Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2021/0148

 

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2021/0148

Улаанбаатар хот

 

 

 

                                                           “Д.С” ХХК-ийн

                                   нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарангэрэл даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 69 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, “Д.С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 69 дүгээр шийдвэрээр: “Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 21 дүгээр зүйлийн 21.1.5, 22 дугаар зүйлийн 22.1.2, 22.1.3, 22.1.4, 22.4, 40 дүгээр зүйлийн 40.1, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.8 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.С ХХК-ийн Ашигт малтмалын хайгуулын ХV-015397 дугаар тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 57 дугаартай шийдвэрийн Д.С ХХК-тай холбоотой хэсгийг хүчингүй болгуулах, 670.91 гектар талбай бүхий ХV-015397 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “ ... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 69 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С би Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасныг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Шийдвэрийн Үндэслэх хэсэгт: “...2 дахь жилийн хугацааг сунгуулах өргөдөл гаргахдаа тусгай зөвшөөрөл бүхий талбайд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөг хавсаргаж ирүүлээгүй, нэхэмжлэгч 2019 онд геологи хайгуулын ажлын үеийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын менежментийн төлөвлөгөөг хариуцагчид хүлээлгэн өгсөн энэ нь төрийн захиргааны байгууллагаас нотлох баримтаар хуулбар үнэн гэж дарагдаж ирсэн баримтаар нотлогдоно гэх боловч энэ төлөвлөгөө нь хуулийн шаардлага хангаагүй гэх хариуцагчийн тайлбарыг буруутгах үндэслэлгүй байна.”, “...Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулж, өргөдөлдөө хавсаргаж ирүүлэх нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар хүлээсэн үүрэг байх бөгөөд дээрх баримтыг бүрэн гүйцэд бүрдүүлж ирүүлээгүй нь хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болно.” гэжээ.

Нэхэмжлэгч 2018 онд хайгуулын ажил хийх ямар ч боломжгүй, хайгуулын ажил хийгээгүй тул байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын менежментийн төлөвлөгөө батлуулах шаардлагагүй гэж үзсэн.

Давс, шүүг зөвхөн өвлийн улиралд нуурын ус бүрэн хөлдсөний дараа 1-2 жил өнжиж олборлодог онцлогтой. Энэ онцлогт нь тааруулж журмаа батлаагүй. Өнжиж байгаа жилд нь ямар ажлын тайлан гаргах, хугацааг яаж сунгах, нөхөн сэргээх ажлын менежментийн төлөвлөгөөг яаж батлуулж байх талаар төрөөс ямар ч арга хэмжээ аваагүй.

Хавтаст хэргийн 40 дүгээр хуудсанд байгаа 2019 онд геологи хайгуулын ажлын үеийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын менежментийн төлөвлөгөөг сумын Засаг дарга, байгаль орчны улсын байцаагч нар баталсан.

Хайгуул хийсний дараа нөхөн сэргээлтийн ажил яригдах ёстой. Тэгээд ч хайгуулын ажлын үед манай компани байгаль орчинд хор хохирол учруулахаар нөхцөл байдал хэзээ ч гаргаж байгаагүй, сумын байгаль орчныг хамгаалах улсын байцаагчийн албан бичиг ч үүнийг нотолно.

Олон жил хайгуулын зардал гаргаж, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил болгон төлж байгаа. Хуулийг хэрэглэж, тайлбарлахад эргэлзээтэй байвал аль болохоор хувь хүн, хуулийн этгээдэд ашигтайгаар шийдвэрлэх ёстой.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 сарын 27-ны өдрийн 69 дугаартай шийдвэрийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хянаад, дараах үндэслэлээр шийдвэрт хууль хэрэглээний зохих өөрчлөлтийг оруулж, гомдлыг хангахгүй орхилоо.

Дорнод аймгийн Халхгол сумын нутагт орших Баруун шавар нэртэй 6846.44 гектар талбайд анх ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2010 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр “М” ХХК-д олгосон, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 164 дүгээр шийдвэрээр Д.С ХХК шилжүүлэн авсан бөгөөд анх 6846644 гектар талбайд хайгуул хийх эрх олгогдсон ч Гол мөрний урсац, бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон тухай хуулиар хориглосон талбайтай давхацсан гэх үндэслэлээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 169 дүгээр шийдвэрээр 5294.61 гектар талбайг хэсэгчлэн буцааж 1546.42 гектар үлдсэн, мөн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 47 дугаар шийдвэрээр 875.51 гектар талбайг хэсэгчлэн буцааж, тус компанид ашигт малтмалын хайгуул хийх 670.91 гектар талбай үлдсэн байна.

Маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 57 дугаартай “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах тухай” шийдвэрээр хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайланг хүлээлгэн өгсөн нь нотлогдоогүй гэж үзээд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан байна.

Нэхэмжлэгч нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахыг хүссэн өргөдөлдөө дээр дурдсан баримтуудыг ирүүлээгүй болох нь өргөдөлд хүлээн авагчийн тэмдэглэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдсон.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 6/3020 дугаар албан бичгээр Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн зааг, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хил заагтай тус тус давхцалгүй болохыг тодорхойлж, хавсралтаар талбайн солбицол бүхий зурган мэдээллийг хүргүүлжээ.

Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7/235 дугаар албан бичгээр нэхэмжлэгч компанийн эзэмшилд байгаа XV-015397 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон Дорнод аймгийн Халхгол сумын Баруун шавар нэртэй газарт 875.51 гектар талбайг буцаан өгснийг бүртгэж, үлдэж байгаа 670.91 гектар талбайг XV-015397 дугаартай тусгай зөвшөөрлийн хавсралтад бичиж тэмдэглэснийг мэдэгдсэн, тус мэдэгдлээр буцаан өгсөн болон үлдсэн талбайн солбицлыг тодорхой заасан байна.

Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч нь анх 2010 онд тусгай зөвшөөрлийг авснаас хойш 2018 оныг хүртэл тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулаагүй нь захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй, тус талбай нь Засгийн газрын 194, 289 дүгээр тогтоолоор батлагдсан усан сан бүхий энгийн хамгаалалтын бүсэд бүхэлдээ бус хэсэгчилсэн давхцалтай байсан, түүнийг тухайн үед захиргааны байгууллагуудаас мэдэгдэж байснаас үзвэл нэхэмжлэгч нь давхцалгүй талбайд төлөвлөгөө боловсруулж, үйл ажиллагаа явуулах эрхийг аливаа байдлаар хязгаарлаагүй байна.

Иймд нэхэмжлэгчийн “...хориглосон талбайд хайгуулын ажил хийх, тусгай зөвшөөрлийг ашиглах ямар ч боломжгүй байсаар 2018 он болсон нь манай компаниас шалтгаалаагүй, хайгуулын тухайн үеийн ажлыг гүйцэтгэсэн тухай тайланг хүлээлгэн өгсөн, зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт байхгүй, энэ шаардлагуудыг биелүүлэх боломжгүй” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

Мөн “хэсэгчилсэн давхцалтай бол хайгуул хийж болно гэсэн зөвшөөрөл олгосон зүйл хуульд байхгүй” гэж тайлбарлах боловч хэсэгчилсэн давхцалтай бол давхцалгүй буюу хуулиар хориглоогүй, хязгаарлаагүй талбайд хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн эрхийн хүрээнд хайгуул хийх, холбогдох төлөвлөгөө, тайланг боловсруулж,  үйл ажиллагаа явуулах боломжтой байсан.

“Гол,  мөрний   урсац   бүрэлдэх  эхийн   бүсэд   олгосон тусгай  зөвшөөрлийг  цуцлах,  усны  сан  бүхий  газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн, тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээлт хийлгэх журам”-д зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдрөөс хойш 3 (гурван) сарын дотор геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргахаар, мөн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хориглосон талбайтай давхцаагүй хэсэгт үйл ажиллагаа явуулахыг хүсвэл геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага давхцалтай хэсгийг хасч солбицолд өөрчлөлт оруулахаар тус тус зохицуулсан.

Нэхэмжлэгчийн хувьд 2014 онд 5294.61 гектар талбайг хэсэгчлэн буцааж 1546.42 гектар үлдсэн, мөн 2018 онд 875.51 гектар талбайг хэсэгчлэн буцааж, 670.91 гектар талбай үлдээсэн, одоо тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар хүсэлт гаргаж байгаагаас үзэхэд хориглосон талбайтай давхцаагүй хэсэгт үйл ажиллагаа явуулах хүсэлтэй байсныг илтгэнэ.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахад тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө хугацааг сунгуулах тухай өргөдлийг түүнд холбогдох баримт бичгийг хавсарган ирүүлсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаар хуульчилсан, 22.1.2-т “Үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт” гэж заасан. Нэхэмжлэгч нэгэнт дээрх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул хариуцагчийг хууль зөрчин тусгай зөвшөөрлийг сунгахыг шаардах үндэслэлгүй.

Хэдийгээр нэхэмжлэгчээс “...Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 06б/2461 тоот лавлагаагаар Усан сан бүхий энгийн хамгаалалтын бүсийн хил заагтай давхцалгүй болон цаашдын хайгуул, ашиглалтын ажилд зөвлөмж өгч мөрдөн ажиллахыг даалгасан тул 2018 оны хайгуулын ажлын төлөвлөгөө батлуулан ажлаа эхлээд байна” гэх боловч үүнээс хойш тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлт гаргах хүртэл байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй, хайгуулын үйл ажиллагаа аливаа байдлаар явуулаагүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д зааснаар “хайгуулын ажлын зардлын доод хэмжээ” гэж хайгуулын ажилд жил бүр зарцуулсан байвал зохих зардлын доод хэмжээг гэж ойлгох бөгөөд 33 дугаар зүйлийн 33.1-д хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон тухайн талбайн гектар тутамд хайгуулын ажлыг жил бүр хийж гүйцэтгэх зардлын доод хэмжээг нарийвчлан заасан тул нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийг авснаас хойш хайгуулын ажлын зардлын доод хэмжээг батлах боломжтой байсан гэж үзнэ.

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1-д зааснаар хайгуулын ажлын төлөвлөгөөг хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхээр хуульчилсан байхад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...манай компани 2010 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрлөө авсан тул 2018 оны хайгуулын ажлын төлөвлөгөөг төрийн захиргааны байгууллагад илгээх хуулийн хугацаа нэгэнт өнгөрсөн. Ингээд бид хайгуулын ажлын төлөвлөгөөг 2019 онд батлуулахаар шийдсэн” гэж тайлбарлаж байгаа нь хуульд нийцэхгүй бөгөөд энэ нь нэхэмжлэгчийг зөвтгөх үндэслэл болохгүй.

Хэдийгээр маргаан бүхий 57 дугаар шийдвэрт нэхэмжлэгчийг байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй гэх үндэслэлийг шууд дурдаагүй боловч Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-д заасныг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан, нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийг анх эзэмшиж эхэлснээс хойш мөн хуулийн 22.1.3-д зааснаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөг мөн хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримтыг ирүүлээгүй, мөн 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1-д тус тус заасныг биелүүлээгүй болох нь түүний тайлбар болон Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 531 дүгээр албан бичгээр нотлогдож байна.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад холбогдох шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулж, хэргийн бодит нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн боловч шийдвэрт баримталсан зарим зүйл, заалт нь маргаанд төдийлөн ач холбогдолгүй, хэргийг шийдвэрлэхэд хамааралгүй байх тул уг заалтуудыг хассан өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Тухайлбал, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3-д зааснаар “... /ашигт малтмалын/ тусгай зөвшөөрлийг ... Ашигт малтмалын тухай ... хуулиар зохицуулах”-аар хуульчилсан учир ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл, түүнд хамаарах харилцаанд уг харилцааг нарийвчлан зохицуулсан Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудыг хэрэглэвэл зохих тул анхан шатны шүүх Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх заалтыг баримтлах шаардлагагүй.

Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих”, 21 дүгээр зүйлийн 21.1.5-д “Энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах” гэж тус тус заасан нь геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой болон тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахтай холбоотой ерөнхий зохицуулалт, мөн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.8 дахь заалтууд нь уг маргааны хувьд төдийлөн ач холбогдолгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 69 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын хуулийн зүйл заалт баримталсан хэсгээс “Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 21 дүгээр зүйлийн 21.1.5, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.8” гэснийг хасч өөрчлөн, шийдвэрийн Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар  зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                              ШҮҮГЧ                                            А.САРАНГЭРЭЛ

 

                              ШҮҮГЧ                                            Э.ЗОРИГТБААТАР

 

                              ШҮҮГЧ                                            Н.ДОЛГОРСҮРЭН