Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 790

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, шүүгч Ц.Мөнхзул, шүүгч О.Оюунгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “5” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,  

Нэхэмжлэгч: ***.    

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга.   

Гуравдагч этгээд: “У” ХХК.   

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн *** дугаар захирамжийн, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн  *** дугаар  захирамжийн “У” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О , хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А , гуравдагч этгээд “У” ХХК-ийн төлөөлөгч Б.Б , түүний өмгөөлөгч М.А , нарийн бичгийн даргаар Д.Уранбилэг  нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэг. Нэхэмжлэгч *** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2012 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө “У ” нийгэмлэгийн *** өртөөний конторын барилгын баруун хойд талаас 25 метр, төмөр замын гол шугамаас 30 метр гаруй зайд нэр нь үл мэдэгдэх компани хүнд даацын машин механизмаар их хэмжээний тоног төхөөрөмж буулгасан байдаг. 

 Нийгэмлэгийн ашиглаж байгаа физик болон шилэн кабель байрлаж буй уг газарт ямар учиртай тоног төхөөрөмж буулгасан талаар судалж үзэхэд “У” ХХК-ийн ажилтан н.*** гэх хүн *** дугаартай утсаар Нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр *** дугаар захирамжийн 10 дахь хэсэгт заасны дагуу “У” ХХК-д газар олгогдсон, мөн 60 метр квадрат хэмжээтэй бетон зуурмаг үйлдвэрлэх цементийн зуурмагийн үйлдвэрийг тус газар барих гэж байгаа талаарх тайлбарыг  өгсөн болно. 

*** нь Монгол Улс, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр 1949 онд анх байгуулагдсан бөгөөд Засгийн газар нь өөрийн хувь хөрөнгөд тооцуулан газар олгосон байдаг. Энэ тухай хэлэлцээрийн 5 дугаар зүйлийн б-д “Төмөр замын бүх чиглэлийн дагуу нийтдээ 120 метр өргөн зурвас, станцууд дээр уртаашаа 2000 метр хүртэл, өргөнөөрөө 300 метр газрыг нийгэмлэгийн ашиглалтад хугацаагүйгээр шилжүүлэн хэрэглүүлнэ. Энэхүү газрыг хугацаагүйгээр хэрэглүүлсний хөлсийг ерөнхийд нь 4 сая төгрөгөөр үнэлнэ” гэж заасан. Хэлэлцээр одоог хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа ба нийгэмлэг нь ашиглаж буй газартаа 1955 онд физик буюу модон шон бүхий холбооны кабель утас, 1997 оноос эхлэн тухайн газарт интернет холбооны шилэн кабель шугам зэргийг тус тус татаж ашигласаар ирсэн. Эдгээр шугамын хамгаалалтын зурвас газрыг Улаанбаатар хотын эрх бүхий байгууллагаар 2007 онд баталгаажуулсан болно. 

Харилцаа холбооны тухай хуулиар холбооны шугам байрлаж буй газраас хааш хаашаагаа 5 метр зай болох хамгаалалтын зурвас газарт иргэд аж ахуй нэгж байгууллага ямар нэгэн үйл ажиллагаа явуулах, барилга барихыг хориглодог. Холбооны дээрх шугамууд гэмтвэл тус нийгэмлэг харилцаа холбооны талаарх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болох төдийгүй ашиг олох боломжоо алдах юм. 

Тухайн газарт бетон зуурмагийн үйлдвэр барьснаар тоосжилт үүсч, төмөр замын тээврийн аюулгүй байдал алдагдах төдийгүй тэнд байнгын гадаа ажилладаг вагон үзэгчид, өртөөний жижүүрүүд, зорчин явагчид, өртөөний орчим амьдарч байгаа төмөр замын айл өрхүүдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөл алдагдах юм. 

Иймд” Нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн *** дугаар захирамжаар “У” ХХК-нд 9080 метр квадрат хэмжээтэй газар олгосныг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “Нийслэлийн Засаг даргын *** дугаар захирамж нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** өртөөний баруун хойд талын газрыг “У” ХХК-д эзэмшүүлэхээр олгосон захирамжийг баталгаажуулж гарсан байна. 

Иймд “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** өртөөний баруун хойд талын газрыг “У” ХХК-д эзэмшүүлэхээр олгосныг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хоёр. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О  2017 оны 10  дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “У ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн олон улсын гэрээгээр эзэмшиж байгаа газарт Нийслэлийн Засаг дарга 2008 онд *** дугаар захирамжаар “У” ХХК-д газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь “У ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн учраас анх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 

Гэтэл дээрх захирамж нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** өртөөний баруун хойно буй газрыг “У” ХХК-д эзэмшүүлэхээр олгосон захирамжийг баталгаажуулж гарсан захирамж байсан учраас Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн *** тоот албан бичгээр “У” ХХК-д эзэмшүүлсэн газар нь төмөр замын хамгаалалтын бүсэд орж давхацсан гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байдаг. 

“У ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн эзэмшиж буй газрыг Монгол Улсын олон улсын гэрээ буюу “У ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийг байгуулах тухай Засгийн газар хоорондын 1949 оны хэлэлцээрээр эзэмшүүлсэн. Энэхүү хэлэлцээрийн 5 дугаар зүйлийн 5б-д “Төмөр замын бүх чиглэлийн дагуу нийт 120 метр өргөн, станцууд дээр уртаашаа 2000 метр, өргөн 300 метр газрыг нийгэмлэгийн ашиглалтад хугацаагүйгээр шилжүүлэн эдлүүлнэ” гэж заасны дагуу уг маргаан бүхий газар нь төмөр замын зурвас газарт хамаарна. 

Мөн Төмөр замын тээврийн тухай хуулийн 27 дугаар зүйлд “зурвас газарт дэглэмд зааснаас бусад ажил үйлчилгээ эрхлэхийг хориглосон” бөгөөд 27.7-д “Төмөр замын аюулгүй байдлын шаардлагад нийцүүлэн иргэн, хуулийн этгээдэд түрээслүүлэн ашиглуулж болно”, 27.10-т “Төмөр замын зурвас газраас гаднах аюулгүйн бүсэд газар эзэмшүүлэх, ашиглуулах, аливаа үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг олгохдоо Засаг дарга төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн олгоно” гэснийг тус тус зөрчсөн байна. 

“У ” хувь нийлүүлсэн нийгэмлэг нь Монгол Улсын олон улсын гэрээнд заасан хэмжээгээр газар ашиглах эрхийг баталгаажуулах хүсэлтийг эрх бүхий байгууллагад удаа дараа гаргаж байсан боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй нь уг маргаан үүсэх гол шалтгаан болж байгаа юм. 

Сүүлд гарсан шинжээчийн дүгнэлтээр “...маргаан бүхий газар нь төмөр замын захын төмрөөс хамгийн холдоо 180 метрийн зайтай”, ”...төмөр замын аюулгүй ажиллагаанд нөлөөлсөн эсэх тал дээр дүгнэлт гаргаагүй”, “...холбооны шугамтай давхцаж байна” гэсэн байна.

 Иймд “Нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн *** дугаар захирамж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаар захирамжийн “У” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв. 

Гурав. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.А  2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Оросын хувь нийлүүлсэн “У ” нийгэмлэг нь “Нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн *** дугаар захирамжийн “У” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаар захирамжаар “У” ХХК-д *** өртөөний баруун талд үйлдвэрлэлийн зориулалтаар Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд 9081 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар баталгаажуулж эзэмшүүлсэн. Уг газар эзэмших эрхийн гэрчилгээг “Монгол шуудан” компани Нийслэлийн Засаг даргаар баталгаажуулах буюу Нийслэлийн Засаг дарга барилга барихтай холбогдуулж заавал захирамж гаргасан байх ёстой. Үүнтэй холбогдуулж Нийслэлийн Газрын албанд 2008 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 8/08 тоот албан хүсэлтийг холбогдох материалын хамт ирүүлсэн байдаг. 

Тухайн холбогдох материал буюу албан бичигт техникийн зөвлөлийн хурлаар орж хэлэлцүүлэн, тухайн Баянзүрх дүүргийн 2007 онд “У” ХХК-д олгосон газар нь нэхэмжлэгчийн хууль ёсны эзэмшлийн газар биш, бусад ямар нэгэн газартай давхцаагүй байна гэдэг үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталгаажуулсан байдаг.         

Дээрх захирамжийг үндэслэж “У” ХХК нь Газрын албатай *** тоот гэрээ байгуулж, *** дугаартай гэрчилгээг авсан. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д заасан бүрэн эрхийн хэмжээнд Нийслэлийн Засаг дарга газар эзэмших эрх олгож баталгаажуулсан байдаг. 

Монгол Оросын хувь нийлүүлсэн “У ” нийгэмлэгийн нэхэмжлэлийн үндсэн шаардлагад Засгийн газар хоорондын олон улсын хэлэлцээрийг баримталдаг. Олон улсын гэрээ буюу тухайн гэрээнд зааснаар газар эзэмших эрх олгохоор бол заавал зөвшөөрөл авна гэж байгаа бөгөөд энэ талаар Газрын тухай хуульд заагаагүй байна. 

Иймд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хүчин төгөлдөр үйлчилж байгаа эрх зүйн хэм хэмжээний хүрээнд уг асуудлыг шийдсэн. Мөн цаг хугацааны хувьд 10 жилийн өмнөх үеийн үйл явдал ямар байсан талаар шүүх анхаарч үзэх хэрэгтэй юм. 2007 он болон 2008 онуудад “У ” нийгэмлэг нь замаа хааж хийсэн, хамгаалсан зарим газраараа хашаагүй зэрэг нөхцөл байдлууд байсан. 

Монгол Улсын Газрын тухай хууль 2002 онд шинэчлэгдэн батлагдсан бөгөөд түүнээс өмнө мөрдөгдөж байсан хэд хэд хууль байдаг. Уг хуульд гадаадын хөрөнгө оруулалттай болон хувь нийлүүлсэн байгууллага газрыг заавал ашиглана гэсэн зохицуулалт байхгүй. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд Монгол улсын нутаг дэвсгэрт газар ашиглахаар гэрээ байгуулж, түүнийг нь төрийн захиргааны байгууллага буюу эрх бүхий байгууллагуудаар гэрээ, гэрчилгээ, кадастрын зураг хийлгэдэг. 

“У” ХХК нь үйлдвэрлэлтийн зориулалтаар барилга барьдаг ба барилга барихад холбооны шугам давхацсан байсан эсэх нь ач холбогдолгүй бөгөөд техникийн нөхцөл авахдаа зайлуулах бүрэн боломжтой юм. Бүх газар барилга барихдаа холбооны шугам давхацсан байна гэх үндэслэл нь барилга барих тусгай зөвшөөрөл авах буюу газар эзэмшүүлэхэд саад болох нөхцөл байдал болохгүй. 

Иймд “Нийслэлийн Засаг даргын маргаан бүхий 2008 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн *** дугаар захирамж нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Дөрөв. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.А  2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “У” ХХК нь 2008 онд тухайн эзэмшил газар хязгаарлалт тогтоож хашаа барьсан. Хашаа барьсны дараа *** өртөөний ажилчдаас ирж тодорхой хэмжээний маргаан үүсгэж, ажлыг зогсоосон байдаг. Мөн хашааны орох хэсгийг хаасан учраас “У” ХХК-ийн ажилчид буюу авто машин дотогш нэвтрэх болон хашаагаа үргэлжлүүлэн барих боломжгүй болсон. Нэгэнт ажил зогссон бөгөөд ямар нэгэн шийдэл гаргаж чадахгүй байх хугацаанд уг хашааг буулгаад аваад явчихсан байсан. 

Ийнхүү 2008 онд хашааг буулгах үеэр “У ” хувь нийлүүлсэн нийгэмлэг нь газар давхацсантай холбогдуулж маргаан гаргаж байсан ба тухайн нөхцөл байдлыг мэдэж байсан байна. Үүнээс хойш тодорхой хугацаанд нийгэмлэг нь уг газартай холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй байх тул хуульд зааснаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. 

  Уг маргааныг Улсын дээд шүүхээр хэлэлцэж зарим нэг асуудал дээр дүгнэлт гаргасан байдаг. Жишээлбэл, Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т “Монгол Улс Үндсэн хуульдаа харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй”, Бүгд найрамдах Монгол Улсын Үндсэн хуулиас Монгол Улсын үндсэн хуулийг дагаж мөрдөхөөр шилжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д “Бүгд найрамдах Монгол улсын Олон улсын гэрээ буюу түүний заалтад Монгол улсын Үндсэн хуульд харшилбал тэдгээрийг Монгол улсын Үндсэн хуульд нийцүүлэх асуудлыг Олон улсын нийтээр хүлээн зөвшөөрөх зарчим, тухайн гэрээнд заасан болзол, журмын дагуу 1993 онд багтаан шийдвэрлэнэ” гэж заасан байдаг.             

“У ” нийгэмлэгийг дээрх 1949 оны хэлэлцээрт заасан хэмжээгээр газрыг хугацаагүй ашиглах эрхтэй гэж үзэхээргүй байна гэж тогтоосон.  Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй Газрын тухай хуулиар газрыг хугацаагүй ашиглах талаар ямар нэгэн зохицуулалт байхгүй, мөн гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага, аж ахуй нэгж нь газрыг ашиглахдаа хуульд заасан шаардлагын хүрээнд зориулалтын дагуу ашиглах ёстой. 

Үүнээс үзвэл, олон улсын хэлэлцээрээр уг газрыг хугацаагүйгээр олгосон нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцэхгүй байгаа бөгөөд тухайн хэлэлцээрийг 1993 он хүртэл хуульд заасан шаардлагын хүрээнд өөрчлөх хэрэгтэй байсан гэж үзэж байна. Мөн нийгэмлэгийн ашиглаж буй уг газрыг улсын бүртгэлд бүртгүүлээгүй байхад давхацсан байна гэж тодорхойлох боломжгүй юм. Энэ нь шинжээчийн “...давхцал байгаа эсэхийг тогтоох боломжгүй” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. 

Иймд “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь

           Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох, эрхийн гэрчилгээг шилжүүлэх, газар эзэмших зориулалт, талбайг өөрчлөх, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” *** дугаар захирамжийн “У” ХХК-д, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн “Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай” *** дугаар захирамжийн “У” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” гэж тодорхойлжээ.

          Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж  шийдвэрлэв. 

           “У ” нийгэмлэгийн 1955 оноос хойш татаж хэрэглэж буй холбооны шугам болон шилэн кабель дайран өнгөрдөг Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, У ын *** өртөөний баруун талд 9080 м.кв газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох, эрхийн гэрчилгээг шилжүүлэх, газар эзэмших зориулалт, талбайг өөрчлөх, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” *** дугаар захирамжийн 01 дүгээр хавсралт жагсаалтын 2 дахь заалтаар “У” ХХК-д  үйлдвэрлэлийн зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгож, улмаар Нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн “Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай” *** дугаар захирамж, хавсралтын 10 дахь заалтаар газар эзэмших эрхийг шинээр баталгаажуулж, гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ. 

 “У ” нийгэмлэг нь Бүгд Найрамдах Монгол Ард Улс болон Зөвлөлийн Засагт Нийгэм Журамт Бүгд Найрамдах Холбоот Улсын хооронд байгуулагдсан 1949 оны хэлэлцээрийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд уг хэлэлцээрийн 5 дугаар зүйлийн “б”-д “Төмөр замын бүх чиглэлийн дагуу нийтдээ 120 метр өргөн зурвас ба станцууд дээр уртаашаа 2000 метр хүртэл, өргөнөөрөө 300 метр газрыг нийгэмлэгийн ашиглалтад хугацаагүйгээр шилжүүлэн хэрэглүүлнэ” гэж заасны дагуу “кадастрын зураглалын дагуу ашиглагдаж байгаа барилга байгууламж, түүний эргэн тойрны эдэлбэр газрыг хугацаагүйгээр эсвэл урт хугацаагаар ашиглах гэрээ байгуулж өгнө үү” хэмээн газар ашиглах тухай хүсэлтээ Нийслэлийн газрын албанд 2006 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 20/128 дугаартай албан бичгээр, 2006 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 20/165 дугаар албан бичгээр, Газрын харилцаа, геодези зураг зүйн газарт 2006 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 20/183 дугаар албан бичгээр тус тус хандан гаргасан байх ба газрын асуудал эрхэлсэн эрх бүхий байгууллага болох Нийслэлийн газрын алба нь уг хүсэлтийг хүлээн аваад тухайн үедээ хэрхэн шийдвэрлэсэн талаар ямар нэгэн хариу өгсөн баримт байхгүй байна. 

Үүгээр “У “ нийгэмлэгээс Нийслэлийн Газрын албанд хандаж, хоёр улсын гэрээгээр шилжүүлсэн гэх газрыг хүчин төгөлдөр үйлчилж буй Монгол Улсын Газрын тухай хууль тогтоомжид нийцүүлэн эзэмших, ашиглах эрхээ баталгаажуулж өгөх хүсэлтийг эрх бүхий этгээдэд гаргаж байсан болох нь тогтоогдож байна.

Нийслэлийн болон Баянзүрх дүүргийн Засаг дарга нь “У ” нийгэмлэгийн газар ашиглах тухай хүсэлтийг хянан шалгаж, шийдвэрлэх ажиллагаа дуусаагүй буюу тодруулбал, Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмшүүлж, ашиглуулах, эсхүл хүсэлтийг хянан шалгаж, шийдвэрлээгүй байхдаа тухайн хүсэлт гаргасан газар болох “У ” нийгэмлэгийн холбооны агаарын болон шилэн шугам дайран өнгөрч байгаа газрыг “У” ХХК-ийн хүсэлтээр уг компанид эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 32 дугаар зүйлийн 32.5-д “Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаархи үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна” гэсэн заалтуудыг тус тус зөрчжээ.

“У ” нийгэмлэгийн 2006 оноос эхлэн гаргасан  газар ашиглах тухай хүсэлтийг шийдвэрлээгүй байхад хүсэлтэд дурдагдсан Төмөр замын дагуух 120 метр өргөн зурвас ба станцууд дээр уртаашаа 2000 метр хүртэл, өргөнөөрөө 300 метр  холбооны шугам, шилэн кабель бүхий бодитоор ашиглаж буй шугам сүлжээ бүхий газарт нь Баянзүрх дүүргийн Засаг даргаас 2007 онд гуравдагч этгээдэд 9080 м.кв газрыг эзэмшүүлж, Нийслэлийн Засаг даргаас 2008 онд уг эзэмших эрхийг нь шинээр баталгаажуулж эзэмшүүлсэн нь буруу байна.  

         Төмөр замын газар, Нийслэлийн газрын алба, У ын дарга нар “У ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийг байгуулах тухай олон улсын гэрээний дагуу У д олгогдсон Улаанбаатар хот дахь төмөр замын зурвас газар, аюултай бүсэд багтах газар болон бусад эзэмшил газрын хилийн зааг хэмжээг тодотгох ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг 2009 оны 10 дугаар сарын 08-ны өдөр мөн Зам тээврийн сайдын 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 227 дугаар тушаалаар “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт төмөр замын зурвас газар, аюулгүйн бүсийн хэмжээ, хил заагийг тогтоох асуудлыг судлан шийдвэрлэх салбар замуудын эзэмшил, ашиглалтын байдалд шалгалт хийх, дүгнэлт гаргах” ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулж, Зам тээврийн сайдын 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 260 дугаар тушаалаар ажлын хэсгийг шинэчлэн байгуулжээ.  

 Мөн одоогийн байдлаар Зам тээврийн сайдын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 17 дугаар тушаалаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт                 ***ийн төмөр замын зурвас газрын хэмжээ, хил заагийг тогтоох, судлан шийдвэрлүүлэх, салбар замуудын эзэмшил, ашиглалтын байдалд шалгалт хийх, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна. 

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Шинжээчийн дүгнэлтээр “У” ХХК нь эзэмшиж буй газрынхаа нэгж талбарын эргэлтийн цэгүүдийг газарт бэхлээгүй, ялгарах биет буюу хашаа бариагүй учир газрын байршил, бодит хэмжээг тодорхойлж, зураглал үйлдэх боломжгүй. 

Нийслэлийн газрын мэдээллийн санд маргаан бүхий газарт “У ” нийгэмлэгт эзэмшүүлсэн гэх бүртгэл бүртгэгдээгүй, эргэлтийн цэгүүдийг тэмдэгжүүлээгүйн улмаас газрын байршлыг тогтоож, талбайг хэмжих боломжгүй. “У” ХХК-ийн нэр дээр газар эзэмших эрхтэйгээр бүртгэлтэй газар нь Нийслэлийн газрын мэдээллийн санд бусдын өмчлөл, эзэмшил газартай давхцалгүй байна. “У” ХХК-ийн эзэмшиж буй газар нь төмөр замын хойд захын зам төмөрнөөс 108 метр, 56 метр, 6 метр, 8 метр, 48 метрийн зайтай, газар доорх холбооны гурван шугамтай 3 шугамтай давхцаж байна” гэж дүгнэжээ.

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд  Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох, эрхийн гэрчилгээг шилжүүлэх, газар эзэмших зориулалт, талбайг өөрчлөх, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” *** дугаар захирамжийн “У” ХХК-д, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн “Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай” *** дугаар захирамжийн “У” ХХК-д холбогдох  хэсгүүд нь Төмөр замын тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13-т “төмөр замын аюулгүйн бүс гэж төмөр зам дээр тохиолдож болох осол, сүйрлээс хуулийн этгээд, иргэнд учрах хохирлыг багасгах, аюулгүй нөхцөлийг хангах зориулалт бүхий газар” гэснийг, Засгийн газрын 2011 оны 6 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төмөр замын зурвас газар болон аюулгүйн бүсийн дэглэм”-ийн 4.2-т “Төмөр зам нь далан дээр баригдсан бол уг замын тэнхлэгээс ашиглалтын үйл ажиллагаатай холбоогүй төхөөрөмж хүртэл аюулгүй бүсийн зай 50метрээс багагүй байна” гэснийг Харилцаа холбооны тухай хуулийн  28 дугаар зүйлийн 28.1.2-д “кабелийн шугам тал бүртээ 5 метр” гэснийг тус тус зөрчсөн байна гэж үзлээ.  

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Газрын тухай хуулийн  21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.3,  Төмөр замын тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13, Харилцаа холбооны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-д заасныг тус тус баримтлан Монгол Оросын хувь нийлүүлсэн “У “ нийгэмлэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох, эрхийн гэрчилгээг шилжүүлэх, газар эзэмших зориулалт, талбайг өөрчлөх, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” *** дугаар захирамжийн “У” ХХК-д, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн “Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай” *** дугаар захирамжийн “У” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

               

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Д.ЧАНЦАЛНЯМ

                                            ШҮҮГЧ                                    Ц.МӨНХЗУЛ

                                            ШҮҮГЧ                                    О.ОЮУНГЭРЭЛ