Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 87

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Г.Анармөнх,

шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг,

нарийн бичгийн даргаар Б.Солонго нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Цэцэгмаагийн Ц.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911022631179 тоот хэргийг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1987 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, 120 айлын 8-3 тоотод амьдардаг, урьд нь ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Цэцэгмаагийн Ц.Б /РД- ЙР87081610/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: яллагдагч Ц.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг "Баялаг" дэлгүүрийн гадна талд хохирогч С.Сүвэдэйгийн эзэмшлийн автомашинаас түүний эзэмшлийн “Айфоне-7”  загварын гар утас, бэлнээр 80.000 төгрөгтэй савхин хүрмийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 594.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь  

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Баттулгын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

шүүгдэгч Ц.Баттулгын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: "...намар 8 дугаар сард байсан. Өглөө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Бөмбөгөр худалдааны төвийн орчим жаахан архи уучихсан ганцаараа алхаж яваад урагш зам гараад нөгөө Ганга зардаг дэлгүүрийн үүдээр очсон. Тэгээд тэр дэлгүүрийн урд тал үүд хэсэгт саарал өнгийн санагдаж байна суудлын жижиг машины хойд хаалга нээлттэй байсан ба суудал дээр бор өнгийн савхин хүрэм харагдаж байсан ба машины эзэн машиндаа өөр юм хийгээд зогсож байхаар нь нөгөө хүрмийг нь хулгайлан аваад байрны голоор орж нөгөө хүрмийг өмсөөд халаасыг нь ухаад үзтэл бор өнгийн хэтэвч, хэтэвчин дотор нь 80.000 төгрөг, бичиг баримтууд байсан. Мөн хар өнгийн Ай фоне загварын гар утас байсан. Тэгээд хэтэвчинд нь байсан мөнгийг нь авчихаад хэтэвчийг нь байрны голд байсан хогийн саванд хийчихээд гар утсыг нь халаасандаа хийж явж байгаад эргээд Бөмбөгөр худалдааны төвийн хажуугийн нэгэн чингэлэг доогуур нуучихаад эргээд хогийн цэгийн хажууд очоод дэлгүүрээс архи дарс авч уугаад сууж байсан чинь ганц нэг архи уудаг хүмүүс ирээд хамт ууж сууж байсан чинь нэг эгч ирээд чи яагаад хүүхдийн хүрэм өмсчихсөн байгаа юм бэ, алив тайл гэхээр нь нөгөө хүрмийг нь тайлж өгсөн. Тэр эгч хүрэмний эзэн гэсэн нэг залуу нөгөө хүрмээ өмсөөд халаасанд нь байсан утас, хэтэвчийг асуухаар нь би нөгөө эгчийг дагуулаад хэтэвчийг хаясан хогийн савруугаа дагуулж очиж хэтэвчийг нь гаргаж өгсөн...Хулгайлсан 80.000 төгрөгнөөс тодорхой хэдэн төгрөгөөр архи авч ууж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 х/,

хохирогч С.Сүвэдэйгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... хяналтын кмаерийг цагдаа нарын хамт очиж шүүж үзэхэд хяналтын камерт бичигдсэнээр миний машинаас хулгай хийж байсан хүн бол энэ хүн мөн байна. Мөн хулгайн хэрэг гардаг өдөр би эгч Эрдэнэхишигдэлгэрийн хамтаар Бөмбөгөр худалдааны төвөөр хайгаад явж байсан чинь энэ зураг дээр байгаа Ц.Б гэх залуу миний савхин хүрмийг өмсчихсөн явж байсан. Тэгээд бид 2 барьж аваад халаасыг нь шалгаж үзэхэд халаасанд нь манай гэрийн түлхүүр байсан ба түрийвч хаана байна гэж асуухад хогийн саванд хийсэн гэж хэлээд надад зааж өгсөн тэр газарт нь очиход хогийн саванд нь миний түрийвч байсан...Ай фоне 7 загварын гар утас, бэлнээр 80.000 зэрэг хохирол учраад байна...бичиг баримтуудаа бүрэн гүйцэд авсан ба Ай фоне-7 загварын гар утас, бэлнээр 80000 зэрэг хохирол учраад байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 12х/,

гэрч Я.Эрдэнэхишигдэлгэрийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Сүвэдэйгийн утас руу залгаад чи хурдан хүрээд ир, энэ хүрмийг хараадхаач гэсэн чинь удалгүй Сүвэдэй ирж аниа миний хүрэм мөн байна гэхээр нь би нөгөө архи уусан хүнээс эгчийн дүү наад хүрэм чинь манай дүүгийн хүрэм байна, чи бичиг баримт болон гар утсыг нь яасан бэ гэсэн чинь нөгөө залуу хэсэг байж байгаад эгчээ би таньд үнэнийг хэлье, би энэ хүрмийг Баялаг дэлгүүрийн хажууд байсан машинаас хулгайлсан юм. Бичиг баримт, түрийвчийг хогийн саванд хийсэн гэж хэлээд надад зааж өгсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 17х/,

камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9х/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 20-21х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Ц.Баттулгыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогч С.Сүвэдэйгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ц.Б нь энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Сүвэдэйд учирсан хохирол болох нийт 594.000 төгрөгийг тус хэргийг шүүхэд хянагдаж байх явцад, шүүхийн тамгын газрын дансанд байршуулсан байх тул уг мөнгийг гаргуулан, хохирогч С.Сүвэдэйд олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Ц.Бд ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад учруулсан хохиролоо нөхөн төлсөн, урьд энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж ял шийтгүүлж байсан хувийн байдлыг нь харгалзан үзэж түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шүүх шийдвэрлэв. 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СиДи 1 ширхэгт тус хэргийн үйл баримтыг нотлох ач холбогдол бүхий дүрс бичлэг хийгдсэн байх тул хэрэгт үлдээх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Цэцэгмаагийн Баттулгыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Бд 480 /дөрвөн зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Ц.Баттулгын цагдан хоригдсон нийт 29 хоногийг, нэг хоногийг нь нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон, нийт 232 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялд шилжүүлэн, түүнд шүүхээс оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч, биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг нийт 248 /хоёр зуун дөчин найман/ цагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсгүүдэд заасныг журамлан Ц.Бд шүүхээс оногдуулсан 248 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурваас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

 

6. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын Төрийн сангийн 100900005406 дугаартай дансанд шүүгдэгч Ц.Баттулгын байршуулсан нийт 594.000 /таван зуун ерэн дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч С.Сүвэйдэй /РД: МЮ99022810/-д олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхэгийг хэрэгт нь үлдээсүгэй.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Шиитгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ