Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/00406

 

“БГУНЧ” ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/02394 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2386 дугаар магадлалтай,

“БГУНЧ” ХХК-ний нэхэмжлэлтэй

“СК”ХХК-д холбогдох

Гэрээний үүрэгт 22 725 980 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний үүрэгт 18 700 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Б.Мөнхшүрийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэлчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БГУНЧ ХХК нь “СК”ХХК-тай 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Талбайн захиалгын гэрээ байгуулж, “СК”ХХК-д брусс мод нийлүүлж, Компьютер центр төвийн 4 дүгээр давхарт 22 тоот 13,9 м.кв 36 000 000 төгрөгийн үнэ бүхий талбайг авахаар тохиролцож, мөн оны 4, 5 дугаар сард 36 300 000 төгрөгийн брусс модыг нийлүүлж, тооцооны акт үйлдсэн. “СК”ХХК талбайг 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэн өгөх байсан ч 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээлгэн өгсөн. Гэрээнд 13.09 м.кв талбайг хүлээлгэн өгөхөөр заасан атал 10.56 м.кв талбайг хүлээлгэн өгч, 2.53 м.кв дутуу өгсөн, 1 м.кв-ын үнэ 2 750 190 төгрөг болж байгаа тул дутуу талбайн үнэ 6 957 980 төгрөг болж байна. Мөн гэрээний 3.2-т зааснаар барилга хугацаандаа ашиглалтанд ороогүй тохиолдолд гүйцэтгэгч тал худалдан авагчид хугацаа хожимдуулсан хоног тутам урьдчилгаа төлсөн дүнгийн 0.1 хувиар алданги тооцно гэсний дагуу 2015 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл нийт 438 хоногт алданги тооцоход /36 000х438/ 15 768 000 төгрөг болно. Иймд талбайн захиалгын гэрээний үүргийн гүйцэтгэлд дутуу өгсөн 2.53 м.кв-ын үнэ 6 957 980 төгрөг, алданги 15 768 000 төгрөг, нийт 22 725 980 төгрөгийг хариуцагч “СК”ХХК-иас гаргуулж өгнө үү. Манай компани дээрх талбайгаа “УХ” ХХК-ийн захирал Д.Шинэсард 36 000 000 төгрөгөөр худалдаж, 27 000 000 төгрөгийг авсан, үлдэх мөнгөө улсын бүртгэлийн гэрчилгээг шилжүүлж өгсний дараа авахаар тохиролцсон. “СК”ХХК өмчлөх эрхийн гэрчилгээг одоо болтол гаргаж өгөөгүй. БГУНЧ ХХК нь 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр захиалгат талбайн төлбөрийг бүрэн хийсэн ба талбайг хүлээн авсан учир хууль буюу гэрээнд зааснаар эзэмших, захиран зарцуулах эрх нээгдсэн гэж үзэж байгаа. Уг талбайн талаар “УХ” ХХК-ийн захирал Д.Шинэсартай үүсгээд байгаа хэлцлийн хувьд “СК”ХХК-тай байгуулсан гэрээтэй холбогдон үүссэн маргаантай огт холбоогүй гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “СК”ХХК нь Сүхбаатар дүүргийн 2 хороо 7 дугаар хороололд баригдсан Компьютер центр цогцолборын барилгын карказ угсралтын ажлыг 2014 оны 7 дугаар сараас 2015 оны 8 дугаар сар хүртэл төсөл хэрэгжүүлэгч “УХ” ХХК-тай гэрээ байгуулж, хугацаандаа ажлаа хийж гүйцэтгэсэн бөгөөд барилга ашиглалтанд орох хугацаа хойшилсон нь манай компанид хамааралгүй. “УХ” XXК манайхтай байгуулсан гэрээнийхээ дагуу барилгын материалыг бэлтгэж өгч, бид зөвхөн барилгын карказ угсарлтын ажлыг хийсэн. БГУНЧ ХХК нь 2014 онд төсөл хэрэгжүүлэгч “УХ” ХХК-д брусс мод нийлүүлсэн бөгөөд 2015 оны нийлүүлэлтээ бартераар хийж талбай авахаар тохиролцсон. “УХ” XXК нь 2014 онд нийлүүлсэн брусс модны тооцоог хийхэд хүндрэл гаргаж байсан тул дахин гэрээ хийх сонирхолгүй байна гэх үндэслэлээр угсралтын ажлыг гүйцэтгэж байсан манай компанитай гэрээ хийе гэсэн хүсэлтийг БГУНЧ ХХК тавьж, “УХ” ХХК, “СК”ХХК-иуд ярилцаад, “УХ” ХХК талбайг танай компанийн нэр дээр шилжүүлээд өгье гэсний дагуу БГУНЧ ХХК-тай “СК”ХХК нь бартерын гэрээг байгуулсан. Барилгын ажил хугацаандаа ашиглалтад ороогүй нь “СК”ХХК-иас хамааралгүй бөгөөд “УХ” ХХК-ийн захиалгаар баригдаж байгаа барилгын ажлыг маш олон компаниуд “УХ” ХХК-тай гэрээ байгуулан гүйцэтгэсэн юм. Манай компани “УХ” ХХК-ийн барилга захиалагч нартай байгуулдаг стандарт гэрээг нь авч БГУНЧ ХХК-тай уг гэрээний загвар дээр гэрээ байгуулсан. Алдангийн талаар бид хоорондоо ярилцаж тохиролцоогүй. Талбайн хэмжээ дутуу байгааг “УХ” ХХК-д мэдэгдсэн. БГУНЧ ХХК-иас талбайн дутуу, алданги гаргуулах талаар гаргасан гомдлыг манай компани “УХ” ХХК-д мэдэгдэхэд өөрсдөө үүнийгээ хариуцахаар болж манай компанид хамааралгүй гэдэг албан бичиг өгсөн. Энэ асуудлыг ярилцаад “УХ” ХХК-ийн захирал Д.Шинэсар нь БГУНЧ ХХК-иас 36 000 000 төгрөгөөр талбайг худалдан авсан байх. Харин БГУНЧ ХХК нь манай компаниас зээлсэн 10 000 000 төгрөгөө өгчих юм бол одоо ч бид үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт албан бичиг явуулж гэрчилгээг гаргаж өгөхөд бэлэн тул хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манай компани барилгын карказ угсралтын ажлаа гэрээт хугацаандаа дуусгахын тулд БГУНЧ ХХК-иас брусс модоо яаралтай авах шаардлагатай болсон тул материалаа нийлүүлэхийг шаардсан. Энэ үед БГУНЧ ХХК-ийн захирал Г.Баттогтох нь брусс мод орон нутагт бэлэн байна, тээврийн зардалгүй болчихоод байна, 10 000 000 төгрөг нэг сарын хугацаатай зээлбэл модыг нийлүүлээд дахин өөр мод авчирч зараад танайхаас зээлсэн мөнгөө буцаагаад төлье гэхэд нь зөвшөөрч, захирал Н.Батцэрэн өөрийн данснаас 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр БГУНЧ ХХК-ийн захирал Г.Баттогтохын нэрийн дансанд 10 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Зээлийн гэрээг амаар хийсэн боловч талбайн захиалгын гэрээг хэрэгжүүлэх үндсэн нөхцөл болсон тул уг гэрээний салшгүй хэсэг гэж үзэж байна. Гэвч Г.Баттогтох одоо болтол манай компаниас зээлж авсан 10 000 000 төгрөгийг өгөөгүй. Ингээд бартерын гэрээний дагуу модоо нийлүүлсэн ч зээлээ 29 сарын турш төлөхгүй, өгөхгүй явсаар байна. БГУНЧ ХХК-ийн захирал Г.Баттогтох нь “СК”ХХК-иас 10 000 000 төгрөг зээлж авсан, “УХ” ХХК-иас 27 000 000 төгрөг авсан, 36 000 000 төгрөгийн үнэтэй үйлчилгээний талбай авсан, дээрээс нь 22 725 980 төгрөг шүүхээр нэхэмжилж байгаа нь нийт 95 725 980 төгрөг болж байгаа, харин түүнээс нэг төгрөг ч гараагүй. Манайх тухайн үед ажиллаж байсан захирал Н.Батцэрэнгийн нэр дээр Сэра интернэшнл ББСБ-иас 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 75 000 долларыг сарын 3 хувийн хүүтэй зээлж авсан ба үүнээс 10 000 000 төгрөгийг БГУНЧ ХХК-д зээлсэн мөнгийг нөхөхөд зарцуулсан юм. Иймд 10 000 000 төгрөг, 29 сарын хүү 8 700 000 төгрөг, нийт 18 700 000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 251 450 төгрөгийн хамт БГУНЧ ХХК-иас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: “СК”ХХК нь гэрээний үүрэг биелүүлээгүйтэй холбоотой үүсэх хариуцлагаас зайлсхийх арга хайж Г.Баттогтоход Н.Батцэрэнгээс брусс мод авах урьдчилгаа төлбөр болгож өгсөн 10 000 000 төгрөгийн асуудалтай холбон тайлбарлаж байна. Гэтэл энэ нь дээрх гэрээтэй холбоогүй. Иймээс “СК”ХХК нь сөрөг нэхэмжлэлийг гаргах эрхгүй. Харин энэхүү хэрэгт “СК”ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа Н.Батцэрэн өөрийн 10 000 000 төгрөгөө компанийн нэрээр биш, өөрийн нэрийн өмнөөс нэхэмжлэх эрхтэй буюу Н.Батцэрэнгийн хувийн данснаас Г.Баттогтохын хувийн дансанд шилжсэн нь баримтаар нотлогдоно. “СК”ХХК нь Н.Батцэрэн, Н.Төмөрбаатар нарын Сера Интернэшл ББСБ ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийг БГУНЧ ХХК-с нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл “СК”ХХК ба Н.Батцэрэн, Н.Төмөрбаатар нар эрх зүйн хувьд бие даасан эрх зүйн чадвар, чадамжтай өөр өөр субьектүүд учир сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй, бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/02394 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 254 дүгээр зүйлийн 254.4, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар “СК”ХХК-иас 22 725 980 төгрөг гаргуулахыг хүссэн БГУНЧ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар БГУНЧ ХХК-иас 10 000 000 төгрөгийг гаргуулж “СК”ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлээс 8 700 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч БГУНЧ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 271 580 төгрөг, “СК”ХХК-ийн төлсөн 251 450 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, БГУНЧ ХХК-иас 174 950 төгрөгийг гаргуулж “СК”ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2386 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/02394 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 254 дүгээр зүйлийн 254.4, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “СК”ХХК-иас нийт 8 349 576 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч БГУНЧ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14 376 404 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 3 дахь заалтын үлдээж гэсний дараа хариуцагч “СК”ХХК-иас 148 543 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч БГУНЧ ХХК-д олгож гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271 580 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Мөнхшүр хяналтын гомдолдоо: 2017 оны 11 р сарын 20-ны өдөр болсон №2386 тоот Нийслэлийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоолын 1 дэх заалтыг эсэргүүцэж байна. Бидний эсэргүүцэж буй утга нь: “СК”ХХК нь уг барилгын зөвхөн нэг ажлын туслан гүйцэтгэгч бөгөөд Ерөнхий Төсөл хэрэгжүүлэгч “УХ”ХХК-тай ажлын гэрээтэй. “СК”ХХК нь уг барилгын талбай, хуваалт, хугацаа, гүйцэтгэлд огт хамааралгүй юм. Тухайн үед “БГУНЧ” ХХК нь Ерөнхий Төсөл хэрэгжүүлэгч “УХ”ХХК-тай гэрээ хийхгүй, барилгын үндсэн угсралт хийж байгаа буюу миний нийлүүлэх модыг ашиглах компанитай гэрээ хийнэ гэсний дагуу “УХ”ХХК нь бидэнд хүсэлт тавьж “УХ”ХХК бүгдийг хариуцан гэсэн учир “СК”ХХК нь “БГУНЧ” ХХК-тай “Талбай захиалгын гэрээ” байгуулсан юм. 2017 оны 05 сард “БГУНЧ”-ийн шүүхээс талбайн хэмжээн зөрүү, алдангийн нэхэмжлэлт ирсэн юм. Манай “СК”ХХК нь Ерөнхий Төсөл хэрэгжүүлэгч “УХ”ХХК-д хүсэлт тавьж шаардлага хүргүүлсний үр дүнд уг талбайг талбайн зөрүү болон хугацааны алданги бодолгүйгээр “БГУНЧ” ХХК-аас худалдаж авсан. “УХ”ХХК нь одоогоор 27 сая төгрөгийг “БГУНЧ” ХХК-д төлсөн байгаа. Үүнийг “БГУНЧ” ХХК огт худал тайлбарлаж байна. Хариуцагч “БГУНЧ” ХХК нь иргэн Г.Баттогтохын 1 хүнтэй компани бөгөөд зээлж авсан мөнгө, талбайгаа зарсан гэх данс нь нэг байгаа юм. “УХ”ХХК нь үүргээ биелүүлэн уг талбайг анхны үнээр нь “БГУНЧ” ХХК-аас худалдан авч, уг компанийг алдагдалгүй болгож байхад манай “СК”ХХК-аас нэмж талбайн зөрүү, алданги нэхэж буй нь ёс бус гэж үзэж байгаа юм. Анхан шатны шүүхэд Ерөнхий Төсөл хэрэгжүүлэгч “УХ”ХХК-ийн Захирал Д.Шинэсарыг гэрчээр дуудсан асуудлыг уг шүүх биелүүлээгүй, дуудаж өгөөгүй бөгөөд уг үйл явдлыг тодруулах боломжийг хаасан гэж үзэж буй тул хэргийг анхан шатны шүүх рүү буцааж өгч Д.Шинэсарыг дуудаж асуудлыг шийдэж өгөхийг хүсэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч БГУНЧ ХХК нь хариуцагч “СК”ХХК-д холбогдуулан талбайн дутуу хэсэгт дүйцэх 6 957 980 төгрөг, гэрээний үүргээ биелүүлэх хугацаа хэтрүүлсний алданги 15 768 000 төгрөг нийт 22 725 980 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг, хариуцагч нь зээл 10 000 000 төгрөг, хүү 8 700 000 төгрөг, нийт 18 700 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлээс 10 000 000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, хариуцагчаас 8 349 576 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх хуулийн үндэслэлтэй гэж үзэв. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжтой байна.

Арилжааны гэрээ үндсэн нэхэмжлэлийн үндэслэл, харин 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээ сөрөг нэхэмжлэлийн үндэслэл тус тус болсон байна.

Зохигчид 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр бичгээр гэрээ байгуулж, БГУНЧ ХХК нь “СК”ХХК-иас Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 14 давхар Компьютер центр барилгын 4 давхрын 22 тоот 13.09 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 36 000 000 төгрөгөөр худалдаж авахдаа төлбөртөө тооцож, брусс модыг бараа солилцооны журмаар  нийлүүлэх, “СК”ХХКомпани 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр үл хөдлөх хөрөнгийг ашиглалтад оруулж хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон байна. /хх 3-5/

Шүүх талуудын хооронд арилжааны гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт нийцсэн, БГУНЧ ХХК гэрээний дагуу “СК”ХХК-д 36 300 000 төгрөгийн брусс модыг 2015 оны 4-5 дугаар сард нийлүүлсэн нь баримтаар тогтоогджээ. /хх 6/

Хэрэгт байгаа баримтаас үзвэл “СК”ХХК нь барилгыг бариагүй, зөвхөн барилгын карказ угсралтын ажлыг “УХ” ХХКомпанийн захиалгын дагуу хийж гүйцэтгэсэн нь хариуцагчийн тайлбар, “УХ” ХХКомпанийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 01/0126 дугаар албан бичгээр нотлогдсон байна. Иймд “СК”ХХК нь барилга барих ажил буюу ажлын үр дүнг бий болгоогүй тул барилгын талбайн хэмжээ дутуу гэх доголдлыг болон барилгыг хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлсний хариуцлагыг хариуцах боломжгүй юм.

“УХ” ХХКомпанийн бариулсан барилгаас зохигчид тодорхой талбайг сонгож авсан, уг талбай нь гэрээний зүйл болсон байна. Зохигчид нь 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр худалдааны талбай хүлээлцэх акт үйлдэж, талбайн хэмжээг 10.56 м.кв болохыг харилцан зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан ба худалдан авагч буюу БГУНЧ ХХК нь талбайн хэмжээ дутуу болохыг уг эд хөрөнгийг хүлээж авахдаа мэдсэн байна.

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.3-т “Үүргийн гүйцэтгэлд ноцтой нөлөө үзүүлэхээргүй бол эд хөрөнгийн зарим хэсгийг дутуу буюу гэрээнд зааснаас өөр барааг бага хэмжээгээр шилжүүлсэн, эсхүл эд хөрөнгийн нэг хэсэг нь доголдолтой байсан ч түүнийг бүхэлд нь доголдолтой гэж үзэхгүй.” гэж заасан тул уг эд хөрөнгийг доголдолтой гэж үзэх үндэслэлгүй болно. Арилжааны гэрээний зүйл нь “худалдаа явуулах зориулалттай” талбай байх ба эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах боломжтой байна. Иймд БГУНЧ ХХК-ны нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдоогүй байна.   

Давж заалдах шатны шүүх дээрх үйл баримтыг дүгнэж чадаагүйгээс гадна хэрэглэвэл зохих хэм хэмжээг хэрэглээгүй нь буруу тул магадлалыг хүчингүй болгоно.

Анхан шатны шүүх гэрээний зүйлийг доголдолгүй гэж үзснээс гадна гэрээнд тусгасан  алдангийн тохиролцоо ойлгомжгүй, хуульд заасан агуулгаар тохиролцоогүй тул анзыг тохирсон гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь нотлох баримтад тулгуурласан, уг дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

БГУНЧ ХХК нь сөрөг нэхэмжлэлийг татгалзахдаа “...10 000 000 төгрөг нь иргэд хоорондын дансаар шилжсэн, хуулийн этгээдэд хамааралгүй...” буюу “СК”ХХКомпанийг уг нэхэмжлэлийг гаргах эрхгүй этгээд гэсэн үндэслэл заасан боловч “СК”ХХК-ийн захирал Г.Батцэрэнгийн данснаас 10 000 000 төгрөгийг шилжүүлж авснаа үгүйсгээгүй, Г.Батцэрэн нь уг мөнгийг компанийн хөрөнгө гэж тайлбарласнаас үзэхэд “СК”ХХКомпани нэхэмжлэл гаргах эрхтэй, шүүх Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэж, зээлдэгч БГУНЧ ХХК-иас 10 000 000 төгрөгийг гаргуулж, “СК”ХХК-д олгож, харин гэрээг бичгээр байгуулаагүй тул зээлийн хүү 8 700 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хуулийн үндэслэлтэй болжээ.

            Иймд магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2386 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/02394 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 2 удаа төлсөн 79 000 төгрөг, 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

       ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА