| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2020/0135/Э |
| Дугаар | 157 |
| Огноо | 2020-02-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Дэлгэрдалай |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 157
2020 02 21 2020/ШЦТ/157
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго,
улсын яллагч Б.Дэлгэрдалай,
шүүгдэгч Б.Б /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Боржигон овгийн Бямбажавын Б.Бд холбогдох эрүүгийн 2011000400115 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Боржигон овогт Бямбажавын Б.Б, 1997 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, ээрмэл үйлдвэрийн технологийн мэргэжилтэй гэх, хувиараа дуудлагын жолооч ажилтай гэх, Ам бүл-5-эцэг, эх, эгч дүү нарын хамтаар Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-7346 тоотод оршин суух хаягтай, урьд:
-Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 971 дүгээр шийтгэх тогтоолоор Б.Бат-Эрдэнийг бүлэглэн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн дээрэмдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 5 жил 1 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62.1, 62.2-д зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн, регистрийн дугаар .
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, "Далан давхар" оршуулгын газрын орчимд хохирогч М.Пүрэвээг "ломбарданд утас алдсан" гэж маргалдан нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж ""баруун зовхины гадна сорви" бүхий хөнгөн зэргийн гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,
Хохирогч М.Пүрэвээ нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 12 дугаар сарын 23-ны шөнийн 00 цагийн орчимд Өргөөгийн орчимд найз Тэмүүжингийн хамт наргиж цэнгээд явж байсан бөгөөд тухайн үед мөнгөгүй болчихоод найз Б.Бд виски байгааг санаад түүнээс вискийг нь авах зорилгоор утсаар залгаад хөгшөөн чи өөртөө байгаа Жак даниелс вискигээ зарах уу гэж асуутал тэр зарнаа, би хорооллын Номингийн уулзвар дээр машинтайгаа явж байна, чи хүрээд ир гэж хэлсэн....бид хоёр машинд нь суусан....Хөдлөөд явж байтал Б.Б нь надаас гар утсаа нэхээд "чи хүний утас аваад өгчихгүй" гээд л үглээд хэрүүл өдөөд яваад байсан....Учир нь Б.Б бид хоёр 2019 оны 12 сарын эхэн үеэр хамт шоудаж явж байгаад хоёулаа утсаа ломбарданд тавьчихсан юм. Тэгээд утаснуудаа авч чадахгүй ломбарданд алдчихсан юм. Тухайн үед би "ай фоне-5, Б.Б "ай фоне-7" загварын утаснуудаа ломбарданд тавиад алдсан юм. ..би ч урдаас нь чи өөрөө авахгүй яасан юм гээд уурласан байдалтай хэлж бид хоёр маргалдсан....Тэгтэл Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо зурагтын эцэс өнгөрөөд машинаа зогсоотол надтай хамт явж байсан найз Тэмүүжин шууд машинаас буугаад зугтаачихсан. Тэгтэл Б.Б машинаасаа буугаад намайг буугаад ир гэхээр нь буутал, намайг бүх хувцсаа тайл гээд дахиад маргалдсан. Тэгтэл Б.Б намайг хавираад унагаачихсан. Энэ үед Амарсанаа нь хараад зогсож байсан...Б.Б намайг уначихсан байхад босгоод цамцны захнаас зуурч далан давхрын хашаа руу чирч оруулаад миний нүүрэн тус газар баруун нүд рүү нэг удаа цохисон ба би цохиулаад шууд унасан...би бостол миний баруун хөмсөгнөөс цус гарч байсан ба бид гурав уг хашаанаас гараад тэр хоёр машиндаа суугаад явсан, би такси бариад шууд цагдаагийн хэлтэс дээр ирж гомдол гаргаад, цааш ГССҮТ-д очиж оёдол тавиулсан....Б.Б ...архи дарс уугаагүй байсан...ломбарданд утас алдсан асуудалдаа надад уурлаад ийм хэрэг болсон..." гэх мэдүүлэг /хх-ийн 4-5 дугаар хуудас/,
Гэрч А.Амарсанаа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 24-ний өдрийг шилжих шөнө 01 цагийн орчимд...Б.Б рүү түүний найз болох Пүрэвээ гэх миний зүс таних залуу залгаад Б.Бд байгаа вискиг зарчих худалдаж авья гэж ярьж байсан....02 цагийн орчимд...Пүрэвээ нь үл таних нэг найзтайгаа хоёулаа согтуу гарч ирсэн....Ингээд бид дөрөв манай гэрээс виски авахаар явцгаасан...явж байх замд Б.Б Пүрэвээд хандаж хөгшөөн би утсаа авья гэтэл Пүрэвээ би утсыг чинь зарчихсан, ахдаа зарчихсан гэтэл Б.Б чи яагаад миний утсыг зардаг юм гээд, нөгөөх нь ч аваад өгчихнө гээд хоорондоо хэрэлдээд маргалдаад яваад яваад байсан. Тухайн үед Б.Б машин барьчихсан явж байсан бөгөөд...70 давхрын оршуулгын газрын хашааны гадна машинаа зогсоогоод Б.Б буутал Пүрэвээ найзтайгаа хамт дагаж буусан. Тэгэхээр нь би араас нь буутал Пүрэвээгийн найз нь би хүн дуудаад ирье гээд гүйгээд зугтаачихсан. Тэгтэл Б.Б, Пүрэвээ хоёр хоорондоо цохилцоод зодолдоод эхэлсэн....Пүрэвээгийн зүүн эсвэл баруун хөмсөгнөөс нь цус гарч байсан харагдаж байсан. Тухайн үед ч гадаа харанхуй байсан учраас сайн анзаараагүй" гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн №1912 дугаартай шинжээчийн "...М.Пүрэвээд баруун зовхины гадна сорви тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй" гэх дүгнэлт /хх-ийн 12 дугаар хуудас/,
Шинжээч эмч Ц.Ганболдын "...Уг сорви бүхий гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эдгэрэлтийн явц байдлаас харахад шинэ сорви байсан." гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 12 дугаар сарын 23-ны орой 23-24 цагийн орчимд би найз Амарсанаа, Дөлгөөн нарын хамт гадуур машинтай явж байхад миний утас руу Пүрэвээ залгаж чамд байгаа вискиг худалдаж авъя гэсэн. Тэгээд би зөвшөөрөөд түүнийг хорооллоос очиж аваад вискигээ авах гээд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Зурагт руу явсан. Явах замдаа би Пүрэвээд хандаж ломбарданд тавьсан утас яасан гэж асуухад хугацаа нь дуусаад алдчихсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би уурлаад чи өмнө ч гэсэн миний утсыг ломбарданд тавиад алдаж байсан биз дээ гэтэл, урдаас юун сүртэй юм бэ, нэг утас алдсаны төлөө гээд тоохгүй байхаар нь миний уур хүрээд, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Зурагтын шинэ эцэс орчимд машинаа зогсоогоод, Пүрэвээ чамайг алнаа гэж хэлээд машинаасаа буугаад, Пүрэвээг буугаад ир гэсэн. Пүрэвээгш бууж ирэхэд нь түүнд хандаж наад хувцасаа тайл гэж хэлтэл, миний урдаас зүгээр байгаарай, яахаараа тайлдаг юм гэх зүйл яриад бид хоёр хоорондоо хэрэлдсэн. Энэ үед би түүнийг хөлөөрөө, хавирч унагаасан. Пүрэвээ уначихаад босоод ирэхээр нь түүний баруун нүд хөмсөг орчимд, зүүн гараа атгаж байгаад нэг удаа цохиод унагаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 18/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 16/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 33 дугаар тогтоол /хх 49/, шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 46/, хохирогч М.Пүрэвээгийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 47/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, "Далан давхар" оршуулгын газрын орчимд хохирогч М.Пүрэвээг "ломбарданд утас алдсан" гэж маргалдан нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж ""баруун зовхины гадна сорви" бүхий хөнгөн зэргийн гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/, хохирогч М.Пүрэвээгийн “...2019 оны 12 дугаар сарын 23-ны шөнийн 00 цагийн орчимд Өргөөгийн орчимд найз Тэмүүжингийн хамт наргиж цэнгээд явж байсан бөгөөд тухайн үед мөнгөгүй болчихоод найз Б.Бд виски байгааг санаад түүнээс вискийг нь авах зорилгоор утсаар залгаад хөгшөөн чи өөртөө байгаа Жак даниелс вискигээ зарах уу гэж асуутал тэр зарнаа, би хорооллын Номингийн уулзвар дээр машинтайгаа явж байна, чи хүрээд ир гэж хэлсэн...бид хоёр машинд нь суусан...Хөдлөөд явж байтал Б.Б нь надаас гар утсаа нэхээд "чи хүний утас аваад өгчихгүй" гээд л үглээд хэрүүл өдөөд яваад байсан...би ч урдаас нь чи өөрөө авахгүй яасан юм гээд уурласан байдалтай хэлж бид хоёр маргалдсан...Тэгтэл Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо зурагтын эцэс өнгөрөөд машинаа зогсоосон. Тэгтэл Б.Б машинаасаа буугаад намайг буугаад ир гэхээр нь буутал, намайг бүх хувцсаа тайл гээд дахиад маргалдсан. Тэгтэл Б.Б намайг хавираад унагаачихсан. Б.Б намайг уначихсан байхад босгоод цамцны захнаас зуурч далан давхрын хашаа руу чирч оруулаад миний нүүрэн тус газар баруун нүд рүү нэг удаа цохисон ба би цохиулаад шууд унасан..." гэх мэдүүлэг /хх-ийн 4-5 дугаар хуудас/, гэрч А.Амарсанагийн “...2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 24-ний өдрийг шилжих шөнө 01 цагийн орчимд...Б.Б рүү түүний найз болох Пүрэвээ гэх миний зүс таних залуу залгаад Б.Бд байгаа вискиг зарчих худалдаж авья гэж ярьж байсан... Б.Б Пүрэвээд хандаж хөгшөөн би утсаа авья гэтэл Пүрэвээ би утсыг чинь зарчихсан, ахдаа зарчихсан гэтэл Б.Б чи яагаад миний утсыг зардаг юм гээд, нөгөөх нь ч аваад өгчихнө гээд хоорондоо хэрэлдээд маргалдаад яваад яваад байсан. Тухайн үед Б.Б машин барьчихсан явж байсан бөгөөд...70 давхрын оршуулгын газрын хашааны гадна машинаа зогсоогоод Б.Б буутал Пүрэвээ найзтайгаа хамт дагаж буусан. Тэгэхээр нь би араас нь буутал Пүрэвээгийн найз нь би хүн дуудаад ирье гээд гүйгээд зугтаачихсан. Тэгтэл Б.Б, Пүрэвээ хоёр хоорондоо цохилцоод зодолдоод эхэлсэн....Пүрэвээгийн зүүн эсвэл баруун хөмсөгнөөс нь цус гарч байсан харагдаж байсан. Тухайн үед ч гадаа харанхуй байсан учраас сайн анзаараагүй" гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/, шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн №1912 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 12 дугаар хуудас/, шинжээч эмч Ц.Ганболдын "...Уг сорви бүхий гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эдгэрэлтийн явц байдлаас харахад шинэ сорви байсан." гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн “...2019 оны 12 дугаар сарын 23-ны орой 23-24 цагийн орчимд би найз Амарсанаа, Дөлгөөн нарын хамт гадуур машинтай явж байхад миний утас руу Пүрэвээ залгаж чамд байгаа вискиг худалдаж авъя гэсэн. Тэгээд би зөвшөөрөөд түүнийг хорооллоос очиж аваад вискигээ авах гээд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Зурагт руу явсан. Явах замдаа би Пүрэвээд хандаж ломбарданд тавьсан утас яасан гэж асуухад хугацаа нь дуусаад алдчихсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би уурлаад чи өмнө ч гэсэн миний утсыг ломбарданд тавиад алдаж байсан биз дээ гэтэл, урдаас юун сүртэй юм бэ, нэг утас алдсаны төлөө гээд тоохгүй байхаар нь миний уур хүрээд, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Зурагтын шинэ эцэс орчимд машинаа зогсоогоод бид хоёр хоорондоо хэрэлдсэн. Энэ үед би түүнийг хөлөөрөө, хавирч унагаасан. Пүрэвээ уначихаад босоод ирэхээр нь түүний баруун нүд хөмсөг орчимд, зүүн гараа атгаж байгаад нэг удаа цохиод унагаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч М.Пүрэвээ нь “...хохирлын ямар нэгэн маргаан байхгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, бид эвлэрсэн...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Иймд шүүх шүүгдэгч Б.Бат-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэв. Ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзав.
Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн Бямбажавын Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ