Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 21

 

Э.**ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Н.Батзориг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2016/01043 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Э.**ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Э.**т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 90 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн өмгөөлөгч: С.**

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Э.**ийн хүсэлтээр Голомт банкны хадгаламжаа барьцаалан 47 000 000 төгрөгийн зээл авч, өөрт байсан 3 000 000 төгрөгийг нэмж, нийт 50 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Энэ үедээ бичгээр гэрээ хийсэн. Үүний дараа 2015 оны 01 дүгээр сарын     29-ний өдөр дахин 10 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлж, зээлийн гэрээг мөн бичгээр хийсэн. Гэвч Э.** цувуулж нийт 7 000 000 төгрөг өгснөөс өөр төлбөр хийгээгүй.

Эхний 50 000 000 төгрөгийн зээл нь 2 сарын хүүгийн хамт 54 000 000 төгрөг, гэрээний 3-т зааснаар 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс хойших хугацааны алданги 25 000 000 төгрөг, дараагийн 10 000 000 төгрөгийн зээл нь 3 сарын хүүгийн хамт                       11 500 000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс хойшхи хугацааны алданги     5 000 000 төгрөг, нийт 95 500 000 төгрөгийг Э.** төлөх үүрэгтэйгээс 7 000 000 төгрөг төлсөн тул хасаж, одоо 88 500 000 төгрөгийг би Э.**оос зээл, зээлийн хүү, алдангид тооцож авах эрхтэй.

Бид дээрх 2 зээлийн гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийг 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар 90 000 000 төгрөг болохыг хүлээн зөвшөөрч, энэ талаар зээлийн болон барьцааны гэрээ хийж баталгаажуулсан боловч Э.** надаас                 90 000 000 төгрөг аваагүй гэж маргасан нь үндэслэлгүй. Энэ зээлийн дүн бол түүний төлөх ёстой үндсэн зээл, зээлийн хүү, алдангийн нийлбэр юм.

Иймд Э.**оос 88 500 000 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би иргэн Э.**ээс 90 000 000 төгрөгийг зээлж аваагүй ба харин зээл авсан мөнгөө харилцан тохиролцож эргэн төлөхөд татгалзах зүйлгүй. Э.**ээс зээлж авсан мөнгийг Хандгайт Вилла хотхонд зарцуулсан. Мөн н.**д 4 600 000 төгрөгийг өгсөн байдаг. 2014 оноос үргэлжилсэн эдийн засгийн хямрал нь үл хөдлөх эд хөрөнгүүдийн борлуулалтад сөргөөр нөлөөлж, өнөөдрийг хүртэл анх зээлж авсан зээлээ төлж чадахгүй байдалд ороод байна.

Нэхэмжлэгчийн шаардсан 90 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй ба харин авсан зээл дээр харилцан тохиролцох хэрэгтэй гэж бодож байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан Э.**оос 88,500,000 төгрөгийг гаргуулж Э.**эд олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.** нь 88 500 000 төгрөг төлөх үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд түүний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ** дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайт гудамж, ** хаягт байршилтай 183 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, нэхэмжлэгч Э.**ийн шаардлагыг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,   59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 607 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 600 450 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шүүх 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн захирамжаар шүүх хуралдааны өдөр, цагийг тодорхой болгосон байна. Харин шүүгчийн туслах хариуцагч Э.**т шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй атлаа 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 14.00 цагт мэдэгдсэн гэсэн баримтыг хавсаргажээ. Хурлын тов гараагүй байхад бусдад мэдэгдэх боломжгүй юм.

Шүүхээс хариуцагчид хурлын товыг мэдэгдээгүй атлаа шүүхийн шийдвэрт “хүндэтгэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд оролцоогүй” гэж дүгнэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76, 77 дугаар зүйлд заасан шүүх хуралдааныг товлож, хуралдаан хэзээ, хаана болохыг хэргийн оролцогчдод мэдэгдэх үүргээ зөрчиж, мэтгэлцэх боломжоор хангаагүй байна.

Хэргийн материалтай танилцуулж, эрх үүргийн агуулгын хувьд бүрэн тайлбарлаж өгөөгүй. Хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулаагүйгээс гадна хэргийн материалтай танилцуулаагүй хэргийг хянан шийдвэрлэсэн. Иймд хариуцагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх, үүргээ хэрэгжүүлж, мэтгэлцэх боломжоор хангалгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн байна.

2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний 2.5-д “2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр бэлнээр олгоно” гэж зээлдүүлэгч үүргээ хэрхэн гүйцэтгэх талаар тусгэжээ. Хариуцагч тайлбартаа 90 000 000 төгрөгийг зээлж аваагүй ба харин зээлж авсан мөнгөө харилцан тохиролцож, эргэн төлөхөд татгалзах зүйлгүй” гэжээ. Зээлийн гэрээнд зээлийн хэмжээ 90 000 000 төгрөг, зээлийг 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр бэлнээр олгохоор заажээ. Хэрэгт нэхэмжлэгч буюу зээлдүүлэгчээс хариуцагчийн өмчлөлд 90 000 000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн гэх баримт байхгүй. Маргааны зүйл болох 90 000 000 төгрөгийг шилжүүлж өгөөгүй ба нэхэмжлэгчийн тайбараас үзвэл талуудын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаагүй, 90 000 000 төгрөгийн мөнгөн хөрөнгө хэн нэгний өмчлөлд шилжээгүй байна. Гэвч шүүх нэхэмжлэлийн шаардлага, маргааны зүйл болох 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний талаар дүгнэлт өгөлгүй, нэхэмжлэлд дурдаагүй гэрээ 1, гэрээ 2 гэдгийг дүгнэж шийдвэрлэжээ.

Хариуцагч Э.** гэрээ 1, гэрээ 2-ын талаар хэрэг хянан шийдвэрлэх гж байгааг мэдэгдээгүй, тэр талаар тайлбар аваагүй байна. Иргэний хэрэг шүүгчийн захирамжийг гэрээний үүргийн дагуу гүйцэтгүүлэх 90 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн гэрээ гэж ойлгож байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн, бичгээр гаргаж өгсөн ямар нэг нэхэмжлэл авагдаагүй.

Шүүх хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдээгүй, хэргийн материалтай танилцуулаагүй, мэтгэлцэх боломжоор хангаагүй, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус байхад хэргийг хянан шийдвэрлэсэн. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Э.**э нь хариуцагч Э.**т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 88 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ .

 

Талуудын хооронд 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 50 000 000 төгрөгийг, сарын 4 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар хоног тутам алданги төлөхөөр, мөн 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 10 000 000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар хоног тутам алданги төлөхөөр тус тус харилцан тохиролцож зээлийн гэрээг бичгээр байгуулсан ба мөнгөн хөрөнгийг шилжүүлж өгсөн тул зээлийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.4 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр байна.

 

Дээрх зээлийн гэрээнүүдээр талууд зээлийн хүү, алданги тохиролцсон нь Иргэний хуулийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Хариуцагч нь дээрх 2 зээлийн гэрээний үүрэгт 91 397 500 /74 147 500 + 17 250 000/ төгрөг төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд                      88 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шүүх шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Харин талуудын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 90 000 000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу уг мөнгөн хөрөнгийг зээлдүүлэгч зээлдэгчид бодитоор шилжүүлээгүй тул энэ зээлийн гэрээний үүрэг шаардах эрхгүй гэж шүүх дүгнэсэн нь хуульд нийцжээ.

 

Түүнчлэн талуудын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 90 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч Э.**ийн өмчлөлийн, Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Хандгайт гудамж, **од оршин байх 183 м.кв талбай бүхий хувийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж барьцааны гэрээ байгуулсан ба зээлдүүлэгчээс өмнө нь зээлдэгчид шилжүүлсэн 2 гэрээний үнийн дүнг нэгтгэн байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байх тул Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, шүүх мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан барьцаа хөрөнгөөр 50 000 000 төгрөгийн болон 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Шүүх хариуцагчид 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр эрх, үүрэг тайлбарлаж, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчид мэдэгдсэн болох нь хэргийн 13, 28 дахь талд авагдсан баримтаар, мөн хариуцагчийн өмгөөлөгч С.** 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд оролцсон нь шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байх тул хариуцагчийг хэргийн материалтай танилцуулаагүй, шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, хариуцагч талд мэтгэлцэх боломжийг олгоогүй гэж шүүхийг буруутгах үндэслэлгүй.

 

Шүүх хуралдаан 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр товлогдсон болох нь тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 181/ЕШ2016/1009 дүгээр захирамж, шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШЗ2016/05728 дугаар захирамжаар тогтоогдсон, шүүх хуралдааны товыг 2016 оны 10 дугаар сарын      11-ний өдөр мэдэгдсэнээр талуудын эрх ашиг зөрчигдсөн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамжийн огноо зөрүүтэй байгаа нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох ноцтой үндэслэлд хамаарахгүй юм.

 

Түүнчлэн зохигч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай уулийн 76 дугаар зүйлийн 76.3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны товыг лавлах үүрэгтэй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2016/01043 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 600 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

 

     ШҮҮГЧИД                                      Н.БАТЗОРИГ

 

Э.ЗОЛЗАЯА