Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 145

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Э.Намуун,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Баттөр, түүний өмгөөлөгч Г.Сүхээ,

шүүгдэгч Т.М, түүний өмгөөлөгч Х.Отгончимэг

нарийн бичгийн дарга Б.Солонго нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Еншөөв овогт Тэрбишийн Т.Мад холбогдох эрүүгийн 1903012820561 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1969 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Чингэлтэй дүүргийн 124 дүгээр цэцэрлэгт жижүүр ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Согоотын 59а байрны 56б тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сар баривчлах ял шийтгүүлсэн, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 947 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сар баривчлах ял шийтгүүлж, цагдан хоригдсон хугацааг ял эдэлсэнд хугацаанд оруулан тооцож, түүнийг ял эдэлсэнд тооцож шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай, Еншөөв овогт Тэрбишийн Т.М /РД: ЕС69080812/

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгэлтэд бичигдсэнээр/: яллагдагч Т.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Т.М нь 2019 оны 11 дүгээр сарын 05-ны 19 цаг 05 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хайлаастын 49 дүгээр сургуулийн баруун талын тээврийн хэрэгсэл зорчих замд "Тоёота приус-20" загварын 38-22 УББ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-заасан "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө" гэснийг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч 16 настай буюу насанд хүрээгүй хохирогч Б.Золжаргалыг мөргөж, бие махбодид нь аарцаг ясны умдаг хэсэг, ууцны S1-p нугаламын арын сэртэнгийн хугарал, тархи доргилт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

-   шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр явган зрочигчдын замаар явж байгаад Б.Золжаргалыг мөргөсөн нь үнэн. Би хойноос урагш 20-30 км/ цагийн хурдтай явж байсан чинь урдуур 2 банди гүйгээд гарахаар нь би тэр хоёрыг харж байтал хохирогч охиныг мөргөсөн гэв.

 

- насанд хүрээгүй хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Надад үнэхээр гомдолтой байна. Миний хүүхдийг машинаараа дайрсан. Энэ залуу надтай огт уулзаагүй. Миний охинд анхан шатны тусламж үзүүлээгүй, машиндаа тамхи татаад сууж байсан. Ганц удаа ч гэсэн миний охиныг эмнэлэгт хэвтэж байхад нь эргэж ирээгүй. Миний хүүхдийн ирээдүйн сурах боломж бололцоог нь үгүй хийсэн. Нийт нэхэмжилж буй мөнгөнөөс гадна нилээн их мөнгө зарцуулагдаж байна. Энэ асуудлаас болж би эхнэртэйгээ олон удаа маргалдсан. Би үнэхээр гомдолтой байна гэв.

- насанд хүрээгүй хохирогч Б.Золжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...би 2019 оны 11 дүгээр сарын 05-ны 19 цаг 05 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Хайлаастын 49 дүгээр сургуулийн баруун талын замаар замынхаа зүүн талаас баруун талруу явган хүний гарцаар зам хөндлөн гарч байтал замын хойд талаас урагшаа явж байсан машин ирээд намайг мөргөсөн" гэх мэдүүлэг /хх-ийн 14х/,

- насанд хүрээгүй гэрч Б.Амгаланбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Золжаргал сургуулийн баруун талын замын явган хүний гарцаар гарч яваад машинд мөргүүлсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 32х/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 13506 дугаартай "...Б.Золжаргалын биед аарцаг ясны умдаг хэсэг, ууцны S1-p нугаламын арын сэртэнгийн хугарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна." гэх дүгнэлт /хх-ийн 41х/,

-Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн хошууч Ч.Одсүрэн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гаргасан 346 дугаартай магадлагаа /хх-ийн 79х/,  

- мөрдөгчөөс 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-10х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Т.Мыг тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа болгоомжгүйгээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Золжаргалыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Баттөр нь шүүхийн хэлэлцүүлэгт нийт 13.414.100 төгрөг нэхэмжилсэн болно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Баттөр нь Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 12-198 тоот, 30м2 2 өрөө байрыг нэг сарын 550.000 төгрөгөөр нийт 3 сар хөлслөж амьдарсан төлбөр гэж 1.650.000 төгрөг нэхэмжилжээ. Шүүхэд гаргаж өгсөн орон сууц хөлслөх гэрээ нь 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хийгдсэн байх ба уг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр үйлдэгдсэн байна. Өөрөөр хэлбэл насанд хүрээгүй хохирогчийн хууль төлөөгчийг орон сууц хөлслөн амьдарсанаас хойш 2 сарын дараа тус гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Иймд энэ гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол гэж үзэх үндэслэлгүй гэж шүүх үзэв. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь өмгөөлөгчид төлсөн төлбөр гэж 300.000 төгрөг нэхэмжилжээ. Хэргийн оролцогч болох хохирогч тал өмгөөлөгч авч хууль ёсны эрх ашгаа хамгаалуулах нь сайн дурын хүсэл сонирхолоороо шийдэх өөрийн эрхийн асуудал бөгөөд Монгол улсад өмгөөлөгч нарын өмгөөллийн үйл ажиллагаа явуулах хөлс нь харилцан адилгүй, тогтосон хэмжээгүй билээ. Тиймээс хохирогч талын өмгөөлөгчид төлсөн төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулж шийдвэрлэх боломжгүй гэж шүүх үзэв. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Баттөрийн нэхэмжлэлийн үнийн дүнгээс нийт 1.950.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.М нь хохирогч талаас шүүхэд баримтаар гаргаж өгсөн нийт 1.725.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт насанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өгсөн мэдүүлэг, хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй гэж үзэв.

            Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Баттөрийн бусад нэхэмжлэлийн үнийн дүн нь бүхэлдээ насанд хүрээгүй хохирогч Б.Золжаргалын ирээдүйд гарах эмчилгээний болон сурч боловсроход зориулагдах зардал байх тул холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэв.

            Мөн “Амар фарм” ХХК-ны эмийн сангаас нийт 582.100 төгрөгийн үнэ бүхий эм авсан баримт байх хэдий ч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “дээрхи эмнүүдийн талыг авсан талыг аваагүй, гуйгаад бичүүлсэн” гэх утга агуулгаар мэдүүлж байх тул тус нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шүүх шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Т.Мад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны болон шудрага ёсны зарчимыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохиролын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг нь харгалзан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Еншөөв овогт Тэрбишийн Т.Мыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Мад 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтыг тус тус журамлан Т.Мыг 1 /нэг/ жилийн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, түүнд авсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд тус тус даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсгүүдэд зааснаар Т.Мад шүүхээс оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, хэрэв биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Т.М нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид нийт 1.725.000 төгрөг төлсөн, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Баттөрийн нэхэмжилсэн үнийн дүнгээс нийт 1.950.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

7. Насанд хүрээгүй хохирогч Б.Золжаргал, түүний хууль ёсны төлөөлөгч Ж.Баттөр нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол болох цаашид гарах эмчилгээний зардал, бусад хохиролоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.Мад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ