Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2090

 

 

 

 

 

 

 

 

 

ХХХХХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Т.Туяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2016/00942 дугаар шийдвэртэй

                       

Нэхэмжлэгч ХХХХХ-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХХХХ-д холбогдох

 

Эд хөрөнгө хураах тогтоол болон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч                                                ХХХХХ

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч                        ХХХХХ  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч ХХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 1687 дугаар шийдвэрээр “ХХХХ” ХХK нь "ХХХХХ” ХХK-д 120 378 975 төгрөг төлөхөөр болсон. “ХХХХ” ХХK нь тухайн зээлийг авахдаа миний өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ХХХХХХ дугаарт бүртгэлтэй ХХХХХХ дүүргийн ХХХХХ дүгээр хороо, ХХХХХ дүгээр хороолол, ХХХХ дугаар байрны ХХХХХ тоот орон сууцыг барьцаалсан юм. ХХХХ-ны шийдвэр гүйцэтгэгч миний орон сууцаар төлбөрийн шаардлага хангуулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хууль зөрчсөн. Шийдвэр гүйцэтгэгч нь орон сууцыг хураах ажиллагаа явуулахдаа тухайн орон сууц байгаа газарт очиж явуулаагүй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу өмчлөгч ХХХХХХ намайг байлцуулаагүй, хураах ажиллагааг өөрийн ажлын өрөөндөө явуулж надаар нөхөн гарын үсэг зуруулсан, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасны дагуу хөндлөнгийн гэрч оролцуулаагүй явуулсан нь дээрх эд хөрөнгө хураах ажиллагааг хууль бус явагдсан гэж үзэх үндэслэл юм. Би 2016 оны зун ХХХХХ дүүргийн ХХХХХХ дүгээр хороо, ХХХХХ дүгээр хороолол, ХХХХХ дугаар байр ХХХХХ тоот орон сууцандаа бүрэн засвар хийсэн бөгөөд засварт ХБНГУлсын бараа материалаар бүтэн засвар хийж тохижуулсан тус орон сууц нь өнөөдрийн байдлаар зах зээлийн ханш нь 120 000 000-125 000 000 төгрөгийн ханштай байхад өмчлөгч ХХХХХХ болон төлбөр төлөгч “ХХХХ” ХХK-иас үнийн санал аваагүй, өмчлөгч, төлбөр төлөгч нарт мэдэгдэлгүй хөндлөнгийн шинжээч томилон хэт доогуур 95 443 333 төгрөгөөр үнэлсэн нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйл, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчсөн хууль бус эд хөрөнгө хураах тогтоол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйл, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчсөн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тус тус хүчингүй болгон өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХХХХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 1687 дугаар шийдвэрээр “ХХХХ” ХХK-иас 120 378 975 төгрөгийг гаргуулж "ХХХХХ” ХХK-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч “ХХХХ” ХХK-ний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан ХХХХХ-ийн өмчлөлийн ХХХХХ дүүргийн ХХХХХ дүгээр хороо, ХХХХХ дүгээр хороолол ХХХХХ дугаар байрны ХХХХ тоотод байрлалтай эрхийн улсын бүртгэлийн ХХХХХХ дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 159/03 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 159/08 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор хураахад нэхэмжлэгч ХХХХХ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд биечлэн оролцож тайлбар өгч хөндлөнгийн гэрчээс хүндэтгэн үзэх шалтгааны улмаас татгалзаж байгаа талаар хүсэлт гаргаж байсан. Энэ талаар шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд бичигдсэн байгаа, түүнд ХХХХХ гарын үсэг зурсан. Төлбөр төлөгч “ХХХХ” ХХK-ийн болон ХХХХХ-ийн зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасан хугацаанд гомдлоо гаргаагүй байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгч “ХХХХ” ХХK-ний захирал ХХХХ-аас 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 3/14789 дүгээр албан бичгээр үнийн санал авахад үнийн саналыг ирүүлээгүй, төлбөр авагч “ХХХХХ” ХХK-ийн зүгээс шинжээчээр үнэлгээ тогтоолгох хүсэлтийг ирүүлсэн. Тус албанаас 2016 оны 5 дугаар сарын 2-ны өдөр мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээний "ХХХХХ” ХХK-иар тогтоолгоход 95 443 333 төгрөгөөр үнэлсэн. Энэ үнийг төлбөр төлөгч “ХХХХ” ХХK-д 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 3/19475 дугаартай, нэхэмжлэгч ХХХХХ д 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 3/19476 дугаартай албан бичгийг тус тус хүлээлгэн өгч тэмдэглэл хөтөлж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дуугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсан. Төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар 66 810 333 төгрөгөөр оруулах тухай мэдэгдлийг “ХХХХ” ХХK-д 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 3/20560 дугаартай албан бичиг, өмчлөгч ХХХХХ д 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 3/20559 дугаартай албан бичгээр тус тус мэдэгдэж тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй байна. Иймд төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт зааснаар үнэ хямдруулан 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч мөн худалдан борлогдоогүй байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 37 дугаар зүйлийн 37.3 дах хэсэгт зааснаар ХХХХХ-д холбогдох Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 1687 дугаар шийдвэрээр ХХХХ ХХK-иас 120 378 975 төгрөгийг гаргуулж "ХХХХХ” ХХK-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу явагдсан эд хөрөнгө хураах тогтоол болон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай ХХХХХ-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч ХХХХХ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт "төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах зэрэг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна." гэж заасан байхад нэхэмжлэгчийг нялх хүүхэдтэй тул гэртээ хөндлөнгийн гэрч оруулахаас татгалзсан гэсэн үндэслэлээр эд хөрөнгө хураан авах ажиллагааг хөндлөнгийн гэрчгүй явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийг зөрчсөн. Гэтэл шүүх хураан авах ажиллагааг хуулийн дагуу явагдсан гэж үзэж, хураан авах ажиллагааг хөндлөнгийн гэрчгүй явуулж болохоор шийдвэрлэсэн байх тул шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийг буруу ойлгож хэрэглэсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт "Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно...." гэж заасны дагуу ХХХХХ дүүргийн,ХХХХХ-р хороо, ХХХХ-р хороолол, ХХХХ дугаар байр, ХХХХ тоот хаягтай орон сууцны өмчлөгч надаас үнийн санал авалгүйгээр төлбөр авагч “ХХХХ” ХХК-ийн хүсэлтээр шинжээч томилж, зах зээлийн үнээс хэт доогуур үнээр орон сууцыг үнэлсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Нэгэнт нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг хураан авах ажиллагаа буюу 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 159/08 дугаартай эд хөрөнгө хураах тогтоол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийг зөрчсөн тул хууль зөрчсөн хураан авах ажиллагаанд үндэслэн явагдсан 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн анхны дуудлага худалдаа, 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 2 дахь дуудлага худалдаа нь мөн хууль бус учраас эдгээрийг хүчингүй болгох ёстой байтал шүүх эдгээрт дүгнэлт өгөлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна." гэсэн шаардлагыг хангаагүй байна. Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2016/00942 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

                                                                ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт өгсөн байна.

Нэхэмжлэгч ХХХХХ хариуцагч ХХХХХ-д холбогдуулан эд хөрөнгө хураах тогтоол болон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй гэж маргажээ. 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 1687 дугаар захирамжаар “ХХХХ” ХХK нь "ХХХХХ” ХХK-д 120 000 000 төгрөг төлөхөөр зохигчид эвлэрсэн байна./хэргийн 17 дугаар тал/

ХХХХХХХХХүүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан орон сууцыг 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдөр битүүмжилж, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хураах ажиллагааг явуулсан байна. /хэргийн 22-23 дугаар тал/

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахаар үнийн санал ирүүлэхийг төлбөр төлөгч, төлбөр авагч болон барьцааны эд хөрөнгийн өмчлөгч буюу нэхэмжлэгч ХХХХХ нарт мэдэгдсэн байх бөгөөд төлбөр төлөгч “ХХХХ” ХХК-нд төлбөр авагч “ХХХХХ” ХХК нь уг хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэх хүсэлт гаргасан байна. /хэргийн 19-31, 36 дугаар тал/

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч нь албадан дуудлага худалдааны санал болгох үнийн саналыг төлбөр төлөгч, төлбөр авагч нараас авч, тэдгээр нь хоорондоо тохиролцоонд хүрээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасны дагуу шинжээч томилж, зах зээлийн үнийг тогтоолгодог. 

Иймд ХХХХХХ төлбөр төлөгч, төлбөр авагч нар үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан ХХХХХ дүүргийн ХХХХХ дүгээр хороо, ХХХХХ дүгээр хороолол, ХХХХХ дугаар байрны ХХХХХ тоот орон сууцны үнийг талууд харилцан тохиролцоогүй учраас хөрөнгийн үнэлгээний “ХХХХ” ХХК-ийг томилж үнэлгээг тогтоолгосон нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. 

ХХХХХХХХХ нь нэхэмжлэгч ХХХХХ д 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Барилгын төсөв, хөрөнгө үнэлгээний “БЭСГЭ” төвийн үнэлгээний тайланг танилцуулжээ. /хэргийн 37 дугаар тал/

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдөр 159/03, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 159/09 тоот мэдэгдлүүдээр төлбөрөө төлөх, анхны албадан дуудлага худалдаанд оруулах товыг 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 3/20559 тоот мэдэгдлээр ХХХХХ д, төлбөр төлөгч “ХХХХХ” ХХК-нд мөн өдрийн 3/19475 тоот мэдэгдлээр төлбөр авагч “ХХХХХ” ХХК-д тус тус мэдэгдэж байжээ. /хэргийн 34-35 дугаар тал/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт “Төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч ХХХХХ хуульд заасан хугацааны дотор шүүхэд гомдлоо гаргаагүй байна.

Анхан шатны шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцааны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч ХХХХХ-ийн эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэн нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

Нэхэмжлэгч ХХХХХ нь барьцааны хөрөнгийг битүүмжлэхэд гэрч оролцуулаагүй гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байгаа боловч барьцааны эд хөрөнгийг битүүмжлэхээр очиход нэхэмжлэгч ХХХХХ нялх хүүхэдтэй гадны хүн оруулахгүй, битүүмжлэлийг хийлгэнэ гэсэн тэмдэглэл үйлдэж гарын үсгээ зурсан байх тул уг ажиллагааг хууль зөрчиж явагдсан гэж үзэхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2016/00942 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч ХХХХХ-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа ХХХХХ гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ,ШҮҮГЧ                                     М.НАРАНЦЭЦЭГ

                             ШҮҮГЧИД                                      Т.ТУЯА          

Ц.ИЧИНХОРЛОО