Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 61

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

хохирогч С.Пүрэвсүрэн,

шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг, 

нарийн бичгийн дарга Б.Солонго нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Боржигин овогт Моононгийн М.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911016691167  дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1981 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн. Эмэгтэй, 38 настай, бүрэн дунд боловсролтой, хоолны технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамтаар Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Алтан өлгийн 6-102 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Моононгийн М.Б /РД: ЖО81071969/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч М.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.Б нь 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Цайзын 57-22 тоотод байх иргэн Ч.Нарантуяагийн эзэмшлийн газрыг өөрийн газар гэж хохирогч С.Пүрэвсүрэнг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилан өөрийн  “ХААН” банкны 50033700560 тоот дансруу 1.850.000 төгрөгийг шилжүүлэн авч,  хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Бгийн өгсөн: Хохирогч Пүрэвжав гэх залуугийн эгч нь миний хамтран амьдрагчийн хашаанд түрээсээр амьдардаг байсан юм. Тэгээд түрээсийн мөнгөө өгөхгүй байж байгаад манай хашаанаас явсан юм. Би “эгчийнх нь амьдарч байсан газар байгаа. Та нар хол гэж голохгүй бол очиж үзээд тэнд амьдар” гэж хэлж байсан юм. Санал болгож хэлж байсан болохоос биш зарах газар байгаа тэнд очиж амьдар гэж хэлж байгаагүй. Гэтэл манай газрыг хол гэж хэлсний үндсэн дээр тэр газарт очиж буугаагүй. Хашаанаас нүүгээд 1 жил гаруй хугацаанд дүү Пүрэвбаатар нь надруу ярьсан. 2019 оны 4 дүгээр сар хавьцаа байх “Танд зарах хашаа байгаа гэсэн үү” гэж асуухад нь “эгчийнх нь амьдарч байсан хашаа байгаа” гэж хэлсэн. Тэгээд тэр хашаа 3-4 жил болсон, хөөцөлдөж аваагүй болохоор бичиг баримт байхгүй гэж хэлсэн. Утсаар яриад байхаар нь нүүр нүүрээ харж байгаад яръя, манайд ороод ир гэж хэлсэн. 2016 онд хамт ажиллаж байсан эмэгтэй тэр газрыг санал болгоод очиж үзсэн юм. Айлын хашаанд амьдарч байхаар 1.500.000 төгрөгийн газар байна очиж үзээд тэнд амьдар гэж санал болгож байсан юм. Тухайн үед ээж, ах хоёртойгоо очиж амьдарсан юм. Уулан дээр чулуу хайрга ихтэй шууд буух боломжгүй газар байсан учраас ээж, ах хоёрын зөвлөснөөр тэр газрын хажууд нь буусан юм. Хажууд нь байсан газарт ямар нэгэн ухсан нүх, шон гэх зүйлс байгаагүй. Уг газар нь Ч.Нарантуяа гэх хүний газар байсан юм. Ах маань 1.500.000 төгрөгөөр гэрээ бариад буу гэж хэлсэн юм. Энэ талаар Пүрэвбаатартай ярьсан. Харин Пүрэвбаатарын эхнэр С.Пүрэвсүрэн нь над руу мөнгө шилжүүлсэн. Тухайн газрын талаар хөөцөлдөх гэхээр зав гарахгүй, хүүхдээ хардаг байсан болохоор дүүгээсээ газрын талаар хөөцөлдөөд өгөөч гэж гуйж байсан юм. Газрын албаны хүн нь 2-3 хоногийн хугацаанд ажилтай байсан болохоор тэр газрыг очиж үзэж чадаагүй. Тухайн асуудлын талаар утсан дээрээ бүх зүйлийг хадгалж авсан. Тэгээд тэр газрын талаар “хэл амтай газар болохоор маргаан үүснэ шүү” гэж нилээн олон удаа хэлж байсан юм гэв.

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Пүрэвсүрэнгийн өгсөн: Би нөхөртэйгөө нийтийн байр түрээслэж амьдардаг байсан. Тухайн үед жирэмсэн байсан болохоор нөхрийнхөө хамаатных нь хашаанд гуйж буусан юм. Жирэмсний амралтын мөнгө гэж 2.000.000 төгрөг аваад үүнээс 1.500.000 төгрөг үлдсэн юм. Тэгээд нөхөртэйгөө хашаа байшин авах юмсан гэж ярьж байгаад хадам эгчдээ 2.000.000-3.000.000 төгрөгийн хооронд хашаа олдохгүй байх гэж хэлсэн юм. Гэтэл эгч нь “бид хоёрын түрээслэж амьдардаг байсан газрын эзэн нь хашаатай гэсэн. Бид хоёрыг тэнд амьдарч болно, хашаагаа зарна гэж байсан. Эгч нь асуугаад өгье” гэж хэлэхээр нь манай нөхөр М.Бтай холбогдсон юм. Гэрээний хувьд би тэр гэрээг хийсэн юм. Би нөхөртөө энэ газрыг шалгуулая гэж хэлээд газрын албан дээр очоод тухайн газрыг шалгуулах гэж байсан боловч 7 хоногийн өмнө захиалга өгдөг гэж хэлсэн. Ингэж явсаар байгаад 7 хоног өнгөрсний дараа М.Б залгаад “та хоёр энэ газраа авах юм уу? авахгүй бол өөр хүнд зарлаа” гэж хэлэхээр нь нөхөртөө энэ газрыг шалгуулая гэхэд юу манай нөхөр “нялх хүүхэдтэй хүнийг хуурахгүй ээ, Пүүжээ эгч хажууд нь байсан болохоор М.Бг мэдэж байгаа” гэсэн. Тэгээд хэсэг маргалдаж байгаад 1.800.000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсний дараа гэрээ хиинэ гэж хэлээд би эх нялхас руу М.Б эгч дээр очиж гэрээ хийгээд нотариат орсон. Тухайн газар нь тоггүй болохоор газрын албанд очиж хэлэхэд кадастрын бичиг хэрэг болсон. Кадастрын бичиг авах гэсэн боловч өөр хүний нэр дээр байхаар нь М.Б эгч рүү залгаж хэлсэн чинь “тэр хамаагүй” гэж хэлээд утсаа салгасан. Энэ газар өөр хүний нэр дээр байна гэж хэлэхэд тэр хамаагүй, очоод буу гэж хэлж загинасан. Энэ асуудлын талаар нөхөртөө хэлтэл М.Б эгчтэй очиж уулзсан. Гэтэл М.Б эгч “тэр газар манай газар байгаа юм. Бид нар 2-3 жил амьдарсан” гэсэн. Уг газар нь уруу болохоор бид нар тэгшлүүлээд амьдардаг байсан. Тэр хугацаанд нэг хүн ирж манай нөхөртэй уулзсан. Тэр талаар М.Б эгчид хэлэхэд тэр хавиар газар зардаг газрын наймаачин нь гэж хэлсэн гэв.

 

хохирогч С.Пүрэвсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би өөрийн нөхөр Пүрэвбаатарын хамтаар газар худалдаж авахаар хайж байсан бөгөөд энэ талаараа хадам эгч Пүрэвжавд хэлж байсан юм. Тэгтэл Пүрэвжав эгч миний танил М.Б гэх эмэгтэй газар зарна гэж байна. Та нар яриад үзээч гэж хэлээд надад М.Б гэх хүний утасны дугаарыг нь өгөхөөр нь тэр утсаар нь холбоо барьсан. Тэгэхэд М.Б надад манайх одоогоос 3-н жилийн өмнө авсан одоогоор бичиг баримт нь гараагүй цайзын 57 дугаар гудамжинд байдаг газар байгаа, манайх өөрөө хашаа татаж аваад 00 ухсан байгаа гэж хэлсэн. Тэгэхлээр нь манай нөхөр Пүрэвбаатар эгч Пүрэвжавын хамтаар 2019 оны 4 дүгээр сарын сүүлээр очиж үзсэн. Үзээд боломжийн газар байна гэж надад хэлэхлээр нь би дараа нь очиж үзсэн. Үзэхэд гайгүй юм шиг байхаар нь бичиг баримтыг нь М.Бгаас асуусан чинь бичиг баримт нь гараагүй байгаа юм гэж хэлсэн. Ингээд газрынхаа үнийг ярихад та нар өөрсдөө газрынхаа гэрчилгээгээ гаргуулж авна гэвэл 2 сая, харин би өөрөө хөөцөлдөж өгөөд гэрчилгээг чинь гаргуулж өгнө гэвэл 2 сая 500 мянган төгрөгөөр өгнө гэж хэлсэн. Ингээд бид нар өөрсдөө бичиг баримтаа гаргуулж авнаа 2 сая төгрөгөөр авья гэж хэлээд газраа авсан. 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр би газрын мөнгөө М.Бгийн 5003700560 дугаартай дансруу 1 сая 850 мянган төгрөгийг шилжүүлсэн. Уг газар нь жаахан уулархаг газар байсан болохлоор газраа аваад жаахан янзлаад цахилгаан татуулахаар болсон. Ингээд Баянзүрх дүүргийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-д очиж уулзахад кадастрын зураг хэрэгтэй гэхээр нь кадастрын зураг гаргадаг компанид хандаж зураг гаргуулах гэсэн юм гэж хэлэхэд манай хашааны байрлалыг асуугаад үзчихээд энэ газар чинь өөр хүний нэр дээр байна гэж хэлсэн. Ямар хүний нэр дээр байгаа талаар нь асуусан чинь Нарантуяа гэх хүний нэр дээр байдаг газар байна гэж хэлсэн. Буцахад М.Бтай утсаар холбогдоход Нарантуяа гэдэг хүн бол хамаагүй. Миний газар байгаа юм. Зүгээр л очоод буу гэж хэлсэн. Ингээд би үгүй мөнгөө авья гэхэд мөнгийг маань өгөхгүй байгаа юм. Надад М.Б газар зарахдаа ямар нэгэн бичиг баримт өгөөгүй. Миний газар байгаа юм. Зөвшөөрөл нь гараагүй учраас хөөцөлдөж байгаа гэж хэлж байсан. Кадастрын зураг ч үзүүлээгүй юм. Тухайн үедээ би энэ газраа газрын албан дээр очиж шалгуулах уу гэж хэлэхэд М.Б мөнгө хэрэгтэй байна. Та нар авахгүй бол өөр хүнд өглөө гэжхэлээд байхаар нь би шалгуулахгүйгээр мөнгийг нь шилжүүлжихсэн юм... " гэх мэдүүлэг /хх-ийн 22-24х/,

гэрч Э.Пүрэвбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...мөнгийг манай эхнэр Пүрэвсүрэн 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр өөрийн 5030230759 гэсэн Хаан банкны данснаас М.Бгийн 500370056 дугаартай дансруу 1.850.000 төгрөгийг шилжүүлсэн. Газрын албаар уг нь шалгуулья гэж хэлээд манай эхнэр хөөцөлдөж байхад М.Б нь та нар авахгүй бол өөр хүнд зарлаа гээд байхаар нь яараад алдчихвий гээд л мөнгөө шилжүүлчихсэн юм. Түүнээс биш уг нь шалгуулаад авья гэж бодож байсан. Сүүлд нь газрын албаны 1 эмэгтэйг манай эхнэр өөрөө дагуулж очиж үззүүлээд Нарантуяа гэдэг хүний нэр дээр байгаа газар гэдгийг нь мэдсэн юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 25-27х/,

гэрч Ч.Нарантуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би 2012 оны  намар уг газрыг анх авсан. Аваад газраа тойруулаад шон хатгаад хашаа барихаар бэлдэж байсан. Би өөрөө ажилтай учраас тэр бүр очоод байж чадахгүй байсан бөгөөд хэсэг хугацааны дараа очиход манай хашааны шонг бүгдийг нь аваад хаячихсан байсан. Би тэр үед нь газрынхаа тойргоор машины хуучин дугуй тойруулаад зоож орхиод явсан ... би уг газраа үе үе эргэж шалгаад байдаг юм. 1 жилийн өмнө л байх. Би тэр манай газар дээр буусан айл хашаа татаж аваад жорлон ухаад дээр нь жорлон барьчихсан байсан би өөрөө уулзахаар очсон чинь хашаа нь хүнгүй эзэнгүй байсан. Ингээд уулзаж чадаагүй юм. .." гэх мэдүүлэг /хх-ийн 36-38х/,        

Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 11х/, Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 20х/, яллагдагч М.Бгийн мэдүүлэг /хх-ийн 41-44х/, Ч.Нарантуяагийн газар эзэмших гэрчилгээний хуулбар бусад холбогдох баримтууд /хх-ийн 84-104х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч М.Бг бусдын эзэмших эрхийн гэрчилгээтэй газарт дур мэдэн бууж, хашаа бусад байгууламжийг барьж байгуулан, амьдарч, оршин суухаа больсоныхоо дараа улмаар шунахай сэдэлтээр амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч С.Пүрэвсүрэнд 1.850.000 төгрөгөөр худалдан борлуулж залилсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Пүрэвсүрэнд учирсан 1.850.000 төгрөгийг шүүгдэгч М.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед бүрэн төлж барагдуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч М.Бд ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээхгүй байгаа байдал, хохиролыг нөхөн төлсөн, 1 нас 3 сартай хүүхэдтэй /хх-ийн 60х/ болох хувийн байдлыг нь тус тус харгалзан үзэж хорих ял оногдуулж, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж шүүх шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхэгт хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий харилцан ярианы бичлэг хийгдсэн байх тул хэрэгт нь үлдээх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

              1. Шүүгдэгч Боржигин овогт Моононгийн М.Бг бодит байдлыг нуух замаар, бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

             

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Бг 6 /зургаа/ сар хорих ял оногдуулсугай.

             

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

              4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан М.Бд 6 сар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.

             

              5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

              6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхэгийг хэрэгт үлдээсүгэй.

             

              7. Шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

             

              8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ