Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2020/ШЦТ/130

 

2020        02         07                                   2020/ШЦТ/130                                         

   

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 185/2020/0133/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,

улсын яллагч Г.Цогтгэрэл,

шүүгдэгч З.М /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар                                                          

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн З.М-д холбогдох эрүүгийн 1909045030150 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.       

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1992 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, “Элит Эдүкейшн” ХХК-д туслах нягтлан бодогч ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 23-135 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, З.М /РД: /

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч З.М нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 12 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө иргэн Б.Энхцэцэгийн биед халдаж зодон, түлхэж унагаан хохирогч Б.Энхцэцэгийн биед ахар сүүлний 1 дүгээр хугарал, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зулай, зүүн сарвуунд зулгаралт гэмтлүүдийг тус тус үүсгэж улмаар эрүүл эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.М-н өгсөн: “...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчоос уучлалт гуйж, хохиролд 3.500.000 төгрөг төлсөн...” гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч Б.Энхцэцэгийн өгсөн: "...Замын цаад талаас З.М гэх залуу гарч ирээд танихгүй таксины жолоочтой маргалдаж муудалцаад байхаар нь би дундуур нь орж салгах гэтэл намайг үсдэж түлхээд би бөгсөөрөө газар хүчтэй унасан. Тэгээд би босоод иртэл З.М манай нөхөр лүү дайраад байхаар нь очиж дундуур нь орж салгах гэтэл З.М намайг дахин түлхэж би газар бөгсөөрөө унасан..." гэх мэдүүлэг /хх-ийн 5 тал/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч

Ш.Цэцэгмаагийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №14495 дугаартай: “...Б.Энхцэцэгийн биед ахар сүүлний 1-р нугаламын хугарал, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зулай, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Ахар сүүлний 1-р нугаламын хугарал гэмтэл нь унах үед үүсэж болно. Ахар сүүлний 1-p нугаламын хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох
журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул
гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл
нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар
сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." гэх дүгнэлт /хх-ийн 14 тал/,

Яллагдагч З.М-н өгсөн: "...2019 оны 12 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4-р хороо 45-р сургуулийн урд талд Рэнцэнгийн найзуудтай тааралдаж би үл таних эмэгтэй хүнтэй маргалдаж муудалцаж биед нь гэмтэл  учруулсан.   Би   Энхцэцэгийн  үснээс  нь  үсдсэн,   мөн  түлхэж  газар унагаасан...гэм бруугаа хүлээн зөвшөөрч байна" гэх мэдүүлэг /хх-ийн 26 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

Шүүгдэгч З.М нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 12 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө иргэн Б.Энхцэцэгийн биед халдаж зодон, түлхэж унагаан хохирогч Б.Энхцэцэгийн биед ахар сүүлний 1 дүгээр хугарал, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зулай, зүүн сарвуунд зулгаралт гэмтлүүдийг тус тус үүсгэж улмаар эрүүл эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд бусдыг үл хүндлэн танхайрсан зан байдал нөлөөлжээ.

  Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч З.Мийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд Эрүүгийн хуульд заасан  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Энхцэцэг нь хавтаст хэргийн 51 дүгээр талд “...З.М-тэй сайн дураараа эвлэрсэн тул ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгч З.Мийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх хохирол, төлбөргүй, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний хувийн байдал, эрхэлсэн тодорхой ажилтай зэргийг харгалзан шүүгдэгч З.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч З.М нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, түүний  бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З.М-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.М-г 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч З.М-д оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу       15 000 /арван таван мянга/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь одоогоор бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч Б.Энхцэцэг нь цаашид гарах эмчилгээний зардал, эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш       14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч З.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.     

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.БОЛДБААТАР