Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 164

 

 

 

 

 

 

 

 

2020        03          02                                   2020/ШЦТ/164

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго,

улсын яллагч Ц.Батбямба,

шүүгдэгч К.Б /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сод овогт Канийн К.Б-д холбогдох эрүүгийн 2011 00324 0147 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Тэгш дүүрэн ХХК-нд нягтлан бодогч ажилтай, ам бүл 2, ээжийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 15-6 тоотод оршин суудаг, ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Сод овогт Канийн К.Б, регистрийн дугаар /......................../.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч К.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 17-770 тоотод байрлах гэртээ хамтран амьдрагч буюу хохирогч Г.Отгонзулыг "архи ууж, үглэлээ" гэх шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, орноос түлхэж унагаан эрүүл мэндэд нь "баруун, зүүн чамархай, баруун, зүүн дээд зовхинд цус хуралт" бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч К.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1602 дугаартай “...Г.Отгонзулын биед баруун, зүүн чамархай, баруун, зүүн дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 42-43 дугаар хуудас/,

Хохирогч Г.Отгонзул нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “..:Би 2020 оны 01 дүгээр сарын 09-ний орой 18 цагийн үед манай ажлынхан манай гэрт ирсэн, орой 23 цагийн үед манай ажлын газрын хүмүүс явсны дараа нөхөр К.Бд би охинд хичээл заахдаа ширүүн заагаад байна. Чамаас охин айгаад байдаг юм гэсэн, би том охинтой болчихоод чамтай суусандаа харамсаж байна гэтэл шууд чамайг алаад өгье гээд алгадаж эхэлсэн. Бараг 10 удаа алгадсан, тэгээд би нүүр рүү битгий алгадаад бай гэтэл гараа атгаж байгаад 4-5 удаа цохисон, бас хөлөөрөө миний нуруу, бөгс рүү өшиглөөд, ээж Оюунтулгын гэрт унтаж амарсан. Би эмнэлэг явж үзүүлнэ гэхэд К.Б би саяхан цагдаа дээр асуудалтай байж байгаад салж байхад битгий тэгэлдээ гээд гуйгаад байсан. Би цагдаад хандахаа байсан тэгсэн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 17 цагийн үед К.Бгийн найз гэх залуу ирсэн. Чингис нэртэй 0.75 граммын архи авч бид гурав хувааж уусан. Найз нь яваад өгсөн тэгтэл манай нөхөр К.Б надаас надаас хэрүүл өдөөд хэрүүл хийх гээд байсан. Гаднаас манай ээж Оюунтулгаг гаднаас орж ирэхээр нь би ээжийгээ дагаж гараад ээжийн гэрт ороод сууж байтал манай хуучин нөхөр Ганзориг хүүхдийнхээ талаар ярих юм байна гээд байхаар нь би гарч уулзаад өглөө 08 цагийн үед гэртээ ирсэн. Гэртээ орох гээд зогсож байтал К.Б ороод ир гээд намайг татаад гэрлүү оруулсан. Миний гар утсыг булааж дахиад цохиж зодох гээд байхаар нь би цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

Гэрч Г.Оюунтулга нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...2020 оны 1 дүгээр 9-10-нд би найзындаа хоноод 10-ны өдөр 12 цагийн үед гэртээ Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булагийн 17- 770 тоотод иртэл охин Отгонзул зодуулчихсан байсан байна лээ. Би эхлээд анзаараагүй яагаад гэвэл охин хүргэн хоёр маань манай хашаанд тусдаа гэрт байдаг болохоор анзаарч хараагүй. Орой нь мэдээд асуутал К.Б зодсон гэсэн. Би К.Бд хэлсэн “чи одоо өмнө нь бас зодож байсан одоо болохгүй, чи дахиад шоронд явна шүү дээ” гэж хэлсэн. 2020 оны 1 дүгээр 15-нд орой 23 цагийн үед гэрт нь ортол хоёулаа хоорондоо хэрэлдэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

Гэрч Г.Энхтуяа нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Энгүүн манайд орж ирсний дараахан би унтахаасаа өмнө гадаа гарч бие засчхаад буцаад гэрлүүгээ орох гэхэд Отгонзулын гэрт уйлах чимгээ сонсогдох шиг болохоор нь гэрийнх нь гэрэл нь унтарчихсан байхаар нь гэрлүү нь ороход Отгонзулын ажпын газрын хүмүүст явчихсан, зурагт асаалттай, зурагтын тавиурын урд талд газраар ор засчихсан К.Б хэвтсэн, Отгонзул эгч хажуу талд нь сууж харагдсан. Би үүрээр 04-05 цагийн үед байх сэрж, гарч бие засах гэх гарахад Отгонзул эгч манай гэрт унтаж харагдсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 36- 37 дугаар хуудас/,

Шүүгдэгч К.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...2020 оны 1 дүгээр сарын 9-ний орой 21 цагийн үед байхаа манай хамтран амьдрагч Отгонзул гаднаас гэртээ орж ирэхдээ халамцуу, ажпынхаа газрын хүмүүстэй орж ирээд Чингис гэх нэртэй 0,75лиртийн 2 шил архи хувааж уусан. Отгонзул би чамтай суусандаа харамсаж байна гээд үглээд байсан. Отгонзул миний хажуугаар хэвтчихээд үглээд байхаар нь Отгонзулд хандаж чи ямар ядаргаатай үглэдэг юм бэ гээд араас нь сэгсэрсэн юм. Тэгсэн сэгсэрч байхад Отгонзул зурагтын тавиурын доод ирмэгт толгойгоороо цохичихсон. Тэгтэл Отгонзул чи миний толгойг хагалчихлаа гэхэд нь би толгойг нь хартал толгойны дух хэсэгтээ зулгарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-58 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 87/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 61/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 62/, эд хөрөнгийн лавлагаа /хх 63/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хх 64/, ажлын газрын тодорхойлолт /хх 65/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 37 дугаар тогтоол /хх 93/, шүүгдэгч К.Бгийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 91/, хохирогч Г.Отгонзулын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 90/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч К.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 17-770 тоотод байрлах гэртээ хамтран амьдрагч буюу хохирогч Г.Отгонзулыг "архи ууж, үглэлээ" гэх шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, орноос түлхэж унагаан эрүүл мэндэд нь "баруун, зүүн чамархай, баруун, зүүн дээд зовхинд цус хуралт" бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1602 дугаартай “...Г.Отгонзулын биед баруун, зүүн чамархай, баруун, зүүн дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 42-43 дугаар хуудас/, хохирогч Г.Отгонзулын “..:2020 оны 01 дүгээр сарын 09-ний орой 18 цагийн үед манай ажлынхан манай гэрт ирсэн, орой 23 цагийн үед манай ажлын газрын хүмүүс явсны дараа нөхөр К.Бд би охинд хичээл заахдаа ширүүн заагаад байна. Чамаас охин айгаад байдаг юм гэсэн, би том охинтой болчихоод чамтай суусандаа харамсаж байна гэтэл шууд чамайг алаад өгье гээд алгадаж эхэлсэн. Бараг 10 удаа алгадсан, тэгээд би нүүр рүү битгий алгадаад бай гэтэл гараа атгаж байгаад 4-5 удаа цохисон, бас хөлөөрөө миний нуруу, бөгс рүү өшиглөөд, ээж Оюунтулгын гэрт унтаж амарсан. “...Миний гар утсыг булааж дахиад цохиж зодох гээд байхаар нь би цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/, гэрч Г.Оюунтулгын “...2020 оны 1 дүгээр 9-10-нд би найзындаа хоноод 10-ны өдөр 12 цагийн үед гэртээ Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булагийн 17- 770 тоотод иртэл охин Отгонзул зодуулчихсан байсан байна лээ. Би эхлээд анзаараагүй яагаад гэвэл охин хүргэн хоёр маань манай хашаанд тусдаа гэрт байдаг болохоор анзаарч хараагүй. Орой нь мэдээд асуутал К.Б зодсон гэсэн. Би К.Бд хэлсэн “чи одоо өмнө нь бас зодож байсан одоо болохгүй, чи дахиад шоронд явна шүү дээ” гэж хэлсэн. 2020 оны 1 дүгээр 15-нд орой 23 цагийн үед гэрт нь ортол хоёулаа хоорондоо хэрэлдэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/, гэрч Г.Энхтуяагийн “...Энгүүн манайд орж ирсний дараахан би унтахаасаа өмнө гадаа гарч бие засчхаад буцаад гэрлүүгээ орох гэхэд Отгонзулын гэрт уйлах чимээ сонсогдох шиг болохоор нь гэрийнх нь гэрэл нь унтарчихсан байхаар нь гэрлүү нь ороход Отгонзулын ажпын газрын хүмүүс явчихсан, зурагт асаалттай, зурагтын тавиурын урд талд газраар ор засчихсан К.Б хэвтсэн, Отгонзул эгч хажуу талд нь сууж харагдсан. Би үүрээр 04-05 цагийн үед байх сэрж, гарч бие засах гэх гарахад Отгонзул эгч манай гэрт унтаж харагдсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 36- 37 дугаар хуудас/, шүүгдэгч К.Бгийн “...2020 оны 1 дүгээр сарын 9-ний орой 21 цагийн үед байхаа манай хамтран амьдрагч Отгонзул гаднаас гэртээ орж ирэхдээ халамцуу, ажпынхаа газрын хүмүүстэй орж ирээд Чингис гэх нэртэй 0,75лиртийн 2 шил архи хувааж уусан. Отгонзул би чамтай суусандаа харамсаж байна гээд үглээд байсан. Отгонзул миний хажуугаар хэвтчихээд үглээд байхаар нь Отгонзулд хандаж чи ямар ядаргаатай үглэдэг юм бэ гээд араас нь сэгсэрсэн юм. Тэгсэн сэгсэрч байхад Отгонзул зурагтын тавиурын доод ирмэгт толгойгоороо цохичихсон. Тэгтэл Отгонзул чи миний толгойг хагалчихлаа гэхэд нь би толгойг нь хартал толгойны дух хэсэгтээ зулгарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-58 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Хохирогч Г.Отгонзул нь “...миний хамтран амьдрагч надаас албан ёсоор уучлалт гуйж бид эвлэрсэн, гомдолгүй...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч К.Б нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иймд шүүх шүүгдэгч К.Бг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгийн торгох ял шийтгэв. Ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзав.

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Бд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч К.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сод овгийн Канийн К.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Бг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Бд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч К.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч К.Бд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.РЕНЧЕНХОРОЛ