| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Цолмонбаатар |
| Хэргийн индекс | 102/2015/05546/И |
| Дугаар | 184/ШШ2016/00994 |
| Огноо | 2016-09-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 184/ШШ2016/00994
2016 оны 9 сарын 27 өдөр Дугаар184/ШШ2016/00994 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цолмонбаатар даргалж тус шүүхийн танхимд хуралдсан шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *****-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *****-д холбогдох
“Зээлийн гэрээний үүрэгт 108,800,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрдэнэцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн ******* нь ******* 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр түүний өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 7 дугаар байр 50 тоотод байрлах 44 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж 68,000,000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлдүүлж 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан.
Мөн зээлийн гэрээнд зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцсон. Зээлдэгч ******* нь зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй, нэг ч төгрөг эргүүлэн төлөөгүй ба зээл хөөцөлдөж байна, одоохон бүтлээ, шүүхэд битгий өгөөч гэж өнөөдрийг хүртэл хохироож байх тул түүнээс 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээл 68,000,000 төгрөг, зээлийн хүү 6,800,000 төгрөг, алданги 0,5 хувиар тооцон 34,000,000 төгрөг, нийт 108,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зээлийг эргүүлэн төлөх хугацаа өнгөрснөөс хойш өнөөдрийг хүртэл бодогдох алданги үндсэн зээлийн 50 хувиас хэтрэхээр байгаа тул 34,000,000 төгрөгийн алданги нэхэмжилж байна” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* бөгөөд хариуцагч ******* нь миний ээж юм. Бид 2015 оны 6 дугаар сард нэхэмжлэгч *******аас “Ариг банк” ХХК-ийн 68,000,000 төгрөгийн зээл хааж дахин зээл авах хүсэлтэйгээр өөрийн төрсөн ээжийн байрыг барьцаалан зээлээ хаалгасан. Тухайн үед би ар гэрийн асуудалтай байсан бөгөөд зээлээ хөөцөлдөх үед өмнөх зээлийн төлөлт муу гэсэн шалтгаанаар манайх Монгол банкны зээлийн муу ангилалтай гээд дахин банкнаас зээл гаргахгүй болсон. Энэ хугацаанд үүнийгээ зохицуулах гэж олон ч хүнээр хөөцөлдүүлж их хугацаа орсон боловч бүтэлгүй болсон. Нэхэмжлэгчийн зээлийг төлөх гэж зээлд зуучилдаг олон хүнээр хөөцөлдүүлсэн боловч энэ хугацаанд эдийн засгийн байдал хүндэрч орон сууцны үнэ буурснаар нэхэмжлэгчид өгөх хэмжээний өндөр зээл банк болон банк бус санхүүгийн байгууллагаас гаргахгүй болсон.
Сүүлдээ аргаа бараад Энэтхэг улс руу бөөрний донор болох хүсэлт гаргасан. Одоогоор хариу ирээгүй байна. Нэхэмжлэгч *******ыг одоо хүртэл хохироож байгааг ойлгож байна. Энэ байр миний байр биш миний ээжийн нэг насаараа хөдөлмөрлөж олсон байр, энэ байранд эмээ болох 80 настай хүн бага насны хүүхдүүдтэйгээ амьдарч байна
Бид зээл авсан боловч буцаан төлж чадаагүй ба нэг ч төгрөг төлөөгүй нь үнэн. Үндсэн зээл болох 68,000,000 төгрөгийг төлнө. Хүү алданги нь хэтэрхий өндөр байгаа учраас төлж чадахгүй” гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан үндсэн зээл 68,000,000 төгрөг, хүү 6,800,000 төгрөг, алданги 34,000,000 төгрөг, нийт 108,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч ******* нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу нэхэмжлэгч *******тай зээлийн гэрээ байгуулж, 68,000,000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай зээлж авсан бөгөөд зээлийн гэрээнд зээлийн хүүг 14 хоногт 10 хувь байхаар, зээлийг төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор талууд харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан зохигчдын хооронд байгуулсан 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээ, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч ******* нь зээлийн гэрээний дагуу 68,000,000 төгрөгийг *******аас зээлж авсан боловч гэрээнд заасны дагуу үндсэн зээл болон зээлийн хүүг төлөөгүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “… Бид зээл авсан боловч буцаан төлж чадаагүй ба нэг ч төгрөг төлөөгүй нь үнэн ...” гэсэн тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”, 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.1-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж тус тус заажээ.
Хууль болоод гэрээнд зааснаар хариуцагч ******* нь үндсэн зээл 68,000,000 төгрөг, зээлийн хүү 6,800,000 төгрөг, хугацаанд хэтэрсэн хоногт тооцогдох алданги 34,00,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч *******т төлөх үүрэгтэй байна.
Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн үндсэн зээлийн төлбөр 68,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрдөг боловч зээлийн хүү 6,800,000 төгрөг, алданги 34,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг татгалзаж буй үндэслэлээ “... эдийн засгийн байдал хүндэрч орон сууцны үнэ буурснаар нэхэмжлэгчид өгөх хэмжээний өндөр зээл олдохгүй болсон. Зээлийн хүү, алданги хэтэрхий өндөр байгаа учраас төлж чадахгүй ...” гэж тайлбарладаг боловч түүний энэхүү татгалзал тайбарын дагуу хүү болон алданги гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч *******ээс үндсэн зээл 68,000,000 төгрөг, хүү 6,800,000 төгрөг, алданги 34,000,000 төгрөг, нийт 108,800,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч *******ээс үндсэн зээл 68,000,000 төгрөг, хүү 6,800,000 төгрөг, алданги 34,000,000 төгрөг, нийт 108,800,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 701,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 701,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНБААТАР