Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 550

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ПЭ85030601 тоот регистрийн дугаартай, Байлгас овогт Нямдоржийн *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******т холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.*******, хариуцагч Ц.*******, нарийн бичгийн дарга Э.Батцэнгэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Би Ц.*******той 2011 онд гэр бүл болж, 2011 онд хүү Г.******* төрсөн. Ц.******* нь сүүлийн 6-7 жил архи ууж, агсам тавьж, намайг зодож, хэрүүл маргаан тасрахгүй биеийн болон сэтгэл санааны маш их дарамтад байна. 2016 оны 09 дүгээр сарын 24-25-нд архи ууж ирээд миний нүүр болон биеийн бусад хэсгийг хар хөх болтол зодож, гадуур явахад хүндрэлтэй байдалд хүргэж байна. Өмнө нь архи ууж ирээд миний эрүү мулт цохиж, хавирга болон хуруу хугалж байсан удаатай. Энэ байдал үр хүүхдийн хүмүүжилд ноцтой хор уршиг учруулж байна. Ц.******* нь 7 хоногт 1 удаа намайг зоддог. Иймд Ц.*******оос гэрлэлтээ цуцлуулж, хүү Г.*******ыг өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна, бид нарын дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Хариуцагч Ц.******* шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Н.******* дандаа хэрүүл, маргаан гаргадаг. Би архи ууж, агсам тавьсан нь үнэн. Миний буруу, гэхдээ хэрүүл дандаа өөрөөс нь болдог. Бид энэ оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн тусдаа амьдарч байгаа. Хүү Г.*******ыг эхийн асрамжид өгөхийг зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг өгнө, эд хөрөнгийн маргаангүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Ц.*******т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийг өөрийн асрамжид авах, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Зохигчид 2011 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гэр бүл болж, 2011 оны 09 сарын 06-ны өдөр гэрлэлтээ батлуулсан ба тэдний дундаас 2011 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүү Г.******* төрсөн болох нь гэрлэлтийн болон хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэжээ.

Хариуцагч Ц.******* нь эхнэр Н.*******ийг зодож, биед нь гэмтэл учруулдаг болох нь хэрэгт авагдсан Н.*******ийн гэрэл зураг, нэхэмжлэгч болон хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар нотлогдож байх ба гэрлэгчид нь гэрлэлтээ цуцлуулах талаар харилцан зөвшөөрч тайлбар гаргасан зэргийг харгалзан үзэж Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Ц.******* нь хүү Г.*******ыг эх Н.*******ийн асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрсөн, хариуцагч нь хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрсөн бөгөөд гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү Г.*******ыг эх Н.*******ийн асрамжид үлдээсэн нь эцэг Ц.*******ийн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх ёстой.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Н.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******оос 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******т олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ******* овогт *******ын *******, Байлгас овогт Нямдоржийн ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2011 оны 08 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү Г.*******ыг эх Н.*******ийн асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2011 оны 08 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү Г.*******ыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ц.*******оор тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Н.*******т даалгасугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

6.Зохигчид нь дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.

7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Н.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******оос 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******т олгосугай.

8.Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах О.Энхсаруулд даалгасугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА