Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 18

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг,

Улсын яллагчаар хяналтын прокурор Н.Мөнхбат

Шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч Б.Ариунжаргал,

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.А-д холбогдох 1816002740005 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч авч хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Э.А нь 2018 оны 07 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт байрлах BSB электрон барааны дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж, 11.239.000 төгрөгийн гар утаснууд хулгайлсан,

Мөн Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлэн ял эдэлж байх үедээ буюу 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар Говь-Алтай аймаг дахь цагдан хорих байрнаас гадуур авч гарах хугацаанд санаатайгаар оргон зайлсан гэх гэмт хэргүүдэд холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүгдэгч Э.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: 2018 оны 07 дугаар сарын 16-ны орой 48 дугаар байрны доод талд байдаг БСБ электрон барааны дэлгүүрийн цонхоор орж нийт 17 ширхэг гар утас авсан. Нөгөөдөр нь Улаанбаатар хотод очиж авсан гар утаснуудаа зарсан. Явахаасаа өмнө Н.А гэдэг хүнд 1 гар утас зарсан. Оргон зайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Энэ талаар өөр нэмж ярих зүйл байхгүй гэв.

Нэг. Шүүгдэгч Э.А нь 2018 оны 07 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт байрлах BSB электрон барааны дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж, 11.239.000 төгрөгийн гар утаснууд хулгайлсан гэх гэмт хэрэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 139-143-р хуудас/, Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 151-154, 167-168, 172-р хуудас/, эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 219-р хуудас/, Таньж олуулах ажиллагаа явуулсан "...Хэрэг бүртгэлтийн 181600165 тоот хэргийн гэрч Н.А-д 1-ээс 6 хүртэл дугаарласан 6 тооны эрэгтэй хүний зураг үзүүлэхэд 2 дугаартай зургийг 2018 оны 07 сарын 22-ны өдөр Шинэ-Алтай захын 56 тоот дэлгүүрт байхад надад Самсунг Галакси жи-2 маркийн шаргал өнгийн гар утсыг 80.000 төгрөгөөр худалдсан хүн мөн байна гэж зааж байв. Гэрч Н.Ариунаагийн мөн байна гэж зааж байгаа 2 дугаартай Э.А нь тус гэмт хэрэгт сэжиглэгдсэн этгээд болно. Гэрч Н.Ариунаа нь 2 дугаартай Э.Алтандөлийн зургийг үсний засалт хэлбэр болон царайны төрхөөр таньсан гэж хэлэв..." гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1-р хх-ийн 155-163-р хуудас/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан "...Таньж олуулах ажиллагааг 1А, 2Б гэсэн 2 ширхэг цаасан дээр нэр дурдагдсан дарааллаар байрлуулсан бөгөөд тухайн зургийг гэрч Л.Сүх-Эрдэнэд харуулахад 1А гэсэн зургийн 3 дугаар дээр тэмдэглэгдсэн зургийг, 2Б дугаартай зургийн 5 дээр тэмдэглэгдсэн зургийг харж заасан бөгөөд энэ залуугийн зураг адилхан харагдаж байна гэхдээ энэ зураг дээр их үстэй байна. Харин надтай таарах үедээ үсээ засуулсан байсан юм гэж тайлбарлав. Мөн гэрч Л.Сүх-Эрдэнэ нь одоо санаж байхад тэр залуу өөрийгөө Говь-Алтай аймгаас ирсэн гэж байсан бөгөөд бид 2 замдаа Говь-Алтай аймгийн сайхан газар нутагтай талаар ярилцаж явсан юм..." гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1-р хх-ийн 173-177-р хуудас/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.А-н "...Би 2018 оны 07 сарын 17-ны өглөө 11 цагт дэлгүүрээ нээж дотогш ортол үүдэн талд байх цонх онгорхой хөшиг нь нээгдсэн, дэлгүүрийн шалаар зарж байсан гар утаснуудын хайрцаг сав хөглөрсөн, миний суудаг ширээний шургуулгыг онгойлгож сандайлсан байсан. Тус утас дотор самсунг галакси жи -2 утас 2018 оны загвар 2 ширхэг тус бүрийн үнэ 399.000 төгрөг, самсунг галакси жи -3 утас 2016 оны загвар 4 ширхэг тус бүрийн үнэ 399.000 төгрөг, самсунг галакси жи -7 шинэ загварын утас 5 ширхэг тус бүрийн үнэ 579.000 төгрөг, самсунг галакси жи -7 утас 2017 оны загвар 2 ширхэг тус бүрийн үнэ 499.000 төгрөг, самсунг галакси жи -5 утас 2017 оны загвар 2 ширхэг тус бүрийн үнэ 629.000 төгрөг, самсунг галакси жи -3 утас 2016 оны загвар 2 ширхэг тус бүрийн үнэ 399.000 төгрөг, самсунг галакси жи -6 утас 1 ширхэг 739.000 төгрөг, самсунг галакси жи -4 утас 1 ширхэг үнэ 579.000 төгрөг, нийт 11.239.000 төгрөгийн хохирол учирсан..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 181-182-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Н.А-н "...2018 оны 07 сарын 22-ны өдөр 14-15 цагийн хооронд 15-20 насны цагаан өнгийн малгайтай цамц, хар өнгийн саравчтай малгай өмссөн хүүхэд орж ирээд эгчээ гар утас авах уу? Манай аав надад утас өгч явуулсан, би өөрөө гар утастай юм, надад илүү байгаа юм гээд жи-2 маркийн гар утас 80.000 төгрөгөөр надад зарчхаад явсан юм...тухайн залуу нь 5-7 см урт хар үстэй, цагаан царайтай, хүний нүдэнд туссан царайтай залуу байсан юм. Намайг утсыг нь худалдаж авч байхад тухайн залуу нь хар өнгийн малгайгаа аваад үсээ янзлах үед нь царайг нь сайн харсан юм...утас худалдаж авсан 80.000 төгрөгөө гаргуулж авсан тохиолдолд санал, хүсэлт байхгүй..." гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 184-185-р хуудас/,

Н.А-н гэрчээр өгсөн "...2018 оны 07 сарын 22-ны өдөр 14-15 цагийн хооронд Шинэ Алтай зах дээр өөрийн 56 тоот дэлгүүртээ сууж байтал цагаан өнгийн малгайтай цамцтай, хар өнгийн саравчтай малгай өмссөн дунд зэргийн нуруутай цагаан царайтай залуу орж ирээд би эндээс жи-2 маркийн утас худалдаад авчихсан байсан чинь аав надад бас нэг утас өгөөд явуулчихсан байна. Надад мөнгөний хэрэг болоод байна. Та энэ утсыг хямдхан 80.000 төгрөгөөр авчих гэж хэлсэн. Тэгээд намайг яаруулсаар байгаад 80.000 төгрөгөөр зарчхаад яваад өгсөн...би тус гар утсанд өөрийн 98302662 дугаар, 86776116 дугааруудыг хийж ашигласан..." гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 188-190-р хуудас/,

Гэрч Д.Б-ын "...би 2018 оны 07 сарын 16-ны шөнийн 23 цагт ах Д.А-ийн хамтаар Оргил баг 48-р байрны 3-21 тоотод үйл ажиллагаа явуулдаг БСБ цахилгаан барааны дэлгүүрээ хаагаад явсан юм. Тэгээд би 2018 оны 07 сарын 17-ны өглөө эрт унтаж байтал манай ах Д.А миний утас руу 99061958 дугаараас залгаад дэлгүүрт хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд би иртэл дэлгүүрийн баруун тийш харсан 2 цонхны хойд талын цонхны порчик нь онгойсон, лангуун дээр байсан шургуулгатай эд зүйлийг эмх цэгцгүй болгож бүх зүйлийг тарааж орхисон байсан...манай дэлгүүрээс 21 ширхэг Самсунг Галакси маркийн гар утаснууд алдагдсан...нийт 11.239.000 төгрөгийн хохирол учирсан..." гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 198-199-р хуудас/,

Гэрч Ц.Г-н "...миний бие 2018 оны 07 сарын 27-ны өдөр Нарантуул зах дээр цагны зай сольдог наймаа хийдэг миний хажуу талд зогсдог 40 орчим насны зүс үл таних 1 залуугаас 35272509392850 имай кодтой гар утсыг 70.000 төгрөгөөр авч ашигласан..." гэх мэдүүлэг/1-р хх-ийн 203-р хуудас/,

Гэрч Ж.А-ийн "...миний бие 2018 оны 08 сарын 10-ны өдөр Нарантуул зах дээрээс гар утас зардаг хүнээс 280.000 төгрөгөөр жи-7 маркийн бор шаргал корпустай 352725099392850 имай кодтой шинэвтэр гар утсыг худалдан авч 88958278 дугаарыг хийж ашигласан..." гэх мэдүүлэг/1-р хх-ийн 204-р хуудас/,

Гэрч Л.С-ийн "...2018 оны 08 сарын 05-наас 07-ны хооронд байх цаг хугацааг нь тодорхой санахгүй байна. 3, 4 дүгээр хорооллын тэнд Ахуй үйлчилгээний автобусны буудал дээр таксинд явах гээд зогсож байхад нэлээд цэвэрхэн царайтай, гайгүй сайхан хувцасласан чинээлэг айлын хүүхэд байх гэмээр нэг залуу таксинд суусан. Тэр залуу Улиастай явна, би тэр газрыг мэдэхгүй, та тэр газрыг мэдэх үү? Гэсэн. Би мэднэ гэхэд Улиастайн цаана Хужир булан гэх газарт манай найз охин байгаа, намайг дуудсан гэж хэлсэн. Тэгэхдээ тэр залуу манай найз охин өөрөө машинтай боловч архи уусан байна. Намайг такси бариад ир гэж хэлсэн гэсэн. Тэр хүүхэд нэлээд яриатай хүүхэд байсан бөгөөд би тэр залууд таксины мөнгө нэлээд их гарна гэдгийг хэлсэн чинь мөнгө чухал биш гэсэн бөгөөд замдаа явахдаа Хужир булан хүрэхэд 20.000 орчим төгрөг гарна гэдгийг хэлэхэд мөнгө хүрэхгүй юм байна гэж хэлээд ботаникийн эцэс дээр буусан. Нөгөө хүүхэд дэлгүүр лүү яваад орсон түүнийг би харсан. Би тухайн газраас буцаж яваад чулуун овооны тойрог дээр ирэхэд машины ар талд гар утас байгааг харсан. Тэгээд буцаж ботаникийн буудал дээр ирээд нөгөө хүүхдийг хайсан боловч олоогүй..." гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 208-209-р хуудас/, эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 208-209-р хуудас/,

Хоёр. Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлэн ял эдэлж байх үедээ буюу 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар Говь-Алтай аймаг дахь цагдан хорих байрнаас гадуур авч гарах хугацаанд санаатайгаар оргон зайлсан гэх гэмт хэрэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Гэрч Ц.Х-ын "...2018 оны 12-р сарын 06-ны өдөр би хэрэг бүртгэлтийн 181600274 дугаартай хэрэгт гэрч Э.Аптандөлийн хулгайлсан гэх 32 инчийн ВSВ маркийн зурагтыг хаана зарсан талаар нь мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс Эрүүгийн ахлах мөрдөгч, ахмад М.Л-ийн хамт прокурорын зөвшөөрлөөр авч явсан юм. Тэгээд Э.Алтандөл хулгайлсан 32 инчийн зурагтыг П гэх хүнээс түр хураан авч Цагдаагийн газар ирэх үед Эрүүгийн ахлах мөрдөгч, хошууч М.Лхагвасүрэн нь гэрч Э.А-с мэдүүлэг авахаар дагуулж явсан юм. Тэгээд 18 цагийн үед Э.А-ийг оргосон талаар мэдсэн юм...Мэдүүлгийг газар дээр нь шалгах зорилгоор өдрийн 13 цагийн үед авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэсийн цагдан хорих байрнаас авч гарсан юм...Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрээр эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулан ажилласан... Би Э.А-ийг цохиж зодож дарамталсан зүйл байхгүй. Цагдаагийн газрын түр саатуулах байрны нойлын цонхоор гарч зугтсан...Хэсгийн төлөөлөгч ахмад Т.П тухайн үед дагуулж явсан юм...Яг хэдэн цагаас авчирч хүлээлгэн өгнө гэсэн зүйлгүй байсан юм..." гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 36-37-р хуудас/,

Гэрч Т.П-ын "...2018 оны 12 сарын 06-ны өдөр би ажил дээр Эрүүгийн ахлах төлөөлөгч, хошууч М.Лхагвасүрэнгийн өрөөнд байж байхад Э.А-ийг цагдан хорихоос гаргасан төлөөлөгч нар уулзааад яваад байсан. Мөрдөгч, ахмад Ц.Хадбаатар бас уулзаад байсан. Би цагдан хорихоос гаргаагүй. Тэгээд 17 цаг 30 минутын үед эрүүгийн ахлах төлөөлөгч М.Лхагвасүрэн намайг Э.А-ийг дагуулаад гарч бай, хулгай хийсэн пүүзнүүдийг нь гэрээс нь дагуулж очиж гаргаж авна гэж хэлсэн. Тэгээд дагуулж гараад эрүүгийн ахлахын хувийн авто машинд сууж байсан. Машинд эрүүгийн ахлахыг хүлээгээд 30 орчим минут болсон. Машин хүйтэн байсан тул хоёулаа дотор дулаахан байж байя гээд эрүүлжүүлэх саатуулах байранд түр орсон. Тэгээд ороод үүдний коридорт сууж байгаад Э.А-ийг нойл оръё гэхээр нь нойл руу явуулсан. Гадаа нь 3 орчим минут хүлээгээд гарч ирэхгүй байхаар нь хаалгыг нь татсан. Цоожтой байсан. Хаалгыг эвдээд онгойлгуулж ороход байхгүй байсан. Цонх онгорхой байсан. Тэгээд эрүүгийн ахлах Л-н хошууч ирж таарсан. Тэгээд гадуур эрэн хайж эхэлсэн. Цонх нь гаднаасаа ямар нэг хамгаалалтгүй байсан. Хойд толгой, найз нөхөд хань харилцааг нь тогтоож, төрсөн эцэг Э-тэй нь утсаар холбогдсон, очих магадлалтай газруудаар нь эрж хайсны эцэст цагдаагийн алба хаагч нар олсон..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 41-42-р хуудас/,

Гэрч Т.Г-ы "...2018 оны 12 сарын 06-ны орой гэртээ амарч байхад Цагдаагийн газрын жижүүрийн 7048102 дугаарын утаснааас залгаж Ц-111 дохиогоор цугларахаар болсон гэж мэдэгдээд албаны бэлэн байдлаа ханган Цагдаагийн газарт 20 цаг 50 минутанд ирсэн. Тэгээд яллагдагч Э.А нь оргосон тул эрүүгийн ахлах, хошууч Л, ахлагч Б нарын хамт чиглэл авч эрэн хайж яваад 06 цаг өнгөрч байхад А-г хамаатных нь гадаа отолт зохион байгуулан баривчилсан юм..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 43-р хуудас/,

Гэрч Б.Б-ын "...2018 оны 12-р сарын 06-ны өдөр 18 цагийн үед эрүүгийн ахлах төлөөлөгч, хошууч Л над руу залгаад хаана байна, ажил дээр хурдан ирэх тушаал өгсөн юм. Тэгээд намайг ирэхэд яллагдагч А нь оргосон. Нохойгоор мөр хөөлгөж чиглэл тогтоолгохоор болж нохой тавихад А Жаргалант баг руу явсан чиглэл гаргасан юм. Тэгээд Ц-111 дохиогоор цугларч, нохой тавьж чиглэл тогтоож хаана байгааг нь олж тогтоон эрүүгийн ахлах, хошууч Л, ахлагч Г нарын хамт чиглэл авч эрэн хайж яваад 06 цаг өнгөрч байхад А-ийг хамаатных нь гадаа отолт зохион байгуулан баривчилсан юм. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төв болон очиж болох бүх газраар нь бас аймгийн байрнуудын подвол зэрэг газраар хайсан юм. Авга ахынх нь гэрт ирэх үед нь дайчлан баривчилсан юм..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 44-45-р хуудас/, ы

Гэрч Г.О-ийн "...2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр би эрүүлжүүлэх, баривчлах байран дээр жижүүрийн цагдаагаар ажиллаж байсан. Тухайн өдрийн 17 цагийн үед байх цагийг нь сайн санахгүй байна. Цагдаагийн ахмад Т.П улаан цамцтай залууг гаднаас дагуулж орж ирсэн. Уг залууг коридорийн сандал дээр суулгачихаад цаашаа үзлэгийн өрөө лүү орсон. Орж гарч ирчхээд миний суулгасан залуу хаачсан бэ? Гэж надаас асуухаар нь би мэдэхгүй гэж хариулсан. Тэгээд нөгөө залуу нь алга болчихсон байсан...А нь 00-ийн өрөөнд ороод цонхоор нь гараад явчихсан байсан. Тухайн үед би жижүүрт гарч байсан болохоор 00-ийн өрөөг түлхүүрээр онгойлгоход цаад талын порчикны цонх нь онгорхой байж байсан. 00-ийн өрөөний цонх хамгаалалтын төмөр байхгүй байсан..." гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 44-45-р хуудас/,

Гэрч Л.М-ий "...2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр би эрүүлжүүлэх, баривчлах байранд жижүүрт гарч байсан. Тухайн өдрийн 17 цагийн уед байх цагийг нь сайн санахгүй байна. Жилийн эцсийн тайлан, мэдээ гаргаад сууж байхад гаднаас цагдаагийн ахмад Т.П орж ирсэн. Тухайн үед ганцаараа манай өрөөнд орж ирсэн. Тэгээд удалгүй П коридорт сууж оайсан хүнийг үзсэн үү гэж асуусан. Тэгэхээр нь би үзээгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь коридорт сууж байсан улаан цамцтай залуу алга болчихсон байна гэхээр нь би хойд талын засмал дээр П цагдаагийн газрын урд хаалгаар гарч хайгаад олоогүй...Алтандөлийг алга болсныг орой түргэн цугларалтаар мэдсэн. П гаднаас дагуулж орж ирээд коридорт сууж байсан юм байна лээ. Тэгсэн нөгөө залуу нь манай ажилчдын 00-ийн өрөөрүү ороод дотроосоо цоожлоод цонхоор гарч явсан гэж байсан..." гэх мэдүүлэг /2-р хх-ийн 46-47-р хуудас/,

Гэрч С.О-ын "...2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт харуул, хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан. Намайг жижүүрт гарч байхад дэд дарга П, А-ийг зам шалгалтаар авч явна гэж хэлсэн бөгөөд хошууч Л, ахмад Х нар ирж авч явсан...2018 оны 12 сарын 06-ны өдөр 12 цаг 40 минутанд авч явсан бөгөөд маргааш нь буюу 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 08 цагт хүлээлгэн өгсөн...Тухайн үед Цагдаагийн газрын хашаанаас оргосон гэж байсан..." гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 48-49-р хуудас/,

Гэрч Г.У-ийн "...2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр цагдан хорих байранд үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн үед зам шалгалтаар хошууч Л, ахмад Х нарт хүлээлгэн өгсөн...2018 оны 12 сарын 06-ны өдөр 12 цаг 40 минутанд хүлээлгэн өгч 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 08 цагт хүлээн авсан... Цагдаагийн газрын хашаанаас оргосон гэж байсан..." гэх мэдүүлэг /2-р хх-ийн 50-51-р хуудас/,

Гэрч Б.Ц-ын "...2018 он 12 сарын 06-ны өдөр 18 цагийн үед манай гэрт Алтандөл орж ирсэн. Тухайн үед би Алтандөлөөс чи яав, юу болов? Гэж асуухад А нь юм хэлэлгүй телевизний хажууд цэнэглэж байсан 1рhonе-5 маркийн гар утсыг аваад гарсан. Тэгээд аваад гарахаар нь би араас нь гарч харахад хашааны үүдэнд 1 такситай ирсэн байсан. Тэр таксиндаа суугаад явсан. Би тухайн үед их л яарч яваа юм байлгүй гэж бодсон..." гэх мэдүүлэг /2-р хх-ийн 52-53-р хуудас/,

Гэрч Д.З-ийн "...2018 он 12 сарын 06-ны өдөр гэртээ байж байхад 18 цагийн үед манай гэрийн үүдийг хүн цохихоор нь онгойлгож өгөхөд үүдэнд А зогсож байсан. Тэгээд надаас Амбуу /Л.../ байгаа юу гэж асуухад нь би байхгүй гэж хэлсэн. Тэгээд хаана байгаа гэж асуухаар нь Сэлэнгэ аймгийн Мандал суманд байгаа гэж хэлсэн. Тэгээд танайд хүн байгаа юм уу гэж асуухад би байгаа гэж хэлэхэд хариу хэлээгүй байх сайн санахгүй байна...Надаас куртик, юнител 88700542 дугаарын сим карт авсан. Хавар намрын улаан куртиктэй байсан. Куртикээ түр өгчих гэхээр нь би өөрийн өмсдөг хар хөх өнгийн куртикээ өгсөн...Тухайн үед надаас илүү сим байна уу гэхээр нь би Алтандөлд өгсөн...Надаас мөнгө асуусан. Тэгэхээр нь би мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэгээд би таксидаад явж байна. Таксины 2000 төгрөг байна уу гэхээр нь байхгүй гэж хэлээд явуулсан..." гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 54-55-р хуудас/,

Гэрч М.Л-н "....2018 оны 12 сарын 06-ны өдөр Алтандөлийг Дэгжин салоноос 32 инчийн LCD зурагт хулгайд алдагдсан гэх хэрэг бүртгэлтийн 181600274 дугаартай хэрэг дээр зам шалгалтын маршрут шалгах, бусад төрлийн гэмт үйлдлийг шалгаж, тогтоох зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн цагдан хорих байрнаас 12 цаг 40 минутанд мөрдөн байцаах тасгийн мөрдөгч Ц.Х-н хамт зам шалгалтыг хийж, зурагт зарсан газраас хулгайд алдагдсан зурагтыг хураан авч, Гутал шоп дэлгүүрээс пүүз хулгайлсан үйлдэлд өөрийнх нь гэрээс пүүзийг нь эд мөрийн баримтаар хураан авахаар гарах үед Э.Алтандөл нь бие засмаар байна гэхээр нь Чандмань сумын хэсгийн төлөөлөгч П-ын хамт саатуулах байрны 00 оруулах үед саатуулах байрны 00-ийн өрөөг дотроос нь цоожлоод цонхоор нь гараад зугтчихсан байсан. Тэгээд нохой хөтлөгч цагдаа Б.Б-д нохойгоор мөр тавиулж, ахлах мөрдөгч Ч.Л, Т.Д, эрүүгийн төлөөлөгч Х.М, Д.Э, Хэсгийн төлөөлөгч Д.С, Т.П, П.У нарын 4 хэсэгт хуваагдан хайсан. Тэгээд хайгаад олоогүй тул цагдаагийн газрын даргад мэдэгдэж, алба хаагч нарыг Ц-111 дохиогоор цуглуулж, 8-н чиглэлд алба хаагчдыг хуваарилан аймгийн хэмжээнд эрэн хайсан. Замын цагдаагийн 5-н чиглэлд 10-н алба хаагч ажиллуулсан. Тэгээд дэд ахлагч Ч.Г, Б нартай отолт хийн авга ах Д-ээс өглөөний 06 цаг 30 минутын орчимд баривчилсан..." гэх мэдүүлэг /2-р хх-ийн 56-57-р хуудас/,

Гэрч Ч.Д-ийн "...2018 он 12 сарын 06-ны өдрийн орой 19 цагийн үед байх манай хажуу талын айлыг 2 цагдаа цохисон юм. Тэгэхээр нь хаалгаа онгойлгоод хажуу айлын хүнээс хүн орж ирсэн үү гэж асууж байсан. Би өмнө нь А-ийг оргосон талаар сонсчихсон байсан болохоор тэр 2 цагдаад ирвэл манайд ирнэ. Гэхдээ надаас айгаад ирэхгүй байх гэж хэлэхэд тэр цагдаа нар буцаад яваад өгсөн. тэгээд шөнө 03 цагийн үед манай хөршийн хаалгыг хүмүүс цохиод байхаар нь цонхоор харахад цагдаа нар ирчихсэн байсан. Удалгүй манай хаалгыг цохихоор нь би хаалгаа нээж өгсөн. тэгээд бас 2 цагдаа орж ирээд Алтандөл орж ирсэн үү гэж асуухаар нь би жаахан уурлангуй та нар хүн унтуулахгүй хаалга үүд цохилоо гэхэд манай ахлах тантай уулзъя гэхээр нь би гадаа гарч очиход машин дотор өөрийгөө Л гэж танилцуулсан. Би тэр хүнийг өмнө нь зүс харж байснаас биш танихгүй. Тэгээд ах минь А оргочихлоо гэж хэлсэн. Тэгээд цагдаа нар ирэхээс 20 минутын өмнө юнителийн дугаар дохисон байсан. Тэгээд би гэнэт тэрийг санаад хэлэхэд ямар дугаараас залгаж уу гэхэд утсан дээрх дугаараа үзүүлэхэд өө наадах чинь А-ийн дугаар мөн байна та залгаадах гэхээр нь залгахад А утсаа авахаар би, чи хаагуур яваад байгаа юм гэж асуухад А би гудамжинд явж байна, гадуур нил цагдаа байна гэж хэлэхэд би манайд наашаа хүрээд ир гэхэд А танайхаар цагдаа байгаа юу гэхэд би юу гэж манайд цагдаа байх юм хүрээд ир гэж хэлэхэд А за гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд манай хажуу айлд 2 цагдаа оруулаад А-ийг ирэхээр нь араас нь орж ирэхээр болсон. Тэгээд би гэртээ орж ирээд нилээд удсан бөгөөд би унтаж чадахгүй санаа зовоод, амиа хорлочихвий гэж бодоод санаа зовоод байсан. Түүнээс хойш цаг гарангийн дараа Алтандөл манайд ирсэн. Тэгэхээр нь би А-эй чи одоо хаагуур юу хийгээд яваад байгаа юм гээд саатуулаад яриа өдөөд цагдаа нарыг хүлээгээд байж байхад орж ирэхгүй байхаар нь хажуу айлаасаа тамхи асуугаадахъя гэж хэлээд цагдаа нарт хэлчихээд тамхи оруулж авч ирж өгөөд удалгүй 2 цагдаа ороод ирэхээр нь би наад хүүхдээ тамхийг нь татуулчих гэж хэлсэн. Тэгээд тэр 2 ахлахаа дуудаад А-ийг аваад явсан...чи яагаад ингэж байгаа юм гэж хэлэхэд хариулахгүй байсан..." гэх мэдүүлэг /2-р хх-ийн 65-66-р хуудас/,

 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн прокурорын зөвшөөрөл “Э.А-ийн цагдан хорих байрнаас түр хугацаагаар гаргаж цагдаагийн алба хаагч М.Л, Ц.Х нарын хяналтанд өгөхийг зөвшөөрөв” гэх Хяналтын прокурор хууль цаазын дэд зөвлөх Д.Бат-Эрдэний олгосон прокурорын зөвшөөрөл /2 дугаар хх-64-рт/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан дүгнэлтдээ: Э.А нь 2018 оны 07 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт байрлах БСБ электрон барааны дэлгүүрт нууцаар, хууль бусаар 11.239.000 төгрөгийн үнэ бүхий гар утаснуудыг хулгайлсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлж байгаа зэргээс нотлогдон тогтоогдож байна. Хохирлыг төлж барагдуулна гэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Иймд шүүгдэгч Э.Алтандөлөөс 11.239.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. Мөн эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг гар утсыг хохирогч авахгүй гэж байгаа боловч эдгээр гар утаснуудаар шүүгдэгчийг хохирол төлөх боломжоор хангаж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ариунжаргал дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн тухайд маргаан байхгүй. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан оргон зайлсан гэх үйлдэлд мөрдөгч М.Л, Ц.Х нар нь “Дэгжин” салоноос 32 инчийн зурагт алдагдсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар прокурорын зөвшөөрлөөр авч явсан боловч тус ажиллагаа нь гэрчүүдийн мэдүүлэг болон Э.А-ийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр эрт дууссан болох нь тогтоогдож байна. Дууссаар байх боловч 12 цаг 40 минутаас ажил тарах 6 цаг хүртэл үндэслэлгүйгээр шалгасан. Э.А-ийг 12 цаг 40 минутад цагдан хорих байрнаас авч явсан. Тухайн ажиллагаа хамгийн уртаар 1 цаг үргэлжилсэн гэж бодоход 14, 15 цаг гэхэд дуусахаар байна. Гэтэл Э.А-ийг прокурорын зөвшөөрөлгүйгээр хууль бусаар цагдаагийн байр луу авч явсан. Хэдийгээр шүүгдэгч үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа боловч 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанд ярьсан зүйлээ үгүйсгээгүй. Өнөөдрийн шүүх хуралдаанд ч мөрдөгч нар түүнийг хана руу харуулж зогсоогоод хийгээгүй хэргүүдийг тулгаж, өдөржин хоолгүй байлгаж, пүүзнүүд гаргаж ир гэж айлгаж сүрдүүлээд байхаар нь дахин хэрэг тулгах вий гэж айгаад гарч явсан гэж мэдүүлсэн. Гэрчүүдийн мэдүүлгүүдээс харахад ямар нэгэн оргон зайлах шинж байхгүй байна. Зугтааж яваад гэртээ очсон бөгөөд хамаатан, садангуудаараа очиход нь барьсан байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан. Э.А гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн тогтоогдоогүй. 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр зам шалгалт дууссаны дараа цагдаагийн байгууллага дээр очоод ямар нэгэн хууль ёсны мөрдөн шалгах ажиллагаа хийсэн талаар нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйлд “Прокурор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан энэ хуулийг хэрэгжүүлж байгаад хяналт тавьж, хууль зөрчсөн шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүй болгож, хариуцлага тооцуулна.” гэж заасан. Гэтэл прокурорын зөвшөөрлөөр авч явсан мөрдөн шалгах ажиллагаа дууссан байхад  зөвшөөрөлгүй, хууль бусаар Э.Алтандөлийг цагдаагийн газарт юу хийсэн нь тодорхойгүйгээр байлгасан. Мөрдөн шалгах ажиллагаа хууль ёсны дагуу хийгдсэн гэдэг нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Хууль зөрчсөн шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хүчингүй болгоогүй. Прокурор процессын алдаа гаргасан. Цагдаагийн байгууллагын хууль бус үйл ажиллагаа нь Э.А-ийг ийм үйлдэл хийхэд хүргэсэн. Гэмт хэргийн шинжгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг үндэслэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдоогүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлыг дүгнэхэд 2018 оны 07 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт байрлах BSB электрон барааны дэлгүүрээс гар утас алдагдаж нийт 11.239.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт нь  шүүхийн хэлэлцүүлэгт яллах өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан “хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч иргэний нэхэмжлэгч Д.А-н мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Н.А-ийн мэдүүлэг, Н.А-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг, гэрч Д.Б, Ц.Г, Ж.А, Л.С нарын мэдүүлэг болон шүүгдэгч Э.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг   нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 Энэ нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн бөгөөд уг гэмт хэргийг шүүгдэгч Э.А үйлдсэн гэм буруутай байна гэж дүгнэлээ.

Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэгдэнэ. Иймд шүүгдэгч Э.А-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Иймд шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 11.239.000 төгрөгийг Э.А-өөс гаргуулж хохирогч Д.А-д, 80.000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Н.А-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Мөн Э.А нь Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлэн ял эдэлж байх үедээ буюу 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар Говь-Алтай аймаг дахь цагдан хорих байрнаас гадуур авч гарах хугацаанд санаатайгаар оргон зайлсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт яллах өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан гэрч Ц.Х, Т.П, Т.Г, Б.Б, Г.О, Л.М, С.О, Г.У, Б.Ц, Д.З, М.Л, Ж.Б нарын мэдүүлэг, прокурорын зөвшөөрөл, шүүгдэгч Э.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Тус үйлдэл нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн бөгөөд шүүгдэгч Э.А-ийг оргон зайлах гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай байна гэж дүгнэлээ.

Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ.

 

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүгдэгч Э.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг  нууцаар хууль бусаар, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч нэвтэрч, авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1-д заасан цагдан хоригдсон яллагдагч оргон зайлсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай  болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Э.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын  хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан гэмт хэрэгт тус бүрд оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 10 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4-д зааснаар шүүгдэгч Э.А-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 10 сарын хорих ял дээр Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих  ялаас эдлээгүй үлдсэн 11 сарын хорих ялыг нэмж, биелэн эдлэх ялыг 3 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-д оногдуулсан 3 жил 9 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар  Э.А-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 237 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохыг тус тус дурдах  зүйтэй байна.

 

Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  гэм буруугаа хүлээж буй байдал зэргийг ял оногдуулахдаа харгалзаж үзсэн болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгч Э.А-ийн үйлдэлд тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ариунжаргал “...Цагдаагийн байгууллагын хууль бус үйл ажиллагаа нь Э.А-ийг ийм үйлдэл хийхэд хүргэсэн. Гэмт хэргийн шинжгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг үндэслэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдоогүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн прокурорын зөвшөөрлөөр хийгдсэн ажиллагаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрхийг зөрчсөн, хязгаарласан болон ямар нэгэн байдлаар эрүү шүүлт тулгасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.  Тухайн үед шүүгдэгч нь уг асуудлаар прокурор, шүүхэд гомдол гаргаж байгаагүй болох нь хэргийн материалаас харагдаж байна. Шүүгдэгч оргон зайлсан болох нь цагдаагийн алба хаагчдын мэдүүлэг болон шүүгдэгчийн хамаатан болох Б.Ц, Д.З, Ч.Д нарын мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Жи-7 маркийн гар утас 2 ширхэг, Жи-2 маркийн гар утас 1 ширхгийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт худалдан борлуулахаар хүргүүлж улсын орлого болгох, мөн эд мөрийн баримтаар хураагдсан CD 1 ширхгийг хэрэгт хавсаргах, энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлөөгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт хавтас хэрэгт ирээгүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8  дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д овогт Э-ийн А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг  нууцаар хууль бусаар, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч авсан , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1-д заасан цагдан хоригдсон яллагдагч оргон зайлсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай  болохыг тус тус тогтоосугай.

2. Шүүгдэгч Э.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын  хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, нийт эдлэх ялыг 2 жил 10 сарын хугацаагаар тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар ялтан Э.А-д оногдуулсан 2 жил 10 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4-д зааснаар ялтан Э.А-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 10 сарын хугацаагаар хорих ял дээр Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих  ялаас эдлээгүй үлдсэн 11 сарын хорих ялыг нэмж, биелэн эдлэх ялыг 3 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар ялтан Э.А-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 237 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.

6. Ялтан Э.Алтандөлд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-д зааснаар

ялтан Э.А-с 11.239.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.А-д,  80.000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Н.А-д тус тус олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Жи-7 маркийн гар утас 2 ширхэг, Жи-2 маркийн гар утас 1 ширхэгийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт худалдан борлуулахаар хүргүүлж улсын орлого болгох, мөн эд мөрийн баримтаар хураагдсан CD 1 ширхгийг хэрэгт хавсаргасугай.

9. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, ялтнаас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, ялтан энэ хэрэгт нийт 237 хоног цагдан хоригдсон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлөгдөөгүй, ялтан Э.А-ийн иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Э.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА