Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржготовын Чанцалням |
Хэргийн индекс | 128/2017/0472/З |
Дугаар | 815 |
Огноо | 2017-11-07 |
Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 815
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “1” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “А ” шашны байгууллага
Хариуцагч: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид,
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “Шашны байгууллагын зөвшөөрлийг цуцлах тухай” 51 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, Ариун библийн сайн мэдээг тунхаглагчдын үйл ажиллагааны зөвшөөрлийг зохих журмын дагуу сунгахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б , П.О , JW, түүний орчуулагч Ц.Ц , нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.С , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н , гуравдагч этгээд Б.Б , А.А , Б.Д , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уранчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч JW 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрхэм шүүгч ээ би энд нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн талаар хэлэх гэсэн юм. Энэ хэргийг нэг талаас үхэл амьдралын хэрэг гэж хэлж болохоор байна. Хүн үхэх гэж байгаа гэсэн үг биш. Хуулийн этгээдийн үхэх сэхэх асуудал яригдаж байна. 51 дүгээр тогтоолыг хэрвээ цуцлахгүй бол хуулийн этгээд буюу шашны байгууллага үхэх буюу оршин байхаа болино. Энэ нь цаанаа Налайх дүүрэгт оршин суудаг иргэдийн амь амьдрал, шашин шүтлэгт ноцтой нөлөө үзүүлнэ. Энэ бол захиргааны хэрэг боловч бас хүний эрхийн хэрэг юм.
Учир нь уг тогтоол нэхэмжлэгчийн үндсэн таван эрхийг зөрчиж байгаа. Үүнд шашин шүтэх эрх буюу Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь заалт, Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын фактын 18 дугаар зүйлд энэ эрхийг хамгаалдаг.
Мөн эвлэлдэн нэгдэх эрх, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.10 дахь заалт, Олон улсын фактын 22 дугаар зүйл. Энэ 2 эрх бол хэн ч харсан тодорхой байгаа. Учир нь шашны байгууллагын үйл ажиллагааг цуцлаад, шашны байгууллага байхгүй болох тохиолдолд шашин шүтэх эрх, эвлэлдэн нэгдэх эрхийг шууд зөрчсөн гэсэн үг юм.
Нөгөө гурван эрхийн нэг нь цуглаан хийх эрх буюу Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.16 дахь хэсэг, Олон улсын фактын 21 дүгээр зүйлд заасан байдаг. Хуулийн этгээд буюу шашны байгууллага байхгүй бол энэ хүмүүс цуглаан хийх, газар түрээслэх эрхгүй болж байгаа. Яг одоогийн байдлаар библийн сэдэвтэй хэлэлцүүлэг хийх, хамтдаа залбирах зорилгоор цуглаан хийхэд шашны байгууллага буюу хуулийн этгээд нь танхим түрээсэлдэг.
Бас үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл авах эрх чөлөө. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16, 17 дугаар зүйл, Олон улсын фактын 19 дүгээр зүйлд заасан байдаг. Хуулийн этгээд нь шашны хэвлэлийг оруулж ирэх, тараах ажлыг хийдэг. Хэрвээ хуулийн этгээд байхгүй бол хүмүүс хэвлэл авах боломжгүй болно. Энэ хэвлэлийг библи уншиж судлах, залбирах гэх зэрэгт хэрэглэдэг. Сүүлд нь миний хэлэх гэсэн зүйл бол шашин шүтлэгийн үндсэн дээр ялгаварлан гадуурхуулахгүй байх эрхтэй. Энэ бол Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасан, олон улсын фактын 26 дугаар зүйлд тусгасан байдаг.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ тогтоолыг гаргахдаа энэ итгэгч хүмүүсийн шашны үзэл, номлол үйл ажиллагаанд үндэслэсэн. Тийм болохоор энэ тогтоолыг гаргасан Еховагийн гэрчүүд энэ байгууллагыг буддын шашины болон лалын шашны эсхүл христийн шашны бусад урсгалаас ялгаж, онцолж, гадуурхаж байна гэсэн үг.
Бидний хүсэлт гэвэл хариуцагчийн тогтоол нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөөг эдлэх үйл явцад хөндлөнгөөс оролцож байгаа гэдгийг шүүх ялгаж салгаж тогтоогоосой гэж бид хүсэж байгаа маань эхний алхам юм.
Хоёрдугаар алхам нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн шийдвэрийг гаргах шаардлага юу байсан гэдгийг батлах ёстой. Заримдаа үндсэн эрхийг тодорхой хугацаанд хязгаарлах шаардлага гардаг. Хэрэв Еховагийн гэрчүүд гэдэг хүмүүс хэсэг бүлгээрээ цуглаад, Энхтайваны өргөн чөлөөн дээр нийлж зогсоод залбирлаа гэж бодоход цагдаагийнхан ирээд тэр хүмүүсийг тарааж явуулжээ гэж бодвол шашин шүтэх эрх чөлөөнд нь халдлаа гэмээр байна. Гэхдээ мэдээж ийм үйл явдал болоогүй. Ийм тохиолдолд энэ хүмүүсийг тарааж явуулсан нь зөвтгөх шалтгаан байгаа. Яагаад гэхээр ингэж зам дээр цугласан хүмүүс өөртөө болон бусдад аюул учруулсан, нийгмийн хэв журмыг эвдэн бусниулсан болохоор тэр үйлдлийг зөвтгөх үндэстэй.
Энэ хэрэгт Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоолоо зөвтгөж ямар ч зүйлийг шүүхэд өгөөгүй. Баттай гэх баримт битгий хэл, нотлох баримт гэх зүйлийг өгөөгүй.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоолынхоо үндэслэл болгож юуг шүүхэд өгсөн болохыг авч үзвэл Еховагийн гэрчүүдийн номлол үйл ажиллагаа нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд хор хөнөөл учруулж болзошгүй гэсэн байгаа.
Энд бас нэг зүйлийг анхаарахад аюул учруулж байна гээгүй, болзошгүй гэсэн. Тийм болохоор яг бодитой аюул учраад байгаа гэсэн үг биш. Аюултай байж болох юм. Тайлбарт хэлсэн зүйлийг би бүгдийг нь дурдаж ярихгүй, гэхдээ ганц хоёр зүйлийг дурдаж хэлэх гэсэн юм. Тэдний тайлбарт бичихдээ Еховагийн гэрчүүд сард доод тал нь нэг долларыг шашиндаа хандивладаг гэсэн байна. Энэ бол худлаа. Еховагийн гэрчүүд мөнгө цуглуулдаггүй. Ямар нэгэн зүйлийг зардал болгодоггүй. Цуглааны танхимд хандивын хайрцаг гэж байдаг ба түүнд хүссэн хүн хандиваа өргөж болно. Хэн хандив өргөж байгаа нь олон нийтэд мэдэгдэхгүй. Еховагийн гэрчүүд ном хэвлэлээ ч гэсэн хүмүүст үнэ төлбөргүй өгдөг. Тэгэхээр тэр шүүхэд гаргасан тайлбар нь худлаа юм.
Бас 1975 он, 1990 он, 2000 онд Еховагийн гэрчүүд дэлхий сөнөнө гэж мэдэгдэж, хүмүүсийг айлгаж, цочирдуулж байсан. Зөвхөн шашныг нь шүтдэг хүмүүс аврагдана гэж хэлж байсан гэдэг нь бас худлаа. Еховагийн гэрчүүд ийм сургаалд итгэдэггүй, ийм сургаал заадаггүй. Бурхан дэлхийг устгана гэж боддоггүй. Библид бичсэн зүйлд Еховагийн гэрчүүд итгэдэг. Өөрөөр хэлбэл бурхан муу муухай явдлыг арилгана гэдэгт итгэдэг. Тэгэхээр энэ бол дэлхий сөнөнө гэж хэлснээс өөр сургаал юм. Энэ явдал хэзээ болох он, сар, өдрийг нь мэднэ гэж Еховагийд гэрчүүд бас мэдэгдэхгүй, бүртгэгдэхгүй. Юуг яаж хийхээ бурхан шийднэ. Еховагийн гэрчүүд бол шийдэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Ер нь шашин болгонд бурхан хариуцлага хүлээлгэнэ, бурхан тооцно гэсэн ийм ойлголт сургаал байдаг. Тэгэхээр Еховагийн гэрчүүд л ганцаараа бурхан ийм шүүх ажиллагаа явуулна, шийдвэр гаргана гэж заадаг хүмүүс биш.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тайлбарт Еховагийн гэрчүүдийн сургаал, үйл ажиллагаа нь хүмүүсийн эрх, эрх чөлөөнд халдаж байна гэсэн. Хэний эрх, эрх чөлөөнд хандсан гэдгийг тодорхой хэлээгүй. Ямар эрх, эрх чөлөөнд нь халдсаныг бас батлаагүй.
Тэгэхээр их олон зүйл дээр ноцтой болгож буруутгасан. Хүн сонсоход их айж сүрдмээр, гэвч үнэндээ ямар ч үндэслэлгүй хоосон буруутгал. Бас Еховагийн гэрчүүд цус сэлбүүлэхгүй байхыг зааж сургадаг гэсэн байна. Энэ тайлбарыг үнэний хувьтай гэж хэлж болно. Яагаад гэхээр Еховагийн гэрчүүд библийн сургаалийг ойлгодогийнхоо хувьд цусыг эмчилгээнд хэрэглэхээс татгалздаг. Тэгэхдээ ингэлээ гээд өөртөө болон бусдад аюул учруулдаггүй. Еховагийн гэрч хүн өвдлөө гэхэд эмчид үзүүлнэ, эмнэлэгт очно. Яагаад гэхээр эмчилгээ хийлгэхийг хүсдэг, эрүүл мэндээ хамгаалдаг. Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 43 дугаар зүйл өвчтөн эмчилгээгээ сонгох эрхтэй гэж заасан. Ийм болохоор энэ нь хууль зөрсөн асуудал биш. Үүнтэй уялдуулаад Европын хүний эрхийн шүүхээс дүгнэлт гаргахдаа энэ сургаал нь Еховагийн гэрчүүд болон бусдад аюул занал учруулдаггүй гэж заасан. Энэ тайлбартай холбоотойгоор миний дурдаж хэлэх сүүлийн зүйл бол Еховагийн гэрчийн сургаал, үйл ажиллагаанд Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд харшилна гэсэн байна. Үүнийг юугаар ч батлаагүй гэдгийг дахиж хэлмээр байна.
Шашны үйл ажиллагаанаасаа болоод Еховагийн гэрчүүдээс хэд нь хуулийн хариуцлага хүлээж байсан бэ гэж асуух юм бол нэг ч гэрч хуулийн хариуцлага хүлээж байгаагүй гэдгийг итгэлтэйгээр хэлэх байна.
Налайх дүүргийн байгууллага гэхэд 2015 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулсан. Харьцангуй богино хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа. Гэхдээ Улаанбаатар хотын Еховагийн гэрчүүд шашны байгууллагын хувьд 1999 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа. Еховагийн гэрчүүд хаана ч байсан итгэл үнэмшил нэгтэй, ижилхэн сургаалд итгэдэг, ижилхэн үйл ажиллагаа явуулдаг.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Еховагийн гэрчүүд энэ бүх хуулийг зөрчиж байна гэж мэдэгдсэн. Гэтэл хууль зөрчсөн эсэхийг шүүхээр тогтоолгоно. Еховагийн гэрчүүдийн шашин шүтлэгийн зан үйл, мөрдлөгөөсөө болоод хууль зөрчсөн гэх нэг ч нотлох баримтыг шүүхэд гаргаж өгч чадаагүй.
Би ярианыхаа төгсгөлд дүгнэлт болгож нэг зүйлийг хэлэхэд шашин шүтлэгийг нь үндэслэж ялгаварлан гадуурхаж байгаа явдал болж байна. Энэ тогтоолыг гаргахдаа Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ямар нэгэн тодорхой шалгуур дүгнэлтэд үндэслээгүйг, зөвхөн субъектив байдлаар хандсан дүгнэлт байсан” гэв.
Хоёр. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ариун библийн сайн мэдээг тунхаглагч шашны байгууллага нь 2015 оны 02 дугаар сард байгуулагдсан. Тухайн үед байгуулагдахад хэрэгтэй бүх материалыг бэлдэж, цуглуулаад үйл ажиллагаа явуулах зөвшөөрлөө авсан.
2016 онд бид зөвшөөрлөө сунгаж чадсан. Энэ жил 2017 оны 02 дугаар сард бид үйл ажиллагаа явуулах зөвшөөрлөө сунгах хүсэлтээ өгсөн боловч 04 дүгээр сард цуцалсан шийдвэр гарсан. Бид байгуулагдсан цагаасаа хойш дүрмээ ерөөсөө өөрчлөөгүй. Байгуулагдахад Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дүрмийг маань зөвшөөрсний үндсэн дээр байгуулагдсан. Түүнээс хойш бид ямар нэгэн аюултай зүйл оруулж ирэх ч юм уу, өөрчлөлт хийгээгүй. Еховагийн гэрчүүдийн шашны сургаал зан үйл нь огт өөрчлөгдөөгүй. Үүнийг онцолж үзэн хэрэгтэй байна.
Еховагийн гэрчүүд хүүхэд залуусыг идэр насныхаа дур хүслээс зугт, гадаад ертөнцтэй найзлахаас зайлсхийх, хүүхэд залуусыг гадаад ертөнцөөс тусгаарладаг гэж бичсэн байна. Дээр хэлсэнчлэн энд ямар нэг нотлох баримт байгаагүй. Энэ хүн ингээд, амьдрал нь ийм болсон гэх зүйл байхгүй. Гэрчүүд бид нар залуучуудад туслахыг хүсдэг. Ухаалаг, зарчмыг ойлгуулж зөв амьдрахыг зааж өгдөг. Ер нь одоо нийгэмд өсвөр насныхан, залуучуудад садар самуун явдал, хүсээгүй жирэмслэлт, архидалт, тамхидалт, мансууруулах бодис гээд янз бүрийн асуудал тулгарч байна. Гэхдээ Еховагийн гэрчүүд бид янз бүрийн хэвлэл гаргаж ийм муу зам, буруу замыг сонгохгүй байхыг уриалдаг ба залуучуудад чиглэсэн, тэдэнд хэрэгтэй заавар зөвлөгөөг өгдөг. Тиймээс залуучуудыг тусгаарладаг гэсэн ийм зүйлийг бид хийдэггүй юм.
Еховагийн гэрчүүд Ехова бурханд таалагдах урлаг соёлыг л сонирхох эрхтэй, бусдыг нь үзэн ядах ёстой, Монголын ардын урлаг эдний номлолд тохирдоггүй гэсэн тайлбар өгсөн байдаг. Энэ бас үндэслэлгүй. Учир нь Еховагийн гэрчүүд бид нар өөрийн гэсэн соёлоо хүндэтгэдэг, ойлгодог. Библийн үйлс номын 10-ын 33, 34, 35-д Есүсийн шавь нар “Бурхан хэнийг ч алаг үздэггүй, харин ямар ч үндэстэн өөрөөс нь эмээдэг. Зөв зүйл хийх юм бол таалдаг юм байна гэдгийг би ойлголоо” гэсэн байна. Энэ зүйлийг үзвэл бурхан зөв зүйл хийдэг үндэстэн болгоноос хүмүүсийг татдаг, тийм хүмүүсийг таашаадаг гэсэн үг. Тэгэхээр бид нар бас өөрсдийнхөө үндэсний соёлоо хүндэтгэж, дээл хувцсаа өмсөж, үндэсний хоолоо иддэг. Тийм болохоор ямар нэгэн үндэсний соёлоо эсэргүүцсэн зүйл байхгүй.
Бас урлаг соёлын арга хэмжээнд оролцдоггүй гэсэн зүйл байхгүй. Гэрчүүд нийлэхээрээ үндэснийхээ хоол ундыг идэж, хувцсаа өмсөнө, дуу хуураа дуулдаг. Энэ талаар бас ямар ч нотлох баримт үгүйсгэх зүйл байхгүй.
Бидний гаргаж өгсөн 320 гаруй хуудастай материалаас гэрчүүдийн тухай олон нарийн ширийн зүйлийг мэдэж болно. 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гарсан хариу тайлбарын гарал үүсэл нь их сонирхол татахаар зүйл байгаа. Эдгээрээс дүгнээд үзэхэд ер нь гэрчүүдийн сургаал номлол, ялангуяа Ариун библийн сайн мэдээг тунхаглагчдын сургааль, үйл ажиллагаа бол анх зөвшөөрөл авсан, зөвшөөрөгдсөн хэм хэмжээнээс огт өөрчлөгдөөгүй.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас өгсөн хариу тайлбар нь ямар ч нотлох баримтгүй, үндэслэлгүй гэдэг нь тодорхой байна. Тийм болохоор биднээс гаргаж байгаа хүсэлтийг хүлээж авч хангаж өгнө үү” гэв.
Гурав. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.С 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Ер нь шашин шүтэх, эс шүтэх эрх нь өөрөө ямар үнэ цэнэтэй юм бэ гэдэг асуудлыг бид бүхэн энэ процессоор шийдэх гэж байгаа. Манай улсад харьцангуй нэг шашин давамгайлдаг учраас үүний үнэ цэнийн талаар ингэж маргаан гараад байдаггүй. Өнөөдөр бид бүхэн хуулийн хүрээнд, хүний эрхийн хүрээнд энэ асуудлыг авч үзэх зайлшгүй сорилттой тулгараад байна. Үүнтэй холбоотойгоор би 3 чиглэлд хууль зүйн үндэслэл тайлбар хийе гэж бодож байна.
Актын бодит нөхцөл байдлын үндэслэл юу байсан гэдэг асуудал гарна. Хавтаст хэрэгт авагдсан шашны байгууллагын үйл ажиллагаатай танилцсан шалгалтын ажлын хэсгийн хуудас гэж байгаа. Нийслэлийн тагнуулын газрын бичиг хэд хэд авагдсан. Энд 7 хуудас баримт хавсаргасан гэж хэлсэн ба тус баримтууд бол хойно нь байгаа шашны байгууллагуудын нэрс бүхий тоо, хуудас, агуулгаар 7 хуудас гэдэгтэй таараад байгаа. Нийслэлийн тагнуулын газрын бичиг дээр бичигдсэн бүх үг, өгүүлбэр, утга аясаараа энэ шалгалтын ажлын илтгэх хуудастай яг таараад байгаа. Тэгэхээр цаг хугацааны хувьд аваад үзвэл Нийслэлийн тагнуулын газрын бичиг бол 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийнх. Энэ шалгалтын илтгэх хуудас бол 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийнх. Түүн дээр бичигдсэн 52 шашны байгууллагаас зөрчилгүй 34, зөрчилтэй 17, цуцлах саналтай 1 гэдэг утга агуулга бол яг энэ тайлантай таараад байгаа. Тэгэхээр хэрэгт байгаа нотлох баримтын хүрээнд нарийвчилж авч үзвэл энэ шалгалтын ажлын илтгэх хуудас бол уг углуурга анхны бичиг болно.
Тэгвэл энэ шалгалтын ажлын хэсэг бол өөрөө яг энэ нэхэмжлэгчтэй холбоотой ямар шалгах ажиллагаа явуулсан бэ гэдэг дараагийн асуудал гарч ирнэ. Энэ шалгалтын тайлан үйл ажиллагааг нууц гэж хэн ч хэлээгүй, үзээгүй. Энэ шалгалтын үйл ажиллагаа ил тод явагдсан. Зөвхөн санал дүгнэлтийн хэсгийн 6 дугаарт Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулж болзошгүй үзэл номлол баримтлал бий болж байгаа гэж нэг хэлээд дараа нь хууль хяналтын байгууллагаас тогтоосон гэж хоёр дахь ийм нөхцөлийг оруулж ирээд байгаа. Тэгэхээр хууль хяналтын байгууллага тогтооно гэдэг бол 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс өмнөх үйл явц байх юм.
Гэтэл тогтоосон гэж ирүүлээд байгаа санал бичиг 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр байдаг. Энэ 2 бол логикийн хийгээд утга агуулгын маш том хямралд орно. Тийм учраас энэ байгууллага хууль зөрчдөг, Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд хохиролтой гэдэг нотолгоо өөрөө логикийн талаасаа ч авцалдаагүй юм.
Хяналт шалгалтынхаа факт талаасаа ч байхгүй байна гэдгийг би энэ баримтын хүрээнд тодруулж хэлэх гэсэн юм. Цаашилбал энэ Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд хохирол учруулдаг гэдэг яриа, энэ санаа хаана, хэзээ гарч ирэв гэдэг асуудал бид нарын анхаарлыг ихээхэн татдаг. Энэ ерөөсөө хов живээс үүсчихэв үү, тоглоом тохуурхлаас үүсчихэв үү гэдэг асуултыг би өөрөө яг энэ дээр тавьж байна. Учир нь 2015 оны 06 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд 2 веб сайтад энэ хэрэгт хариуцагчийн гаргасан тайлбар тэр чигээрээ хэвлэгдсэн ба нэг нь Фото ньюс гэдэг веб сайт, нөгөөх нь Нийслэлийн мэдээ гэдэг сайт. Энэ 2 сайтад л энэ мэдээ нийтлэгдсэн ба үүнээс үүдэлтэй өнөөдрийн дайтай үр дагаврыг үүсгэсэн.
Хэвлэл мэдээллийн талбар гэдэг бол хүний үзэл бодлын талбар байж болох боловч, бусдыг хохироохын төлөө ийм буруу үйл ажиллагааны талбар байж болохгүй. Тэр дундаа яг тэнд бичигдсэн зүйлийг нь үгчлэн зөв гэж үзэж бусдын эрх ашгийг хөндөх, шийдвэр гаргах нь бодит байдлыг ухаарах буюу үндэслэл болгож болохгүй юм.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10 дахь зүйлд олон нийтийн үүсгэл санаачлагыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, тухайн нутаг дэвсгэр дэх төрийн бус байгууллага, сүм хийдтэй харилцах гэж Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхийг зааж өгсөн ба энэ нь төрийн эрх бүхий байгууллагаас иргэдтэй харилцаж байгаа эерэг чиглэлтэй зохицуулалт юм. Тэрнээс бол хариуцлага хүлээлгэнэ гэдэг зохицуулалт биш гэдгийг онцлохыг хүсэж байна. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийг үндэслэл болгосон. Энэ бол хуралд оролцсон иргэдийн олонхийн саналаар тогтоол хүчин төгөлдөр болох тухай заалт юм.
Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална. Энэ бол ерөнхий эрх хэмжээний заалт. Мөн Төр сүм хийдийн харилцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх заалтыг үндэслэл болгосон. /Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд хохирол учирч болох нөхцөлд төрөөс сүм хийдийн тухайн үйл ажиллагааг зөвлөн зохицуулах, шаардлагатай бол зогсоох эрхтэй./
Яг эндээс бид бүхэн няхуур хандаж хуулийн үгчилсэн тайлбарыг тодотгох шаардлага үүснэ. Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд хохирол учирч болох нөхцөлд гэж байна. Тэгэхээр Монгол Улсын үндэсний аюулгүй байдал гэдэг хууль зүйн нэр томъёо өөрөө юу гэдгийг хариуцагч өөрөө юу гэж үзсэн гэдэг асуудал мэтгэлцээний явцад удаа дараа асуугдана. Энд хариулах шаардлага хаа хаанаа үүснэ.
Үндэсний аюулгүй байдал гэдэг бол өөрөө нэг тийм далд, битүү үг хэллэг биш. Үүнийг 2001 оны Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгээр хууль зүйн үгчилсэн тайлбар хийж өгсөн. Энд 3.1-д “Үндэсний аюулгүй байдал” гэж /цаашид “үндэсний аюулгүй байдал” гэнэ/ Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах гадаад, дотоод таатай нөхцөл баталгаатай хангагдсан байдлыг хэлнэ гэсэн. Тэгэхээр Монгол Улсын гадаад, дотоод таатай нөхцөлд нэхэмжлэгч байгууллага яаж хор хохирол учруулсан бэ гэдэг шууд асуулт тавигдана. Дараа нь яг энэ захиргааны актын гол үндэслэл болж байгаа хуулийн заалтад төрөөс сүм хийдийн тухайн үйл ажиллагааг зөвтгөн зохицуулах шаардлагатай бол зогсоох эрхтэй гэж заасан байгаа. Энд орсон төр гэдэг ойлголт хэн бэ гэдэг асуулт тавигдана. Яг энэ тохиолдолд хариуцагч бол бид төр гэдэг хэллэгт энэ тохиолдолд дүйж байгаа юм аа гэж хэлэх гэж байх шиг байна. Тийм үү үгүй юу гэдэг нь дараагийн ард байгаа зохицуулалтуудаар жаахан тодорно. Энд бас нэг тодотголтой зүйл байгаа. Сүм хийдийн тухайн үйл ажиллагааг зөвтгөн зохицуулах, шаардлагатай бол зогсоох гэж. Тэгэхээр энэ бол зөвшөөрлийг нь гэж хэлээгүй. Сүм хийдүүд бол шашин шүтэх эс шүтэх эрхтэй холбоотойгоор тэнд маш олон үйл ажиллагаа явагддаг. Буддын сүм дотор эрүүл мэндийн үзлэг шинжилгээ, эм тан тараах хүртэл үйл ажиллагаа явж л байдаг. Энэ өнцгөөс харвал шашин номын үйл ажиллагаа явуулж байгаад бол олон төрлийн ангилж төрөлжүүлж шалгах үйл ажиллагаанууд байдаг. Эндээс тухайн үйл ажиллагааг нь гэж хуулиар хэлж өгсөн байдаг. Нэгдүгээрт таслахын өмнө зөвлөн зохицуулах явдал юм. Хоёрдугаар шаардлагадаа бол зогсоох гэж байгаа.
Төр, сүм хийдийн харилцаа гэдэг нь бид бүхний томоохон хүрээнд ойлгодог ойлголтоор ерөнхий нийтлэг үндэслэлийн зохицуулалт юм. Тусгай зохицуулалт биш. Тусгай зохицуулалтад сүм хийд байгуулах гэдэг тусгай зохицуулалт байгаа, нөгөөх нь сүм хийдийн үйл ажиллагааг зогсоох гэдэг зохицуулалт байж байгаа. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 10 дугаар зүйлийн гарчиг бол “зогсоох” гэдэг хууль зүйн нэр томъёотой. Тэгвэл 4 дүгээр зүйлийн 4.4-т зогсоох гэдэг нэр томъёог хэрэглэсэн. Тэгвэл 4 дүгээр зүйлийн 4.4 ерөнхий зохицуулалт юм бол зогсоох гэдэг хууль зүйн ойлголт тусгай зохицуулалтаараа уялдаж хэрэгжинэ. Зогсоох гэдэг дээр 2 үндэслэл байгаа бөгөөд түүний нэгд тухайн сүм хийд өөрөө үйл ажиллагаагаа зогсоохоор шийдвэрлэсэн буюу хүсэл зоригийн зохицуулалт, нөгөөх нь Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд зөвшөөрөл олгосон байгууллага тухайн сүм хийдийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэнэ гэж байгаа. Тэгэхээр төр гэдэг миний түрүүн хэлээд орхичихсон ойлголтонд нэгдүгээрт шүүх тогтоох, хоёрдугаарт эрх олгосон байгууллага нь үйл ажиллагааг нь зогсоох ийм хослолын хүрээнд энэ асуудал яригдаж байна” гэв.
Дөрөв. Хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шүүхэд ирүүлсэн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 01/319 тоот тайлбарт: “Манай Улс дахь Еховагийн гэрчүүд шашны байгууллагын салбар сүм болох А шашны байгууллагын үйл ажиллагаа нь Төр, сүм хийдийн харилцааны хуулийн 4 дүгээр зүйлийн 4,4-т зааснаар үндэсний аюулгүй байдал, иргэдийн эрх, эрх чөлөөнд харшилж байна.
Тус шашны урсгал нь 1870 онд АНУ-ын иргэн Чарльз Тейз Расселлийн үндэслэснээр христийн шашны нэгэн салбар урсгал болсон ба төв нь АНУ-ын Нью-Иорк хотод байрладаг. Энэ урсгалыг дэлхий дээр 8,2 сая гаруй хүн дагадаг бөгөөд тэдгээр нь сард хамгийн доод тал нь 1 ам.долларыг шашиндаа хандивладаг.
Еховагийн гэрчүүд нь энэхүү орлогоо зөвхөн өөрсдийн шашны оршин тогтнох, дэлгэрүүлэх үйлсэд зарцуулдаг аж. Тэд Харуулын цамхаг, Сэрцгээ гэсэн сэтгүулийг сард 2 удаа хэвлүүлж дэлхийн өнцөг булан бурт тарааж шашнаа сурталчилдаг байна.
Зарим шашин судлаачид Еховагийн гэрчүүд шашны урсгалыг нийгмийг цочроож айдаст автуулсан, худал мэдээллийг удаа дараа тарааж байсан, өөрсдийн номлолд тааруулсан худал библийг зохиож хүмүүсийг хуурч төөрөгдүүлдэг, буруу номлолууд нь тухайн улсад маш их хор хөнөөл учруулдаг гэх үндэслэлээр харгис, гаж гэж үздэг байна.
Энэ урсгал нь шашны талаарх эрх зүйн зохицуулалт сул, хөгжиж буй орнуудад илүү дэлгэрч байгаа бөгөөд харин Оросын Холбооны Улс, Гүрж, Сингапур зэрэг улсуудад үйл ажиллагааг нь хориглосон байдаг.
Манай Улсад тус шашны урсгалын цуглаанд тогтмол явдаг 1000 гаруй итгэгч, 300 орчим баптизм хүртсэн иргэд байдаг. Еховагийн гэрчүүд шашны урсгалын үйл ажиллагааг төвлөрүүлдэг байгууллагыг Бэтэл гэж нэрлэдэг ба манай улс дахь бэтэлд Монгол, гадаад гээд нийт 23 итгэгч ажилладаг бөгөөд Бэтэлд итгэгч нарт зориулсан хэвлэл бэлтгэх, гадаад салбаруудтай харилцах, санхүүгийн болон зохион байгуулалтын гол ажлууд төвлөрдөг.
Ёховагийн гэрчүүд шашны байгууллагын номлол, зааварчилгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 16 дугаар зүйл, Цэргийн албаны тухай хууль, Боловсролын тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж болон хүний эрх, эрх чөлөөнд халдсан номлол, үйл ажиллагаа, нийгмийн сэтгэл зүй, уламжлалт зан заншил, ёс суртахуунд (үндэсний эв нэгдэл) сөргөөр нөлөөлөх номлол, үйл ажиллагаа, улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд харшлах номлол, үйл ажиллагаа, шашин сурталчлах арга, ажиллагаа зэргийг ноцтой зөрчдөг.
Иймд энэхүү шашны урсгал нь манай улсад цаашид дэлгэрэхийн хэрээр нийгмийн сэтгэл зүй, уламжлалт зан заншил, гэр бүлийн харилцаа, ёс суртахуун төдийгүй улмаар үндэсний аюулгүй байдал, үндэсний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байгаа учир үйл ажиллагааны зөвшөөрлийг цуцлах арга хэмжээг авсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Тав. Гуравдагч этгээд Б.Б 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2012 оны сүүлээр Налайх дүүрэгт ирээд Ариун библийн сайн мэдээг тунхаглаад, дэлгэрүүлсэн. Тэгээд айлд цуглаан хийсэн. Цуглаанаар 10-15 хүн цуглардаг. Ер нь бол библи дээр Еврэй 10-ын 24, 25-д Есүс биднийг үргэлж 7 хоног болгон тогтмол цуглараарай гэж тушаасан болохоор цуглаан хийдэг. Цуглаан айлд хийгээд бид дуулахаар хажуу айлдаа саад болж, амгалан тайван байдлыг алдагдуулдаг.
Хороондоо мэдэгдэхээр хорооны хүмүүс та нар зөвшөөрөлгүй байж ингэж хамаагүй цуглаж болохгүй. Хууль ёсны шашны байгууллага байгуулаад, зөвшөөрлөө аваад, тусдаа танхимд цуглаан хий гэсэн. Тийм болохоор би 2013 оны дундаас эхлээд 2015 оны 01 дүгээр сар хүртэл нэг жил хагас бараг 2 жил шахуу хөөцөлдсөөр байгаад Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас зөвшөөрөл аваад анх байгуулагдсан. Шашны байгууллага маань байхгүй бол хувь хүн миний эвлэлдэн нэгдэх, цуглаан хийх, үгүй ядаж цуглаан хийх танхим байхгүй болно.
Өөрийнхөө гэрт цуглаан хийх гэхээр хөршийнхөө амгалан тайван байдлыг алдагдуулдаг учраас цуглаан хийж чадахгүй байгаа. Тийм болохоор шашны энэ байгууллага маань байснаар бид цуглаанаа хууль ёсны дагуу, мөн өөрсдөдөө таатай орчинд цуглаанаа хийх боломжтой. Энэ байгууллага байхгүй болсон тохиолдолд миний эрхэнд халдаж байна гэж үзнэ” гэв.
Зургаа. Гуравдагч этгээд А.А 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би бас библи судалдаг. Библи судлаад бид нарын амьдралд үнэхээр ач тус өгдөг болохоор итгээд явдаг. Заавал хүний албадлагаар шүт гэхээр нь шүтдэг тийм юм бол байхгүй ээ. Үнэхээр өөрт, амьдралд ач тусаа өгдөг учраас итгэж шүтдэг. Үр хүүхдүүдэд ч гэсэн нөлөөлдөг. Тиймээс ч бид дагаж мөрдөж явдаг” гэв.
Долоо. Гуравдагч этгээд Б.Д 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл цуцлагдсан хэвээрээ байх юм бол бид нар ном хэвлэл авах эрхгүй болно. Энэ ном хэвлэлээс бид нар үнэхээр олон ач тус хүртдэг. Библийг шууд уншаад ойлгоход амаргүй зүйлүүд маш их байдаг. Ном хэвлэлийг дэлхий даяар яг нэг сэдвээр адилхан бид нар уншдаг. Хаана библийн ямар зарчмыг яаж хэрэгжүүлээд, ямар их ачлал хүртсэнийг ойлгоод би бас хичээгээд, ингэж ач хүртмээр байна гэж санагдаад үнэхээр библийн зарчмыг хэрэгжүүлэх урам зориг ордог. Манай шашны байгууллагын зөвшөөрлийг цуцлагдвал манай гэр бүлийн гишүүд намайг буруу юманд явж байна гэж бодох вий гэхээс айж, санаа зовж байна. Эхлээд буруу гэж боддог байсан ч одоо зөв гэж сайн ойлгодог болсон. Тийм болохоор энэ тушаалыг цуцлаад зөвшөөрлийг нь олгож өгөөсэй гэж хүсэж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “Шашны байгууллагын зөвшөөрлийг цуцлах тухай” 51 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, А шашны байгууллагын үйл ажиллагааны зөвшөөрлийг зохих журмын дагуу сунгахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгуулах” гэж тодорхойлжээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь “Бидний болон олон мянган итгэгч нарын үндсэн эрхийг хязгаарлаж, Үндсэн хуулиар олгогдсон эрх, Монгол Улсын нэгдсэн орсон олон улсын эрхийн хэм хэмжээг зөрчсөн, түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийг зөрчиж бидэнд мэдэгдэж сонсгохгүйгээр, бодит нөхцөл байдлыг тогтоохгүйгээр, түүнчлэн хуульд заасан үндэслэл бий болоогүй байхад манай шашны байгууллагын зөвшөөрлийг цуцалсан нь хууль бус” гэж, хариуцагч захиргааны байгууллага нь “А ” шашны байгууллагын үйл ажиллагаа нь Төр, сүм хийдийн харилцааны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар үндэсний аюулгүй байдал, иргэдийн эрх, эрх чөлөөнд харшлахаас гадна уг шашны байгууллагын номлол, зааварчилгаа нь Монгол Улсын Үндсэн хууль, Цэргийн албаны тухай хууль, Боловсролын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжуудыг ноцтой зөрчдөг” хэмээн маргажээ.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “Шашны байгууллагын зөвшөөрлийг цуцлах тухай” 51 дүгээр тогтоолоор “А ” шашны байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг цуцлахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10, 25 дугаар зүйлийн 25.1, Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 74 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр шашны байгууллага байгуулах, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журам”-ыг үндэслэж, хууль хяналтын байгууллагаас ирүүлсэн саналын дагуу Еховагийн гэрчүүд урсгалын Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байршилтай “А ” шашны байгууллага нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулж болзошгүй шашны номлол явуулж байгаа гэж үзэж, цуцлагдсан талаар улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, хяналт тавьж ажиллахыг холбогдох албан тушаалтанд даалгасан байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлд аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн зүгээс өөрийн бүрэн эрхэд хадгалж, хэрэгжүүлэх асуудлуудыг заасан ба 20.1.10-т: “Олон нийтийн үүсгэл санаачилгыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, тухайн нутаг дэвсгэр дэх төрийн бус байгууллага сүм хийдтэй харилцах, мөн хуулийн 25.1-д “Хурал хэлэлцсэн асуудлаараа тогтоол гаргах” гэж, Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т “Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд хохирол учирч болох нөхцөлд төрөөс сүм хийдийн тухайн үйл ажиллагааг зөвлөн зохицуулах, шаардлагатай бол зогсоох эрхтэй” гэж, 9 дүгээр зүйлийн 9.1-т “Сүм хийд байгуулах тухай иргэдээс гаргасан өргөдлийг дүрмийн хамт хянан үзэж, зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ олгосон зөвшөөрлийг үндэслэн сүм хийдийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бүртгэнэ”, 9.5-д “Сүм хийдийн дүрэм, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Монгол Улсын хууль тогтоомжид харшлах бол сүм хийд байгуулах зөвшөөрөл олгохгүй буюу олгосон зөвшөөрлөө цуцална. Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо хууль тогтоомжийн дагуу шүүхэд гаргаж болно” гэж зааснаас үзвэл Нийслэлийн нутаг дэвсгэрт шашны байгууллагын үйл ажиллагаа явуулж буй байгууллагын тусгай зөвшөөрлийг олгох, цуцлах эрх нь хариуцагч байгууллагад байна. Гэхдээ шашны байгууллагын зөвшөөрлийг цуцлахдаа Төр, сүм хийдийн харилцааг зохицуулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-“Сүм хийдийн үйл ажиллагааг дараахь үндэслэлээр зогсооно”, 10.1.1/-т “тухайн сүм хийд өөрөө үйл ажиллагаагаа зогсоохоор шийдвэрлэсэн”, 10.1.2/-д “Монгол Улсын хууль тогтоомж зөрчигдсөн нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд зөвшөөрөл олгосон байгууллага тухайн сүм хийдийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэсэн” гэсэн үндэслэлүүдээр үйл ажиллагааг зогсоохоор заажээ.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид “А ” шашны байгууллагын зөвшөөрлийг Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д “Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд хохирол учирч болох нөхцөлд төрөөс сүм хийдийн тухайн үйл ажиллагааг зөвлөн зохицуулах, шаардлагатай бол зогсоох эрхтэй” гэсний дагуу цуцлахдаа Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д “Ард түмний эв нэгдэл, үндэсний аюулгүй байдлын эрх ашигт нийцүүлэн төр, сүм хийдийн болон шашин хоорондын харилцааг Монгол Улсын Ерөнхийлөгч зохицуулах” -аар заасан, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-д “Монгол Улсын хууль тогтоомж зөрчигдсөн нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд зөвшөөрөл олгосон байгууллага тухайн сүм хийдийн үйл ажиллагааг зогсоохоор” зохицуулсан заалтуудыг зөрчжээ.
Өөрөөр хэлбэл хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа үндэслэл болгосон баримт юу болох, хариуцагчийн хувьд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа дурдсан татгалзлын үндэслэлүүдийг ямар баримтанд үндэслэж тогтоосон талаарх нотлох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй байна.
Иймээс нэхэмжлэгч талын хүсэлт болон, нотлох баримтыг цуглуулах үүргийн хүрээнд шүүх хариуцагч захиргааны байгууллагаас бичгийн нотлох баримтуудыг шаардсан боловч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэл, үндэслэл болгосон журам авагдсанаас өөрөөр маргааны үйл баримтыг тогтоосон баримтыг шүүхэд ирүүлээгүй.
Хариуцагч маргаан бүхий асуудлаар Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 хуульд үндэслэх, 4.2.5 зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмуудыг баримтлаагүй буруутай байна.
Түүнчлэн маргаан бүхий актад үндэслэсэн дээрх хуулийн 4 дүгээр зүйлийн 4-д заасан “Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд хохирол учирч болох нөхцөлд төрөөс сүм хийдийн тухайн үйл ажиллагааг зөвлөн зохицуулах, шаардлагатай бол зогсоох эрхтэй” гэх заалтын хувьд, нэхэмжлэгч шашны байгууллагын ямар үйл ажиллагаа нь үндэсний аюулгүй байдалд хохирол учруулах нөхцөл үүссэн гэдгийг тогтоосон үйл баримт байхгүй байна.
2005 оны 74 дүгэр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр шашны байгууллага байгуулах, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журам”-ын 5 дугаар зүйлийн 5.4-д “Монгол Улсын тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдал, иргэдийн зан заншил, үндэсний онцлогт харшилсан аливаа үйл ажиллагаа явуулсан нь батлагдвал тухайн шашны байгууллагын үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авч, шаардлагатай бол хуулийн байгууллагад шилжүүлнэ” гэж зохицуулсан ба маргааны үйл баримт, маргаан бүхий захиргааны актыг гарахад шууд нөлөөлсөн эсхүл батлагдсан ямар баримт байгаа талаар шалгаж, нотлох баримт цуглуулахад Тагнуулын Ерөнхий газрын Нийслэл дэх тагнуулын газраас Монгол дахь Еховагийн гэрчүүдийн шашны нийгэмлэг, шашны байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг цуцлах саналыг ирүүлсэн, тухайн газар мэдэж байгаа гэж тайлбарлаж, дээрх байгууллагаас “нууц”-ын зэрэглэлтэй хэмээх баримтыг шүүхэд ирүүлснийг хэргийн оролцогчдод танилцуулахыг зөвшөөрөөгүй тул шүүх уг баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй гэж үзсэн. Учир нь хэрэгт авагдсан нотлох баримт болон “Нууц”-ын зэрэглэл бүхий баримтыг баталгаа гарган хэргийн оролцогчид танилцах эрхтэй бөгөөд энэ эрхийг хангахгүйгээр уг баримтыг үндэслэлтэй, эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй гэж үзсэн болно.
Шүүхээс маргаан бүхий захиргааны актын хүчингүй болгож шийдвэрлэсэн боловч нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагыг дараахь үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7. 4-д “Сүм хийд бие дааж буюу удирдах төвөөрөө уламжлан төрийн аль ч шатны байгууллагад асуудлаа тавих, харилцах эрхтэй”, гэж зааснаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд шашны байгууллагынхаа зөвшөөрлийг сунгуулах хүсэлтээ захиргааны байгууллагад дахин гаргах эрхтэй.
Хариуцагч мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Сүм хийд байгуулах тухай иргэдээс гаргасан өргөдлийг дүрмийн хамт аймаг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хянан үзэж, зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ” гэж заасан бүрэн эрхийнхээ хүрээнд асуудлыг бие даан шийдвэрлэхээр заажээ.
Иймд хуулиар бүрэн эрх нь нэгэнт олгогдсон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд шүүх хөндлөнгөөс оролцож “А ” шашны байгууллагын зөвшөөрлийн хугацааг сунгахыг даалгах хууль эрх зүйн үндэслэл байхгүй болно.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч шашны байгууллагын зөвшөөрлөө сунгуулах хүсэлтээ эрх бүхий захиргааны байгууллагад дахин гаргаж, хариуцагч хуулийн хүрээнд сунгах, эс сунгах асуудлыг бие даан шийдвэрлэх эрхтэй болно гэж үзлээ.
Иймд нэхэмжлэлийн 2 дахь шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 5 дугаар зүйлийн 5.2, 7 дугаар зүйлийн 7.4, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.5, 10 дугаар зүйлийн 1-ийн 2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А ” шашны байгууллагын нэхэмжлэлээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан гаргасан “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “Шашны байгууллагын зөвшөөрлийг цуцлах тухай” 51 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, “А ” шашны байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг сунгахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч нараас төлсөн 70200 төгрөгийн 50 хувь болох 35100 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ