Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2020/0632/З |
Дугаар | 221/МА2021/0145 |
Огноо | 2021-03-29 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2021/0145
“О” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч А.Сарангэрэл, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Шаравдорж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Оөбм.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ж, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч.Б нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаар шийдвэрээр: “...Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 44 дүгээр зүйлийн 44.8, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.2-т заасныг тус тус баримтлан “О” ХХК-аас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/06 дугаар тогтоолыг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/06 дугаар тогтоолыг биелүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
2. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 44 дүгээр зүйлийн 44.8, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.2-т заасныг тус тус баримтлан гуравдагч этгээд “Х” ХХК-аас Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/06 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоож,
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нараас улсын тэмдэгтийн хураамжид тус бүр урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас хувь тэнцүүлэн 35100 төгрөгийг гаргуулж гуравдагч этгээдэд олгох”-оор шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/06 дугаар тогтоолын дагуу холбогдох шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, дээрх тогтоолын биелүүлэхийг даалгах тухай:
Манай компани 2009 оны 04 дүгээр сарын 9-ний өдөр Оросын Холбооны Улсын 100 хувийн хөрөнгө оруулалттайгоор байгуулагдаж, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны Эмээлт өртөөний нутаг дэвсгэрт “Олон улсын худалдаа–ложистикийн төв” байгуулах зорилгоор нэгж талбарын 18619307425688, нэгж талбарын 18618308598460, нэгж талбарын 18618308868102 дугаартай газруудын кадастрын зургийг тус дүүргийн газрын албаар 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хийлгэж, дүүргийн Засаг даргын захирамжаар нэгж талбарын 58/5662 дугаар бүхий 31.2 га газрыг (тухайн үед) худалдаа үйлчилгээний /Эмээлтэд/ зориулалттайгаар ашиглах эрхийн гэрчилгээг олгож, гэрээ байгуулан Нийслэлийн газрын мэдээллийн санд бүртгүүлсэн. Бидний хийж гүйцэтгэж буй ажилд манай компаниас үл хамаарах дараах нөхцөл байдал үүссэний улмаас тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын үйлдэл нь эс үйлдэхүй болох тухай:
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д зааснаар “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан байдаг. Тус хуулийн зохицуулалтаар хариуцагч байгууллага нь өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч болон түүний дээд шатны удирдлагаас ирүүлсэн хүсэлт, үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байгаа буюу шийдвэрлэхгүй байгаа үйлдэл нь эс үйлдэхүй болно. Энэхүү эс үйлдлийн улмаас нэхэмжлэгч байгууллагын өнөөдрийн байдлаар 14 тэрбум гаран төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан төсөл хөтөлбөр бүрэн зогсонги байдалд орж нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна.
Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “О” ХХК-аас “Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/06 дугаар тогтоолыг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Газар ашиглуулах эрх олгох тухай” А/06 дугаар тогтоолыг биелүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол гарснаас хойш Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад удаа дараа газар ашиглах хүсэлт гаргасаар байтал хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга тодорхой хариу өгөхгүй эс үйлдэхүй гаргаж байна” гэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдээр татагдсан "Х" ХХК “Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/06 дугаар тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” бие даасан шаардлага гаргаж, үндэслэлээ “хариуцагч Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид А/06 дугаар тогтоол гаргахдаа өөрийнх нь эрх үүрэгт шууд хамааралгүй, хууль зүйн хувьд өөр утга агуулгатай, голчлон Засаг даргын эрх үүрэгт хамааралтай хэм хэмжээ тогтоосон заалтуудыг иш үндэс болгосон нь илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байна” гэж тайлбарлан маргажээ.
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/06 дугаар тогтоолоор тус дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт аж ахуйн зориулалтаар “О” ХХК-д 3338 м.кв газрыг 5 жилийн хугацаатай ашиглуулахыг зөвшөөрч, нэхэмжлэгч “О” ХХК-д газар эзэмшүүлэх гэрээг хууль тогтоомжид заасан журмын дагуу байгуулж, хамтран ажиллахыг дүүргийн Засаг даргад үүрэг болгосон байна.
Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 21.5.3-д “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”, гэж зааснаар иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх дүүргийн Засаг даргад хадгалагдаж байхад хариуцагч Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нэхэмжлэгч “О” ХХК-д газар ашиглуулах эрх олгож, гэрээ байгуулахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад үүрэг болгож, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхэд хамаарахгүй асуудлаар тогтоол гаргаж, аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрт төрийн удирдлагыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга хэрэгжүүлэх талаарх Үндсэн хуульд заасан зарчмыг зөрчиж, дүүргийн Засаг даргын хуульд заасан бүрэн эрхэд халдсан нь хэрэгт авагдсан баримтуудаар бүрэн тогтоогдож байна.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллага нь өөрийн чиг үүрэгт хамааралгүй асуудлаар захиргааны акт гаргасан бол тухайн шийдвэр илт хууль бус захиргааны актад тооцогдох бөгөөд Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн А/06 дугаар тогтоолын нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг “илт хууль бус захиргааны акт” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж зааснаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн илт хууль бус тогтоолыг биелүүлэх боломжгүй учир нэхэмжлэгч “О” ХХК-аас гаргасан “Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/06 дугаар тогтоолыг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Газар ашиглуулах эрх олгох тухай” А/06 дугаар тогтоолыг биелүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, “...Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2/з/-д заасны дагуу дүүргийн нутаг дэвсгэрийнхээ газрын асуудлаар цогцолбор хөтөлбөр, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах эрх олгогдсон боловч тухайлан иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах эрх олгох асуудлыг шийдвэрлэх эрх олгогдоогүй байна...” хэмээн үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь зөв байх тул нэхэмжлэгчээс давж заалдах гомдолдоо дурдсан “...хариуцагч байгууллага нь өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч болон түүний дээд шатны удирдлагаас ирүүлсэн хүсэлт, үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байгаа буюу шийдвэрлэхгүй байгаа үйлдэл нь эс үйлдэхүй болно. Энэхүү эс үйлдлийн улмаас нэхэмжлэгч байгууллага өнөөдрийн байдлаар 14 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан төсөл хөтөлбөр бүрэн зогсонги байдалд орж нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна” гэсэн тайлбарыг хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ