Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энэбишийн Золзаяа |
Хэргийн индекс | 184/2016/00855/и |
Дугаар | 22 |
Огноо | 2016-12-21 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 22
Э.Барсболдын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Н.Батзориг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2016/01213 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Э.Барсболдын нэхэмжлэлтэй,
Хариуцагч Я.Ариунболдод холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 45 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: У.Түвшин
Хариуцагч: Я.Ариунболд
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралданд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э.Батсболд нь 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 13 000 000 төгрөгийг, 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 17 000 000 төрөгийг, нийт 30 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатайгаар, сарын 15 хувийн хүүтэйгээр хариуцагч Я.Ариунболдод зээлдүүлсэн юм. Үүнээс 9 300 000 төгрөгийг хүүд бодож дансаар шилжүүлсэн. 2014 оны 12 дугаар сард Мицубиши Эл-200 маркийн машиныг 15 000 000 төгрөгөөр тооцон мөн хүүд бодож шилжүүлж өгсөн. Уг мөнгийг Э.Барсболд болон түүний эцэг н.Эрдэнэбаяр нарын дансанд хийж байсан боловч үлдэгдэл төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй.
Иймд Я.Ариунболдоос үндсэн зээл 30 000 000 төгрөг, алданги 15 000 000 төгрөг, нийт 45 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Би нэхэмжлэлдээ зээл өгсөн огноог андуурч бичсэн байсан гэжээ.
Хариуцагч Я.Ариунболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Би нэхэмжлэгч Э.Барсболдтой 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулан, уг гэрээнд 20 000 000 төгрөг зээлсэн гэж бичсэн боловч надад 17 000 000 төгрөг өгсөн ба Э.Барсболд өөрөө ч хүлээн зөвшөөрч нэхэмжлэлдээ бичсэн байна. Би 2014 оны 12 дугаар сард үндсэн зээлээс 16 800 000 төгрөгийг машинаар, зээлийн хүүд 9 300 000 төгрөгийг төлсөн ба баримт нь байгаа. Ингээд үндсэн зээл болон зээлийн хүү бүгд төлөгдөж дууссан. Гэтэл Э.Барсболд миний өгсөн автомашиныг зээлийн хүү гэж үзэж, надад огт өгөөгүй мөнгөө нэхэж байгаад гайхаж байна.
Хэрэгт цугларсан бичмэл баримтуудын тухайд нэхэмжлэгч болон түүний эцэг намайг тулган шаардаж бичүүлсэн. Цагдаагийн хэлтэст мэдүүлэг өгөхдөө би их айсан байсан бөгөөд урьд нь цагдаа, шүүхээр явж байгаагүй тул тийм мэдүүлэг өгсөн. Урьд нь би нэхэмжлэгчийн аав н.Эрдэнэбаяраас олон удаа мөнгө зээлж буцаан төлж байсан. Гэхдээ би 13 000 000 төгрөгийг аваагүй. Харин 2015 оны 8 дугаар сард нэхэмжлэгчийн ээж н.Одгэрэлээс 6 000 000 төгрөг зээлж авсан нь үнэн гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан Я.Ариунболдоос 23 850 000 төгрөгийг гаргуулан Э.Барсболдод олгож, нэхэмжлэлээс 21 150 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 382 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Ариунболдоос 277 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Барсболдод олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх надаас зээл, хүү, алдангид нийт 23 850 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь 13 000 000 төгрөгийг зээлдүүлсэн гэх боловч энэ мөнгийг надад огт өгөөгүй бөгөөд нотлох баримтгүй байхад миний анх 30 000 000 төгрөгийн зээл авахаар ярилцаж байх үед бичиж өгч байсан баримтыг тал бүрээс нь бодитой, үнэн зөв, эргэлзээгүй байдлаар дүгнээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрсөн гэж үзэж байна.
Шүүх хэргийн 20, 21 дүгээр талд авагдсан баримтыг хэргийн үйл баримтыг шууд нотлож буй нотлох баримтын эх сурвалж биш гэж дүгнэсэн. Энэ баримт нь нэхэмжлэгч тал намайг бусдын 78 000 000 төгрөгийг залилсан гэж цагдаад өгч хорино, цагдана гэж айлган сүрдүүлж тулгаж байж намайг дарамтлан бичүүлж авсан баримтууд юм. Энэ мөнгө зээлсэн үйл явдал бодит байдал дээр анх нэхэмжлэгч ааваасаа 30 000 000 төгргийн зээл надад авч өгнө гэж байснаа сүүлд нь 20 000 000 төгрөгийг зээлэхийг аав нь зөвшөөрч гэрээнд бичсэн байтал аав нь 17 000 000 төгрөгийг явуулсан урчаас гэрээнд засаж бичиж нэхэмжлэгчийн бичсэнээр 17 000 000 төгрөгийг зээлж гэрээ хийсэн юм. Би зээл 17 000 000 төгрөгийг дансаар авсан баримтаа шүүхэд гаргаж өгсөн. 2014 оны 12 сард үндсэн зээлээс 16 800 000 төгргийг машинаар өгч, мөн зээлийн хүүд 9 300 000 төгрөгийг төлсөн. Ингэж би 17 000 000 төгргөөс 16 800 000 төгрөгийг, 4 сарын хүүд 9 300 000 төгрөгийг төлсөн бөгөөд анх зээл авах үедээ 30 000 000 төгрөгийг аавднь нэг сарын хүү гэж өгсөн юм. Ингээд зээлийн хүүд нийт 29 100 000 төгрөг төлсөн. Мөн нэхэмжлэгчийн эхээс дахин 6 000 000 төгрөг зээлсэн гэх нэхэмжлэлтэй хамааралгүй асуудал байтал шүүх үүнийг үндэслэн нотлох баримт эргэлзээгүй, үнэн зөв гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна.
Иймд аваагүй зээлийг нэхэмжлэгч авсан гэдгийг нотлоогүй байхад авсан мэтээр дүгнэж 23 850 000 шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Э.Барсболд нь хариуцагч Я.Ариунболдод холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 45 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 13 000 000 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 17 000 000 төгрөг, алдангид15 000 000 төгрөгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд шаардсан бол хариуцагч нь13 000 000 төгрөгийн зээл аваагүй, 17 000 000 төгрөгийн зээлийг бүрэн төлж дуусгасан гэж татгалзсан байна.
Хэрэгт авагдсан талуудын хооронд 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үнийн дүнг засварласан байх боловч нэхэмжлэгч Э.Барсболдын Хаан банкны дансны хуулга, талуудын тайлбартай харьцуулан дүгнэвэл тэдний хооронд 17 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар 282.4 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр байна.
Уг зээлийн гэрээгээр зээлдэгч нь 17 000 000 төгрөгийг, 4 сарын хугацаатай, сарын 15 хувийн хүү төлөх нөхцөлөөр зээлдүүлэгчээс авчээ.
Талууд зээлийн гэрээгээр зээлийн хүү, алданги тохиролцсон нь Иргэний хуулийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн тул хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг төлөх үүрэгтэй байна.
Иймд үндсэн зээл 17 000 000 төгрөг, 4 сарын зээлийн хүү 10 200 000 /17 000 000 төгрөг *15 хувь *4 сар/ төгрөг, нийт 27 200 000 төгрөг төлөхөөс хариуцагчийн зээлийн хүүд төлсөн 9 300 000 төгрөгийг, Мицубиши Эл 200 маркийн автомашиныг 15 000 000 төгрөгт тооцон шилжүүлснийг тус тус хасаж тооцвол зээлийн гэрээний үүрэгт 2 900 000 төгрөг, үүнээс алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хязгаарлавал 1 450 000 төгрөг, нийт 4 350 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.
Харин хэргийн 20 дахь талд авагдсан баримтад 38 027 500 төгрөгийг хариуцагч Я.Ариунболд нь 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар төлөх үүрэгтэй гэсэн тооцооноос дүгнэвэл 17 000 000 төгрөгийн зээл, зээлийн хүү, алдангиас гадна 13 000 000 төгрөгийн тооцоо орсон гэдгийг нотолно гэдэг нь эргэлзээтэй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар уг нотлох баримтыг 13 000 000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүссэн гэдгийг нотолсон эргэлзээгүй, үнэн зөв гэж дүгнэх боломжгүй байна.
Учир нь хариуцагч Я.Ариунболд нь нэхэмжлэгчийн нэрлэн заасан 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 13 000 000 төгрөг зээлж авсан гэх үйл баримтаас өмнө 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Д.Эрдэнэбаярт 1 300 000 төгрөг /хх 14 дэх тал/ төлж байснаас үзвэл өөр төлбөр тооцоонд хамаарч болохоор байна.
Иймд нэхэмжлэгч нь 13 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэн өгснөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлохгүй байх тул тэдний хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар 13 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдаагүй, нэхэмжлэгч нь мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар энэ зээлийн гэрээний үүргийг шаардах эрхгүй учраас холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулав.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2016/01213 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “23 850 000 төгрөгийг” гэснийг “4 350 000 төгрөгийг” гэж, “21 150 000 төгрөгийн” гэснийг “40 650 000 төгрөгийн” гэж, 2 дахь заалтын “277 200” гэснийг “84 550” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Я.Ариунболдоос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Э.ЗОЛЗАЯА