%-ийн чийглэгтэй, боловсруулаагүй, коксжих нүүрс байна. Уг нүүрс эрдсийн зүйлгүй чийгтэй жинд тооцсон илчлэг 8124-8400 ккал/кг, бодит илчлэг 5915-6293 ккал/кг, үнслэг 21-25.8%, дэгдэмхий 28.1-28.4%, хүхэр 057-0.66%, хөөлтийн зэрэг 5-5.5, барьцалдах чанар 59.5-67 тус тус агууламжтай байна гэж дүгнэжээ.

“Хүрэн ба чулуун нүүрс антрацит, дэгдэмхий бодисын гарцыг тодорхойлох арга” MNS0654:1979 стандартын 4.6-д “нэг аналитик сорьцоос авч зэрэг хийсэн хоёр туршилтын үр дүнд тодорхойлсон дэгдэмхий бодисын гарцын (Va) хоорондох зөвшөөрөгдөх зөрүү, хувиар дор заасан хэмжээнээс илүүгүй байх ёстой. Үүнд: дэгдэмхий бодисын гарц, хувиар 9-иас бага бол зөвшөөрөгдөх зөрүүгийн хязгаарлал 0.3%, 9-45 бол 0.5% 45- аас их бол 1.0%  гэснийг зөрчөөгүй байна.

Мөн Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 102 дугаар тогтоолын 1.1 дэх заалтаар 2011 оны 193 дугаар тогтоолын 2.2-ын 9 дэх заалтын  коксжих нүүрс Дэгдэмхий Vdaf <28, сул коксжих нүүрс Дэгдэмхий Vdaf> 28 гэж заасныг хариуцагч тал коксжих нүүрсний дэгдэмхий бодисын хэмжээг 28 /бүхэл тоогоор/-тай тэнцүү буюу бага /Vdaf <28/, сул коксжих нүүрсний дэгдэмхий бодисын хэмжээг 28-аас их /Vdaf> 28/ гэхдээ 28 орохгүй гэж тайлбарлаж байгаа нь зөв байна.

Дээрх үндэслэлүүдээр Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 0022571 дүгээр дүгнэлт нь  Гаалийн тухай хуулийн 252 дугаар зүйлийн 252.2-д “Магадлан шинжилгээг гаалийн лаборатори, гаалийн байгууллагаас томилсон байгууллага, эсхүл шинжээч хийнэ”, магадлан шинжилгээг 252 дугаар зүйлийн 252.6.3-д “бусад тохиолдолд 3 сар хүртэлх хугацаанд” хийнэ, 252 дугаар зүйлийн 252.7-д “Гаалийн байгууллагын удирдах албан тушаалтан бараа, тээврийн хэрэгсэл болон тэдгээртэй холбоотой бичиг баримтад магадлан шинжилгээ хийх болсон тухай шийдвэр гаргаж, түүнийг мэдүүлэгчид танилцуулна”, 252.8-д “Магадлан шинжилгээ хийх, шинжээч томилох, дүгнэлт гаргах журам, шинжээчид тавигдах шаардлагыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална”, 254 дүгээр зүйлийн 254.2-д “Шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй, эргэлзээтэй байгаа бол гаалийн байгууллага өөр шинжээч томилж, давтан магадлан шинжилгээ хийлгэнэ”, 254.3-д “Нэмэлт болон давтан магадлан шинжилгээг хийлгэхэд энэ хуулийн 252, 253 дугаар зүйлийн холбогдох заалтыг баримтална”,  256 дугаар зүйлийн 256.7-д “Сорьц, дээж, загвар авах, шинжилгээ хийх, дүгнэлт гаргах журмыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална” гэснийг зөрчөөгүй байна гэж дүгнэлээ.  

Ашигт малтмал газрын тосны газрын Уул уурхайн шинжилгээ, туршилтын лабораторийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 198 тоот сорилтын дүнг үндэслэн дүгнэлт гаргахыг Гаалийн төв лабораторид даалгах”-ыг хүссэн шаардлагын тухайд: Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн шинжилгээ, туршилтын лаборатори нь Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн захиалгаар RS 355112 дугаартай дээжийг хүлээн авч шинжилгээнд хамруулан 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр дүгнэлт гаргажээ. Энэхүү сорилтын дүнгээр дэгдэмхий бодисын гарцын жин 28.4%-тай  гарсныг Геологийн төв лабораторид хийсэн шинжилгээний дүн/дэгдэмхий бодисын гарцын жин 28.01%/-тэй  харьцуулан үр дүнгийн хоорондох зөвшөөрөгдөх зөрүү нь “Хүрэн ба чулуун нүүрс, антрацит нүүрсний дэгдэмхий бодисын гарцыг тодорхойлох MNS 654-79 стандартын 4.6-д заасны дагуу хоёр лабораторийн  дэгдэмхий бодисын гарцыг тодорхойлох зөвшөөрөгдөх зөрүү 1%-иас илүүгүй байхаар зааснаар тооцсон нь зөв байна.   

Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн  0022571 дугаар дүгнэлт нь  2017 оны 03 дугаар сарын 18-аас 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл нэг сарын хүчинтэй  гарсан байх бөгөөд нэхэмжлэгч тал энэ дүгнэлтийн тоо хэмжээнд буюу 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд 48935 тонн нүүрсэнд гаалийн бүрдүүлэлт хийж, экспортод гаргасан гэдэгтэй маргадаггүй.   

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч “Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 0022571 дүгээр дүгнэлтийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн шинжилгээ, туршилтын лабораторийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 198 тоот сорилтын дүнг үндэслэн дүгнэлт гаргахыг Гаалийн төв лабораторид даалгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон бөгөөд  шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэдэг тул нэгэнт хүчингүй болсон захиргааны актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна. 

Мөн нэхэмжлэгч “Ц” ХХК одоогийн байдлаар тус дүгнэлтээр экспортод гаргасан нүүрсэнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй болно. Өөрөөр хэлбэл “Ц” ХХК нь Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн дүгнэлтээр 48935 тонн нүүрсэнд гаалийн бүрдүүлэлт хийж, экспортод гаргажээ. Гэтэл уг дүгнэлтийн хүчинтэй хугацаа 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр дуусаж, хүчингүй болсон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж үзлээ.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Гаалийн тухай хуулийн 253 дугаар зүйлийн 253.1, 254 дүгээр зүйлийн 254.2, 252 дугаар зүйлийн 252.1, 252.8-д заасныг тус тус баримтлан “Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторид холбогдуулан гаргасан “Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 0022571 дүгээр дүгнэлтийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Ашигт малтмал газрын тосны газрын Уул уурхайн шинжилгээ, туршилтын лабораторийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 198 тоот сорилтын дүнг үндэслэн дүгнэлт гаргахыг Гаалийн төв лабораторид даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

              

 

 ШҮҮГЧ                           Д.ЧАНЦАЛНЯМ