Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 100

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

 

улсын яллагч Н.Булганчимэг,

шүүгдэгч П.Э, түүний өмгөөлөгч Ю.Тогмид,

хохирогч С.Отгонтуяа,

нарийн бичгийн даргаар Б.Солонго нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар П.Эт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911028861308 тоот хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1980 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Дундговь аймагт төрсөн, эрэгтэй, 39 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1 ганцаараа, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 4 хэсэг сургуулийн гудамжны 1714 тоотод оршин суух хаягтай, урьд 2002 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 2 жил 8 cap 15 хоногийн өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Пүрэвжавын П.Э /РД: ЗЮ80092378/.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/: П.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч П.Э нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр согтуурсан үедээ Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингэлтэйн 1-8 тоотод орших нийтийн байранд гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч С.Отгонтуяаг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож эрүүл мэндэд нь "баруун шанаа, зулайн хуйх, зүүн нүдний зовхи, 2 гарын сарвуу зүүн бугалга, уруулын дотор салстад шарх, цус хуралт, хаван" бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн  болох нь  

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн/ хх-ийн 41-42х/  хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,

хохирогч С.Отгонтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 28-ны орой П.Эын ажилладаг дугуй засварын газарт очоод байж байхад П.Э жижиг архи гаргаж ирээд уусан ба нэг архичин байдалтай нөхөр орж ирээд мөнгө гуйхад нь П.Э 5000 төгрөг өгөхөөр нь би намайг зодчихоод ганц ч төгрөг өгдөггүй байж архичидад мөнгө өглөө гэхэд надтай маргалдаад намайг зайл гээд хөөсөн ба би битгий хойноос ирээрэй гэж хэлээд гэрлүүгээ буюу тухайн үед амьдарч байсан... нийтийн байрандаа очсон. Би гэртээ байж байгаад гэрээсээ гарч байх үед П.Этай гудамжинд тааралдсан. П.Э нь ороод аяга хоол идчихмээр баина гээд агсараад орилоод байхаар нь ...явсан... би буцаад гэртээ ороод байж байтал хойноос хүрч ирээд хаалга үүд нүдээд цонх нүдээд би чамайг энэ байрнаас чинь хөөлгөнө харж байгаарай гэх мэтээр занаад байхаар нь хаалгаа нээгээд оруулахад орж ирэнгүүтээ надруу дайрч үснээс зулгааж дараад нүүр ам толгой хэсэгт нэлээд олон удаа цохиж зодсон. Гараараа хаахад гар луу мөн цохиж зодож байгаад болихоор нь би гаръя гээд гадагшаа гарсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 16-17х/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 13100 дугаартай шинжилгээгээр “...С.Отгонтуяагийн биед баруун шанаа, зулайн хуйх, зүүн нүдний зовхи, 2 гарын сарвуу зүүн бугалга, уруулын дотор салстад шарх, цус хуралт, хавантай гэмтэл тогтоогдлоо. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.." дүгнэлт /хх-ийн 33х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч П.Э нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтын амьдралтай хохирогч С.Отгонтуяаг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирогч С.Отгонтуяа нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролд нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч П.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч П.Эт ял шийтгэл оногдуулахдаа хууль ёсны зарчим, шудрага ёсны зарчимыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохиролын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг нь харгалзан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

Мөн улсын яллагч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал, шүүгдэгчийг нийгэмшүүлэх, цээрлүүлэх, хохирогчийн аюулгүй байдлыг хангах тус тус зорилгоор П.Эт оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

              1. Шүүгдэгч Боржигон овогт Пүрэвжавын П.Эыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар П.Эт 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасныг журамлан П.Эыг хохирогч С.Отгонтуяагийн оршин сууж буй газарт очих, түүнтэй харилцахыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хязгаарлах эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар П.Эт шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар эдлүүлж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, П.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ