Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 27

 

 

Н.С-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

                                                                           Хэргийн индекс 132/2017/0078/Э

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч С.Цэцэгмаа, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,                                                                                              

           Шүүх хуралдаанд:

           Прокурор                                                  П.Шижиртуяа

           Шүүгдэгч                                                   Н.С  

           Шүүгдэгчийн өмгөөлөгч                           Д.Дарьбазар

            Хохирогч                                                  Ж.И

           Нарийн бичгийн дарга                             Ц.Мичидмаа нарыг оролцуулан

 Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 83 дугаар шийтгэх тогтоолтой Н.С-д холбогдох 201706000123 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарьбазарын давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, ... , ял шийтгэлгүй, ... , Х овогт Н-ийн С.

   Шүүгдэгч Н.С нь 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутагт иргэн Б.И-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, хүрзээр толгойн тус газарт нь цохиж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 83 дугаар шийтгэх тогтоолоор:

Хонгот бөөтөн овогт Н-ийн С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.С-г 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.С нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын 8 цагийг ажлын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шүүгдэгч Н.С нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Н.С-аас 255.250 /хоёр зуун тавин таван мянга хоёр зуун тавь/ төгрөгийг гаргуулж хохирогч Ж.И-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.783.200 /нэг сая долоон зуун наян гурван мянга хоёр зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, сэтгэл санааны хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдаж,

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 21.5 дугаар зүйлийн 3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  1 метрийн урттай модон иштэй, зэвэрсэн төмөр хүрзийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст, устгасан тухай баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Цогзолмаад тус тус даалгаж,

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.С-д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1,  38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарьбазар давж заалдах гомдолдоо: “...Н.С нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Б.И-д зодуулснаас болж түүний бие махбодид халдсан, учруулсан хохирлыг төлнө гэдгээ илэрхийлж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор П.Шижиртуяа дүгнэлтдээ: “… Анхан шатны шүүх шүүгдэгчид тохирсон ял шийтгэл оногдуулсан учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна…” гэв.                                        

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд шүүгдэгч Н.С нь 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутаг Цохионы өвөр гэх газар иргэн Ж.И-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний зүүн талын шанаан тус газарт хүрзээр цохиж биед нь “…зүүн чих, зүүн шанаанд шарх, зүүн чихэнд зөөлөн эдийн няцрал бүхий” хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь хохирогч Ж.И, гэрч Я.Ш, Э.Б, Б.Б, Т.Э, Б.Б, Г.Б нарын мэдүүлэг /хх 17, 18-19, 22, 23, 25/, хохирогчийн биед учирсан гэмтлийн талаарх Шүүхийн Шинжилгээний Албаны шинжээчийн 134 дугаартай дүгнэлт /хх 33/, шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарьбазар нь “ …Н.С анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид зодуулснаас болж түүний бие махбодид халдсан, учруулсан хохирлыг төлнө гэдгээ илэрхийлж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж өгнө үү…” гэх давж заалдах гомдлыг гаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгод чиглэнэ.

Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.С мэдүүлэхдээ “… би амьдралын түвшин доогуур, 2 оюутантай, мөнгөн торгуулийг төлж чадахгүй …” гэж мэдүүлсэн бөгөөд шүүхээс түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан Шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзнэ.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарьбазарын “… ялыг хөнгөрүүлж өгнө үү…” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзнэ.

Харин Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд гэм буруугийн хэлбэрийг тусгаагүй атал шийтгэх тогтоолд шүүгдэгч Н.С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол “санаатай” учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг нөхөн төлүүлэх тухай заалтыг баримтлаагүй, мөн шүүгдэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тусгагдаагүй таслан сэргийлэх арга хэмжээ авсан байх тул давж заалдах шатны шүүх зөвтгөж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн Хэрэг Хянан Шийдвэрлэх тухай Хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 83 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “…санаатай…” гэснийг хасч,

тогтоох хэсгийн 6 дахь заалтын “…497.1…” гэсний дараа “… 505 дугаар зүйлийн 505.1…” гэж нэмж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарьбазарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Н.С-д урьд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

                 ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Ё.БЯМБАЦЭРЭН

                     ШҮҮГЧИД                                                            С.ЦЭЦЭГМАА          

                                                                                         С.УРАНЧИМЭГ