Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 155

 

 

 

 

 

 

 

2020        02          21                                   2020/ШЦТ/155

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго, 

улсын яллагч М.Энхбаатар,

  шүүгдэгч Т.Б /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Боржигон овгийн Төмөрбаатарын Т.Бт холбогдох эрүүгийн 2011003740146 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1964 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн, 56 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, инженер мэргэжтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, охин, зээгийн хамт, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 5-16 тоотод оршин суудаг, ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа эрүүл гэх Өлзийт Боржигон овогт Төмөрбаатарын Т.Б, регистрийн дугаар                          

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Яллагдагч Т.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 26-ны орой 21 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Барилгын материалын дэлгүүрээс “Кен” маркийн 8 мм өрөм худалдан аваад уг өрмийг солиулах шалтгаанаар буцаж дэлгүүр лүү орж худалдагч Б.Дамдиндоржтой маргаан үүсгэж улмаар гартаа барьж байсан 8 мм-ийн өрмөөр Дамдиндоржийн толгойн хэсэгт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тэр өдөр манай хүүхэд байраа засаж байсан. Би хүүхэддээ тус болох гээд дэлгүүр ороод өрөм асуухад энэ яг таарна гэж хэлсэн. Тэр багаж нь ховилтой, ховилгүй гэж хоёр янз байдаг юм байна. Тэгээд багажаа аваад гэр рүүгээ ортол буруу багаж авсан байсан. Манай хүүхэд тэр багажийг солиулчаад ирье гэхээр нь би “... саяхан авсан юм чинь би солиулчихаад ирье” гэж хэлээд  багажаа солиулах буцаад дэлгүүр рүү ороод худалдагч залууд хэлтэл сольж өгөхгүй гэсэн. Тэгэхээр нь би “... 5 минутын өмнө энэ багажийг авсан мэдэж байгаа биз дээ” гэхэд “... мэдэж байна” гэсэн. Тэгээд би “... энэ багажийг буцаахгүй, солиулах гэж байна шүү дээ” гэж хэлэхэд худалдагч залуу уурлаад намайг харааж, хэл амаар доромжилсон. Би саяхан зүрхний хагалгаанд орсон болохоор хамаагүй уурлаж, бухимдаж болохгүй байсан юм. Байрны засварын ажил муу явагдаж байсан болохоор бухимдаад ийм зүйл хийсэн. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт./хх-ийн 17-19 дүгээр хуудас/

Хохирогч Б.Дамдиндорж нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 01 дүгээр сарын 26-ны орой 21 цагийн орчимд 50 гаран насны эрэгтэй хүн /Т.Б/ манай дэлгүүрт орж ирээд 8-ийн өрөм аваад гарсан бөгөөд эргэлзээд байх шиг байхаар нь "бараагаа зөв сонгоорой, манайх зарагдсан барааг буцаадаггүй шүү" гэсэн бөгөөд тухайн хүн Кен маркийн гэхээр нь уг брэндийн өрмийг нь өгөөд гаргасан. Тэгсэн 30-40 минутын дараа нэг өндөр залуутай буцаж орж ирээд "энэ өрмийг чинь буцаамаар байна, чи надаа буруу юм өгсөн байна" гэхээр нь би тухайн ахад хандан "манайх буцаана гэж байхгүй, би таньд хэлээ биздээ, наад лангуун дээр чинь бичээтэй байгаа" гэхэд хамт явж байсан залуу нь "би сангийн юм авах гэсэн юм" гэхээр нь "за та тэгвэл наашаа" гээд сангийн юм зардаг хэсэг рүү дагуулаад очтол араас дагаж ирээд "чи муу пиздаа яахаараа буцааж авдаггүй юм, муу бацаан чинь" гэхээр нь тухайн ахад хандан "би таньтай хэрэлдмээргүй байна, та зүгээр гараад яв" гэхэд янз бүрийн үгээр дайраад байхаар нь "яахаараа хүн ална гээд байгаан" гээд толгойгоо тэр ах руу ойртуулах үйлдэл хийтэл нөгөө ах миний толгойн хэсэг рүү цохичихсон. Тэгээд нээх тоолгүй байж байтал толгойноос юм урсаад байх шиг санагдахаар нь гараараа дараад үзтэл цус гарч байсан. Тэгэхээр нь би эхнэрээ дуудан хаалгаа түгжээд "цагдаа дууд" гэхэд манай эхнэр хүрч ирээд дэлгүүрийн хаалгыг хаасан бөгөөд надаас нилээн их цус гарсан болохоор шоконд орсон уу яасан нөгөө ахад хандан "чи хүн аллаа шүү дээ" гэж хэлээд нөгөө ах руу дөхөж очин нэг удаа өшиглөөд авсан бөгөөд удалгүй цагдаа ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 22-26 дугаар хуудас/,

Гэрч Б.Отгонтуул нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 01 дүгээр сарын 26-ны орой 21 цагийн үед дэлгүүртээ байж байхад манай дэлгүүрт 50 гаран насны эрэгтэй хүн /Т.Б/ манай нөхөртэй хэрүүл маргаан хийгээд хараал хэлээд дуу нь чангараад байсан бөгөөд би цаана өөр хүмүүст үйлчилж байсан болохоор яаг юу гэж хэрэлдээд байсныг нь бол мэдээгүй. Тэгсэн удалгүй манай нөхөр надад хандан "энэ хүн намайг цохичихлоо, цагдаа дууд, гадаа хаалгаа цоожилчих" гэхээр нь өөрийнхөө урд байсан хоёр хүнийг гараад хаалгаа цоожилчихоод эргээд иртэл нөхөрийн нүүрнийх нь нэг тал цус болчихсон байхаар нь айгаад нөгөө Т.Б гэх хүнд хандан "та хүн аллаа шүү дээ" гэхэд нөгөө ах надад хандан "хохь чинь шүү чамайг бас ална шүү" гэхээр нь нөгөө ахын баруун хөлрүү нь 2-3 удаа өшиглөсөн. Тэгсэн нөгөө ах хэрүүл хийгээд бөөн юм яриад байсан бөгөөд удалгүй цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Г.Ханхүүгийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1959 дугаартай шинжээчийн: Б.Дамдиндоржийн биед зүүн чамархайн хуйханд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Одончимэгийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2419 дугаартай шинжээчийн: Т.Бын биед баруун гуянд шалбаралт, цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл ньхатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. ШЭГЗТЖ-н 2.6 зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоогдохгүй болно. Тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой байна...”гэх дүгнэлт /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Т.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 01 дүгээр сарын 26-ны орой 21 цагийн орчим хүргэний хажуу талын барилгын материалын дэлгүүр ороод 8-ийн өрөм аваад хүргэнийдээ ороод юм хийх гэтэл ховил нь таарахгүй байхаар нь буцаая гэж бодоод хүргэнтэй хамт нөгөө дэлгүүртээ орж ирээд сольё гэхэд дэлгүүрийн худалдагч залуу солихгүй гэсэн тэрнээс болж хоорондоо маргаад солих гэж байсан 8 мм-ийн голчтой төмөр өрмөөрөө хохирогч Б.Дамдиндоржын зүүн шанаа орчим нэг удаа цохиж хөнгөн гэмтэл учруулсан хэрэг үйлдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-49 дүгээр хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 14, 16 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 60/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 56/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 57/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 58/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 34 дугаар тогтоол /хх 69/, шүүгдэгч Т.Бын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 65/, хохирогч Б.Дамдиндоржийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 66/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Яллагдагч Т.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 26-ны орой 21 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Барилгын материалын дэлгүүрээс “Кен” маркийн 8 мм өрөм худалдан аваад уг өрмийг солиулах шалтгаанаар буцаж дэлгүүр лүү орж худалдагч Б.Дамдиндоржтой маргаан үүсгэж улмаар гартаа барьж байсан 8 мм-ийн өрмөөр Дамдиндоржийн толгойн хэсэгт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт./хх-ийн 17-19 дүгээр хуудас/, хохирогч Б.Дамдиндоржийн “...Би 2020 оны 01 дүгээр сарын 26-ны орой 21 цагийн орчимд 50 гаран насны эрэгтэй хүн /Т.Б/ манай дэлгүүрт орж ирээд 8-ийн өрөм аваад гарсан бөгөөд эргэлзээд байх шиг байхаар нь "бараагаа зөв сонгоорой, манайх зарагдсан барааг буцаадаггүй шүү" гэсэн бөгөөд тухайн хүн Кен маркийн гэхээр нь уг брэндийн өрмийг нь өгөөд гаргасан. Тэгсэн 30-40 минутын дараа нэг өндөр залуутай буцаж орж ирээд маргалдахад нөгөө ах миний толгойн хэсэг рүү цохичихсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-26 дугаар хуудас/, гэрч Б.Отгонтуулын “...Би 2020 оны 01 дүгээр сарын 26-ны орой 21 цагийн үед дэлгүүртээ байж байхад манай дэлгүүрт 50 гаран насны эрэгтэй хүн /Т.Б/ манай нөхөртэй хэрүүл маргаан хийгээд хараал хэлээд дуу нь чангараад байсан бөгөөд би цаана өөр хүмүүст үйлчилж байсан болохоор яаг юу гэж хэрэлдээд байсныг нь бол мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Г.Ханхүүгийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1959 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36-37 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Одончимэгийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2419 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40-41 дүгээр хуудас/, шүүгдэгч Т.Бын “...Би 2020 оны 01 дүгээр сарын 26-ны орой 21 цагийн орчим хүргэний хажуу талын барилгын материалын дэлгүүр ороод 8-ийн өрөм аваад хүргэнийдээ ороод юм хийх гэтэл ховил нь таарахгүй байхаар нь буцаая гэж бодоод хүргэнтэй хамт нөгөө дэлгүүртээ орж ирээд сольё гэхэд дэлгүүрийн худалдагч залуу солихгүй гэсэн тэрнээс болж хоорондоо маргаад солих гэж байсан 8 мм-ийн голчтой төмөр өрмөөрөө хохирогч Б.Дамдиндоржын зүүн шанаа орчим нэг удаа цохиж хөнгөн гэмтэл учруулсан хэрэг үйлдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-49 дүгээр хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Хохирогч Б.Дамдиндорж нь “...хохирлын ямар нэгэн маргаан байхгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Т.Б нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иймд шүүх шүүгдэгч Т.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгийн торгох ял шийтгэв. Ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзав.

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бт оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар 1 ширхэг сиди, 8мм өрөм хураагдан ирсэн болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Төмөрбаатарын Т.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Быг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Т.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхэгийг хэрэгт нь үлдээж, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн нийт урт 8 мм өрөм 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.РЕНЧЕНХОРОЛ