Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2021/0074

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“М” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Оюумаа, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, цахимаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, Ц.Т, Э.Э, Н.О, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 691 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э гаргасан давж заалдах гомдлоор, “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “М” ХХК-ийн захирал Г.Б 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” 2020/01 дүгээр дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 691 дүгээр шийдвэрээр:

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.5, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Усны тухай хуулийн заасныг тус тус баримтлан “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 2020/01 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулж, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, дээрх шийдвэрүүдийн “М” ХХК-ийн ............... тоот хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбогдох хэсгийг нөхцөл байдлыг тогтоон, дахин шинэ акт гарах хүртэл 6 сарын хугацаатай түдгэлзүүлж” шийдвэрлэжээ.

Гурав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2020 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...1.Анхан шатны шүүхээс “...Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3/, 2 дугаар зүйлийн 6/, 7/, 16 дугаар зүйлийн 1-ийн 1/, 19 дүгээр зүйлийн 2-ийн 6/, Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3, Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 54 дүгээр тогтоолоор тогтоосон усны сан бүхий газрын энгийн болон онцгой хамгаалалтын бүстэй нэхэмжлэгчийн эзэмшдэг ......... тоот хайгуулын тусгай зөвшөөрөл, ............ тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбай давхцалтай болох нь тогтоогдож байна” гэж үзсэн.

Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2019 оны 54 дүгээр тогтоолыг батлахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 24, 26, 27-д заасан мэдэгдэх болон сонсох ажиллагааг огт хийгээгүй тул энэхүү захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хоёр тусгай зөвшөөрлийн талбайн зарим хэсэг усны сан бүхий газрын энгийн болон онцгой хамгаалалтын бүстэй давхацсан тухай анх мэдсэн.

Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2019 оны 54 дүгээр тогтоолыг гаргахдаа Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-т заасан шаардлага болох Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Барилга, хот байгуулалтын яамнаас дүгнэлт гаргуулсан эсэхийг тогтоолгохоор хүсэлт гаргасныг анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д заасны дагуу “нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй” гэж үзэн хүсэлтийг хангахаас татгалзсан шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 66967 дугаар захирамжийг гаргасан хэрнээ нэхэмжлэгчийн хууль зүйн хувьд хүлээн зөвшөөрөөгүй, шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй байгаа захиргааны актыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3, 11.1.4 дэх заалтуудыг үндэслэн 2019 оны 54 дүгээр тогтоолыг гаргасан ба шийдвэрт дурьдсан Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн зүйл, заалтуудыг огт үндэслээгүй юм.

Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “Усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, үер, усны гамшгаас сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс тогтооно” гэж хамгаалалтын бүс тогтоох зорилгыг маш тодорхой хуульчилсан байхад шүүхээс энэхүү маргаанд хамааралгүй, хэрэглэх ёсгүй хуулийн зүйл, заалтуудыг үндэслэлээ болгожээ.

2. Шүүхийн шийдвэрт “...Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 51 дугаар зүйлийн 1-д “байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлахаар заасны дагуу маргаан бүхий актуудыг хүчингүй болгох үндэслэлгүй юм” гэжээ.

Анхан шатны шүүх дээр дурьдсан хуулийн заалтуудыг маш ноцтойгоор буруу тайлбарлан хэрэглэсэн. Шүүхийн шийдвэрээс дүгнэж үзвэл Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа бол” гэдэг ойлголтод Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3, 11.1.4 дэх хэсэгт заасан усны сан бүхий газрын энгийн болон онцгой бүс тогтоох тухай ойлголтыг хамруулж тайлбарласан байна.

Энэ нь хууль хэрэглээний ноцтой алдаа юм. Учир нь Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “Усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, үер, усны гамшгаас сэргийлэх зорилгоор” онцгой болон энгийн хамгаалалтын бүс тогтоохоор хуульчилсан буюу тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд заавал сөрөг нөлөө үзүүлсэн байхыг шаардахгүй юм. Харин Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаа нь нотлох баримтаар нотлогдсон байх хуулийн шаардлага тавигдаж байна. Үүнээс гадна Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 54 дүгээр тогтоол нь зөвхөн нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах биш маш олон усны сан бүхий газарт хамгаалалтын бүс тогтоосон болох нь уг тогтоолын хавсралтуудаас ойлгогдох ба тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаа тухай аливаа зүйлийг дурьдаагүй байгаа.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан баримтуудаас зөвхөн Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 54 дүгээр тогтоолыг үндэслэж “тусгай зөвшөөрөл эзэмшигчийг байгаль орчинд сөргөөр нөлөөлж байна” гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.

Учир нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийг “байгаль орчинд сөргөөр нөлөөлж байна” гэж үзэж байгаа бол Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1-т заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яам өөрөө газар дээр нь үзлэг, туршилт, шинжилгээ хийж тогтоох үүрэгтэй. Байгаль орчин, аялал жуулчлалын яам Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан дүгнэлт буюу захиргааны актыг гаргах тул Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудын дагуу өөрөө бодит нөхцөлийг тогтоох болохоос нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын шийдвэрт үндэслэж захиргааны акт гаргаж болохгүй юм.

3.Шүүхийн шийдвэрт “...Харин нэхэмжлэгчийн .......... тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу эзэмшдэг 49.19 га газар нь ...усны сан бүхий газрын энгийн болон онцгой хамгаалалтын бүстэй давхцалгүй, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны кадастрын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул уг тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон үндэслэл тодорхойгүй байна...” гэжээ.

Эндээс хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яам маргаан бүхий актыг гаргахдаа Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 54 дүгээр тогтоолыг үндсэн нотлох баримтаа болгоогүй буюу бусад нотлох баримтад үндэслэсэн болох нь тодорхой харагдана. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбарт мөн Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 54 дүгээр тогтоолд үндэслэж маргааны бүхий актыг гаргасан тухай огт дурьдаагүй байгаа.

4. Шүүх шийдвэрт “...Нэхэмжлэгчээс Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.3-т заасан хуульд заасан нууцад хамаарахаас бусад үйл ажиллагаанд ил тод, нээлттэй байх, 4.2.6-т заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргасан тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах тусгай зарчмуудыг зөрчин Байгаль орчны яамны дүгнэлт, Ашигт малтмалын газрын цуцалсан шийдвэрийг мэдэгдээгүй гэж маргаж байгаа нь үндэслэлтэй боловч энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хангах боломжгүй” гэжээ.

Шүүх энэ дүгнэлтдээ шүүх яагаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй болохоо тайлбарлаагүй, дүгнэлт өгөөгүй орхигдуулсан байгаа нь шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болохыг харуулж байна.

Хариуцагч нар Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасны тус тус зөрчсөн.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчинд хортой нөлөөлөх үйл ажиллагаа буюу байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл гаргасан талаар нутгийн захиргааны байгууллагын санал ирүүлсэн бол байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ талаар нөхцөл байдлыг судалж, зөрчил байгаа эсэхийг бодитойгоор тогтоож дүгнэлт гаргах учиртай.

Ийнхүү дүгнэлт гаргах ажиллагаанд Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаас бусад тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийг татан оролцуулж, тайлбар, нотлох баримт гаргах эрхээр хангах буюу сонсох ажиллагааг хийх шаардлагатай байхын зэрэгцээ бодит нөхцөл байдлыг зөв тогтоосон талаар шүүхэд баримтаар нотлох үүрэгтэй. Энэ тухай нэхэмжлэгч шүүх хуралдааны үед хангалттай тайлбарласан байхад хуулийн эдгээр заалтуудыг шүүх яагаад хэрэглээгүй тухайгаа шийдвэртээ тусгаагүй, орхигдуулсан.

Анхан шатны шүүх хэрэгт хамааралгүй нотлох баримтыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн, хуулийн холбогдох зүйл, заалтуудыг буруу тайлбарласан, мөн маргаан бүхий актууд нь хууль зүйн үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн “Хамгаалалтын бүс тогтоох тухай” 54 дүгээр тогтоол хүчинтэй байгаа тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/01 дүгээр дүгнэлт, Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын даргын мөн оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дүгээр шийдвэрийг тус тус хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхгүй байх тул маргааны үйл баримтад дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

Дээрх тогтоолоор баталсан Завхан аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалт, ус хангамжийн эс үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд нэхэмжлэгчид олгогдсон ашигт малтмалын хайгуулын ......., ашиглалтын ........ тоот тусгай зөвшөөрлийн талбай давхцалтай, харин хайгуулын ........ тоот тусгай зөвшөөрлийн талбай давхцалгүй болохыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ой, ус, тусгай хамгаалалттай газрын Кадастрын хэлтсийн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 06б/4316, мөн оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 06б/6260 дугаар албан бичгүүдээр тодорхойлж, холбогдох зурган мэдээллийг ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн …асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасны дагуу шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу яамны дүгнэлт, Кадастрын хэлтсийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөхөөс бус тэдгээр шийдвэрийн үндэслэл болсон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг дүгнэх байдлаар маргааныг шийдвэрлэж үл болно.   

Ялангуяа энэ тохиолдолд Хурлын тогтоол, яамны дүгнэлт, Кадастрын хэлтсийн шийдвэр бүгд тус тусын үр дагавар бүхий биеэ даасан захиргааны актууд тул нэхэмжлэгчийн зөвшөөрөхгүй гэх Хурлын тогтоолтой холбоотой нотлох баримт цуглуулах хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь уг тогтоолыг “үнэлэхгүй” байх үр дагаврыг бий болгохгүй.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол, хэрэгт авагдсан бусад баримтуудаас үзэхэд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайдаа олон жилийн турш үйл ажиллагаа явуулаагүй, өөрөөр хэлбэл дүгнэлт гаргах хуульд заасан үндэслэлүүд бүрдсэн эсэх нь эргэлзээтэй, гэвч маргаан бүхий дүгнэлтэд “…хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд орсон…” болохыг тусгай зөвшөөрлийг цуцлуулах нэг үндэслэлээ болгосон байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дүгнэлт гаргасан тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах”-аар зохицуулсныг Кадастрын хэлтсээс хэрэгжүүлэхдээ 11 дүгээр зүйлийн 11.1.14-т зааснаар “ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих” чиг үүргийн хүрээнд тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэрийн үндэслэл болсон яамны дүгнэлт хууль ёсны эсэхийг эрх хэмжээнийхээ хүрээнд тодруулан нягтлах эрхтэй атал тус хэлтсийн даргын шийдвэрт “…Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.5-т заасан зөрчил гаргасан болох нь …дүгнэлтээр тогтоогдож байна…” гэж үзсэн нь хангалтгүй.

Гэвч Хурлын тогтоолыг үндэслэл болгосон яамны дүгнэлтээр тусгай зөвшөөрлийг цуцалсан байх тул тогтоолын үндэслэлийг хянах эрх хэмжээгүй хариуцагчийг буруутгах боломжгүй.  

Харин хайгуулын ............ тоот тусгай зөвшөөрлийн талбайн хувьд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 54 дүгээр тогтоолоор тогтоосон хамгаалалтын бүстэй давхцалгүй болох нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ой, ус, тусгай хамгаалалттай газрын Кадастрын хэлтсийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 06б/6260 дугаар албан бичиг, зурган мэдээллээр тус тус тогтоогдсон боловч 1-р хх-ийн 127, 2-р хх-ийн 77 дугаар талд авагдсан кадастрын тойм зурагт тухайн талбай хэсэгчлэн, харин ........, ........... тоот тусгай зөвшөөрлийн талбай бүхэлдээ орон нутгийн тусгай газарт давхцалтай мэтээр тусгагдсан байх тул энэ болон шүүхийн шийдвэрт дүгнэсэн бусад нөхцөл байдлыг тодруулан шалгасны үндсэн дээр дахин шинээр захиргааны акт гаргах нь зүйтэй.

Шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт хуулийн зүйл, заалт орхигдуулсан, ташаа бичсэнийг болон нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгосон, түдгэлзүүлсэн шаардлагыг бичиглэлийн хувьд тус тус зөвтгөж, мөн нэхэмжлэлийн зарим шаардлагыг түдгэлзүүлсэн хугацаанд шинэ акт гаргаагүй бол үүсэх үр дагаврыг тусгасан өөрчлөлт оруулав. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 691 дүгээр шийдвэрийг шийдвэрийн 1 дэх заалтыг “1.Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1/, Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-т заасныг тус тус баримтлан “Монгол майнинг энд эксплорейшн” ХХК-ийн “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” 2020/01 дүгээр дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын мөн оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дүгээр шийдвэрийн ашигт малтмалын хайгуулын ........., ашиглалтын ......... тоот тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, харин дээрх дүгнэлт, шийдвэрийн ашигт малтмалын хайгуулын XV-021364 тоот тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй”, 2 дахь заалтын дугаарыг “3” гэж тус тус өөрчлөн, “2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагчдаас шинэ акт гаргаагүй бол дүгнэлт, шийдвэрийн ашигт малтмалын хайгуулын ......... тоот тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийг хүчингүй болгох болохыг дурдсугай” гэсэн заалт нэмж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН