| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Цолмонбаатар |
| Хэргийн индекс | 184/2016/01170/И |
| Дугаар | 184/ШШ2016/01062 |
| Огноо | 2016-10-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 184/ШШ2016/01062
2016 оны 10 сарын 04 өдөр Дугаар184/ШШ2016/01062 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цолмонбаатар даргалж тус шүүхийн танхимд хуралдсан шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *****-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот,*****-д холбогдох,
“Төхөөрөмжний үнэ 195,000 төгрөг, нэмэлт үйлчилгээний төлбөр 354,567 төгрөг, алданги 274,783 төгрөг, нотариатын зардал 3,500 төгрөг, нийт 827,850 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрдэнэцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “******* нь 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр дугаар 30257 тоот ******* үйчилгээний гэрээ байгуулсан ба сар бүр 39500 төгрөг төлөхөөр хариуцагч тал үүрэг хүлээсэн боловч гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас үйчилгээний төлбөр 354,567 төгрөг, төхөөрөмжийн үнэ нийт 195,000 төгрөг, алданги 274,783 төгрөгийг тус тус 2016 оны 7 дугаар сарын 31-ний байдлаар хуримтлагдсан байна. Манай байгууллага утсаар мэдэгдэх хуудсаар төлбөрөө төлөхийг удаа дараа сануулж байсан боловч төлж барагдуулаагүй байна.
Хэрэглэгч ******* нь нийт 354,567 төгрөгийн үнэ бүхий нэмэлт контент буюу төлбөртэй киног үзсэн бөгөөд энэхүү контентууд нь үнэ төлбөргүй байх боломжгүй бөгөөд үйлчилгээ үзүүлэгч манай компани нь контентын төлбөрөөс зохиогчид төлбөр төлдөг юм. Хариуцагч *******ын контент үнэгүй гэх тайлбар нь үндэслэл ба харин Movie box зэрэг кино сувгууд нь төлбөргүй юм. Мөн манай компаний зүгээс *******аас төхөөрөмжийг буцаан хурааж аваагүй тул төхөөрөмжийн үнийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. “******* *******” ХХК-иас хариуцагч *******т олгосон төхөөрөмж нь Entone Kamai маркынх байсан.
Иймд “******* *******” ХХК болон ******* нарын хооронд байгуулсан ******* үйлчилгээний гэрээний 3 дугаар зүйлийн 3.1,3.2.10, 5 дугаар зүйлийн 5.1.3, 6 дугаар зүйлийн 6.4.1-д үндэслэн төхөөрөмжийн үнэ 195,000 төгрөг, үйлчилгээний төлбөр 354,567 төгрөг, алданги 274,783 төгрөг, нотариатын зардал 3,500 төгрөг нийт 827,850 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “******* миний бие Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 12 дугаар байрны 56 тоотод оршин суудаг. 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр “******* *******” ХХК-иас хүмүүс ирж төхөөрөмж санал болгосон. Санал болгохдоо 1 дүгээр сарын суурь хураамж авахгүй мөн нэг сар үнэгүй кино үзэх эрх өгнө гэснээр миний бие зөвшөөрч “******* *******” ХХК-ийн төхөөрөмжийг гэртээ тавиулсан. Улмаар 2 сарын дараа 2 дахь сарын төлбөрийг төлөхөөр очиход “******* *******” ХХК-ийн зүгээс үнэгүй гэсэн эхний сарынхаа суурь хураамж болон төлбөртэй кино үзсэн гэж үндэслэлгүй мөнгө нэхсэн. Миний бие “******* *******” ХХК-ийн зүгээр манай гэрт суурилуулсан төхөөрөмжийг 2015 онд авч явсан.
Киног үнэгүй үзэх эрхтэй гэсэн учраас би скаймедиа тавиулсан. Тухайн тавьсан ажилтан нь үнэгүй гэж танилцуулсан. Үнэгүй гэсэн баримт надад байхгүй. Би нэхэмжлэлд дурдсан 354,567 төгрөгийн кино контентыг үзсэнээ хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ эдгээр киног үнэгүй гэж надад анх танилцуулсан. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэлгүй байна” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч *******т холбогдуулан төхөөрөмжний үнэ 195,000 төгрөг, нэмэлт үйлчилгээний төлбөр 354,567 төгрөг, алданги 274,783 төгрөг, нотариатын зардал 3,500 төгрөг, нийт 827,850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч ******* нь “******* *******” ХХК-тай 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр скаймедиа үйлчилгээний гэрээг байгуулсан ба энэхүү гэрээнд зааснаар “******* *******” ХХК нь тоног төхөөрөмжийг зээлээр олгож, Ай пи телевиз, интернэт, суурин утасны үйлчилгээ үзүүлэх, ******* нь тоног төхөөрөмжийн үнэ болон үйлчилгээний төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн болох нь хэрэгт авагдсан 30257 дугаар бүхий “******* үйлчилгээний гэрээ” болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч ******* нь “******* үйлчилгээний гэрээ”-ний дагуу Ай Пи телевизийн үйлчилгээг авч төлбөртэй контент буюу нийт 354,567 төгрөгийн төлбөр бүхий кино контентуудыг үзсэн болох нь хэрэгт авагдсан контентын хэрэглээний төлбөрийн баримт болон хариуцагч *******ын шүүх хуралдаанд гаргасан “... Би нэхэмжлэлд дурдсан 354,567 төгрөгийн кино контентыг үзсэнээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч ******* нь нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ “... киног үнэгүй үзэх эрхтэй гэсэн учраас би скаймедиа тавиулсан. Ажилтан нь үнэгүй гэж танилцуулсан. Төхөөрөмжийг 2015 онд хураагаад авч явсан...” гэж тайлбарладаг боловч энэхүү тайлбартай холбоотой буюу кино контент үнэгүй байна гэсэн болон төхөөрөмжийг хураасан авсан талаарх баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу хэрэгт нотлох баримтаар ирүүлээгүй байна.
Нэхэмжлэгч “******* *******” ХХК-иас хариуцагч *******т олгосон төхөөрөмж нь Entone Kamai маркынх болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байх бөгөөд зохигчдын хооронд байгуулсан гэрээнд зааснаар Entone Kamai маркын төхөөрөмж нь 135,000 төгрөгийн үнэтэй байхаар заажээ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ”, 262 дугаар зүйлий 262.1-д “Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд хариуцагч ******* нь хууль болоод гэрээнд зааснаар зээлээр авсан төхөөрөмжийн үнэ 135,000 төгрөг, контентын төлбөр 354,567 төгрөг, нийт 489,567 төгрөгийг нэхэмжлэгч “******* *******” ХХК-д төлөх үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч *******аас алданги 274,783 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд зохигчдын хооронд байгуулсан 30257 дугаар бүхий “******* үйлчилгээний гэрээ”-нд алданги тооцох талаар талууд харилцан тохиролцоогүй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж заасан ба зохигчдын хооронд байгуулсан гэрээнд анзын талаар харилцан тохиролцоогүй байх тул алданги гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Мөн нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч *******аас нотариатын зардал 3,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч тухайн зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй байна.
Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр хариуцагч *******аас төхөөрөмжийн үнэ 135,000 төгрөг, контентын төлбөр 354,567 төгрөг, нийт 489,567 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгож, төхөөрөмжийн үнээс илүү нэхэмжилсэн 60,000 төгрөг, алданги 274,783 төгрөг, нотариатын зардал 3,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 243 дугаар зүйлийн 243.1, 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч *******аас 489,567 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* *******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох 338,283 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24,418 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 15,337 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНБААТАР