Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 94

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Г.Анармөнх,

шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч П.Эрхэмбаяр,

хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Э.Хоролдулам,

нарийн бичгийн даргаар Б.Солонго нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ч.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911007760796 тоот хэргийг 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1984 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймагт төрсөн, 35 настай эрэгтэй, дээд боловсролтой, хэвлэлийн гарфик дизайнер мэргэжилтэй, Үндэсний статистикийн хороонд Хүн ам орон сууцны тооллогын товчооны статистикч ажилтай, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо 137 дугаар байрны 59 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Чагнаадоржийн Ч.Б /РД: НВ84092632/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: яллагдагч Ч.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ч.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 12,13-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 137 дугаар байрны 59 тоотод оршин суух өөрийн гэрээсээ Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Нийтлэг үйлчилгээний газрын “www.khangardi.mn” веб сайтад хууль бусаар халдаж, барйшуулсан мэдээлэлийг бүхэлд нь устгасан гэмт үйлдэл хийсэн болох нь  

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б өгсөн: 2019 оны 01 дүгээр сард Хангарьд вэб сайт руу санамсаргүй тохиолдлоор хандсан. Веб сайт руу хандах гэж байхдаа санамсаргүй Пи-Эйч гэж бичсэн чинь хангарьд веб сайтын админы эрхээр нэвтэрсэн. Нэвтэрч ороход нууц үг байгаагүй. Миний хуучин ашиглаж байсан админы эрх хэвээрээ байсан. Тэгээд би уг сайтад хадгалагдаж байсан мэдээллүүдийг санамсаргүй устгасан гэв.

 

шүүгдэгч Ч.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: "...Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газарт ажиллах хугацаанд www.khangardi.mn веб сайтад байгууллагын ажил үйлчилгээний талаарх мэдээлэл оруулах эрх үүрэг байсан. Би мэдээлэл технологийн ажилтнаар ажиллах хугацаандаа мэдээлэл оруулдаг байсан юм... Би хуучин ашиглаж байсан админ эрхээрээ хандалт хийхэд орж байсан. Тэгээд би уг сайтад хадгалагдаж байсан мэдээллүүдийг санамсаргүй устгасан юм...Устгасан мэдээллийг эргэн сэргээхийн тулд материалууд нь байгаагүй учир болоогүй юм...Сайтыг бол устгаагүй. Дотор нь хадгалагдаж байсан мэдээллүүдийг устгасан..." гэх мэдүүлэг /хх-ийн 76-81х/,

 

хохирогч Б.Билгүүтэйгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Нийтлэг үйлчилгээний газар нь http://www.khangardi.mn/ веб сайтад байгууллагын мэдээ, мэдээллийг байршуулдаг сайт юм. ...Өмнө нь миний энэ инженерийн албан тушаал дээр Ч.Б гэх залуу ажиллаж тухайн сайтыг удирддаг байж байгаад 2018 оны эхээр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөөд түүний оронд миний бие томилогдсон. ...14-ний өглөө ажилдаа ирээд http://www.khangardi.mn/ веб сайтад мэдээлэл хийх гэсэн боловч тухайн сайтад байршиж байсан бүх мэдээлэл устсан байсан тул энэ талаар удирдлагуудад мэдэгдээд холбогдох байгууллагад хандсан...Тулгаа гэх залуутай холбогдож сайтын лог буюу архивыг шүүж үзсэн. Үр дүнд нь 2019 оны 01 дүгээр сарын 12, 13-ны өдөр хагас бүтэн сайн буюу амралтын өдрөөр http://www.khangardi.mn/ гадны IP хаягнаас нэвтэрч олон үйлдэл хийсэн байсан... 5 жилийн сайтад байршиж байсан мэдээ, мэдээлэл устсан гэхээр хэр зэрэг мэдээлэл гэдгийг тогтоох боломжгүй буюу асар их мэдээ байсан гэсэн үг..." гэх мэдүүлэг /хх-ийн 31-32х/,

иргэний нэхэмжлэгч Э.Хоролдуламын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Эдийн бус хохирол учирсан байгаа. Нийслэлийн засаг даргын тамгын газраас томилогдсон ажлын хэсэг Нийтлэг үйлчилгээний газрын 2018 оны ажлын үр дүнд үнэлэлт дүгнэлт өгөхөд сөргөөр нөлөөлсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 86-87х/,

гэрч А.Тулгаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...http://www.khangardi.mn/ веб сайтад хадгалагдаж байсан бүх пост буюу нийтлэлүүд бүгд устсан. Харин зураг, пэйж зэрэг зүйлс нь устаагүй байсан...бид сайтын сервер дээр байгаа лог буюу архивыг шалгаж үзтэл тухайн сайтын админ эрхээр нэвтэрч мэдээлэл буюу постуудыг устгасан байсан IP хаяг мэдээлэл үлдсэн байсан. 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 64.119.25.80 IP хаягнаас мэдээллийг устгасан байсан...Ямар ч байсан энэ IP хаягнаас админ эрхээр http://www.khangardi.mn/ веб сайт руу нэвтрээд нийтлэл буюу постыг устгасан байсан бөгөөд устсан мэдээллийг хогийн савнаас дахин устгаж цэвэрлэсэн байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 33-34х/,

гэрч Х.Эрдэнэбилэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Мэдээлэл технологийн инженер гэдэг албан тушаалд ажиллаж манай байгууллагад байгаа компьютер, электрон тоног төхөөрөмжийг засаж, залруулах програм хангамжийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажилладаг ганц хүн байсан. Тийм ч учраас бүх зүйлийн админ эрхтэй байсан юм...Надад өгсөн мэдээллээр урьд өмнө байсан мэдээллүүдийг эргэн сэргээгүй, эргэн сэргээх боломжгүй талаар надад мэдээлэл өгсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 94-97х/,

үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-26х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Ч.Бат-Эрдэнийн урьд Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газарт мэдээлэл технологийн ажилтанаар ажиллаж байхдаа өөрийн ажил үүргийн хуваарийн дагуу олж авсан тухайн байгууллагын “www.khangardi.mn” веб сайтад хандалт хийх админ эрх, нэвтрэх эрхийг ашиглан, тухайн албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, ажлаа хүлээлгэж өгсөн атлаа өөрийн гэрээсээ халдаж, “www.khangardi.mn” веб сайтад байршуулсан байсан бүх мэдээллийг олон удаагийн үйлдлээр устгаж, тухайн байгууллагын үйл ажиллагааныхаа талаар олон нийтэд мэдээлэл түгээх, олон нийтийн тухайн байгууллагын үйл ажиллагааны талаар мэдээлэл авах боломжийг үгүй хийж нийтийн хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Тухайн хэргийн улмаас учирсан хохирол нь мөнгөн хэлбэрээр илэрхийлэгдэх боломжгүй тул шүүгдэгч Ч.Бат-Эрдэнийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Ч.Бд ял шийтгэл оногдуулахдаа хууль ёс, шудрага ёсны зарчимыг баримтлан, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохиролын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, улсын яллагчийн саналыг тус тус харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.   

Мөн Ч.Бат-Эрдэнийн орлого олох боломжийг харгалзан үзэж шүүхээс оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхэгт хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий баримтууд хадгалагдсан байх тул тус хэрэгт үлдээх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь

 

              1. Шүүгдэгч Боржигин овогт Чагнаадоржийн Бат-Эрдэнийг цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг устгасаны улмаас бусдын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ч.Бат-Эрдэнийг 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгж буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Ч.Бд торгуулийн ялыг төлөх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхэгийг хэрэгт нь үлдээсүгэй.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ч.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ