| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2020/0154/Э |
| Дугаар | 169 |
| Огноо | 2020-03-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Батбямба |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 169
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч Ц.Батбямба,
шүүгдэгч С.П,
нарийн бичгийн дарга Б.Солонго нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Боржигон овогт Сүхбаатарын С.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011004370166 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, зтч, хүргэн ах, нацаг дүү нарын хамт Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны 5-32 тоотод оршин суух хаягтай боловч Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Дандарбаатарын 11-4 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Сүхбаатарын С.П /РД: МЮ89120760/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: яллагдагч С.П нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.П нь согтуугаар 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 20 цагийн орчим Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жаргалантын 33-549 тоотод хохирогч Б.Ганзоригийн зүүн гарын бугалга хэсэгт гэрээсээ явуулсангүй гэх шалтгаанаар нэг удаа хутгалж, эрүүл мэндэд нь "зүүн гарын бугалганы гадна гадаргууд шарх" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
шүүгдэгч С.Пгийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: "...Ганзориг согтсон бололтой гуйваж, дайваад явж чадахгүй байсан бөгөөд өөрөө ч надаас гэрт хүргээд өгөөч гээд байхаар нь Ганзоригийн Хайлаастад байдаг гэрт нь хоёуулаа очсон. Тэгээд Ганзоригийг гэрт нь оруулаад орыг нь засаж өгөөд би өөрөө гараад явах гэсэн чинь Ганзориг намайг явуулахгүй гээд хаалга дотор талаас нь таглаад гаргахгүй байсан. Намайг орон дээр дарж унахаар нь би түүн рүү нулимсан чинь мөн миний өөдөөс нулимхаар нь би өөрөө түүнийг тлхэж холдуулаад гэрээс нь гараад явж байтал араас Ганзориг гараад ирсэн. Намайг гэрт оръё гээд байхаар нь би гэрт нь оруулж өгөөд гаръя гэж бодоод хамт орсон чинь намайг гаргахгүй гээд байхаар нь би хөргөгчин дээрр байсан хар жижигхэн хутгыг аваа Ганзоригийн зүүн мөрөнд нь нэг удаа хутгаараа хатгачихаад хутга бариад гараад зугтаасан чинь араас Ганзориг гарч ирээд намайг хашаан дотороо бариад авсан. Би гарч зугтаж байхдаа хашаан дотор хутгаа хаясан..." гэх мэдүүлэг /хх-ийн 30-31х/,
хохирогч Б.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Би өөрийн танил эмэгтэй болох С.Птэй 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 12 цагийн орчим ярьж байгаад 17 дугаар сургуулийн автобусны буудал орчим уулзсан. Би тухайн үед Цогтоо гэх танил ахтайгаа явж байсан болохоор бид гурав манай гэр лүү очих гэж байгаад болиод гадаа гудамжинд нэг шил 0.5 литрийн архи хувааж уусан. С.П дахиад нэг шил архи хувааж ууя надад мөнгө байна гээд байхаар нь түүнд автобусны нь мөнгийг үлдээгээд, үлдсэн мөнгөөр нь нэг шил 0.75 литрийн архи аваад, гурвуулаа гадаа ууж байхаар айлд очъё гээд манай бас нэг танил ах Бямбаагийн гэр болох Түвшин-Ундраагийн нийтийн байранд очсон. Тэндээ 4 авч очсон архиа хувааж ууж дуусаад дахин нэг шил архи авахаар болоод мөнгөө нийлүүлж байгаад архинд Цогтоог явуулсан боловч эргэж ирэлгүй алга болсон. С.П танай ах чинь мөнгө аваад алга болчихлоо гээд надтай маргалдаж байгаад бид хоёр араас нь хайж гарсан бөгөөд ойр орчмын дэлгүүрээр хайсан боловч олдохгүй болохоор нь бид хоёр ойролцоо байх манай гэр лүү явсан. Манай гэрт хоёулаа очоод дахиад Цогтоо ах мөнгө аваад явсан асуудлаас болоод маргалдаж байсан чинь С.П гэр лүүгээ харина гээд гарах гээд байх шиг байсан. Түүнээс хойш архи уусандаа ухаангүй болсон бөгөөд ухаан орсон чинь миний зүүн гарын бугалганаас цус гарчихсан байдалтай, хажууд С.П болон манай хамаатны ах нар байж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 12-13х/,
гэрч Ж.Оюунсайханы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Намайг ажлаасаа ирээд удаагүй байж байгаад бие засахаар гэрээсээ гарсан чинь хажуугийн байшингийн үүдний амбаарт Ганзориг нь хамаатны хүн гээд байсан эмэгтэй болох С.Пгийн хамт нэлээн согтуу байгаа бололтой хэрэлдэж, маргалдаад зогсож байсан. С.П нь би танайхаас явлаа гээдбайсан. Харин Ганзориг би чамайг явуулахгүй гээд хэрэлдээд байсан. Гэртээ ороод байж байтал гаднаас 21 цагийн орчим цагдаа орж ирээд надтай уулзаад хамтдаа Ганзоригийн гэр лүү орсон чинь байшин дотор Ганзоригийн зүүн гарын бугалга орчмоос цус гарчихсан байдалтай марлаар боочихсон, хажууд нь С.П гээд эмэгтэй байж байсан. Гэр дотор нь нэлээн их цус болчихсон байдалтай байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 20-21х/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2302 дугаартай "...Б.Ганзоригийн биед зүүн гарын бугалганы гадна гадаргууд шархтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэсэн дүгнэлт /хх-ийн 23-24х/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-8х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч С.Пг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч С.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн иштэй 1 ширхэг 22.5 см урттай хутга нь С.П нь гэмт хэрэг үйлдэхдээ ашгилсан зэвсгийн чанартай зүйл байх тул тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих байгууллагад нь шилжүүлж устгуулах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Сүхбаатарын С.Пг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Пг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар С.Пг торгуулийн ялыг төлөх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг 22.5 см урттай хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц тус шүүхийн эд зүйл усгах комисст шилжүүлж устгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Пд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ