| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2016/06238/и |
| Дугаар | 6238 |
| Огноо | 2016-10-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 6238
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, Цагдаагийн гудамж, “Цалам худалдааны төв”-ийн 1 давхарт байрлах ХасБанкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15-р хороолол, 115 дугаар байр, 19 тоотод оршин суух Гилаз боржигин овогт Саруулсайханы Наранзулд /РД:СЮ85092564/ холбогдох,
Зээлийн гэрээний төлбөр, нотариатын үйлчилгээний хөлс нийт 57,463,787.9 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХасБанк нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч С.Наранзул нь ХасБанктай 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 1570005279 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулж, 35,000,000 төгрөгийн зээлийг 33,6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, холимог зориулалтаар авсан. Зээлдэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул гэрээг нэг талын санаачилгаар цуцалж зээлийн гэрээний төлбөр болох 57,453,287.9 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 10,500 төгрөг, нийт 57,463,787.9 төгрөгийг зээлдэгч С.Наранзулаас гаргуулж өгнө үү”,сайн дураар дээрх төлбөрийг төлөөгүй нөхцөлд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд нэхэмжлэлд дурьдсан асуудлаар харилцан тохиролцож “Эвлэрлийн гэрээ”-г бичгээр ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХасБанк нь хариуцагч С.Наранзулд холбогдуулан 57,463,787.9 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд нэхэмжлэлд дурьдсан асуудлаар харилцан тохиролцож “Эвлэрлийн гэрээ”-г бичгээр ирүүлжээ.Үүнд:
Нэхэмжлэгч ХасБанкны 57,463,787.9 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Наранзул нь хүлээн зөвшөөрч, үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 15 дугаар хороолол 115 дугаар байр 19 тоот 29 м.кв 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрсөн байна.
Хариуцагч С.Наранзул нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байдал нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, С.Наранзулд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ХасБанкны 57,463,787.9 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Наранзул нь хүлээн зөвшөөрч, үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 15 дугаар хороолол 115 дугаар байр 19 тоот 29 м.кв 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрснийг баталж, С.Наранзулд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 445,269 төгрөгийн 222,634.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 222,634.5 төгрөгийг, хариуцагч С.Наранзулаас 222,634.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ХасБанкинд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР