Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 108

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

шүүгдэгч Э.Г,

нарийн бичгийн дарга Б.Солонго нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Боржигон овогт Энхтайваны Э.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911016430800 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Төв аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил хийдэг, Ам бүл 5, эцэг, эх, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 20-488 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 180 дугаартай Шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 280 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Энхтайваны Э.Г /РД: НИ91072313/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Э.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Г нь 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч П.Цэрэннямтай “зам тавьж өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдан улмаар харилцан зодолдож, хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч П.Цэрэннямын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 23 цагийн орчим би өөрийн эзэмшлийн 01-45 УНА улсын дугаартай 32-ын тойрог орчим замын уулзвар дээр баруун эргэдэг эгнээнээс чигээрээ явдаг нэгдүгээр эгнээ рүү орох гээд машиныхаа ихэнх хэсгийг баруун эргэдэг эгнээнд үлдээгээд чигээрээ явдаг эгнээ рүү орох гээд зогсож байсан чинь араас нэг машин дуут дохио өгөөд байхаар нь би жолооч талын цонхоороо уг машины жолоочид араар зай байна шүү дээ зөрөөд явчихаач гэж хэлсэн чинь уг машин хажуугаар орж ирээд буруу эгнээнд орж зогсчихоод тэнэг мал вэ гэхээр нь би битгий хуцаад бай зөрөөд гарах зай байхад чинь гэж хэлсэн чинь уг машины жолооч машин дотроосоо миний машин руу нэг зүйл шидсэн чинь уг зүйл миний машины жолоочийн хаалган дээр оносон. Уг машины жолооч юм шидчихээд машинаасаа буугаад ирэхээр нь би ч бас өөдөөс нь буусан. Бид 2 бие биенийхээ хувцаснаас заамдаж аваад хоорондоо хэрэлдэж оаисан чинь уг залуу минии нүүр лүү духаараа ч удаа дараалуулан мөргөсөн, тэгэхээр нь би биеэ хамгаалах гэж түүнийг түлхээд замын хажуугийн төмөр хашлага давуулан унагаасан, Уг хашлага нь 60 орчим см өндөртэй хашлага байсан. Уг залуу хашлага давж унасныхаа дараа дээгүүрх хувцсаа тайлаад шалдан болчихоод буцаж хашлага давж гарч ирээд надтай ахин зууралдаад миний гар хөлрүү гараараа цохиод байсан, би түүний хоолойд нь гараараа тулаад хэсэг байж байсан чинь миний толгой эргээд дотор муухайраад байхаар нь би одоо больё гээд доошоо суусан ... би тухайн үед ганцаараа явж байсан, уг залуу машиндаа нэг эмэгтэйн хамт байх шиг байсан.... духаараа миний уруул руу нэг, дух руу 3 удаа мөргөж, гараараа энд тэнд цохиж байсан ... би цээжин тус газар нь 2-3 удаа гараараа цохисон, хашлаганд тээглүүлж унагаасан, ... би гомдолтой байна, шүд хөдлөж унах гээд байгаа тул үүнтэй холбоотой гарсан зардлыг нэхэмжлэнэ... машинтай холбоотой гомдол санал байхгүй. ..." гэх мэдүүлэг /хх-ийн 12-13х/,

гэрч Э.Энхжингийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...тухайн өдөр нилээн орой цагийг нь сайн мэдэхгүй байна гэрээс аав, ах, хүүхдийн хамт 10 дугаар хороололруу машинтай явж байсан юм. манай ах машин бариад би хажуу талд хүүхдээ тэвэрчихсэн суугаад явж байсан юм. 32-ын уулзвар дээр ирэх үед миний талаар нэг машин шахаж орж ирээд хажуу талд зэрэгцээд шахцалдаад яваад байхаар нь би уг машины жолоочид нь цонхоороо "эгнээндээ яваачээ" гэж хэлсэн. Уг машины жолооч талын цонх онгорхой жолооч нь надтай их ойрхон явж байсан юм. Гэтэл уг машины жолооч нь "намайг ална шүү ал минь" гэсэн чинь хажуугаас манай ах Э.Г "чи хүнтэй жаахан эвтэйхэн харьцаач" гэсэн чинь уг жолооч "өлөгчингийн зулбасага минь өргөдлийн гол минь дуугүй бай. Буугаад ир гэсэн чинь манай ах буусан. Уг жолооч ч бас өөдөөс нь буугаад ирсэн ... машинаас бууж ах дээрээ очход уг жолооч ахын дээрээс нь тонгойсон байдалтай байхаар нь араас нь татаж болиоч гэж хэлээд ахыгаа салгаж аваад машинд суулгаад явсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 18-19х/,

гэрч Б.Энхтайваны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...манай охин уг машины жолоочид "эгнээ байраа зөв эзлэж яваач" гэж хэлсэн чинь уг жолооч өөдөөс нь "дуугүй яваач, чамд ямар хамаатай юм ал минь " гэж хэлсэн чинь манай хүү Э.Г дүүгээ өмөөрч "чи одоо хүнтэй аятайхан харьцаач" гэж хэлсэн чинь уг жолооч өөдөөс нь салаавч гаргасан Тэгээд тэр хоёр хэрэлдэж эхэлсэн. Манай хүү бууж уг машины жолоочруу дөхөж очоод "чи хүнтэй аятайхан харьц" гэсэн чинь уг жолооч түүний амруу нь салаавч өгч байсан тэгээд ирээд Э.Г тэр хоёр барьцалдаж аваад бие биенийхээ хувцаснаас заамдаж зууралдсан..." гэх мэдүүлэг/хх-ийн 19-21х/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн №6725 дугаартай "...П.Цэрэннямын биед баруун дээд 1 дүгээр шүдний булгарал, баруун зовхины цус хуралт, зүүн хөмсөгний дээд хэсгийн зулгаралт, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 23х/,

Шинжээч эмч О.Болороогийн гаргасан дүгнэлттэй нь холбогдуулж авсан "...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ ... шүдний булгарал дангаараа хөнгөн, мөн зовхины цус хуралт дангаараа хөнгөн бусад гэмтлүүд дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 23х/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6970 дугаартай "...Э.Гийн биед цээжинд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо ... Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй..." гэх дүгнэлт /хх-ийн 28х/,

Шүүгдэгч Э.Гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 34-35х/ болон бусад хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Э.Гийг хүүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч П.Цэрэнням нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролдоо гарсан зардлыг нэхэмжлэхээ илэрхийлсэн байх ба хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхэд холбогдох баримтаа гаргаж өгөөгүй тул түүнийг холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Э.Гд ял шийтгэл оногдуулахдаа хууль ёсны болон шудрага ёсны зарчимыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, хувийн байдлыг нь тус тус харгалзан 500 нэгжээр торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.   

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

              1. Боржигон овогт Энхтайваны Э.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Гийг 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Хохирогч П.Цэрэнням нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролыг холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                                               

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ