| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2016/06244/и |
| Дугаар | 6244 |
| Огноо | 2016-10-18 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 6244
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 25 дугаар байр, 8 тоотод оршин суух Дулаанхаан овогт Ганхуягийн Ариунсанаа /Регистрийн дугаар ЧП85071805/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Баянзүрх хотхон, 109 дүгээр байр, 18 тоотод оршин суух Цагаандай овогт Энхболдын Энх-Эрдэнэ /Регистрийн дугаар ТЗ85032910/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхцэцэг, хариуцагч Э.Энх-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Ариунсанаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхцэцэг шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “Г.Ариунсанаа нь 2008 онд Э.Энх-Эрдэнэтэй танилцаж, 2009 онд АНУ руу суралцахаар явсан. Э.Энх-Эрдэнэ Солонгос улс руу гэрээгээр ажил хийхээр явсан. Байнгын холбоотой байж 2011 оны 05 дугаар сарын сүүлээр Солонгос улсад очиж Э.Энх-Эрдэнэтэй уулзан, 2011 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Солонгос улс дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд гэрлэлтээ батлуулсан. 2012 оны 02 дугаар сарын 23-нд охин Э.Эмүжин Хавайд төрсөн. Охин төрсөн цагаасаа хойш миний асрамжинд өсөж бойжиж байна. 2013, 2014 онуудад охины хамт Солонгос улсад очиж Э.Энх-Эрдэнэтэй уулзаж байлаа. 2014 оны 08 дугаар сараас холбоо харилцаагүй болсон ба 2011 оноос хойш тусдаа хоёр өөр оронд амьдарсаар ирлээ. 2014 оноос үл ойлголцол улам гүнзгийрч хоёр тал салах зөвшилцөлд хүрсэн. Хөрөнгийн маргаан байхгүй. Энэхүү бодит байдлыг харгалзан үзэж хуулийн дагуу гэр бүл цуцлаж өгнө үү. Охин Э.Эмүжинг миний асрамжинд үлдээж өгнө үү.” гэв.
Хариуцагч Э.Энх-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “Миний бие Энхболд овогтой Энх-Эрдэнэ нь нэхэмжлэгч Ганхуяг овогтой Ариунсанаагийн гаргасан нэхэмжлэлийг уншиж танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Бид хоёрын хооронд үл хөдлөх хөрөнгө болон хүүхдийн талаар ямар ч зөрчилдөөн, маргаан байхгүйг мэдэгдэж байна. Охин Э.Эмүжинг ээжийнх нь асрамжинд үлдээхэд татгалзах зүйлгүй. Энэхүү байдлыг харгалзан үзэж хуулийн дагуу гэр бүл цуцлаж өгнө үү” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Ариунсанаа гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргасныг хариуцагч Э.Энх-Эрдэнэ хүлээн зөвшөөрчээ.
Зохигч болох Г.Ариунсанаа, Э.Энх-Эрдэнэ нар 2011 оны 06 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болсныг 2011 оны 06 дугаар сарын 02-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн Г-112 дугаарт бүртгэсэн гэрлэлтийн бүртгэлийн 0205860 дугаартай гэрчилгээ /хавтаст хэргийн 5 дахь тал/, тэдний дундаас 2012 оны 02 дугаар сарын 23-ны өдөр охин Э.Эмүжин /Регистрийн дугаар ЩГ12222309/ төрсөн нь хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээ /хавтаст хэргийн 6 дахь тал/, хүүхэд эрүүл бойжиж байгаа нь “Мичид асрал” өрхийн эрүүл мэндийн төвийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн тодорхойлолт /хавтаст хэргийн 8 дахь тал/ болон зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдов.
Дээр дурдсан бичгийн нотлох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасны дагуу бүрджээ.
Зохигчид нь Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчад хандсан боловч амжилтгүй болж, 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 568 дугаартай “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл”-ээр эвлэрүүлэн зуучлагч нь мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 28.1.4-т тус тус зааснаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгожээ.
Зохигчдын хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа ба тэдний хоорондын зан харьцааны таарамжгүй байдал, хамт нэг гэрт амьдарч байгаагүй, 2011 оноос хоёр өөр улсад тусдаа амьдарч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт заасан эвлэрүүлэх арга хэмжээг урьдчилан авах шаардлагагүй гэж үзсэн бөгөөд гэрлэгчид гэр бүлийн харилцаагаа хадгалах хүсэлгүй байгаа тул гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хүүхэд болох охин Э.Эмүжинг төрсөн эх Г.Ариунсанаагийн асрамжид үлдээх, хүүхдийн тэтгэлэг нэхэмжилж тогтоолгох шаардлагагүй гэж зохигчид харилцан тохиролцсон тул эцэг, эхийнх нь харилцан тохиролцсоны дагуу хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна.
Охин Э.Эмүжинг төрсөн эхийнх нь асрамжид үлдээснээс үл хамааран хүүхдийн эх Г.Ариунсанаа нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан үүргээ хэрэгжүүлэхэд, мөн Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 7 дугаар зүйлийн 1, 9 дүгээр зүйлийн 3-т заасан хүүхэд, эцэг /удам угсаа/-ээ мэдэх, халамж хүртэх, харилцаа холбоотой байх эрхээ эдлэхэд эцэг Э.Энх-Эрдэнэд саад учруулахгүй байх үүрэгтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасан. Хүүхдийг асрамжлах, тэжээн тэтгэх үүргийн хуваарилалт шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдэх боловч эцэг, эх үр хүүхдийн харилцаа дуусгавар болохгүй тул хүүхэд эцэг, эхийн хэн нэгний асрамжид байгаагаас үл шалтгаалан хүүхдийг өсгөн хүмүүжүүлэхтэй холбогдон гарах зардлыг эцэг, эх тэнцүү хариуцах үүрэгтэй, үр хүүхдээ асарч халамжлах, тэжээн тэтгэх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурдах нь зүйтэй юм.
Зохигчид хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан, Дулаанхаан овогт Ганхуягийн Ариунсанаа /Регистрийн дугаар ЧП85071805/, Цагаандай овогт Энхболдын Энх-Эрдэнэ /Регистрийн дугаар ТЗ85032910/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2012 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Э.Эмүжин /Регистрийн дугаар ЩГ12222309/-г төрсөн эх Г.Ариунсанаагийн асрамжид үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Энх-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Ариунсанаад олгосугай.
4. Зохигчид хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн болон бүртгэлийн төв байгууллагад тус тус хүргүүлсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР