Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2020/0701/З |
Дугаар | 221/МА2021/0169 |
Огноо | 2021-03-31 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 221/МА2021/0169
2021 оны 03 сарын 31 өдөр | Дугаар 221/МА2021/0169 | Улаанбаатар хот |
“И.О” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч А.Сарангэрэл, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Янжиндулам, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Э, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 78 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нарын давж заалдах гомдлоор, “И.О” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 78 дугаар шийдвэрээр: “Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, 56.2, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “И.О” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 183 дугаар шийдвэр, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2020/04 буюу залруулсан байдлаар 2020/11 дугаар дүгнэлтийг тус тус хүчингүй болгож, тус компанийн эзэмшиж байсан MV-016965, MV-016998 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж” шийдвэрлэжээ.
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар давж заалдах гомдолдоо: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.6, 21 дүгээр зүйлд тус тус заасныг үндэслэн “И.О” ХХК-ийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 183 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, тус компанийн эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын MV-016965, MV-016998 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг сэргээхийг хариуцагчид даалгах, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2020/04 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 78 дугаартай шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 183 дугаар шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг: “...хэдийгээр хууль бус дүгнэлтийг үндэслэн гарсан 183 дугаар шийдвэрийг хууль бус захиргааны акт гэж шууд дүгнэх боломжгүй ч “И.О" ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын MV-016965, MV-016998 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг цуцалснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, өөрийн эзэмшлийн талбайд ашиглалт хийх боломжгүй болсон тул уг шийдвэрийг хүчингүй болгож зөрчигдсөн эрхийг сэргээх нь зүйтэй” гэж дүгнэжээ.
Төрийн захиргааны байгууллагын зүгээс ямар үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцлах талаар Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд тодорхой заасан байна. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан бол тусгай зөвшөөрлийг цуцлах”-аар зохицуулсан байна. Дээрх хуулийн заалтыг үндэслэн тус газрын Кадастрын хэлтсийн даргын 183 дугаар шийдвэр гарсан болно.
Тодруулбал, Увс аймгийн Өмнөговь сумын Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 62 дугаар албан бичгээр тус аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “И.О" ХХК-ийн үйл ажиллагаа нь байгаль орчинд хортой нөлөөлөл үзүүлэх эрсдэлтэй байгаад холбогдох дүгнэлтийг гаргуулахаар Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандсан байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2020/04 дүгээр дүгнэлт нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасныг үндэслэн байгаль орчинд хортой нөлөө учруулсан, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 374 дүгээр тогтоолоор баталсан журамд заасан шаардлагыг хангаагүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй, байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй үйл ажиллагаа явуулсан тул “И.О” ХХК-ийн эзэмшдэг ашигт малтмалын ашиглалтын MV-016965, MV-016998 дугаар тусгай зөвшөөрлүүдийг цуцлуулах нь зүйтэй” гэж үзсэн байна.
Энэ тохиолдолд хариуцагчийн зүгээс байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийн хуульд нийцсэн эсэхийг шалгах боломжгүй юм.
Мөн түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д “Нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол”, мөн 28.1.2-т “Гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол” сонсох ажиллагаа хийхгүйгээр буюу урьдчилан мэдэгдэхгүйгээр захиргааны байгууллага шийдвэр гаргах эрхтэй байхаар хуульчилсан болно. Анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтийг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д “Нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол”, мөн хуулийн 28.1.2-т “Гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол” төрийн захиргааны байгууллага сонсох ажиллагаа хийхгүйгээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй юм. Иймд дээрх нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай байсан тул төрийн захиргааны байгууллага сонсох ажиллагаа хийхгүйгээр шийдвэр гаргасан болно.
Иймд гомдлыг хуулийн дагуу хянан үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 78 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдлыг гаргаж байна. Үүнд:
1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2020/04 дүгээр “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай дүгнэлт”-ийг гаргахдаа Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх заалт, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалт, Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 62 дугаар албан бичгийг тус тус үндэслэн байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан “И.О” ХХК-ийн эзэмшдэг MV-016965, MV-016998 дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах нь зүйтэй гэх ажлын хэсэг дүгнэлт гаргасан.
2. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “... Төр нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор байгаль орчинд хортой нөлөөлөхөөс болон байгаль орчны тэнцэл алдагдахаас сэргийлэн хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлнэ” гэж, мөн зүйлийн 2-т “...Төр нь байгаль орчныг хамгаалах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ дараахь зарчим баримтална”, 1-д “Хүний амьдрах, хөдөлмөрлөх, амрах байгаль орчны тааламжтай нөхцөл бүрдүүлэх”, 2-т “Экологийн баримжаатай эдийн засгийг хөгжүүлж байгаль орчны тэнцлийг хангах”, 3-д “Байгалийн баялгийг шинжлэх ухааны үндэслэлтэй зохистой ашиглах нөхцөлийг хангах”, 4-т “байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг ашиглах шийдвэр, үйл ажиллагаа ил тод байх”, 5-д “Байгалийн нөөц, баялгийн халдашгүй байдлыг хангах” гэж,
Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “...Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгаль орчныг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.” гэж, 1-д “Байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж заасан байдаг.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд “...Тусгай зөвшөөрлийг цуцлах” гэж, 56.1-д “...Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр цуцална.” гэж, 56.1.5-д “...тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” гэж хуульчилсан байдаг тул Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 62 дугаар албан бичгийг үндэслэн “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай” 2020/04 дүгээр дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй болно.
3. “И.О” ХХК-ийн эзэмшдэг MV-016965, MV-016998 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор батлагдсан усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй хэсэгчилсэн давхцалтай байна.
Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно” гэж заасан.
Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “...Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно...” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоол, 2015 оны 289 дугаар тогтоол гарсан.
Мөн хуулийн 4.5-д “Энэ хуулийн 4.1-д заасан газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй” гэж заасан.
Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2.1-д “..2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр баталсан гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдахаас өмнө ойн сан бүхий газарт олгосон ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ойн тухай хуулийн 8.6, 29 дүгээр зүйл, 30.2, 42.1.5-д заасныг хэрэгжүүлнэ. Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг Усны тухай хуулийн 22.3-д заасны дагуу усны сан бүхий газрын эргээс 200 метрээр тогтооно. Хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхацсан тохиолдолд Усны тухай, Ойн тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ...” гэж заасан.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 289 дугаар тогтоолын Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагтай давхцалтай байна.
Үүнийг шүүх судалж үзээгүй ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасан үүргээ хэрэгжүүлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхилоо.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 183 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 01/3859 дүгээр албан бичгээр ирүүлсэн 2020/11 дүгээр дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгч “И.О” ХХК-ийн эзэмшлийн MV-016965, MV-016998 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалжээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 06/3972 дугаар албан бичгээр “...01/3859 дүгээр албан бичгээр хүргэгдсэн MV-016965, MV-016998 дугаар тусгай зөвшөөрөлтэй “И.О” ХХК-ийн тусгай зөвшөөрөл цуцлах дүгнэлтийн “2020/04” гэх дугаар давхардсан тул “2020/11” гэх дугаараар өөрчлөн залруулга хийсэн болохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст мэдэгдсэн байх тул шүүх залруулсан дугаараар хянаж үзлээ.
Маргаан бүхий 183 дугаар шийдвэрийн үндэслэл болсон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2020/11 дүгээр дүгнэлтэд “... Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 62 дугаар албан бичгийг үндэслэн нэхэмжлэгч “И.О” ХХК нь ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ тухайн компани нь байгаль орчинд хортой нөлөө учруулсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй, байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй үйл ажиллагаа явуулсан гэж үзээд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасны дагуу “И.О” ХХК-ийн эзэмшдэг MV-016965, MV-016998 дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах нь зүйтэй” гэжээ.
Харин Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 62 дугаар албан бичигт “...2013, 2015 онуудад тухайн компани ашиглалт явуулахаар ирсэн боловч нутгийн иргэдийн тэмцэлтэй тулгаран одоог хүртэл ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, ...энэ компани нь 0,5 га газарт дур мэдэн газрын хэвлий хөндсөн, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж байгаагүй, нөхөн сэргээлт хийгээгүй, жил бүрийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулж биелэлтийг тайлагнадаггүй зөрчлийг удаа дараа гаргаж ирсэн. Иймд Аж аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.10.5, 15.10.6 дахь заалтуудад заасан тусгай зөвшөөрлийг авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэж үзэж байгаа тул тус хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д тус тус заасны дагуу тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулж өгнө үү” гэсэн байна.
Увс аймгийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1/725 дугаар албан бичигт “... “И.О” ХХК нь 2015, 2017 онуудад тухайн голын савд алт олборлохоор ирсэн боловч нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгаран, ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй ...” гэжээ.
Маргаан бүхий 2020/11 дүгээр дүгнэлтийг гаргасны дараа буюу 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад тус тус хандан маргаан бүхий тусгай зөвшөөрлүүдийн талбайд хийгдэж байсан хяналт шалгалтын холбогдох мэдээлэл, тус компани уул уурхайн үйл ажиллагаа явуулсан эсэх, байгаль орчинд хортой нөлөөлсөн эсэх, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн эсэх талаар тодруулахаар 06/5967, 06/5968 дугаар албан бичгүүдийг хүргүүлсэн бөгөөд Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 291 дүгээр албан бичгээр “... “И.О” ХХК нь 2014 оноос хойш ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй” гэх хариуг ирүүлсэн байна.
Төрийн захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т зааснаар шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлах, ач холбогдол бүхий бодит нөхцөл байдлыг тогтоох үүрэгтэй.
Гэтэл хариуцагч нар нь нэхэмжлэгч “И.О” ХХК нь тусгай зөвшөөрөл бүхий талбайдаа бодит байдалд аливаа байдлаар үйл ажиллагаа явуулсан эсэх, үйл ажиллагаа явуулсан бол ашиглалт хийхдээ байгаль орчинд хортой нөлөө учруулсан эсэх нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоохгүйгээр дээрх дүгнэлт, шийдвэрийг гаргасан болох нь тэдгээрийн шүүхэд гаргасан тайлбар, дээр дурдсан албан бичгүүд болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх бөгөөд үүгээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээр байна.
2020/11 дүгээр хууль бус дүгнэлтийг үндэслэн гарсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 183 дугаар шийдвэрээр “И.О” ХХК-ийн эзэмшлийн MV-016965, MV-016998 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, өөрийн эзэмшлийн талбайд ашигт малтмалын үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул анхан шатны шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож байж нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх сэргээгдэх боломжтой гэж дүгнэн уг 183 дугаар шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байх, шударга ёсны зарчимд нийцжээ гэж шүүх дүгнэв.
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс “...Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар зохицуулсан, … энэ тохиолдолд хариуцагчийн зүгээс байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийн хуульд нийцсэн эсэхийг шалгах боломжгүй, ...нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай байсан тул сонсох ажиллагаа хийхгүйгээр шийдвэр гаргасан” гэж,
Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “...бид газар дээр нь очиж шалгаж үзээгүй, нутгийн захиргааны байгууллага болох Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 62 дугаар албан бичгийг үндэслэн дүгнэлт гаргасан” гэж гомдлын үндэслэлээ тус тус тайлбарлах боловч нэгэнт иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болох нөхцөлд шат шатны байгууллагууд холбогдох хууль тогтоомжид заасан өөрийн чиг үүргийг бүрэн хэрэгжүүлж аливаа шийдвэрийг гаргах нь эрх зүйт төрийн хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн эсхүл хөндөгдөж болзошгүй захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зэрэг захиргааны үйл ажиллагааны зарчимд нийцэх болно.
Дээрхээс дүгнэхэд анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 183 дугаар шийдвэр, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2020/11 дүгээр дүгнэлтийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Б, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г нарын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
“ “И.О” ХХК-ийн эзэмшдэг MV-016965, MV-016998 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор батлагдсан усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй хэсэгчилсэн давхцалтай” гэх хариуцагч Байгаль орчин, аялал жуучлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын тухайд хариуцагч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаар хариу тайлбартаа дурдаагүй, холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй атлаа давж заалдах гомдолдоо энэ талаарх баримтыг хавсаргасан ирүүлжээ.
Түүнчлэн түүний хариу тайлбарт дурдсан тусгай зөвшөөрлөө хууль бусаар авсан, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй хэсэгчилсэн давхцалтай гэх үндэслэлүүдээр тусгай зөвшөөрлүүдийг цуцлаагүй тул маргаан бүхий 183 дугаар шийдвэр, 2020/11 дүгээр актуудыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй бөгөөд үүнтэй холбоотойгоор шүүх аливаа байдлаар дүгнэлт хийгээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 78 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН