Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 6386

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, шар хад, 39 дүгээр гудамж, 600 тоот хаягт оршин суух Боржигон овогт Цэцгээгийн Баярсайхан /рд:ЦЕ74111811/,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, шар хад, 39 дүгээр гудамж, 600 тоот хаягт оршин суух Боржигон овогт Цэцгээгийн Отгонжаргал /рд:УК88061348/-ын гаргасан,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, туулын хэсэг, 16 дугаар гудамж, 5а тоот хаягт байрлах Жамъянжав овогт Нэргүйн Даваасүрэн /рд:УА80092209/-д холбогдох

 

Газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батдэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Халиун нар оролцов.

         

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Баярсайхан болон Ц.Отгонжаргалаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 тоот захирамжаар Ц.Баярсайхан болон Ц.Отгонжаргал нарт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөмд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 700 м,кв талбайтай газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр болсон юм.

 

Тус захирамжийн дагуу нэхэмжлэгч Ц.Баярсайхан 55 тоот, Ц.Отгонжаргал 54 тоот хаягт байрлах газрыг эзэмшихээр болж, Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас газар эзэмшигч этгээдүүдтэй гэрээ байгуулж, газрын кадастрын зургийг баталгаажуулж, мэдээллийн санд тусгасан.

 

Гэтэл хариуцагч Н.Даваасүрэн газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ, хэлэлцээргүй атлаа Ц.Баярсайхан болон Ц.Отгонжаргалын эзэмших эрхийг зөрчиж, нэхэмжлэгчдийн газар дээр байшин барьсан.

 

Бид, энэ талаар Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд мэдэгдэж, газрыг чөлөөлөх арга хэмжээ авахыг хүссэн ба энэхүү хүсэлтийн дагуу тус газраас хариуцагч Н.Даваасүрэнд шаардлага хүргүүлсэн боловч биелүүлэхгүй байх тул ийнхүү шүүхэд хандаж, албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргаж байна.

 

Иймд, нэхэмжлэгч Ц.Баярсайхан, Ц.Отгонжаргал нарын эзэмшил газрыг хариуцагч Н.Даваасүрэнгийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэв.

 

Хариуцагч Н.Даваасүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батдэлгэр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчдийн эзэмшлийн газарт хууль зөрчиж, байшин барьсан зүйл байхгүй, харин эдгээр хүмүүс өөрсдөө Газрын тухай хуулийг ноцтой зөрчиж, үгсэн хуйвалдаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан байдаг.

 

Н.Даваасүрэн болон Л.Цолмон гэж иргэнээс Баязүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны мэргэжилтэн Л.Гантөгсөд дээрх газрыг эзэмших хүсэлт өгөхөд тэрээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, өгөхгүй боломжгүй гэж хариу өгсөн атлаа нэхэмжлэгч Ц.Баярсайхан болон Ц.Отгонжаргалд газрыг олгосон байдаг.

 

Би, энэ талаар Л.Гантөгс, дарга Н.Батсүх нартай уулзаж, яагаад эдгээр хүмүүст газар эзэмших эрх олгосон талаар асууж, тодруулахад надад үндэслэлтэй хариу өгч чадаагүй.

 

Нэхэмжлэгчид тус газрыг эзэмшихдээ Баязүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд Газрын тухай хуульд заасан ямар бичиг баримтыг бүрдүүлж өгсөн, олгогдсон газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байсан зэрэг тодорхой бус зүйлүүд их бий.

 

Шүүхэд энэ талаар хүсэлт гаргаж, газар эзэмших хүсэлт өгөхөд бүрдүүлсэн баримтыг гаргуулъя гэхэд хүлээн авахаас татгалзсан.

 

Н.Даваасүрэнгийн хувьд 25,000,000.00 төгрөгөөр байшингаа барьж, босгосон ба Ц.Баярсайхан, Ц.Отгонжаргал нарт эзэмших эрх олгохоос өмнө 54, 55 тоот газарт байшингаа барьсан байсан.

 

Гэтэл Баязүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас эдгээр хүмүүс газар олгохдоо тухайн олгох гэж буй газарт байшин барьчихсан байхад яагаад газрыг олгосон нь ойлгомжгүй байдаг.

 

Газрын тухай хуульд зааснаар газар олгоход кадастрын зураг хийхэд газар дээр очиж, шалгадаг бөгөөд маргааны зүйл болсон 2 газар дээр байшин барьчихсан байхад яагаад ийнхүү газар олгосон нь ойлгомжгүй, Газрын тухай хуулийг шууд зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа юм.

 

Угаас, хариуцагч Н.Даваасүрэн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны иргэн бөгөөд тэрээр хорооны Засаг даргатай уулзаж, тухайн газарт байшин барих талаар хэлж, зөвшилцсөний үндсэн дээр байшин барьсан.

 

Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын гаргасан тайлбарыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Баярсайхан, Ц.Отгонжаргал нар хариуцагч Н.Даваасүрэнд холбогдуулан хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Н.Даваасүрэн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батдэлгэрийн зүгээс нэхэмжлэлийг үл хүлээн зөвшөөрч, татгалзаж байна.

 

Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт шүүхээс 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр болон 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр тус тус иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулжээ.

 

Зохигчид Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөмд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгосон 700 м,кв талбайтай 54, 55 тоот хаягт байрлах газарт хариуцагч Н.Даваасүрэн дамнуулан байшин барьсан үйл баримтын талаар маргахгүй байгаа бөгөөд хариуцагч тал гагцхүү газар эзэмших эрх олгосон эрх бүхий этгээдийн үйл ажиллагааг хууль бусаар явагдсан хэмээн мэтгэлцэж байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Ц.Баярсайхан, Ц.Отгонжаргал нарт Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 тоот захирамжаар Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөмд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 700 м,кв талбайтай газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр болжээ.

 

Энэхүү захирамжийн дагуу Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас Ц.Баярсайханд 000591829 тоот, Ц.Отгонжаргалд 000591826 тоот дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож, тэдгээртэй Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай гэрээг байгуулсан байна.

 

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заажээ.

 

Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар газрыг зөвхөн хуульд заасны дагуу эзэмшиж ашиглах бөгөөд Төрийн өмчийн газрыг Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэх эрх үүсгэх, эрхийг цуцлах, дуусгавар болгох харилцаа гагцхүү хуулиар бий болж, зохицуулагдах юм.

 

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т "Газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг” ойлгоно гэжээ.

 

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлд зааснаар хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ гэж заасан нь зөвхөн хууль болон гэрээнд заасан үндэслэлээр эзэмших эрх үүсч, эрх зүйн үр дагавар буюу шаардах эрх бий болох юм. 

 

Иймд, хэрэгт авагдсан баримт, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч Ц.Баярсайхан, Ц.Отгонжаргал нар маргааны зүйл болсон газрыг Газрын тухай хуульд заасан үндэслэлээр эзэмшсэн байх тул тэдгээрийг хууль ёсны эзэмшигч гэж үзэв.

 

Харин хариуцагч Н.Даваасүрэн нь Ц.Баярсайхан болон Ц.Отгонжаргалын эзэмшлийн газарт байшин барьсан үйлдэл зөвшөөрөгдсөн байсан гэдэг нь баримтаар нотлогдохгүй байгаагаас гадна тэрээр тухайн газрыг эзэмших эрхгүй этгээд ажээ.

 

Учир нь, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт болох Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1082 тоот албан бичиг, 146656 тоот дугаартай албан шаардлага, 162 тоот дугаартай Хариу мэдэгдэл болон зохигчдын шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбараас тус тус дүгнэвэл хариуцагч Н.Даваасүрэн маргааны зүйл болсон газарт байшин барихдаа Газрын тухай хуульд заасан үндэслэлээр газрыг эзэмшээгүй, эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр байшин барьсан нь тогтоогдож байна.

 

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан.

 

Нэгэнт хариуцагч Н.Даваасүрэн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар эрхийн гэрчилгээгүй, зөвшөөрөлгүйгээр газар эзэмшиж буй этгээд тул тэрээр хууль бус буюу шударга бус эзэмшигч юм.

 

Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-д “Шударга бус эзэмшигч нь эрх бүхий этгээдэд эд хөрөнгө, эсхүл эрхийн үр шимийг буцааж өгөх, хэрэв өөрийн буруугаар үр шимийг олж авч чадаагүй бол олох ёстой байсан үр шимийг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан.

 

Энэ нь, тухайн эд зүйлийг эзэмшиж буй үйлдлээ хууль бус болохыг мэдсэн буюу мэдэх боломжтой байсан хууль бус эзэмшигчийн хүлээх үүрэг бөгөөд  Н.Даваасүрэн маргааны зүйл болсон газрыг эзэмших эрхгүй этгээд байх тул тэрээр газрыг эрх бүхий этгээдэд буцааж өгөх үүрэгтэй болно.

 

Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, 57.3-д тус тус зааснаар зохих зөвшөөрөлгүйгээр барилга, байгууламж барьсан тохиолдолд харьяа сум, дүүрэг, аймаг, нийслэлийн Засаг даргын зүгээс тухайн этгээдэд чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгөх, заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй тохиолдолд газрыг албадан чөлөөлөх арга хэмжээг авахаар зохицуулсан байдаг.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас хариуцагч Н.Даваасүрэнд газрыг чөлөөлөх талаар албан шаардлага өгсөн боловч тэрээр тухайн шаардлагыг үл биелүүлж, газрыг чөлөөлөөгүй байна.

 

Гэвч Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу газрыг шударгаар эзэмшиж буй этгээд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т заасны дагуу өөрийн эзэмшлээ бусдын хууль бус эзэмшлээс шаардах, эрх нь зөрчигдсөн хэвээр байвал шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т зааснаар зөрчигдсөн эрхээ хамгаалуулах эрхтэй юм.

 

Нэгэнт хэрэгт авагдсан баримт болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч Ц.Баярсайхан, Ц.Отгонжаргал нар маргааны зүйл болсон газрыг хуульд заасан үндэслэлээр эзэмшсэн, хариуцагч Н.Даваасүрэн хууль бус эзэмшигч байх тул шүүхээс Ц.Баярсайханы эзэмшлийн 18659312187686 нэгж талбарын дугаартай газрыг, Ц.Отгонжаргалын эзэмшлийн нэгж талбарын 18659312214692 дугаартай газрыг хариуцагч Н.Даваасүрэнгийн хууль бус эзэмшлээс чөлөөлөхөөр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Ц.Баярсайханы эзэмшлийн 18659312187686 нэгж талбарын дугаартай газрыг, Ц.Отгонжаргалын эзэмшлийн нэгж талбарын 18659312214692 дугаартай газрыг тус тус хариуцагч Н.Даваасүрэнгийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.  

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Баярсайхан болон Ц.Отгонжаргалаас  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200.00 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Даваасүрэнгээс 140,400.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Баярсайханд 70,200.00 төгрөг, нэхэмжлэгч Ц.Отгонжаргалд 70,200.00 төгрөгийг олгосугай.  

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МАНДАЛБАЯР