Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/00441

 

С.Оын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2017/03188 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2505 дугаар магадлалтай,

С.Оын нэхэмжлэлтэй

Ж.Пд холбогдох

Хохиролд 3 084 777 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Наранцэцэгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.О, түүний өмгөөлөгч Б.Наранцэцэг, хариуцагч Ж.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 7484 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 00244 дугаартай тогтоолоор Ж.Пгаас 51 000 000 төгрөгийг гаргуулан С.Од олгож шийдвэрлэсэн. Хариуцагч Ж.П нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байсан тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 13923 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарч шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 1504 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 24 дугаартай Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны санал болгох ажиллагааны тэмдэглэл гарч Ж.Пгийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 14 дүгээр байр, 40 тоот 3 өрөө орон сууцыг зөрүү төлбөрийг төлж авахыг надад санал болгосны дагуу зөрүү төлбөрийг төлсөн. Мөн шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээнд заагдсан төлбөр болох 6 хувь буюу 3 084 777 төгрөгийг төлсөн. Хариуцагч Ж.П нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар заавал биелүүлэх үүрэгтэй байсан боловч сайн дураар биелүүлээгүй. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас төлбөр төлөгч Ж.Пг шүүхийн шийдвэрийг заасан хугацаанд биелүүлэх, хэрэв биелүүлэхгүй бол холбогдох зардлыг гаргуулахыг мэдэгдсэн байдаг. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас өөрийнх нь өмчлөлийн орон сууцыг зөрүү төлбөрийг төлж авахыг санал болгосны дагуу намайг зөрүү төлбөр төлсний дараа шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Төлбөр авагч миний шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалд төлсөн төлбөр нь төлбөр төлөгч Ж.Пгийн шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйтэй холбоотой, албадан гүйцэтгүүлэх ажиллагааны улмаас нэмэгдэл зардал гарсныг түүнээс нөхөн төлүүлэх ёстой гэж үзэж байна. Хариуцагч Ж.П нь шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх тухай хуулиар тогтоосон үүргээ биелүүлээгүйгээс үүссэн үр дагавар буюу нэмэгдэл зардал бөгөөд үүнийг нөхөн төлөх үндэслэлтэй юм. Ж.П шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлсэн бол валютын ханшийн зөрүү болон банкны хүүнээс орлого олох боломжтой байсан боловч энэ бүгдийг тооцож нэхэмжлээгүй болно. Ж.П 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд 51 884 950 төгрөг шилжүүлснээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон. Иймд хохиролд 3 084 777 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээнд заагдсан төлбөр болох 6 хувь буюу 3 084 777 төгрөгийг төлсөн нь үнэн. Энэ төлбөрийг төлбөр төлөгч Ж.Пгийн шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байхтай холбоотойгоор өөрт үүссэн нэмэгдэл зардлыг нөхөн төлүүлэхээр шаардсаныг үндэслэлгүй гэж үзэж байна. 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 7484 дугаартай шүүхийн шийдвэрээр 65 сая төгрөгийг надаас гаргуулж С.Од олгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд Ш.Алтантуул, түүний дүү Ш.Алтанзагас нар дээрх төлбөрөөс 49 896 010 төгрөгийг С.Од төлсөн баримт гарч ирсэн тул энэхүү С.Од тушаасан төлбөрийг гаргуулах буюу С.Од төлөх төлбөрөөс хасуулах зорилгоор шинээр үүссэн нөхцөл байдлын улмаас 2016 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Улсын Дээд шүүхэд гомдол гаргасан, улмаар 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Улсын Дээд шүүхэд дахин хянуулсан. Ийнхүү хэрэг Улсын Дээд шүүхэд хянагдаж байхад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан байдаг. Миний бие 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд насанд хүрээгүй охиноо харж хамгаалах зорилгоор гадаадад амьдарч байсан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар мэдээгүй бөгөөд надад мэдэгдэлгүй миний өмчлөлд байх 3 өрөө орон сууцыг 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр, мөн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 2 удаа албадан дуудлага худалдаанд оруулсан байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1.1, 1.3, 25, 36, 37 дугаар зүйл заалтуудыг зөрчсөн байх тул зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан ба Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/1149 дугаартай шийдвэрээр миний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6, 7 дугаар догол мөрөнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдаагүйг тодорхой дурдсан байдаг. Гагцхүү бид шүүхэд гомдол гаргах хугацааг 2 хоногоор хоцорч гаргасан нь бидний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл болсон байдаг. С.Оаас би мөнгө аваагүй, Ш.Алтантуулын мөнгө авсан гэх баримтад би баталгаа гаргаж өгснөөрөө хариуцагч болсон. Түүнээс биш би мөнгө аваагүй, оргон зайлаагүй учир энэ нэхэмжлэлийг нь хүлээн зөвшөөрөхгүй. Гэтэл энэ төлбөр буюу хоёр талын хүсэл зорилгоор хийгдсэн гэрээний дагуу төлөгдсөн 3 084 777 төгрөгийг надаас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхийн шийдвэрийн дагуу 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 51 884 950 төгрөгийг шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжүүлснээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон. Миний бие төлбөр төлөхөөр 2016 оны 01 сараас эхлэн хөөцөлдөж зар өгч байсан, энэ баримтыг шүүхэд өгөөгүй. Иймд С.Оын 3 084 777 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2017/03188 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Ж.Пгаас 3 084 777 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Од олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар хариуцагч Ж.Пгаас улсын тэмдэгтийн хураамжид 64.306 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Од олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 64 400 төгрөгөөс илүү төлөгдсөн 94 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 64 306 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Тус шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШЗ2017/12472 тоот захирамжаар авсан Шүүхээс гарах шийдвэрийг баталгаажуулах тухай арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2505 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2017/03188 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7, 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хохиролд 3 084 777 төгрөг гаргуулах тухай С.Оын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.Пгаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Наранцэцэг хяналтын гомдолдоо: Магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд: Магадлалын хянавал хэсэгт “Иргэний хуулийн 222-р зүйлийн 222.7 дахь хэсэгт “үүрэг гүйцэтгэгч мөнгөн төлбөрийг үүргийг хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй” гэж заасан байна. Иргэн болон хуулийн этгээд бусдад мөнгө төлөх үүрэг хүлээсэн бол үүргээ хугацаандаа гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд хэрэв хугацаа хэтрүүлбэл нөгөө тал хохирол шаардах эрхтэй юм. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээний дагуу шүүхийн шийдвэрээр хариуцагчаас нэхэмжлэгчид төлөхөөр тогтоосон 51,412,950 төгрөгийн 6 хувиар тооцож шийдвэр гүйцэтгэгчийн урамшууллын зардалд төлсөн 3 084 777 төгрөгийг хохиролд тооцон гаргуулах боломжгүй” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь зохигчдын хооронд урьд үүссэн Зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой маргаан шүүхэд эцэслэн шийдвэрлэгдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 6-ны өдрийн 7484 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 сарын 25-ны өдрийн 12 дугаар магадлал, Монгол улсын дээд шүүхийн 2016 оны 3 сарын 15-ны өдрийн 001/ХТ2016/00244 дугаар тогтоолоор Ж.Пгаас 51 000 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 412 950 төгрөгийг гаргуулж С.Од олгохоор шийдвэрлэсэн бөгөөд уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11-р зүйлийн 11.2 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг Ж.П нь сайн дураараа, заавал биелүүлэх үүрэг хүлээсэн ч энэ үүргээ биелүүлэхээс удаа дараа санаатайгаар зайлсхийж байсан юм. Иймд шүүхийн шийдвэрийг шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаар албадан гүйцэтгүүлэхээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсан бөгөөд шийдвэр гүйцэтгэгчийн урамшууллын зардалд 3 084 777 төгрөг төлж хохирсон юм. Хэрэв хариуцагч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг сайн дураар, бүрэн биелүүлсэн бол нэхэмжлэгч нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад хандаж 3 084 777 төгрөгийг шийдвэр гүйцэтгэгчийн урамшууллын зардалд төлж хохирохгүй байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсан байхад хүртэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд удаа дараа саад учруулж, өмнөх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг 2 ч удаа гаргаж байсан, мөн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бус явуулсан гэж мөн 2 удаа шүүхэд гомдол гаргаж байсан. Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийн хянуулах эсэх, мөн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмыг зөрчиж явагдсан гэж үзвэл гомдол гаргах эсэх нь түүний эрхийн асуудал хэдий ч дээрх хэд хэдэн тохиолдолд түүний гаргасан хүсэлт, гомдлыг үндэслэлгүй хэмээн үзэж шүүхээс хүлээн авахаас татгалзаж, хүсэлт гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг юм. Мөн анхан шатны шүүх хуралдаан дээр Ж. Ж.П нь “өмнөх зохигчдын хооронд үүссэн маргааныг 3 шатны шүүх буруу шийдвэрлэж, надаас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн. Би С.Од өглөггүй байхад шүүх ийнхүү шийдвэрлэсэн нь буруу, тийм ч учраас би удаа дараа шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах тухай хүсэлт гаргасан” гэх тайлбарыг гаргасан. Энэ тайлбараас үзвэл хариуцагч нь нэгэнт 3 шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаан болох хүртэл эс зөвшөөрч, түүнийг биелүүлэхээс зайлсхийж байсан болох нь тодорхой харагддаг юм. Тийм учраас нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1, 510-р зүйлийн 510.1 гэж тодорхойлсон. Өөрөөр хэлбэл талуудын хоорондох гэрээний эрх зүйн харилцаа дуусгавар болсон, уг маргаантай асуудлыг 3 шатны шүүх нэгэнт эцэслэн шийдвэрлэсэн тул хуулийн дагуу шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйн улмаас учирсан хохирол болох 3 084 777 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа болно. Гэтэл давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн гаргасан гомдлоор энэхүү иргэний хэргийг хянан хэлэлцэхдээ гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг шаардах эрх буюу Иргэний хуулийн 222-р зүйлийн 222.7, 228-р зүйлийн 228.1, 229-р зүйлийн 229.1 дэх заалтыг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэх үндэслэлтэй ба давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлийг хангалттай хянаж үзээгүй болохыг харуулж байна. Түүнчлэн магадлалын хянавал хэсэгт “...Төлбөр авагч шийдвэр гүйцэтгэгчид урамшуулал олгох гэрээ байгуулах эсэх нь түүний өөрийн хүсэл зоригт үндэслэсэн, Иргэний хуулийн 189-р зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний эрх чөлөөний зарчмын асуудал тул хариуцагчийн төлбөр төлөөгүйтэй холбоотой үүссэн зайлшгүй зардал, бодит хохирол гэж үзэхгүй юм” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэдийгээр С.О нь шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад хандаж, шийдвэр гүйцэтгэгчид урамшуулал олгох гэрээг өөрийн сайн дураар байгуулсан хэдий ч хэрэв Ж.П нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 6-ны өдрийн 7484 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 сарын 25-ны өдрийн 12 дугаар магадлал, Монгол улсын дээд шүүхийн 2016 оны 3 сарын 15-ны өдрийн 001/ХТ2016/00244 дугаар тогтоолын надад өгөх ёстой 51 412 950 төгрөгийг надад сайн дураар өгсөн байсан бол ийнхүү өөрөөсөө зардал гаргаж, шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад хандахгүй байсан. Дээр дурдсанчлан хариуцагч нь төлбөр төлөхөөс зайлсхийлсэн үйлдэл, үйл ажиллагааг удаа дараа хэрэгжүүлж ирсэн учир шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад хандахаас өөр аргагүй нөхцөл байдалд хүргэсэн. Тиймээс шийдвэр гүйцэтгэгчид олгох урамшууллын гэрээг байгуулж, шийдвэр гүйцэтгэгчид 3 084 777 төгрөг төлж хохирсон ба энэ нь С.Оын эд хөрөнгөд учирсан бодит хохирол мөн. Гэтэл давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172-р зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч С.О хариуцагч Ж.Пд холбогдуулан хохирол 3 084 777 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйгээс шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад урамшуулал төлж, хохирол учирсан гэжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, харин давж заалдах шатны шүүх “...Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар үүрэг бүхий этгээд нь хохирлыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй байдаг тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардал нь  хохиролд хамаарахгүй...”  гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул магадлалыг хүчингүй болгоно.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хууль, Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг хэрэглэж, нэхэмжлэлийг хангасан нь хуульд нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэв.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 7484 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 001/ХТ2016/00244 дүгээр тогтоолоор Ж.Пгаас 51 000 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 412 950 төгрөгийн хамт гаргуулж С.Од олгож шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна./хх6-14 дүгээр тал/

Ж.П нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарч, 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 1504 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан, С.О нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албатай 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 16/411 тоот шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээ байгуулж, уг зардалд 3 084 777 төгрөгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсэн баримт хэрэгт авагджээ.

Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй байдаг тул энэ утгаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй хариуцагчийн буруугаас шалтгаалж, шийдвэр гүйцэтгэлийн урамшуулалд төлсөн зардлыг шаардах эрхтэй болно.

Үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол нэхэмжлэгч нь дээрх зардлыг гаргаж хохирох ёсгүй байжээ. Уг зардлыг нэхэмжлэгч өөрөөсөө гаргаснаар эд хөрөнгөд нь хохирол учирсан гэж үзнэ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж тусгайлан заасан тул Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсгийг хэрэглэх үндэслэлгүй байжээ. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Пгаас 3 084 777 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Од олгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар  сарын 11-ний өдрийн 2505 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2017/03188 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн 64 310 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА