Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 153

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Б.Дэлгэрмаа,

шүүгдэгч О.А, түүний өмгөөлөгч Ю.Тогмид

нарийн бичгийн дарга Б.Солонго нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэсүд овогт Одгэрэлийн О.Аод холбогдох эрүүгийн 1903013800010 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 33 дугаар гудамж, 652 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Бэсүд овогт Одгэрэлийн О.А /РД: ДЮ99101817/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: яллагдагч О.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.А нь 2019 оны 12 дугаар зарын 07-ны 22 цаг 20 минутын үед Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хайлаастын хуучин эцсийн буудлын хойд талын тээврийн хэрэгсэл зорчих замд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан "Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд)... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох." гэсэн заалтыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ "Toyota Prius" загварын 23-67 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, мөн дүрмийн 12.1-т заасан "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна." гэсэн заалтыг зөрчсөний улмаас шонгийн мод мөргөж, зорчигч А.Алтангэрэлийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч А.Алтангэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Сод Монгол ШТС-ын туслах замаас нэг цагаан өнгийн жижиг ачааны машин гараад ирсэн тэгтэл О.А баруун гар тал руугаа дараа Т.Приус-20 маркийн автомашины урдуур яваад ортол машин нь бөгсөө хаяад шарваад хажуу талаараа шонгийн мод мөргөсөн. Би юм мөргөөд ухаан алдсан байсан... " гэх мэдүүлэг /хх-ийн 12-13х/,

- иргэний нэхэмжлэгч Ц.Цолмонбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Гэрэлтүүлэгч 240.000 төгрөгний үнэтэй байдаг. Ажлын хөлсөнд кран ажиллуулах хөлс 80.000 төгрөг, засварын ажлын хөлс 30.000 төгрөг болно... Үнэлгээний байгууллагууд шонгийн асуудлын үнэлгээ гаргадаггүй юм байна лээ. Манай байгууллага нийслэлийн захирагчийн захирамжийн дагуу үнэлгээгээ тогтоодог байгаа..." гэх мэдүүлэг /хх-ийн 18х/,

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 52 дугаартай "1.А.Алтангэрэлийн биед зүүн талын умдаг ясны дээд салааны хугарал, ууцны 1-р нугаламын суурин хэсгийн хугарал, зулайд зөөлөн эдин няцрал, цус хуралт, бугуйн үе, гарын алганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэп нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4 Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна." гэсэн дүгнэлт /хх-ийн 32-34х/,

- Мөрдөгчийн магадлагаа "... 1."Тоёота Приус-11 маркийн 23-67 УБД улсын дугаартай автомашины жолооч Одгэрэлийн О.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 "Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох.", 12.1 "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна." гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна." гэсэн магадлагаа /хх-ийн 35-36х/

- 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-9х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч О.Аыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Алтангэрэлд учирсан хохиролд нийт 300.000 төгрөг, иргэний нэхэжмлэгчид нийт 352.000 төгрөгийг тус хэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч О.А нь төлж барагдуулсан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Харин хохирогч А.Алтангэрэлийн биед энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтэл нь цаашид эмчлэгдэх шаардлагатай байх тул түүнийг холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч О.Аод эрүүгийн харуцлага хүлээлгэхдээ хууль ёсны болон шудрага ёсны зарчимыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, анх удаа болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохиролыг төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээж буй байдал, хувийн байдлыг нь харгалзан үзэж хорих ял оногдуулахгйүгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бэсүд овогт Одгэрэлийн О.Аыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар О.Аод тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж,

Мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар О.Аыг тэнсэнгийн хугацаанд оршин суух, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, түүнд авсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд тус тус даалгасугай.

 

3. О.А нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Хохирогч А.Алтангэрэл нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох цаашид гарах эмчилгээний зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь зааснаар шүүгдэгч О.Аод шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг, албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн хугацааг тоолуулахаар хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шийтгэх тогтоолын хувийг хүргүүлсүгэй.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.Аод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ