Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 97

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

шүүгдэгч Б.З,

шүүгдэгч У.Б, 

нарийн бичгийн даргаар Б.Солонго нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.З, У.Б нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811005290937 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2000 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Зэвсэгт хүчний 110 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байгаад 2019 оны 12 дугаар сард халагдсан, ам бүл 4, ээж, дүү нарын хамт Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүннарангийн 15-128 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 1018 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, Боржигон овогт Батсайханы Б.З /РД:УШ00311416/,

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, ээж, ах, эгч, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 542 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 05 сарын хорих ялаар шийтгүүлсэн, Боржигон овогт Уранбилэгийн У.Б /РД:УП97101633/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: яллагдагч Б.З, У.Б нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.З У.Б нар нь бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 13 цаг 20 минутын үед Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч Б.Адъяахүүгийн эд зүйлийг авахын тулд үг яриагаараа айлган сүрдүүлж, бие махбодид нь хүч хэрэглэн халдаж, түүний 324.000 төгрөгний үнэ бүхий “Самсунг нөт-5” /Samsung note-5/ загварын гар утсыг  дээрэмдэн авсан гэмт үйлдэл хийсэн болох нь

шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,

насанд хүрээгүй хохирогч Б.Адъяахүүгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2018 оны 02 дугаар сарын 09-ний өглөө 07 цаг 30 минутын үед хичээлдээ яваад 13 цаг 10 минутын үед манай хичээл тарсан юм. Тэгээд би гэртээ харих гэж Сургуулиасаа гараад Далай хүү төвийн урд талаар явж байсан чинь ардаас нэг 16-17 орчим насны малгайтай хар куртиктэй хүүхэд ирж намайг хүзүүдэж аваад Чи намайг таних уу гэж асуусан юм. Тэр үед би танихгүй гэж хэлсэн чинь уг хүүхэд чи намайг танидаггүй яасан овоо банди бэ гуяндаа хутга шаалгах гээгүй юм бол намайг дагаад яв. Чи 12 дугаар ангийн Золбоо гэх мэт баахан хүний нэр хэлээд чи тэд нартаа намайг хэлээрэй гэж хэлж байсан юм. Би яг юуг хэлээрэй гээд байгаа талаар бол ойлгоогүй юм. Тэгээд тэр хүүхэд намайг дагуулан Далай хүү төвийн арын гудамжинд дагуулан орсон юм. Тэр үед дахин нэг хүүхэд гүйж ирсэн тэр үед нь намайг дагуулж явсан хүүхэд хойд талаас ирсэн хүүхдээсээ энэ танай дүүг зодсон хүүхэд мөн үү гэж асуусан юм. Тэгсэн нөгөө хүүхэд нь үгүй гэж хэлээд мөн тэр хүүхэд надаас чи манай найзын дүүг зодсон байна яасан овоо банди вэ гэж хэлээд намайг дагуулан явсан малгайтай хар куртиктай хүүхэд миний зүүн шанаанд нэг удаа гараар цохисон юм. Тэгсэн сүүлд араас ирсэн хүүхэд нь намайг хашаалуу түлхэн унагаж миний баруун талын өмдний карманд байсан Нөүт 5 маркийн гар утсыг авсан юм. Тэгээд тэр хоёр хүүхдийн намайг анх дагуулж явсан хүүхэд нь тийшээ гүй эргэж харах юм бол ална шүү гэж хэлээд баруун зүгт заасан юм. Тэгээд би тэр зүгт нь гүйж гудамж тойроод шууд гэртээ гүйж орж аавдаа болсон зүйлийн талаар хэлээд аавтайгаа хамт цагдаагийн газарт хандсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 47-48х/,

гэрч Б.Батболдын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр манай бага хүү Адъяахүү өглөө эрт хичээлдээ яваад 13 цаг 30 минутын орчимд гэртээ их сандарч, амьсгаадсан, нүүрнийх нь зүүн талд улайсан, цүнх, хувцас нь шороо болсон байдалтай орж ирсэн. Тэгээд би юу болсон талаар асуухад 2 хүүхдэд Далайхүү худалдааны төвийн хажуу талын гудамжинд гар утсаа дээрэмдүүлсэн гэж хэлсэн. Тэгээд би хүүхдээ дагуулаад Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэст ирж өргөдөл гаргасан..." гэх мэдүүлэг /хх-ийн 49х/,

гэрч Б.Дамдиндоржийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2018 оны 02 дугаар сарын 09-нд Золбоо, Амгаа, Золоогийн найз бид дөрөв Далайхүү худалдааны төвөөс гарсан. Тэгсэн Амгаа бид хоёр ертөнцийн зүгээр урагшаа шатахуун түгээх станцын тэнд алхаж байсан чинь Золбоо Золоогийн найз хоёр Далайхүү худалдааны төвийн ертөнцийн зүгээр хойд талд байрлах гэр хорооллын гудамж руу алхаад орсон. Тэгээд Амгаа бид хоёр Золоо, Золоогийн найз хоёрыг хүлээгээд 7-н буудал чиглэл явдаг нийтийн тээврийн автобусны буудал дээр зогсож байсан чинь Золоо, Золоогийн найз хоёр 5 минут орчим болоод Амгаа бид хоёр дээр гүйгээд ирсэн. Золоо найзтайгаа хүүхдийн гар утас булаагаад ирлээ гэсэн. Тэгээд бид дөрөв автобус ирэхээр нь суусан. Тэгээд нэг буудал яваад таван буудлын нийтийн тээврийн буудал дээр буусан. Тэгсэн Золбоо ... би найзтайгаа яваад булаасан гар утсаа зарчихаад ирье та хоёр гэртээ хариад байж бай гээд Золоо найзтайгаа явсан. Тэгээд уг өдрийн орой Золбоо найзтайгаа гар утсаа зарчаад гэртээ ирсэн. Тэгээд Амгаа, Золоо, Золоогийн найз бид дөрөв Нарантуул худалдааны төвийн хойно байрлах караоке-д орж 2 цаг дуулсан. Тэгээд тухайн өдөр 22 цагийн үед бид дөрөв гэртээ хариад архи ууцгаагаад амарсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 55х/,

гэрч Э.Энх-Амгалангийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...гудамжны үзүүрт зогсож байхад У.Б тэр хүүхдийн хэвлий тус газар нь гараараа нэг удаа цохиход нөгөө хүүхэд нь газарт унасан ба Б.З тэр хүүхдийн гарт нь байсан гар утсыг авсан. Нөгөө хүүхэд нь босоод гүйгээд явсан. Бид дөрөв тэндээсээ буцаж нийлээд 17-н автобусны буудлаас автобусанд сууж 7-н буудал дээр буугаад тэндээсээ таксинд суугаад Монел орсон. Монел дээр очоод Б.З, У.Б нарын бусдаас дээрэмдэж авсан Самсунг нөте-5 маркийн шаргал өнгийн гар утсыг 200.000 төгрөгөөр зарсан. Тэр мөнгөөрөө Нарантуул-2 захын зүүн талд байдаг караокед дуу дуулж пиво ууцгаасан..." гэх мэдүүлэг /хх-ийн 65х/,

гэрч Э.Намуундарийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр миний төрсөн өдөр болж орой 16 цагийн орчимд манай найз залуу У.Б намайг Хүчитшонхор зах дээр хүрээд ир гэж хэлсэн юм. тухайн үед би найз Сувдаа гэх найзын хамт Хүчитшонхор зах дээр очсон юм. гэтэл тэнд У.Б, Б.З, Дамдиндорж, Энх-Амгалан нар байсан. Тэд нар миний төрсөн өдрийг тэмдэглэж өгнө гэж хэлээд Хүчитшонхор захын урд талд нэг караокед сууж хоол идэж пиво уусан..." гэх мэдүүлэг /хх-ийн 71-72х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2453 дугаартай "Б.Адъяахүүгийн биед гэмтэлгүй" гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 73х/,

Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 77х/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 38х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Б.З, У.Б нарын бүлэглэн шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бусдын эд зүйлийг авахын тулд илээр, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтолон дээрэмдэн авсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Энэ хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Адъяахүүд учирсан хохиролыг шүүгдэгч нар нь тус хэргийг мөрдөн шалгах ажиллагааны үед байхад төлж барагдуулсан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Б.З, У.Б нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв. 

 

Шүүгдэгч Б.Зт ял шийтгэл оногдуулахдаа хууль ёсны, шудрага ёсны зарчимуудыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусадтай бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгт оролцсон оролцоо адил, гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад учруулсан хохиролоо нөхөн төлсөн, хувийн байдлыг нь тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Мөн Б.З нь урьд 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 1018 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн байх ба тэрбээр тухайн үед цэргийн алба хааж байсан тул уг ялыг бүрэн эдлүүгүй болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоож байна. Тиймээс түүнд шүүхээс оногдуулсан дээрхи нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар хорих ялд шилжүүлэн, энэ тогтоолоор оногдуулсан хорих ялд нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг шүүх тогтоов.    

 

Шүүгдэгч У.Бд ял шийтгэл оногдуулахдаа хууль ёсны, шудрага ёсны зарчимуудыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусадтай бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгт оролцсон оролцоо адил, гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад учруулсан хохиролоо нөхөн төлсөн, хувийн байдлыг нь тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Мөн У.Б нь урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 542 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 05 сарын хорих ялаар шийтгүүлж, 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 2 сарын хорих ялын хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ.” гэж заажээ.

Гэтэл У.Б нь энэ шийтгэх тогтоолоор шийдвэрлэгдэж буй хэргийг 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр буюу урьд шийтгэх тогтоолоор шийдвэрлэгдсэн хэргээсээ цаг хугацааны өмнө үйлдсэн, өөрөөр хэлбэл хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан түүнийг хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй тул дээрхи журмаар ялыг нэмж нэгтгэх шаардлагагүй гэж шүүх үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Батсайханы Б.З, шүүгдэгч Боржигон овогт Уранбилэгийн У.Б нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтолон дээрэмдэн авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Зт 1 /нэг/ жил, У.Бд 1 /нэг/ жил хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Б.Зт урьд 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 1018 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэнийг, эдлээгүй үлдсэн 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногийн хорих ялд тооцон, нийт 30 хоногийн хорих ялд шилжүүлэн, энэ тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялд нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх хорих ялыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.З, У.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Б.З, У.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч Б.З, У.Б нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж тэдгээрийг 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.З, У.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ