| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2016/00512/И |
| Дугаар | 552 |
| Огноо | 2016-10-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 552
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч:Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* онд төрсөн, ******* тоот регистрийн дугаартай, *******ийнхөн овогт *******гийн *******ын хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч С.*******, нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 7-р ангийг 1981онд төгсөөд мал малласан. Ингээд ээж Д.*******г даган саальчнаар 1993 оныг дуустал ажилласан. Одоо тэтгэвэрт гарах гэтэл дээрх хугацаанд ажиллаж байсан байдлын талаарх бичилт хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдээгүйн улмаас хохироод байна. Иймд намайг 1981-1993 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* бригадад саальчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч С.******* нь 1981-1993 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* бригадад саальчин, малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:
-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1524 дугаартай лавлагаа,
-Ховд аймгийн ******* сумын ******* бригадын Э.*******гийн нэр дээрх бичилттэй 1983-1992 оны 70-р дансны хуулбар,
-С.*******ын 1985-1993 оны ажилласан хоног, авсан хөлсийн талаарх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 1658 дугаартай лавлагаа,
-Ховд аймгийн ******* сумын ******* бригадын П.Дашчимэдийн нэр дээрх бичилттэй 1981-1982, 1992 оны 70-р дансны хуулбар,
-С.*******ын ******* сумын Хөдөлмөр нэгдлээс 1988 онд авч байсан гэх мэдэгдэл,
-С.*******ын 1989 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр, 1989 оны 09 дүгээр сарын 16, 17-ны өдөр, 1988 оны 09 дүгээр сарын 17-ны өдөрүүдэд авсан гэх талархал, гэрчилгээ,
-С.*******ын МАХН-ын 19-р их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх уралдаанд оролцож авсан гэх талархал,
-С.*******ын 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдөр нээлгэсэн нэгдлийн гишүүний үнэмлэх,
-Д.*******гийн 1982 оны 07 дугаар сарын 15-ны өдөр, 09 дүгээр сарын 11-ний өдөр, 1986 онд авсан гэх талархалууд,
-П.Дашчимэдийн С.******* нь Ховд аймгийн ******* сумын ******* бригадад 1981-1992 он хүртэл тасралтгүй саальчнаар ажиллаж байсан. Би сүүн тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан тул сайн мэдэж байна. Манай тэргүүний саальчдын нэг байсан гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,
-Р.ийн С.******* нь Ховд аймгийн ******* сумын ******* бригадад 1981-1992 он хүртэл тасралтгүй саальчнаар ажиллаж байсан гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,
-Д.*******гийн С.******* нь манай охин. Тэрээр Ховд аймгийн ******* сумын ******* бригадад 1981-1992 он хүртэл тасралтгүй саальчнаар ажиллаж байсан гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг болно.
Хүсэлт гаргагч С.******* нь 1982-1993 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* бригадад саальчин, малчнаар ажиллаж байсан талаарх өөр баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн аймгийн архивын тасгаас С.*******т дээрх хугацаанд холбогдох баримт олдохгүй болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1524 дугаартай лавлагаа зэргээр нотлогдож байна.
Хүсэлт гаргагч хэрэгт Д.*******, П.******* нарын тодорхойлолтуудыг хавсаргасан байх ба тэрээр Ховд аймгийн ******* сумын ******* бригадад ажиллаж байсан болох нь Ховд аймгийн ******* сумын ******* бригадын П.Дашчимэдийн нэр дээрх бичилттэй 1981-1982, 1992 оны 70-р дансны хуулбар,Д.*******гийн Хөдөлмөр нэгдлээс авсан 1982 оны 07 дугаар сарын 15-ны өдөр, 09 дүгээр сарын 11-ний өдөр, 1986 онд авсан гэх талархалууд, хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Иймд хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн С.*******ыг 1982-1993 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* бригадад саальчин, малчнаар ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.
Харин С.******* нь 1981 онд 15 настай байсан ба энэ хугацаанд түүнийг Ховд аймгийн ******* сумын ******* бригадад саальчин, малчнаар ажиллаж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул хүсэлт гаргагчийн 1981 онд ажиллаж байсан талаарх баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагчийн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *******ийнхөн овогт *******гийн *******ыг 1982-1993 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* бригадад саальчин, малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.
2.С.*******ын 1981 онд ажиллаж байсан талаарх баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА