| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2020/0079/Э |
| Дугаар | 98 |
| Огноо | 2020-01-29 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ц.Батбямба |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 98
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч Ц.Батбямба,
шүүгдэгч С.Б
нарийн бичгийн дарга Б.Солонго,
нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Боржигон овогт Самбуугийн С.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911022020007 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1984 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехник мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хороо, Нарангийн 29 дүгээр гудамжны 7 тоотод оршин суух хаягтай боловч тодорхой оршин суух хаяггүй, урьд 1999 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 50 дугаартай Багануур дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэж, ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, 2004 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 19 дугаартай Налайх дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3, 114 дүгээр зүйлийн 114.3 дахь хэсэгт тус тус зааснаар нийт 150.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 12 жилийн хорих ялаар шийтгэгдсэн, 2005 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 99 дугаартай Төв аймаг дахь Сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 5 сарын баривчлах ялаар шийтгэж, өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 9 жил, 10 cap, 28 хоногийн хорих ял дээр 5 сарын баривчлах ялыг нэмж нэгтгэн нийт 10 жил, 3 cap, 28 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр суллагдсан, 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 20 дугаартай Налайх дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил, 5 сарын хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Боржигон овогт Самбуугийн С.Б /РД: НЧ84050710/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: яллагдагч С.Б нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Б нь 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 20 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Мөн-Чанар" хүнсний дэлгүүрийн урд талын гудамжинд хохирогч Л.Цэрэндоржтой архи хамт уусангүй гэх шалтгаанаар маргалдан, улмаар түүний эрүүнд нэг удаа өшиглөж, эрүүл мэндэд нь "эрүүний ясны очны хэсгээс шүдний түүшин дайрсан, зүүн талд эрүүний булангаас эрүүний салаа руу үргэлжилсэн хоёрлосон далд хугарал, эрүүнд цус хуралт" бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- шүүгдэгч С.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Бид хоёр үлдээд архинаас болж маргалдсан. Би Цэрэндоржийг уусангүй гэж хэлснээс болсон. Бид хоёр гудамжинд явган сууж байсан бөгөөд би явахдаа Цэрэндоржийн нүүр лүү нэг удаа өшиглөчхөөд яваад өгсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 28х/,
- хохирогч Л.Цэрэндоржийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр би Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо "Нарантуул-2" захын урд явж байсан ба үл таних ах тааралдаад нэг юм ууя гээд мөнгөө нийлүүлээд нэг шил архи аваад дэлгүүрээс гартал үл таних залуу тааралдсан. Тэгээд бид 3 архиа хамт уухаар болоод гэр хорооллын гудамж руу орсон. Тэгээд мөнгөө нийлүүлдэг ах 2, 3 уучхаад яваад өгсөн. Үл таних залуутай хамт би үлдсэн. Бид 2 ууж сууж байгаад дуусаагүй байхад би явлаа, чи наадахаа аваад яв гэхэд явуулахгүй хамт ууя гээд байсан. Тэгээд бид 2 маргалдаад эргээд суутал миний эрүү хэсэгт нэг удаа өшиглөсөн. Би эрүүгээ бариад хэвтсэн тэр залуу яваад өгсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 17-18х/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Бадралын 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 10215 тоот "...Л.Цэрэндоржийн биед эрүүний ясны очны хэсгээс шүдний түүшин дайрсан, зүүн талд эрүүний булангаас эрүүний салаа руу үргэлжилсэн хоёрлосон далд хугарал, эрүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 22х/,
- хохирогч Л.Цэрэндоржоор 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр таньж олуулах ажиллагаа явуулсан Таньж олуулах ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдлын талаар: Ажиллагаанд бэлдсэн 4 хүний өнгөт гэрэл зургийг 1-4 хүртэл дугаарлан А4 цаасан дээр хэвлэн дараалан байрлуулав. Сэжигтэй этгээд С.Бийг "2" дугаараар тэмдэглэн байрлуулан тавьж хохирогчийг мэдүүлэг авах өрөөнд дуудан оруулж, таныг зодсон хүн эдгээр хүмүүс дунд байна уу гэж асуухад хохирогч Л.Цэрэндорж ямар нэгэн эргэлзээгүй шууд "2" дугаартай Самбуугийн С.Б гэгчийг заав. Энэ 2 дугаар дээр байгаа хүн намайг өшиглөсөн хүн мөн байна гэх тэмдэглэл /хх-ийн 12-14х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч С.Бийг хохирогч Л.Цэрэндоржтой хамт архидан согтуурч байх явцдаа үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийг цохиж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч Л.Цэрэндорж нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролд нэхэмжлэх зүйлгүй болохоо мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ илэрхийлсэн байх тул С.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч С.Бэд ял шийтгэл оногдуулахдаа хууль ёсны болон шудрага ёсны зарчимыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, хохирогч гомдол саналгүй болсон, урьд удаа дараа шүүхээр ял шийтгүүлж байсан хувийн байдал, улсын яллагчийн шүүхэд гаргасан санал зэргийг харгалзан түүнд 700 нэгжээр торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Самбуугийн С.Бийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Бийг 700 нэгж буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар С.Бийг торгуулийн ялыг төлөх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Бэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ