| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Цолмонбаатар |
| Хэргийн индекс | 184/2016/00976/И |
| Дугаар | 184/ШШ2016/01061 |
| Огноо | 2016-10-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 184/ШШ2016/01061
2016 оны 10 сарын 04 өдөр Дугаар184/ШШ2016/01061 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цолмонбаатар даргалж тус шүүхийн танхимд хуралдсан шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ****-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *****-д холбогдох,
“Зээлийн төлбөр 900,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрдэнэцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “******* нь ЦДҮС компанид хамт ажилладаг ******* ******* хүсэлтээр түүний дансанд 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 1,500,000 төгрөг шилжүүлж зээлдүүлсэн. ******* нь манай хүүхэд сургуульд орохоор боллоо сургалтын төлбөр нь нэхэгдээд байна, таниас өөр надад туслах хүн алга та л надад туслаач гээд байхаар нь адилхан эмэгтэй хүн болохоор *******гийн дансруу 1,500,000 төгрөг шилжүүлсэн.
Үүний дараа ******* нь манай хүүхдийн тэтгэмжийн дэвтрийг та авчих миний дансруу сар бүрийн 15-нд мөнгө нь ордог юм та миний картыг ав гээд итгэл төрүүлж 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дахин 280,000 төгрөгийг авсан.
Мөн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр *******гийн гуйснаар түүний ээж Мядагмаагийн дансанд 200,000 төгрөг шилжүүлсэн. *******д өгсөн эдгээр мөнгөнөөс гадна 1 кг нь 20,000 төгрөгийн үнэтэй 3 кг нийт 60,000 төгрөгийн хар чавга, 30,000 төгрөгийн үнэтэй үнэртэй ус, 20,000 төгрөгийн үнэтэй зөгийн бал, 55,000 төгрөгийн үнэтэй самсунг маркын гар утас зэргийг өгсөн. Ингээд нийт 2,145,000 төгрөгийг бэлнээр болон бараагаар өгсөн.
******* нь *******т дансаар нийт 850,000 төгрөгийг буцааж төлсөн. ******* нь *******гийн цалингийн урьдчилгаанаас 200,000 төгрөг, Капитал банкны АТМ-ээс 206,000 төгрөг, нийт 1,256,000 төгрөгийг буцааж авсан. Зөрүү мөнгө нь 741,000 төгрөг болж байгаа бөгөөд үүн дээр ээжид нь шилжүүлсэн 200,000 төгрөгийг нэмээд 941,000 төгрөг болж байгаа. Иймд хариуцагчаас 900,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
******* нь анх мөнгө зээлж авахдаа хүүтэй зээлж авна гэсэн тул түүнээс 2015 онд шилжүүлж байсан мөнгөнүүдийг хүүнд тооцож авч байсан. ******* нь *******гаас дансаар болон цалингийн урьдчилгаанаас, Капитал банкны АТМ-ээс нь нийтдээ 2,334,000 төгрөгийг авсан болохоо хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ 2015 онд шилжүүлсэн мөнгөнүүдийг хүүнд тооцож авсан тул зээлийн төлбөрөө бүрэн төлсөн гэж үзэхгүй байна.
Хэдийгээр зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй боловч авсан мөнгөө хүүтэй төлнө гэсэн тул хүүнд тооцож авсан. Иймд нэхэмжлэлийг хангаж *******гаас 900,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “******* нь *******ээс зээлж авсан мөнгөө бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна.
******* нь *******ээс 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 1,500,000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 280,000 төгрөгийг тус тус өөрийнхөө дансанд авсан ба 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ээж Мядагмаагийн дансаар дамжуулан 200,000 төгрөг шилжүүлэн авч, нийт 1,980,000 төгрөгийг дансаар шилжүүлэн зээлж авсан.
Үүнд дээр нэмж 55,000 төгрөгийн үнэ бүхий самсунг утас, 20,000 төгрөгийн чавга тус тус авсан ба нийтдээ 2,055,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн болон мөнгийг авсан.
******* нь *******т 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд нийтдээ дансаар 1,928,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн ба ******* нь *******гийн урьдчилгаа цалингаас 200,000 төгрөгийг авч улмаар *******гийн Капитал банкны данснаас АТМ-ээс 206,000 төгрөгийг авсан. Нийт ******* нь *******т 2,334,000 төгрөгийг буцааж төлсөн тул одоо ямар нэгэн төлөх төлбөр байхгүй. Хүү төлнө гэж ерөөсөө бичгээр гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн төлбөр 900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч ******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... хариуцагч *******гийн дансанд 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 1,500,000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 280,000 төгрөг, *******гийн ээж Мядагмаагийн дансанд 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 200,000 төгрөг, нийт 1,980,000 төгрөг шилжүүлсэн. *******д 60,000 төгрөгийн хар чавга, 30,000 төгрөгийн үнэртэй ус, 20,000 төгрөгийн үнэтэй зөгийн бал, 55,000 төгрөгийн үнэтэй самсунг маркын гар утас зэргийг өгсөн. Ингээд нийт 2,145,000 төгрөгийг бэлнээр болон бараагаар өгсөн. ******* нь *******ээс нийт 1,256,000 төгрөгийг буцааж авсан. Зөрүү 741,000 төгрөг дээр ээжид нь шилжүүлсэн 200,000 төгрөгийг нэмээд 941,000 төгрөг болж байгаа...” гэж тайлбарлажээ.
Хариуцагч ******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь нэхэмжлэгч *******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудаас 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр шилжүүлсэн 1,500,000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шилжүүлсэн 280,000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ээж Мядагмаагийн дансанд шилжүүлсэн 200,000 төгрөг, 55,000 төгрөгийн үнэ бүхий самсунг маркын гар утас, 20,000 төгрөгийн үнэ бүхий чавга зэрэг нийт 2,055,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн болон мөнгийг авсан болохоо хүлээн зөвшөөрч тайлбар гаргажээ.
Харин хариуцагч ******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч *******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудаас 40,000 төгрөгийн хар чавга, 30,000 төгрөгийн үнэртэй ус, 20,000 төгрөгийн үнэтэй зөгийн бал зэргийг аваагүй гэж тайлбарладаг ба нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн эдгээр шаардлагатай холбоотой баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу хэрэгт нотлох баримтаар ирүүлээгүй байна.
Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь татгалзаж буй үндэслэлээ “... *******ээс авсан 2,055,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан бөгөөд нийтдээ 2,334,000 төгрөг төлсөн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй ...” гэж тайлбарлажээ.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******гаас дансаар нийт 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд 1,928,000 төгрөгийг буцаан шилжүүлэн авсан бөгөөд нэхэмжлэгч ******* нь *******гийн урьдчилгаа цалингаас 200,000 төгрөгийг, Капитал банкны данснаас 206,000 төгрөгийг тус тус авч, нийт 2,334,000 төгрөгийг буцаан авсан болох нь хэрэгт авагдсан *******гийн Хаан банк болон Капитал банкны дансны хуулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “... *******гийн цалингийн урьдчилгаанаас 200,000 төгрөг, Капитал банкны АТМ-ээс 206,000 төгрөг авсан ...” гэсэн тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хариуцагч *******гаас 2,334,000 төгрөгийг буцаан авсан талаар маргаагүй боловч *******гаас 2015 онд шилжүүлсэн төлбөрүүдийг зээлийн хүүнд тооцон авсан гэж маргаж тайлбарлажээ.
Зохигчид нь зээлийн төлбөрт хүү тооцохоор харилцан тохиролцож зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй болох нь зохигчидын тайлбараар тогтоогдож байх бөгөөд зээлийн гэрээг бичгээр байгуулсан болохыг нотолсон баримт хэрэгт байхгүй болно.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан ба хуульд зааснаар зээлийн төлбөрөөс хүү тооцохоор бичгээр гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******гаас зээлийн төлбөрт төлсөн мөнгийг хүүнд суутган тооцох эрхгүй юм.
Дээр дурьдсан үндэслэл, хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д 2,055,000 төгрөгийг мөнгөөр болон бараа бүтээгдэхүүнээр өгсөн, хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******т 2,334,000 төгрөгийг буцаан төлсөн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч *******ийн 900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар нэхэмжлэгч *******ийн хариуцагч *******д холбогдуулан гаргасан зээлийн төлбөр 900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНБААТАР