Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 6196

 

МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж,  тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 72 дугаар хотхон, Амины орон сууц байр 11 тоотод оршин суух Бэсүд овогт Дашхүүгийн Батдэлгэр /Регистрийн дугаар ЧИ63051627/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 31 дүгээр байр, 108 тоотод оршин суух Буяндэлгэрэх овогт Наянтайн Дарьбазар /Регистрийн дугаар ЦВ64062413/-т холбогдох,

 

2007 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Орон сууцны бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах, Д.Батдэлгэрийн маргаж буй байрны өмчлөх эрхийг сэргээлгэхийг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Батдэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Пүрэвлхам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаяр, хариуцагчийн  өмгөөлөгч Ж.Ариунтуяа, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд Б.Мягмарсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ариунжаргал, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Өлзийхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Батдэлгэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Би Н.Дарьбазарыг огт танихгүй. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал асан Д.Нямхүү зээл чөлөөлөх нэрийн дор намайг залилан мэхэлсэн юм. Д.Нямхүү нь албан тушаалаа ашиглан хууль тодотголтой хуулийн байгууллагын албан тушаалтангуудтай хамтарч ээж, дүү нарын минь байруудыг дээрэмдэн авч биднийг хохироосон болно. 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр шударга шүүхийн шийдвэр гарсан. 2007 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Д.Батдэлгэрээс Н.Дарьбазарт өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201003365 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34б байрны 167 тоотод орших 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг бэлэглэсэн “Орон сууцны бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах, Д.Батдэлгэрийн маргаж буй байрны өмчлөх эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Батдэлгэр шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “Би нэгдүгээр хорооллын хоёр өрөө байрыг барьцаанд байгаа гэж бодоод яваад байсан. Халдвартын захирал Д.Нямхүүтэй 2013 оны 3 дугаар сард уулзаад би чамд 50,000,000 төгрөг өгье гэхэд үгүй 80,000,000 төгрөгийг өг гэсэн. Тэгэхэд нь би чамд зөндөө хүү төлж байсан, манай ээжийн нэгдүгээр хорооллын хоёр өрөө байр барьцаанд байгаа гэж хэлэхэд Д.Нямхүү би шүүгч нарт маш их мөнгө зарцуулсан, Н.Дарьбазарын байранд маш их мөнгө зарцуулсан гэж хэлсэн. Улсын дээд шүүхийн шүүгч нар луйвар хийснийг би мэднэ. Чингэлтэй дүүргийн зүүн талын хаалганд орж ирэхэд орон сууцны бэлэглэлийн гэрээ хийсэн байсан. Би маш их гайхаж Д.Нямхүүгээс чи яагаад ийм юм хийсэн юм бэ? гэхэд чи юу ч хийж чадахгүй гэж хэлсэн. Манай дүү нар өргөдөл гаргаад, эрүүгийн хэрэг үүсгүүлээд, намайг ялтангаар шоронд оруулж яллах гэж байсан. Тэгэхэд нь тэгье тэгье намайг ялла, н.Алимаа, Д.Нямхүү, Н.Дарьбазар нарыг татаад ир гэхэд эргээд цагдаа дээр очсон. Тухайн үед прокурор дээр байсан. Миний гарын үсэг биш байсан. Хуулийнхан хангалттай намайг зовоолоо. Шинжээчийн дүгнэлт гараагүй байхад эрүүгийн хэрэг үүсгэхээс н.Ганзориг татгалзсан байсан. Нэгдүгээр хорооллын 2 өрөө байрыг цагдаа, прокурорынхон надаас дээрэмдээд авчихсан. 3 дугаар хорооллын  байрыг шүүгч нар булаагаад авсан байсан. Шударга үнэн гэж байдаг юм байна лээ. Иргэний хэрэг үүсгээд Ч.Алтанцэцэг гэдэг шүүгч байсан. Л.Отгонбаяр, Н.Дарьбазар бид гурав байсан. Гарын үсэг дээрээ шинжээч томилуулахад хоёр дахь удаа мөн гэж гарсан. Тухайн үед намайг харваад хэвтэж байхад шүүх хуралдаанд ирээгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг буцаасан байдаг. Шүүх хуралдаантай гээд л ирэхэд буцаагаад, сүүлдээ шүүхийнхэн аргагүй л байдаг юм. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчтэй уулзаад та айж байгаа бол хэлчих би татгалзъя, Н.Ундрах, Ц.Амарсайхан нар чинь нөлөөлөөд л байвал хамаатангаараа хуулийн хүмүүс байдаг юм байна лээ гэж хэлсэн Д.Нямхүүгийн тухай мэдээллийг эмнэлэг дотроос нь мэддэг байсан. Зовлон гэж байдаг бол энэ байрыг өгөөд ч нимгэрэхгүй. Энэ байранд хуулийн бүх байгууллага орсон. Намайг яллагдагчаар татаж байгаа бол миний хүсэлтийг хангаач гээд хүсэлт бичиж өгөх болгонд хүсэлтийг хангахгүй орхидог байсан. Би гарын үсгээ шинжлүүлэхээр Орос луу хүүхдэд мөнгө өгөөд криминалистикийн шинжилгээнд явуулж байсан. Би Монгол Улсын их сургуулийн хуулийн эчнээд сурч байсан учраас багш нараасаа асуудаг байсан, тэд миний гарын үсэг биш байна гэж байсан. Нотариатын үйлдэл хүчингүй болсон тул бэлэглэлийн гэрээ хүчингүй юм. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Пүрэвлхам шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Нэгэнт хүчин төгөлдөр бусд тооцсон бол Иргэний хуулийн  56 дугаар зүйлийн 56.1.10-т дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэсэн байдаг. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд бид нар байрыг авсан юм гэж байгаа боловч хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр авсан байна. Иргэний хуулийн  57 дугаар зүйлийн 57.2-т хүчин төгөлдөр бус гэж шүүхээс тооцсон хэлцэл нь хийсэн үеэсээ эхлээд хүчин төгөлдөр бус байна гэсэн байдаг тул манай өмчлөх эрхийг сэргээж өгнө үү. Иргэний хуулийн  56 дугаар зүйлийн 56.5-д талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. Зөвхөн боломжгүй гэх тохиолдолд үнийг төлнө, боломжгүй гэх нөхцөл байдал харагдахгүй байна. Гуравдагч этгээд бие даасан шаардлага гаргаагүй байна. Н.Дарьбазар, Д.Батдэлгэр нар байгуулсан худалдах худалдан авах гэрээг хүчингүй болгосон нь хэргийн материалд байна. өгөлцөж авалцсан асуудал ярьж байгаа тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар өгөлцөж авалцсан байгаа тул хүндрэлтэй байдал үүсэх юм байна. Иргэний хуулийн  56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж заасан байдаг. Д.Батдэлгэр зөвшөөрөөгүй байхад хийгдсэн байх тул хүчин төгөлдөр бусд тооцож байна. Иргэний хуулийн  56 дугаар зүйлийн 56.1.10-т дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл гэж харагдаж байна. Олон хүнд зарагдаж, үрэгдсэн байх тул буцаан сэргээх боломжгүй гэж хариуцагч, гуравдагч этгээдийн зүгээс тайлбарладаг. Бидний зүгээс бие биедээ худалдсаныг мэдээгүй. Иргэний хуулийн  57 дугаар зүйлийн 57.2-т зааснаар энэ хуулийн 56.1-д заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох нөхцөлийг талууд хэлцэл хийснээс хойш мэдсэн бөгөөд уг хэлцэл нь өөр хэлцлийн шаардлагад нийцэж байгаа тохиолдолд талууд хүсвэл шаардлагад нийцэж байгаа хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзнэ гэсэн байна. Өмчлөх эрхийг сэргээлгэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаяр шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “Нэхэмжлэгч өөрөө 2007 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хийгээгүй гэдэг. Уг гэрээг хийсэн эсэх талаар хариуцагч талаас маргахгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар зээлийн гэрээг халхавчлах зорилгоор хийсэн байгаа нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдож байх тул хариуцагч талаас бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Д.Нямхүү гэдэг хүний тухай ярьж байна. Хэргийн оролцогч биш тул яриад байх нь илүү байх гэж бодож байна. Зээлийн гэрээ нь 17,000,000 төгрөгийн зээлийн гэрээг нэхэмжлэгч Д.Батдэлгэр, хариуцагч Н.Дарьбазар нар байгуулж, 23,000,000 төгрөгийг өгөх тухай нотлох баримтууд нь цугларсан байдаг. Хөөн хэлэлцэх хугацаагаар хариу тайлбар гаргах гэтэл 2010 оны 06 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Дарьбазарт гардуулсан байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.1-д заасны дагуу хэлцэл хийсэн талуудад нь уг хэлцлээр эд зүйлийг буцаан өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд хуульд зааснаар тухайн маргаан бүхий орон сууцны өмчлөгч болсон байдаг. Тухайн өмчлөх эрхийг шилжүүлж авахдаа хариуцагч Н.Дарьбазараас аваагүй, хэд хэдэн өмчлөгчийг дамжаад явсан байдаг. Одоо шударгаар эзэмшиж байгаа этгээд нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.Ариунжаргал юм. Тухайн эд хөрөнгийг биет байдлаар буцааж өгөхийг хуулинд шаарддаг, нэг бүрийн үнээр тодорхойлогдох эд хөрөнгө тул буцааж өгөх боломжгүй учраас үнийг нэхэмжлэх эрхийг нээлттэйгээр шийдвэртээ тусгаж өгнө үү. Гуравдагч этгээдэд өмчлөх эрх нь 2007 оны бэлэглэлийн гэрээгээр шилжээгүй, орон сууц худалдах худалдан авах гэрээгээр шилжсэн. Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.10-т зааснаар бүх хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж буруу ойлголттой байх шиг байна. Бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээрт бүртгэл үнэн зөв байна гэж заасан байдаг. Худалдах худалдан авах гэрээг улсын бүртгэл үнэн зөв гээд бүртгээд авчихсан. Өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан байгаа. Энэ бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсноор дараа дараагийн хэлцлүүд хүчингүй болж гуравдагч этгээдээс нэхэмжлэгчид очих боломжгүй, үндэслэлгүй юм гэв. Д.Батдэлгэр 17,000,000 төгрөгийг авсан нь харагддаг. Зээлийн гэрээг барьцааны гэрээ хийлгүй, худалдах худалдан авах гэрээ байгуулаад байрыг 25,500,000 төгрөгийн үнэтэй байсан юм байна. Н.Дарьбазар нь 17,000,000 төгрөгийн зээлийг чөлөөлсөн юм байна. Олон өмчлөгч дамжсан тул одоо боломжгүй болсон нь тодорхой байна. Иргэний хуулийн  56 дугаар зүйлийн 56.1-д өгсөн авснаа буцаах талаар яригдана. 25,500,000 төгрөгийн үнийг Н.Дарьбазараас нэхэмжлэх нь нээлттэй байгаа юм байна. Өмчлөх эрхийг сэргээж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд Б.Мягмарсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ариунжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагын маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34б байрны 167 тоот орон сууцыг анх Б.Мягмарсүрэн нь 2010 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Ш.Энхзаяа гэж хүнээс “Зоос банк”-ны барьцаанд байсан зээлийг чөлөөлж, “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” хийж 46,500,000 төгрөгөөр худалдаж авсан болно. Б.Мягмарсүрэн нь уг орон сууцыг хуулийн дагуу худалдаж авсан хууль ёсны өмчлөгч төдийгүй, шударга эзэмшигч гэж үзэж байна. Д.Батдэлгэр нь “Орон сууц бэлэглэлийн гэрээ”-г хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3-т заасан “Бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй” гэсэн заалтыг зөрчсөн байна. Ийм учраас тус нэхэмжлэлтэй холбоотой тодорхой тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргах болно” гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Өлзийхүү шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “Б.Мягмарсүрэн 2010 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Ш.Энхзаяа гэдэг хүнтэй орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийж, маргаан бүхий байрыг 46,500,000 төгрөгөөр худалдаж авсан байдаг. Зоос банкинд зээлийн барьцаанд байсан боловч Б.Мягмарсүрэн, А.Ариунжаргал нар 2010 оны 06 дугаар сарын 21-ний өдөр зээл чөлөөлж, Ш.Энхзаяагийн өмнөөс 46,500,000 төгрөгийг төлж авсан. Тухайн үед улсын бүртгэлийн газар очиж лавлахад ямар нэгэн захиран зарцуулах эрхээс хамгаалах тэмдэглэгээ байгаагүй. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэсний дагуу шилжүүлгийг хуулийн дагуу авсан байгаа. Тухайн бүртгэлийн газар бүртгүүлэхэд эрх хязгаарласан зүйл тухайн  үед байгаагүй. Иргэний хуулийн 183 дугаар зүйлд заасны дагуу үнэн зөв явагдсан. Мөнгөө өгөөд авсан тул буцааж өгөх боломжгүй. Хариуцагчийн саналыг дэмжиж байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар Н.Дарьбазараас нэхэмжилж авах эрхийг нээлттэй орхиж шүүхийн шийдвэрт дурдаж өгнө үү. А.Ариунжаргал, Б.Мягмарсүрэн нар нь тухайн үед байрыг авахдаа хуурамч бэлэглэлийн гэрээгээр уг байрыг авч байна гэж мэдэх боломжгүй байсан. 2010 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Н.Дарьбазарын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гараад, 3 хүн дамжаад, 4 дэх хүн дээр нь Б.Мягмарсүрэн авсан байсан. Иргэний хуулийн 183 дугаар зүйлд заасны дагуу бүртгэл үнэн зөв тул буцаах боломжгүй. Нотариатын үйлдлийг хүчингүй болгосонтой, нотариаттай холбогдуулан тусад нь нэхэмжлэл гаргаад явах боломжтой. Маргаан гаргаад явж байхдаа үл хөдлөх эд хөрөнгийн газар хүсэлт гаргасан байсан бол ийм болохгүй юм. Иргэний хуулийн  56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл гэсний дагуу дараа нь хийгдсэн гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл үүсэхгүй тул уг байрыг буцаан өгөх боломжгүй юм” гэв.

 

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Батдэлгэр нь 2007 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Д.Батдэлгэрээс Н.Дарьбазарт өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201003365 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34б байрны 167 тоотод орших 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг бэлэглэсэн “Орон сууцны бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах, Д.Батдэлгэрийн маргаж буй байрны өмчлөх эрхийг сэргээлгэх шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хариуцагч Н.Дарьбазар нь орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, маргаан бүхий байрны өмчлөх эрхийг сэргээлгэх шаардлага хэрэгжих боломжгүй нөхцөл байдал бий болсон тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгуулах тайлбарыг гаргасан.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь 2007 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээний талаар огт мэдээгүй, мэдэх боломжгүй байсан, үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн хүнээс орон сууцыг худалдан авсан тул орон сууцыг буцаан өгөх боломжгүй гэх тайлбарыг өгсөн.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэг. 2007 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Д.Батдэлгэрээс Н.Дарьбазарт өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201003365 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34б байрны 167 тоотод орших 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг бэлэглэсэн “Орон сууцны бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухай

 

Нэхэмжлэгч Д.Батдэлгэр нь өөрийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201003365 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34б байрны 167 тоотод орших 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 23,000,000 төгрөгөөр Н.Дарьбазарт худалдахаар 2006 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г Сонгинохайрхан дүүргийн 196 тамганы дугаартай нотариатч Л.Отгонбаяраар гэрчлүүлсэн байна. Уг гэрээний зүүн доод буланд “талууд гэрээнээс татгалзав” гэсэн гараар бичсэн бичиглэлийн доод талд Д.Батдэлгэр, Н.Дарьбазар нар гарын үсэг зурсан байна. /хавтаст хэргийн 54 дэх тал/

 

2007 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Д.Батдэлгэрээс Н.Дарьбазарт өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201003365 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34б байрны 167 тоотод орших 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг бэлэглэсэн “Орон сууцны бэлэглэлийн гэрээ”-г Сонгинохайрхан дүүргийн 196 тамганы дугаартай нотариатч Л.Отгонбаяр гэрчилсэн байна. /хавтаст хэргийн 6, 53 дахь тал/

 

Хариуцагч Н.Дарьбазар нь уг гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлж, 2007 оны 03 дугаар сарын 01-ний өдөр “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-ээр орон сууцыг иргэн Ш.Энхзаяагийн өмчлөлд шилжүүлсэн байна. Үүнээс хойш уг байрны өмчлөх эрх 3 удаа шилжигдсэн байх бөгөөд тухай бүрд нь үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хавтаст хэргийн 191-208 дахь тал/

 

Нэхэмжлэгч Д.Батдэлгэр нь 2010 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхэд Н.Дарьбазар, Л.Отгонбаяр нарт холбогдуулан орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргасны дагуу иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан байх бөгөөд тус дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 1162 дугаартай захирамжаар нэхэмжлэгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүхэд өгсөн нэхэмжлэлээ дэмжээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг нь буцаасан байна. /хавтаст хэргийн 224 дэх тал/

 

2012 онд Д.Батдэлгэрийг иргэн Д.Бат-Эрдэнийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 34б байрны 167 тоот 2 өрөө байрны өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авсан гэж буруутган эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явагдсан байх бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын прокурорын 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 132 дугаартай тогтоолоор өөрийн төрсөн эх, дүү нарын байрыг залилсан гэж үзэх үндэслэлгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. /хавтаст хэргийн 159 дэх тал/

 

Д.Батдэлгэр нь 2015 онд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2007 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Орон сууцны бэлэглэлийн гэрээ”-г байгуулаагүй, гэрээнд гарын үсэг зураагүй, гарын үсгийг нь хуурамчаар үйлдэж, өмнөх гэрээг байгуулахад хэрэглэсэн баримтуудыг хуулбарлан ашигласан “Орон сууцны бэлэглэлийн гэрээ”-г гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасныг тус шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2015/06701 дугаартай шийдвэрээр 2007 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Орон сууцны бэлэглэлийн гэрээ”-г гэрчилж, нотариатын үйлдэл бүртгэх дэвтрийн 308 дугаарт бүртгэсэн Сонгинохайрхан дүүргийн нотариатч Л.Отгонбаярын нотариатын үйлдлийг хүчингүйд тооцсон байна. /хавтаст хэргийн 3-5 дахь тал/

 

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй орон сууц бэлэглэлийн гэрээг байгуулаагүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн, зохигчдын хооронд орон сууц бэлэглэлийн гэрээ байгуулж байгаагүй болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Мөн уг гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцсон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байх тул 2007 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Д.Батдэлгэрээс Н.Дарьбазарт өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201003365 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34б байрны 167 тоотод орших 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг бэлэглэсэн “Орон сууцны бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.Батдэлгэр нь 2007 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Орон сууцны бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцсонтой холбогдуулан өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

 

Хоёр. Д.Батдэлгэрийн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34б байрны 167 тоотод орших 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг өмчлөх эрхийг сэргээлгэх шаардлагын тухай

 

Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын бүртгэлээр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34б байрны 167 тоотод орших 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр иргэн Д.Бат-Эрдэнэ, Б.Ундраа, Б.Тулуй нар нь 1998 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр анх эрхийн улсын бүртгэлийн Ү-2201003365 дугаарт бүртгүүлсэн байна. Уг орон сууцны өмчлөх эрх дараах байдлаар шилжсэн байна. 2006 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээгээр иргэн Д.Батдэлгэрийн өмчлөлд, 2007 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээгээр иргэн Н.Дарьбазарын өмчлөлд, 2007 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Ш.Энхзаяагийн өмчлөлд, 2008 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Э.Тулгын өмчлөлд, 2008 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Ш.Энхзаяагийн өмчлөлд, 2010 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Б.Мягмарсүрэн, А.Ариунжаргал нарын өмчлөлд тус тус шилжсэн тухай эрхийн улсын бүртгэлийн цахим санд бүртгэлтэй байна. /хавтаст хэргийн 191-208 дахь тал/

 

Хариуцагч Н.Дарьбазар нь маргаан бүхий байрыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авсан гэх бүртгэл хийгдсэнээс хойш уг байр нь 4 удаагийн орон сууц худалдах, худалдах авах гэрээгээр 4 иргэнд шилжиж, улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.

 

Нэхэмжлэгч Д.Батдэлгэр нь өөрийн орон сууцыг зээлийн барьцаанд байгаа, зээлээ төлөөд байраа авна гэсэн бодолтой явсан гэх тайлбарыг өгсөн, энэ хугацаанд хэн нэгнээс байрыг нэхэмжлээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34б байрны 167 тоотод орших 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр хамгийн сүүлд бүртгэгдсэн Б.Мягмарсүрэн, А.Ариунжаргал нар нь тус байранд амьдран сууж байгаа бөгөөд уг байрыг иргэн Ш.Энхзаяагаас 2010 онд худалдан авсан байна.

 

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэх асуудлыг зохицуулсан бөгөөд дээр дурдсан маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг иргэн Б.Мягмарсүрэн, А.Ариунжаргал нар нь иргэн Ш.Энхзаяагаас шилжүүлэн авч, улсын бүртгэлд бүртгүүлсэн нь хууль зөрчөөгүй байх бөгөөд улсын бүртгэл хуульд заасны дагуу хийгдсэн байна.

 

Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт “Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй” гэж заасан.

 

Иргэн Б.Мягмарсүрэн, А.Ариунжаргал нар нь 2007 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201003365 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34б байрны 167 тоотод орших 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг бэлэглэсэн “Орон сууцны бэлэглэлийн гэрээ”-ний талаар мэдээгүй, мэдэх боломжгүй байсан нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар Б.Мягмарсүрэн, А.Ариунжаргал нарыг шударга эзэмшигч гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 109 дүгээр зүйл, 182 дугаар зүйлд тус тус зааснаар үл хөдлөх эд хөрөнгө болон түүнтэй холбоотой эрхийг улсын бүртгэлд бүртгэх ба Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ тус хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авснаар түүний хувьд өмчлөх эрх нь баталгаажих юм. Өөрөөр хэлбэл, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгөө бүртгүүлж, 18 дугаар зүйлд зааснаар өмчлөх эрхийн гэрчилгээ авсан тохиолдолд тухайн этгээдийг хууль ёсны өмчлөгч гэж үзнэ. Б.Мягмарсүрэн, А.Ариунжаргал нар нь Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34б байрны 167 тоотод орших 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч болох нь Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000103920 дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 191, 208 дахь тал/

 

Нэхэмжлэгч Д.Батдэлгэр болон орон сууцны хууль ёсны өмчлөгч Б.Мягмарсүрэн, А.Ариунжаргал нарын хооронд маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн үйлдэл хийгдээгүй тул Б.Мягмарсүрэн, А.Ариунжаргал нар нь нэхэмжлэгч Д.Батдэлгэрийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээхгүй.

 

2007 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Д.Батдэлгэрээс Н.Дарьбазарт өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201003365 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34б байрны 167 тоотод орших 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг бэлэглэсэн “Орон сууцны бэлэглэлийн гэрээ” бодитоор хийгдээгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүргийн харилцаа үүсэхгүй.

 

Иймд нэхэмжлэгч Д.Батдэлгэрийн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34б байрны 167 тоотод орших 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг өмчлөх эрхийг сэргээлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

      ТОГТООХ нь:

                                                                                               

1. Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 2007 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Орон сууцны бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцож, нэхэмжлэлийн шаардлагаас Д.Батдэлгэрийн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34б байрны 167 тоотод орших 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг өмчлөх эрхийг сэргээлгэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Нэхэмжлэгч Д.Батдэлгэр нь 2007 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Орон сууцны бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцсонтой холбогдуулан өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ЦЭРЭНДОЛГОР