| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2020/0006/Э |
| Дугаар | 88 |
| Огноо | 2020-01-27 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | М.Очбадрах |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 88
Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч М.Очбадрах,
шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч С.Батнасан,
шүүгдэгч С.У, түүний өмгөөлөгч Ю.Батболд, Д.Мөнх-Очир,
нарийн бичгийн даргаар Б.Солонго нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Урианхан овогт Мөнхтуяагийн М.Э, Лахаа овогт Сосорбарамын С.У нарт холбогдох 1902008330330 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2001 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Моробу Ханшин Монгол” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эх, эмээ, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 28-359 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Урианхан овогт Мөнхтуяагийн М.Э /РД- УЦ01231772/
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2000 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ХААИС-ийн инженер технологийн сургуулийн Барилгын инженерийн 1 дүгээр дамжааны оюутан хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Туяа халуун устай нийтийн байрны 01 тоотод түр оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Лахаа овогт Сосорбарамын С.У /РД- ДЮ00312610/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: яллагдагч М.Э, С.У нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Э, С.У нар нь бүлэглэн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай "Өвс" гэх нэршилтэй 1355 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, 34-51 УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хадгалсан гэмт үйлдэл хийсэн болох нь
шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,
шүүгдэгч М.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: "...Би 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 14 цагийн үед гэртээ байж байгаад найз С.Утой чатаар холбогдсон. ...Би тухайн үед 34-51 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслээр халтуур хийж явж байгаад утсаар ярихаар нь шууд яваад очсон. ...С.У Батсүмбэрт өвс гэх зүйл ургадаг гэж байна хоёулаа явчихаад ирэх үү гэсэн тэгээд бид хоёр шууд Төв аймгийн Батсүмбэр сум руу явсан. ...Батсүмбэрийн засмал замаас гараад 20 гаран км явж байгаад Баянгол сувилалын газрын орчимд очоод хогийн цэгтэй, жалганы тэр хавьд очсон. Тэгээд С.У жалганаас эхэлж түүгээд шатаагаад энэ мөн байна гээд тэгээд энийг сайн хараад яг энэ өвснүүдийг түүчих гэж хэлээд 100 төгрөгний цагаан өнгийн гялгар торны талаар түүсэн. Тус тусдаа гялгар уутны талаар өвс гэх зүйлийг гараараа түүсэн. Тэгээд 2 гялгар ууттай өвсөө машины багажинд хийгээд хот руу явсан. ...урд суудлын шалавчин доороос гарсан цагаан өнгийн гялгар ууттай өвсийг Батсүмбэр рүү явж байх замд пост өнгөрөөд жоохон яваад хоёр цайны газар байсан тэрний хананы доор ургасан байна гээд намайг тор аваад ир гээд торонд явуулаад цагаан өнгийн гялгар уутаны ёроол хэсгээр хийгээд амыг нь боогоод сууж явсан суудлынхаа шалавчин доор хийсэн байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 117х/,
шүүгдэгч С.Уын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: "...Нэг хогийн цэг шиг хогтой жалгатай газар ирсэн. Тэгээд М.Э энд өвс ургадаг гэсэн эндээс түүе гэсэн тэгээд машинаасаа буугаад жалга хавиар хайж явж байгаад эндээс шувтраад зулгаагаад ав гэсэн энэ мөн үү гэтэл, зүгээр түү түү гэсэн. Тэгээд бид хоёр цагаан өнгийн 100 төгрөгний гялгар 2 тороор тал тал хэрээтэйг түүгээд хойд багажинд хийгээд шууд хот руу явсан. ...машинд үзлэг хийх үед зүүн урд суудлын шалавчин доороос цагаан өнгийн гялгар ууттай өвс гэх зүйл гарч ирсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 124х/,
ШШҮХ-ийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 5456 дугаартай: "...2019.09.25 С.У" гэж хаягласан шээсний дээжнээс Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцийн жагсаалтад хамаарна. "2019.09.25 М.Э" гэж хаягласан шээсний дээжээс мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй" гэх шижээчийн дүгнэлт /хх-ийн 44-45х/,
ШШҮХ-ийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 5455 дугаартай: "...Цагаан өнгийн 3 ширхэг гялгар ууттай ургамал мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн жагсаалтад хамаарна" гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 47-49х/,
яллагдагч М.Э, С.У нарын биеэс биологийн дээж авч мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх-ийн 11-16х/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-23х/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 24х/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 1289, 1288 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 60-61х, 63-64х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч М.Э, С.У нарыг бүлэглэн, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан тус тус гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч М.Эрдэнбаяр, С.У нарт ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, гэмт хэрэгт оролцсон оролцоо адил, хувийн байдлыг нь харгалзан үзэж тус бүр 1 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан саналдаа: “...М.Э, С.У нар нь гэм буруугаа хүлээсэн, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдлуудыг нь харгалзан оногдуулах хорих ялыг тэнсэж өгнө үү..” гэжээ.
Сэтгэцэд нөлөөлөх, мансууруулах бодисыг хэрэглэсэн хүн нь өөрийн хийж буй үйлдлийг ухамсарлаж чадахгүйн улмаас нийгэмд аюултай үйлдэл хийдэг бөгөөд бие махбодидоо эдгэршгүй олон тооны өвчнүүдийг тусах суурь болдогоороо нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээгээрээ аюултайд тооцогддог юм. Мөн энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд зааснаар нийгэмшүүлэх, цээрлүүлэх зорилгоор хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэн шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гаргасан саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа цагаан өнгийн гялгар тортой нийт 1355 грамм жинтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “өвс” гэх мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэж олж авсан байх ба эрх бүхий албан тушаалтануудын хамтарсан захирамж, тушаалаар зохицуулсан эд мөрийн баримт устгах журамд зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, устгасан талаараа холбогдох баримтыг хэрэгт хавсаргуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Урианхан овогт Мөнхтуяагийн М.Э, Лахаа овогт Сосорбарамын С.У нарыг бүлэглэн, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Эт 1 /нэг/ жил, С.Уод 1 /нэг/ жил хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан М.Э, С.У нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч М.Э, С.У нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
5.Шүүгдэгч М.Э, С.У нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа цагаан өнгийн гялгар тортой нийт 1355 грамм жинтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “өвс” гэх мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Э, С.У нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ