Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 69

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Г.Анармөнх,

шүүгдэгч Б.Ш, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,

нарийн бичгийн даргаар Б.Солонго нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэрэндэжид овогт Баясгалангийн Б.Шад холбогдох эрүүгийн 1911029751302 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, бүрэн бус дунд боловсролтой, арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, охин, хүргэний хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 36-25 тоотод оршин суудаг, урьд Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2001 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, 2 жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэгдсэн, улсаас авсан гавъяа шагналгүй, Цэрэндэжид овогт Баясгалангийн Б.Ш /РД: ХВ78010113/

                                                                                                                                 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: яллагдагч Б.Ш нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Ш нь 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 13.00 цагийн орчим Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нуурын 15-301 тоотод оршин суух хохирогч Ж.Баярзулын тусгайлан хамгаалсан агуулах болох амбаарт цоожийг нь эвдэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар нэвтэрч торнода нэртэй тоос сорогч, барилгын багаж хэрэгсэл болох хөрөө, төмрийн хайч, цилкон шахдаг буу, хуурайны ком, тэгш ус, үдээсний машин, төмрийн хутга, үдээс, метр, цүүц, алх, дорцов ком, өрмийн хошуу, үүргэвч тус бүр 1 ширхэг, залгуур, модны цавуу 2 ширхэг, унтраалга, хаалганы хоёр талаасаа бариултай цоож 3 ширхэг, отверка 4 ширхэг, шахмал 5 ширхэг, дриллын хошууны ком зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 300820 /гурван зуун мянга найман зуун хорь/ төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

шүүгдэгч Б.Шын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: "...2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Саамшил гэх ажил олгодог газарт ажил дээрээ очиход өнөөдөр ажил байхгүй гэж хэлсэн. Улмаар би Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн 1000-н ойролцоо явж байгаад би архи уусан бөгөөд улмаар гэрлүүгээ явах замдаа нэг айлын хашаа руу орж цоожтой амбаарын хаалгыг онгойлгон орж, барилгын олон төрлийн багаж, хэрэгсэл хулгайлсан юм. Амбаараас эд зүйлээ хулгайлж аваад гарах гэж байхад уг айлын хажуу талын айлаас хүмүүс гарч ирээд, намайг барьж аваад цагдаа дуудаж хүлээлгэн өгсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 41-42х/,

хохирогч Ж.Баярзулын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Би 2019 оны 11 дүгээр сарын 10-ны орой 22 цагийн орчим Бүгд найрамдах Солонгос улс руу ажлаар яваад гэртээ ирсэн юм. Тэр үед манай дүү Батзул гэртээ байсан бөгөөд өдөр гэрээс гараад ажилдаа явж байгаад эргээд ирэхэд манай хашаанд байх амбаарын цоожийг эвдэн дотроос нь эд зүйл хулгайлсан гэж хэлсэн. Манай амбаараас эд зүйл хулгайлсан хүнийг улмаар манай хөршүүд барьж цагдаад хүлээлгэн өгсөн байсан. Нэг ширхэг тоос сорогч, барилгын багаж хэрэгсэл, төмрийн хөрөө, модны хөрөө, төмрийн хайч, хаалганы хоёр талаасаа бариултай цоож 3 ширхэг, цилкон шахдаг буу, төмрийн хуурайны ком, цаасны хутга, тэгш ус, хавтан хөрөөддөг хөрөө, үндэсний барилгын машин, модны цавуу, үдээс, метр, дриллны хошуу, плита дорцов ком 2 ширхэг, цэнхэр өнгийн үүргэвч зэрэг зүйлсийг хулгайлсан байна. Амбаар тухайн үед цоожтой байсан. Би уг хүнийг танихгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн12-13х/,

гэрч Ш.Баярцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Манай хажуу айл болох Нуурын 15-301 тоотод Баярзул гэдэг хүний байшин байдаг, өдөртөө байхгүй үед манай гэрийг харж байгаарай гэж захисан. 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 13 цаг өнгөрч байхад охин Охиноогийн хамт гэртээ гал түлэхээр мод хагалахаар хашаан дотроо явж байхад Баярзулын хашаанд юм түжгэнээд байхаар нь хашааны завсраар хартал Баярзулын байшингийн урд байрлах амбаарын үүдэнд танихгүй согтуу эрэгтэй хүн шуудайтай болон цүнхтэй зүйл барьчихсан зогсож байсан. Тэгээд би хашаанаасаа гарч Баярзулын хашааны үүдэнд очтол уг танихгүй залуу Баярзулын хашааны хойд талд барьж байсан шуудай болон эд зүйлээ бариад гараад ирсэн. Мөн өмнө гаргаж тавьсан бололтой хайрцаг болон цүнхтэй зүйл хажуудаа тавьсан зогсож байхаар нь уг залуугаас чи энэ айлаас юу хулгай хийгээд байгаа юм бэ гэтэл би энэ айл архи уугаад гарч байна гэсэн. Тэгээд гэртээ буцаж ороод охиноо дуудаж гудамжинд явж байсан хүний утсаар цагдаад дуудлага өгсөн. Уг хүн уг айл ирж байхыг өмнө нь хараагүй тул худлаа яриад байна гэж ойлгосон. Миний харснаар ганцаараа байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 14-15х/,

гэрч Х.Гантулгын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Согоот 112 дугаар чиглэлд эргүүлийн офицер Н.Бат-Эрдэнийн хамт үүрэг гүйцэтгэж байсан. Харин 13-14 цагийн орчим шиг санагдаж байна, Согоот 10-аас Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 15-300 тоотод хулгай орсон байна гэсэн дуудлагын дагуу очиж шалгасан юм. Дуудлагын дагуу уг хаягт очиж шалгахад хажуу айлын хүн нь хулгай хийж байсан хүн энэ байна гэж хэлээд, улмаар тухайн этгээдийг шалгахад Баясгалангийн Б.Ш гэх хүн байсан бөгөөд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тухайн хүнийг түр саатуулж, хэлтсийн жижүүр лүү ярьж хэргийн газарт үзлэг хийлгэхээр болсон..." гэх мэдүүлэг /хх-ийн 25х/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5х/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-8х/,

“Дамно” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ЧД-2-19-687 дугаартай хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээний нийт 300820 төгрөг гэх тайлан /хх-ийн 28-31х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Б.Ш нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогч Ж.Баярзулын эзэмшлийн хашаанд байрлах  агуулах байр болох цоожтой амбаарт хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Ж.Баярзулд энэ гэмт хэргийн улмаас учирсан нийт 300.820 төгрөгийн үнэлгээтэй эд зүйлийг мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Б.Ш нь биеэт байдлаар буцаан бүрэн өгсөн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Б.Шад ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт буруугаа хүлээж буй байдал, бусдад учруулсан хохиролоо нөхөн төлсөн, хувийн байдлыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн хүнд оногдуулах хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шүүх шийдвэрлэв.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Цэрэндэжид овогт Баясгалангийн Б.Шыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Б.Шад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Шад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Б.Шад урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дуррдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Шад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ