Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 124

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Б.Чимгээ,

шүүгдэгч Ц.Д,

нарийн бичгийн дарга Б.Солонго нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Цагаан овоо овогт Цогтсайханы Ц.Дид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011002560089 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1992 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Баянцогт суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт, эрхэлсэн тодорхой ажилгүй, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 35 дугаар гудамжны 696 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Цагаан овоо овогт Цогтсайханы Ц.Д /РД: НИ92051111/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: яллагдагч Ц.Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Д нь 2020 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнийн 02 цагийн үед согтуугаар Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутагт хохирогч А.Мөнххуягийг тодорхой шалтгаангүйгээр нүүрэнд нь цохих, газар унагааж нүүр, толгой хэсэгт өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

 

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч А.Мөнххуягийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... 2020 оны 01 дүгээр сарын 19-ний орой ажил тарах үеэр манай найз Р.Билгүүдэй, Ц.Д нар намайг ажил дээрээс ирж аваад бид гурав Далайхүү худалдааны төвийн замын эсрэг талын Сүхбаатар дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Бадруун" нэртэй караокед орж, найз Г.Болд-Эрдэнэ ирж дөрвүүлээ Хараа нэртэй 0.750 литрийн 3 шил архи хувааж ууцгаасан. Ингээд шөнийн 02-03 цагийн үед гараад харих замдаа Чингэлтэй дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт найз Ц.Дтой маргалдаж муудалцаад Ц.Д намайг газар унагааж хөлөөрөө толгой хэсэгт өшиглөсөн...зүүн нүдний доод талыг сэт өшиглөсөн. Тэгээд зүүн нүд юм сайн харахгүй, нүдний доод талд өвдөж хавдсан тул цагдаагийн байгууллагад хандаж байна" гэх мэдүүлэг /хх-ийн 08-09х/,

гэрч Р.Билгүүдэйгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, давхар дэлгүүрийн буудлын ойролцоо явж байтал А.Мөнххуяг, Ц.Д нар хоорондоо маргалдаад хоёулаа газар уначихаад дээр доороо ороод байсан. Тэгэхээр нь би салгаад гэр рүү нь хүргэж өгөхөд А.Мөнххуягийн зүүн нүд гэмтчихсэн харагдсан. Яг юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна" гэх мэдүүлэг. /хх-ийн 15-16х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Ундармаагийн 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1654 дугаартай шинжээчийн дүгнэлт: А.Мөнххуягийн биед духны зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхи, баруун чихний ар хөхлөг хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун чамархайн хуйх, зүүн тохой, шуу, баруун бугалга, шууны цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, зулгаралт, доод уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язрал, цээж хэвлийн зулгаралт, цус хуралт, баруун зүүн дал, зүүн бугалганы зулгаралт, зүүн гарын алганы шарх, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдсон, дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй, үзүүлэгч дээрх гэмтлийг өөрөө өөртөө учруулах боломж муутай гэх шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 24-26х/

яллагдагчийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 34-35х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Ц.Дийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ц.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

              1. Цагаан овоо овогт Цогтсайханы Ц.Дийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Дийг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Ц.Дийг торгуулийн ялыг төлөх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй,  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Дид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ