Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 62

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч С.Энхтуул,

шүүгдэгч Н.Т,

нарийн бичгийн дарга Б.Солонго нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Отгон овогт Нарандэлгэрийн Н.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911004540014 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотын Багануур дүүрэгт төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа Эмээлт зах дээр мх нядалдаг ажил эрхэлдэг, ам бүл 5, ээж, 2 дүүгийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 14-6396 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Отгон овогт Нарандэлгэрийн Н.Т /РД: УЮ91040930/,

 

Шүүгдэгч Н.Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.Т нь 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Галсайхантай маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохих, өшиглөх зэргээр зодож түүний эрүүл мэндэд хамрын доор шарх, баруун сарвууны эрхий хуруунд шарх, баруун хөмсөг, зүүн хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

шүүгдэгч Н.Тийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: "... тэр өдөр Галсайхан, Түвшинжаргал 2-той таарсан. Тэр өдөр би Хараа нэртэй 0,5л савалгаатай архи аваад явж байсан чинь Галсайхан, Түвшинжаргал 2 Чулуут дэлгүүрийн үүдэнд таараад надаас архины мөнгө нэхсэн. Тэгэхээр нь би надад мөнгө байхгүй гэтэл тэгвэл авч яваа архинаасаа өгчих гэсэн. Тэр архийг би буудалд уух гэж байсан болохоор би тал архитай яаж очих юм гээд үгүй гэтэл Чулуут дэлгүүрийн арын гудамж руу намайг дагуулаад орсон тэгэхээр нь би Галсайханы нүүр лүү нэг удаа гараараа цохитол Галсайхан доошоо тонгойтол хөлөөрөө өвдөглөөд зугтаачихсан юм. Тэр өдрөөс хойш би Эмээлт зах дээр очиж мал нядлах ажил хийж эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46х/,

хохирогч Б.Галсайханы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 16 цаг өнгөрч байхад хуурай дүү Түвшинжаргалын хамт Чулуут дэлгүүрийн ертөнцийн зүгээр хойд талд хүн хүлээгээд зогсож байтал үл таних залуу ирээд хуурай дүү Түвшинжаргалын шилбэ рүү өшиглөж, нүүр лүү нь алгадаад байсан. Тэгэхээр нь би тэр залууд хандан чи болиоч ээ, яагаад байгаа юм бэ гэж хэлтэл тэр залуу чи юу юм бэ гөлөг минь гэж хэлээд намайг заамдаад авсан. Бид 2 зууралдаад намайг гудамж руу чирээд байсан, би аль болох нөгөө тал руугаа болоход аль гараараа гэдгийг нь мэдэхгүй байна, хамарны доод хэсэг рүү цохьсон. Тэр үед хэсэг ухаан балартаад газар унасан, газар унасан байгаад сэрэхэд тэр залуу нүүр лүү өшиглөсөн, би өшиглүүлчихээд босож ирээд тэр залууг барьж аваад чи яагаад байгаа юм бэ гэж хэлсэн. Миний хамарнаас битүү цус гарч байхад тэр залуу тоосон шинжгүй хаячихаад яваад өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 29х/,

гэрч О.Түвшинжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... ...би 2019 оны 01 дүгээр сарын 21-ний орой 16 цагийн орчим Галсайханы хамт Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт орших Хүчит шонхор гэх хүнсний захын зүүн талд байрлах Чулуут гэх нэртэй хүнсний дэлгүүрээс нэг шил Монгол стандарт гэх нэртэй 0,75 граммын шилэн савалгаатай архи худалдаж аваад дэлгүүрийн арын гудамжинд зогсож байгаад Галсайханы хамтууж дуусгачихаад гэр лүүгээ явж байтал Чулуут дэлгүүрээс жоохон доошоо явж байтал урьд зүс таних ах ирж байсан. Тэр ирж байсан ах нилээн халамцуу над руу ирээд чи ямар том болчихсон юм гээд цээж рүү баруун гараараа түлхсэн. Тэгтэл миний ард зогсож байсан Галсайхан ах чи манай дүүг яагаад дээрлэхээд байгаа юм гэж хэлсэн. Тэгтэл тэр зүс таних ах 2-лаа үзчихье гээд Галсайхан ах руу дайраад бариад авсан. Тэгээд чулуут дэлгүүрийн арын гудамж руу орсон.Тэгэхээр нь би салгах гэтэл тэр зүс таних ах чамд хамаагүй гээд баруун гараараа намайг түлхээд наашаа гудамж руу орсон. Тэгэхээр нь би утсандаа нэгж авахаар Чулуут дэлгүүр лүү орсон. Нэгж аваад арын гудамж руу ортол Галсайхан ах газар уначихсан зүс таних ах Галсайхан ахын нүүр лүү баруун хөлөөрөө өшиглөж байхаар нь би гүйж очоод та яаж байгаа юм бэ хүн аллаа ш дээ гээд салгаад Галсайханг босготол би гүйцээгээд өгье гээд Галсайхан ахын нүүр лүү нэг гараараа хоёр удаа цохиж байтал Галсайхан ах цагдаа дуудаарай гэхээр нь би утас гаргаад залгах гэж байтал тэр зүс таних ах зам дагаад хойшоо гүйгээд яваад өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 34-35х/,

Шинжээч эмчийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1739 дугаартай дүгнэлт: "... Б.Галсайханы биед хамрын доор шарх, баруун сарвууны эрхий хуруунд шарх, баруун хөмсөг, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна... гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Н.Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Н.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгол ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

              1. Отгон овогт Нарандэлгэрийн Н.Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Тийг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Н.Тийг торгуулийн ялыг төлөх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй,  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ